НЭЭЛТИЙН ФОТО: Зургаан өөр сэтгэл хөдлөл, мэдрэмж өгсөн “БУМЕРАНГ”

2018-01-29, 10:00
5,614

Инээлгэж, уурлуулж, уйтгарлуулж, баярлуулж, жигшиж, зэвүүцэж, сандаргаж, уярааж, тайвшруулах зэрэг сэтгэл хөдлөлийн өөр өөр мэдрэмж  төрүүлэх "Бумеранг" антологи кино өчигдөр Хүннү энтертаймент төвд нээлтээ хийлээ. Шидэхээр буцаад эзэндээ эргээд ирдэг бумеранг хэмээх тоглоом бий. Үйлийн үр үүнтэй адил хэзээ нэгэн цагт эзэндээ эргээд ирдэг жамтай. Амьдралын хууль гэгддэг ҮЙЛИЙН ҮР сэдвээр зургаан найруулагч тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, өчигдөр дэлгэцнээ толилууллаа. Таныг инээлгэж, уйлуулж,айлгаж баярлуулж, ухааруулсан "Бумеранг" кинонд Ч.Батбаяр, Б.Ганболд, Ч.Ганзориг, Ш.Доржсүрэн, П.Дэлгэрбаяр, Б.Чингүүн нарын зургаан найруулагч киноны зургаан өөр жанрыг сугалсан билээ.

НЭЭЛТИЙН ФОТО: Зургаан өөр сэтгэл хөдлөл, мэдрэмж өгсөн “БУМЕРАНГ”

Монодрамыг сугалсан найруулагч Ч.Батбаяр "Бумеранг"-ийн хавтсанд багтсан "Эцэг" киногоор хэт завгүй, цахимжсан, технологижсон нийгэмд хүмүүс хайртай дотны хүмүүстээ тэр бүр зав гаргаж чадахгүй, утсаар ч ярьж амжихгүй явааг сануулж, нэгийг бодогдуулахыг хүссэн тухайгаа хэлж байв.

Найруулагч Ч.Батбаяр

 

Харин эротик жанрыг сугалсан "Эрх чөлөө" киноны найруулагч Б.Ганболдын киноноос дурлалт хосын бие биедээ өгч чадах хамгийн том хайр нь “эрх чөлөө” юм гэдгийг харуулахыг хүсчээ.

Найруулагч Б.Ганболд

"Үр" киног найруулагч Ч.Ганзориг романс жанраар туурвисан бөгөөд хүнийг хайрлах сэтгэхүйн цар хүрээ асар уудам гэдгийг ойлгоосой гэж хүссэн тухайгаа хэлж байлаа.

Найруулагч Ч.Ганзориг

"Хар Улаан... Цагаан" хэмээх гурван өнгөөр найруулагч П.Дэлгэрбаяр 10 хар нүгэл, өш хонзон, өршөөл энэрлийг илэрхийлэхийг зорьж, хүн хэзээд үйлийнхээ үрийг эдэлдэг гэдгийг харуулсан байна.

Найруулагч П.Дэлгэрбаяр

Харин найруулагч Б.Чингүүн "Карма" нэртэй триллер бүтээлээрээ хүн зөв үйл хийж, зөв үг амнаасаа гаргаж байвал эргээд чамайг бурхан ивээх болно гэсэн санааг илэрхийлж, кинондоо тод томруунаар харуулжээ.

Найруулагч Б.Чингүүн

Инээдмийн жанрыг сугалж "Өв залгамжлагч" бүтээлээ туурвисан найруулагч Ш.Доржсүрэн мөн адил үйлийн үр хэмээх өргөн сэдвээр киногоо хийхдээ хүн зөвийг харж зөв рүү тэмүүлж явбал бие сэтгэлийн зовлон амсахгүй гэдгийг илэрхийлэхийг зорьсон тухайгаа ярьж байв.

Энэхүү төслийг "Ноён Капитал" ХХК-ийн захирал, продюсер О.Намжимбаатар санаачилж, "Монгол Контент" ХХК дэмжин, хамтран ажиллаж, тус компанийн захирал Г.Гантуяа мөн продюсераар ажиллалаа.

ЭЦЭГ /Ч.Батбаяр-монодрам/

ЭРХ ЧӨЛӨӨ /Б.Ганболд-эротик/

ҮР /Ч.Ганзориг-романс/

ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ /Ш.Доржсүрэн-бараан комеди/

ХАР УЛААН ЦАГААН /П.Дэлгэрбаяр-драм/

КАРМА /Б.Чингүүн-триллер/  гэсэн богино хэмжээний зургаан киног туурвиж, "Бумеранг" антологи киног бүтээжээ.

Найруулагч Ш.Доржсүрэн

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.