1
Та өөрчлөгдөж чадна
Зүрхний шигдээс болсны дараа зүрх судасны тогтолцооны эрүүл байдлыг хангах өргөн боломж нээгддэг байна. "Манай хурдтай хөгжиж буй эмчилгээ, технологийн ачаар хүмүүс идэвхтэй амьдралынхаа хажуугаар эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, өөрчлөлт гаргахыг хүсэж байгаа бол заавал зүрх судасны өвчинд өртөхгүй байж чадна" хэмээн Аризонагийн их сургуулийн зүрх судасны тэнхимийн ахлах, их эмч Марта Гулати (Martha Gulati) өгүүлжээ. Мөн түүний нэгэн адил Висконсин мужийн гэр бүлийн их эмч Алан Шварцстэйн (Alan Schwartzstein): "Амьдралын хэв маягаа өөрчилснөөр хоёр дахь удаагаа зүрхний шигдээст өртөх, цус харвалтаас сэргийлэх боломжтой гэдгийг олон хүн ойлгохгүй байна" хэмээжээ.
2
Зүрхний шигдээс болоход юу нөлөөлсөн талаар сайн бод
Гулати эмч: "Яг юунаас болсныг мэдэх нь маш адармаатай асуудал ч бидний олж судадалсан ихэнхи шалтгаанууд амьдралын хэв маягтай холбоотой байсан" гэсэн бөгөөд түүний нэг өвчтөн хлостерины их хэмжээ, даралт ихэдсэнээс биш харин тамхины өндөр хэрэглээнээс болж зүрхний шигдээс туссан талаар дурдсан юм. "Түүний өвчин юунаас болсныг маш сайн мэдэж байсан болохоор тэр тамхиа хаяж, дахин зүрх судасны асуудалтай тулгараагүй" гэж тэрээр үргэлжлүүлэн ярьсан байна.
3
Тамхиа хая
Эмч нарын зүгээс зүрхний шигдээс туссан өвчтөнд хамгийн түрүүнд өгдөг зөвлөгөө бол "тамхиа хаях" гэнэ. Орчин үед мэргэжилтнүүдийн тусламжтай тамхинаас гарах маш олон төрлийн эмчилгээ үүссэн талаар Гулати эмч дурдсан ба "Хэрвээ та нэг удаа зүрхний шигдээс болсон хирнээ тамхиа хаяагүй байгаа бол дахин зүрхний шигдээст орох, эсвэл бүр үхэхдээ бэлдээрэй" хэмээн хатуухан сануулга өгсөн байна.
4
Эм, эмчилгээгээ сайн мэддэх байх
Зүрхний шигдээсийн дараа хариуцсан эмч тань шинэ эмийн жор бичиж өгөх бөгөөд тухайн эм, эмчилгээг юунд зориулагдсан, гарах үр нөлөөний талаар нарийвчлан мэдэх шаардлагатай гэж Гулати эмч зөвлөжээ. Нэг эм уугаад л бүх зүйл зүгээр болно гэж бодох хэрэггүй. "Хүмүүс үргэлж эмчилгээ хийлгээд эм уучих юм бол дасгал хийж, илүүдэл жингээ хасах шаардлагүй, эмч нарын өгсөн бусад зөвлөгөөг амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэггүй гэж ойлгодог. Амьдралын хэв маягаа эрүүл, идэвхтэй байлгах нь ямар ч үнэтэй эмчилгээ шинжилгээнээс илүү үр дүнтэй гэдгийг сүүлийн жилүүдэд нотлох баримтууд олширсоор байна"
5
Нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах
Зүрхний нөхөн сэргээх эмчилгээ буюу мэргэжлийн хүний зааварчилгаан дор дасгал хийж, хэв маягаа өөрчлөх нь зүрхний шигдээс үүсэх магадлалыг бууруулдаг хэмээн эмч нар зөвлөдөг билээ. "Тухайн өвчнөөр өвчилсөн хэн ч болов эмчилгээнийхээ нэг хэсэгт нөхөн сэргээх эмчилгээг багтаах нь зүйтэй. Эмнэлгийн зүгээс хөтөлбөрт хамруулаагүй бол эмчээсээ асуун, хамрагдах боломжтой эсэх талаар зөвлөлдөөрэй" гэж Гулати эмч зөвлөсөн.
6
Жимс, ногоо ихээр хэрэглэ
Зүрхний эрүүл мэндэд тустай жимс, ногоо, тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүн, бүхэл үрийн хоол хүнс хэрэглэх нь хамгаас чухал. "European Heart Journal" сэтгүүлд хэвлэгдсэн дэлхийн 39 орны 15000 гаруй хүмүүсийн хамарсан судалгааны үр дүн нь энэхүү зөвлөгөөг өндөр үр дүнтэй болохыг батлан харуулжээ. Судлаачид газар дундын тэнгис орчмын ард иргэдийн загасны их хэмжээний хэрэглээнээс бүрдсэн хоолны дэглэм нь зүрхний шигдээс, цус харвалтын магадлалыг бууруулдаг болохыг олж тогтоосон байна.
7
Калори багатай хоол хүнс хэрэглэх
Илүүдэл жингүй байна гэдэг цусны даралтаа хянахтай шууд холбоотой. "Би өвчтөнгүүддээ жингээ хасах биш, харин жингээ барих талаар зөвлөгөө өгдөг. Учир нь бидний зорилго бол амьдралын хэв маягаа өөрчлөх болохоос биш хэдэн сарын дараа дахиад л нэмчих 10кг-ыг хасах биш юм. Бяслаг, гахайн утсан мах зэрэг калори ихтэй хоолонд дуртай хүмүүст хандаж зөвлөхөд идэх хэмжээгээ багасгахад л маш их үр дүнтэй байх болно" хэмээн Их эмч Сварцстэйн сануулсан байна.
8
Идэвхтэй байх
Идэвхгүй байдал, хөдөлгөөний дутагдал нь зүрх судасны өвчтэй болох эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлж байдаг гэдгийг Сварцстэйн эмч дурдсан бөгөөд тэрээр үргэлжлүүлэн "Дасгал хөдөлгөөн бол зайлшгүй байх ёстой. Зүрх бол нэг төрлийн булчин учраас зүрхээ ачааллуулахын тулд дасгал хөдөлгөөн заавал хийх хэрэгтэй. Энэ нь өдөр бүр фитнесст явах ёстой гэсэн үг биш. Хурдан алхах, шатаар өгсөх зэрэг зүрхний тань цохилтыг бага зэрэг хурдасгах бүхий л зүйл багтана. Дасгал хийх цаг зав гаргаж чадахгүй байвал өдөрт 3-хан удаа 10 минутыг өөртөө зарцуулаарай" гэжээ. Мөн Техас мужийн анагаах ухааны их сургуулийн явуулсан судалгаагаар 65 нас хүрэхээсээ өмнө буюу зүрхний булчин уян хатан байх үед 7 хоногт 4-5 удаа тогтмол дасгал хийх нь хөгшрөлтийг удаашруулж, зүрх судасны өвчлөлөөс сэргийлдэг гэдгийг тогтоосон байна.
9
Буйлаа эрүүл байлгах
Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр амны хөндийн ариун цэвэр, зүрхний өвчинтэй шууд холбоотой байдаг гэнэ. Буйлны үрэвслийг үүсгэдэг нян бактери нь бүх биеэр тарж, хүний биеийн байдлыг муутгаж болдог талаар мэргэлжилтнүүд хэлжээ. Иймд шүдээ үргэлж угааж, амаа зайлж, тогтмол эмчид хандаж байгаарай.
10
Стрессээ хянах
Уур бухимдал нь цусны даралтыг ихэсгэдэг тул стрессээ тайлах зөв арга замыг олох нь маш чухал. Согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах зэргээр уур бухимдлаа гаргадаг бол үүнийгээ аль болох дасгал, бясалгал хийх зэргээр солих нь зүйтэй.
11
Тогтмол эмчид үзүүл
Үргэлж эмчид үзүүлэх танд хэцүү байж магадгүй ч урт хугацааны туршид эрүүл байдлаа хадгалах гол нууц нь юм шүү. Эмчид тогтмол хандсанаар эмчилгээний төлөвлөгөөгөө хянах, бие физилогийн өв тэгш байдлыг бүрдүүлэхэд маш онцгой нөлөөтэй.
12
Сэтгэл санааны гутралыг эмчилж болно
Зүрхний шигдээст өртсөний дараагаар хийх дуртай байсан зүйлсдээ дургүй болох, гэр бүл, найз нөхдөө төвөгшөөж, сэтгэл санаа тань нэг л тавгүй байх нь таныг сэтгэл гутралд орсныг илтгэх болно хэмээн Гулати эмч хэлсэн бөгөөд тэрээр "Зүрхний шигдээст орсон хүн сэтгэл гутралд өртөмтгий болдог. Гэхдээ энэ бол эмчлэгддэг өвчин юм. Урт болон богино хугацааны эмчилгээ, бясалгал, ярилцлагын тусламжтайгаар даван гарах бүрэн бололцоотой" гэжээ. Та өөрийн зүрхний эмч, гэр бүлийн эмч эсвэл дурын эмчээс энэ талаар зөвлөгөө авах бүрэн боломжтой.