Трэвис Скотт болон Кайли Женнер нар нь жил гаруй хугацаанд болзож, хүүхэдтэй болсон билээ. Тэд энэ тухайгаа ихэд нууцалж, аль болох олонд мэдэгдэхгүйг хичээж байсан юм. Мэдээж папарацууд тэдний үйл хөдлөл бүрийг мөрдөж, сонирхолтой мэдээлэл болчих зураг дарах гэж хосуудыг тун ч их зовоож байсан гэнэ. Тэд ямартай ч охиноо мэндлэх хүртэл энэ бүхнийг нууц байлгаж чадсан билээ.
Кайли өөрийн жирэмсэн гэдгээ нууж, бусдад мэдэгдэхийг хүсээгүй бол, хэдхэн долоо хоногийн өмнө түүний эгч Хлое Кардашьян (Khloe Kardashian) нь удахгүй ээж болно гэдгээ зарласан билээ. Хлоеийн тухайд сагсан бөмбөгийн тамирчин Тристан Томпсон (Tristan Thompson)-той багагүй хугацаанд болзосны эцэст, хүүхэдтэй болсон юм.
Амжилт бүтээлээр дүүрэн яваа залуу бүсгүй Кайли нь 2018 оны 2 сарын 1-ны өдөр эсэн мэнд амаржиж, 4.03 кг бяцхан охиноо өлгийдөн авчээ. Энэ тухай түүний гэр бүлийнхнээс өөр хүн мэдээгүй байсан ч, Кайли өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан, шүтэн бишрэгчиддээ мэдэгдэж, өдийг хүртэл нуусандаа хүлцэл өчсөн байна.
Тэрээр "Та бүхэндээ жирэмсэн болсон гэдгээ хэлэлгүй, нууж байсандаа хүлцэл өчье. Та нар надтай үргэлж хамт байж, бүхий л хэцүү бэрхийг хамт туулж ирсэн. Гэхдээ хүүхэдтэй болж байгаа гэдгийг минь дэлхий нийтээр мэдээсэй гэж хүсээгүй юм. Ээж болохын тулд би стресс бухимдалгүй, тайван амгалан байх ёстой. Учир нь миний мэдэрсэн бүхнийг хүүхэд минь мэдрэх учраас би илүү амар тайван замыг сонгосон.
Жирэмслэлт бол миний амьдралдаа мэдэрсэн хамгийн гайхалтай өдөр хоногууд байлаа. Энэ бүхнийг чадах чинээгээрээ нууцалсан гэр бүлийнхэн болон найзууддаа баярлалаа. Бидний бяцхан гүнж 2 сарын 1-ны өдөр мэндэлсэн. Та бүхэндээ энэ гайхалтай мөчийг хуваалцахгүй байж чадсангүй. Би ийм их хайр, аз жаргалыг урьд өмнө мэдэрч байсангүй. Та бүхэндээ баярлалаа." хэмээн өөрийн инстаграм хуудаснаа оруулжээ.
Кайли жирэмсэн байх хугацаандаа хийсэн бичлэгээ эвлүүлж, "Бяцхан охиндоо зориулав" нэрийн дор "youtube" хуудаснаа оруулсан нь ганцхан өдрийн дотор 20 гаруй сая үзэлт авчээ. Та ч бас тэдний охиноо хүлээж авсан гайхалтай мөчийг тухлан сонирхоорой.