Эдгээр улс руу аялахад танаас их мөнгө шаардахгүй!

2018-02-01, 14:09
19,278

Ажил таны халаасыг дүүргэдэг бол аялал таны сэтгэлийг дүүргэдэг гэдэг. Шинэ аялал бүр бидэнд хэзээ ч мартамгүй дурсамжууд, шинэ сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг. Гэхдээ энэ бүгдийг бий болгоход та заавал тэрбумтан байх ёстой гэж үү? Бидний одоогийн хүргэх мэдээлэл танд энэ асуултын хариултыг олоход тусална гэдэгт итгэлтэй байна. Танд аялахад бага зардалтай хэрнээ хамгийн гайхалтай дурсамжийг үлдээх аялалын цэгүүдийг санал болгоё.

Эдгээр улс руу аялахад танаас их мөнгө шаардахгүй!

1 Румын

Байрлах газар: Хамгийн багадаа

  • Дэн буудал- 6 евро (18,210 төг)
  • Зочид буудал- 11 евро (33,400 төг) 

Хоол хүнс: 3 евро (9,100 төг)

Нийтийн тээвэр: 0.3 евро (900 төг)

Үлгэрийн орныг бодитоор харъя гэвэл Румын улсыг зорих хэрэгтэй. Тус улсад заавал үзэх ёстой олон газар байдаг бөгөөд эдгээрт Скарисоарагийн агуй, Астра парк, Трансфагарасаны зам, Пелесийн ордон, Ариун гэгээн сүмүүд, шавран галт уул зэрэг багтана. Харин хотуудад нь дэн болон зочид буудлууд харилцан адилгүй үнэтэй байх аж. Дунджаар та хамгийн багадаа 18,000 төгрөгөөр дэн буудалд хоноглож болох бол, 33,000 төгрөгөөр зочид буудалд орох бүр хүсвэл, далайн эрэгт сүрлэн дээвэртэй байшинг 24,000 төгрөгөөр түрээсэлж болно. Румыны амтат Моуссака, Чиорба зэрэг хоолыг та дурын кафегаас 9-10 мянган төгрөгөөр л авна. Харин хүнсний бүтээгдэхүүний хувьд хэрвээ сүү, талх, будаа, тахианы цээж мах, бяслаг тэргүүтнийг авбал ойролцоогоор 27-30 мянган төгрөг болно. Нийтийн тээврийн өртөг 1000 төгрөг байх бол метрогоор зорчих бүтэн өдрийн тасалбар 3000 төгрөгөөр худалдаалагддаг аж.

Румын

2 Лаос

Байрлах газар: Хамгийн багадаа

  • Дэн буудал- 4 евро (12,100 төг)
  • Зочид буудал- 9 евро (27,400 төг)

Хоол хүнс: 2 евро (6,060 төг)

Нийтийн тээвэр: 2 евро (6,060 төг)

Маргад эрдэнийн орон гэгддэг Лаос нь байгалийн өнгө үзэмжээрээ хэзээд гайхагдсаар ирсэн. Эко аялал хийхэд хамгийн тохиромжтой орон ч гэж нэрлэгддэг. Бокоегийн ширэнгэн ойн аялал, Болавений өндөрлөгөөс харагдах хараа булаам өнгө төрх, зураг мэт гол мөрөн, бас хүрхрээнүүд таныг гайхшруулах нь лавтай. Хостел болон буудал олоход амархан байх ба үнэ нь 10-30 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Хоол хүнсний хувьд харилцан адилгүй бөгөөд төмстэй мах 6 мянган төгрөг гэх бол, бин 3 мянган төгрөг, сам хорхойн шөл 9 мянган төгрөг, тараг 1,500 төгрөг гэх зэрэг үнэ өртөгтэй байна. Хот хоорондын автобус 12-60 мянган төгрөг, дугуйн түрээс өдрийн 18 мянган төгрөгийн үнэтэй. Хэрвээ дугуйг нэг өдөр хагасын турш түрээслэхээр бол үнийг нь 5,000 төгрөгөөр бууруулж болох ба арай хямд тук-тукыг түрээслэх боломжтой.

Лаос

3 Португал

Байрлах газар: Хамгийн багадаа

  • Дэн буудал- 8 евро (24,230 төг)
  • Зочид буудал- 16 евро (48,500 төг)

Хоол хүнс: 4 евро (12,100 төгрөгөөс эхэлнэ)

Нийтийн тээвэр: 1.8 евро (5,450 төг)

Португал улсад үзэсгэлэнтэй далайн эргүүд, морин аялал, Ало Дуорын амтат дарс, Азорын эрэг дэх халимын үзүүлбэр гээд үзэх зүйл маш олон бий. Дэн буудлуудын үнэ 24 мянган төгрөгөөс эхлэх бол, зочид буудал болон далайн эргийн байшингуудын хувьд 48 мянган төгрөг байна. Португалийн хамгийн амттай хоол бол Бакалао нэртэй сагамхай загас ногоотой хуурга бөгөөд үнэ нь 9-10 мянган төгрөг аж.  Кафед өдрийн хоол болон оройн хоол зооглоход дунджаар 33 мянган төгрөг болох хэдий ч, үхрийн мах 21 мянган төг, тахианы мах 18 мянган төг, сам хорхой 27 мянган төг, нэвс 8 мянган төгрөгөөр худалдан авч болно. 

Португал

4 Болгар

Байрлах газар: Хамгийн багадаа

  • Дэн буудал- 7 евро (21,200 төг)
  • Зочид буудал- 15 евро (45,440 төг) 

Хоол хүнс: 2 евро (6,060 төг)

Нийтийн тээвэр: 0.5 евро (1,510 төг)

Болгар улс нь Несебарын эрэг, Созополын далайн эрэг, Санни далайн эрэг гэх зэрэг алтан шаргал эргүүдээрээ алдартай. Хостелийн үнэ харьцангуй хямд буюу 20 мянган төгрөгөөс эхэлдэг бол, далайн эргийн зочид буудлууд 24 мянган төгрөгөөс эхэлнэ. Харин хотын төвөөр зочид буудлууд 40 мянган төгрөгийн өртөгтэй байх ба зуслангийн байшингууд 35 мянган төгрөгийн үнэтэй байна. Өглөөний цайг та дурын кафегаас ойролцоогоор 4,500 төгрөгөөр авч болох бол, өдрийн хоол 2 хүн 30 мянган, харин оройн хоолоо дунджаар 12 мянган төгрөгөөр авах боломжтой. Тэгвэл дэлгүүрээс талх, бяслаг, төмс, тахианы мах, жимс, дарс тэргүүтнийг 36-40 мянган төгрөгөөр худалдан авна. Нийийн тээврийн тасалбар 1,500 төгрөгөөр худалдаалагдаг бол хот хооронд зорчих тасалбар 3-5 мянган төгрөг байдаг.

Болгар

5 Перу

Байрлах газар: Хамгийн багадаа

  • Дэн буудал- 5 евро (15,150 төг)
  • Зочид буудал- 11 евро (33,300 төг)

Хоол хүнс: 2 евро (6,060 төг)

Нийтийн тээвэр: 0.4 евро (1,210 төг)

Перугийн хамгийн алдартай аялал жуулчлалын цэг бол Мачу Печу, Инка хот, домогт Титикака гол, Чачапояс дахь аварга Гокта хүрхрээ, Арикүипа хотын үзмэрүүд болоод Амазоны ширэнгэн ой, Хуакачинагийн баян бүрд зэрэг юм. Буудлуудын хувьд 15-30 мянган төгрөгийн үнэтэй байдаг бол, дурын кафе дахь өдрийн хоол 9-10 мянгын хооронд, харин буфет ресторанд 24 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн Перугийн үндэсний хоол кивиче, антикүчос, буррито, такос мөн Писко тахианы шөлийг амсахаа мартуузай. Хэрвээ талх, өндөг, тахианы цээж мах, жимс, бяслаг зэргийг дэлгүүрээс худалдан авах бол ойролцоогоор 30 мянган төгрөг төлөх шаардлагатай. Нийтийн тээврийн үнэ 750 төгрөг, харин хот хоорондын автобусны тасалбар 3-9 мянган төгрөг байдаг. Гэхдээ та хүсвэл 12-15 мянган төгрөг төлөөд таксигаар зорчсон ч болно.

Перу

6 Польш

Байрлах газар: Хамгийн багадаа

  • Дэн буудал- 7 евро (21,200 төг)
  • Зочид буудал- 17 евро (51,500 төг)

Хоол хүнс: 4 евро (12,120 төг)

Нийтийн тээвэр: 0.8 евро (2,420 төг)

Эртний элегант хэв маяг бүхий нийслэл хот болоод Малборкын ордноос эхлүүлээд байгалийн үзэсгэлэнт газруудыг хүртэл нэг дор үзэх боломжийг Польш орон танд олгоно. Хостелуудын хувьд 21 мянган төгрөгөөс эхлэх бол, дундаж зэрэглэлийн зочид буудлын хоёр хүний өрөө Краков хотод 51 мянган төгрөг, нийслэл Варшавт 50-60 мянган төгрөгийн үнэтэй байна. Хэрвээ талх, сүү, өндөг, будаа, төмс, сонгино, тахианы цээж мах дарс тэргүүтнийг дэлгүүрээс худалдан авбал ойролцоогоор 33 мянган төгрөг болно. Харин аяга кофе юм уу шар айраг 4,500 төгрөгийн үнэтэй. Өдрийн хоолоо кафед идэхээр шийдсэн бол 12-15 мянган төгрөг байхад л хангалттай. 

Польш

7 Унгар

Байрлах газар : Хамгийн багадаа

  • Дэн буудал- 7 евро (21,200 төг)
  • Зочид буудал- 10 евро (30,300 төг)

Хоол хүнс: 2.5 евро (7,570 төг)

Нийтийн тээвэр: 1.4 евро (4,240 төг)

Унгар нь Европын олон орнуудтай өөрийн үзэмжит төрхөөрөө өрсөлддөг. Хостелууд 21 мянган төгрөгөөс эхлэн танд үйлчлэх бол, зочид буудлууд харин 34-50 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Эсвэл та олон улсын жуулчдын нийгэмлэгээс санал болгох "Couchsurfing" үйлчилгээ ашиглан үнэгүй хоноглох газар олох боломжтой. Хотын өнгө үзэмжээрээ жуулчдыг эрхгүй татах Будапешт хотод музейн үзвэрүүдийг та үнэ төлбөргүй үзэж Балатоны эрэгт тухалж, лаванда цэцгийн Тиханий талбайгаар зугаалан, Данубегийн ойролцоох өнө эртний олон цайзыг үзэх боломжтой. Хэрвээ та ресторанд хооллох бол 8-10 мянган төгрөгийн хооронд сонголтоо хийх боломжтой бол дэлгүүрээс талх, бяслаг, дарс, тахианы мах тэргүүтнийг 20-25 мянган төгрөгөөр худалдан авч чадна. Харин нийтийн тээврийн тасалбар нэг удаагийн зорчих эрхтэй нь 4,200 төгрөг байх бол бүтэн өдрийн турш зорчих эрхтэй нэг хүний тасалбар 16 мянган төгрөг байна.

Унгар

8 Өмнөд Африк

Байрлах газар: Хамгийн багадаа

  • Байшин- 3 евро (9,090 төг)
  • Дэн буудал- 9 евро (27,670 төг) 
  • Зочид буудал- 20 евро (60,590 төг)

Хоол хүнс: 3 евро (9,090 төг)

Нийтийн тээвэр: 1 евро (3,029 төг)

Өмнөд Африк танд "Бурхны итгэлийн булан" дахь аяллаас эхлүүлээд Калахари элсэн цөл, дэлхийн хамгийн том ургамлын хүрээлэн Кристенбош, далайн гахай болон халим харах боломжтой Цицикамма үндэсний хүрээлэн, Хүн төрөлхтний өлгий зэрэг толгой эргэм гайхалтай олон дурсамжийг үлдээх болно. Хостел болон зочид буудлууд нь нэг хүний 9-27 мянган төгрөг байдаг ба түргэн хоолнууд нь 9-10 мянга, рестораны хоолнууд 18-20 мянган төгрөгийн өртөгтэй байна. Харин сүү, талх, өндөг, тахианы мах, жүрж, дарс тэргүүтнийг та дэлгүүрээс 45-50 мянган төгрөгт багтаан худалдан авна. Нийтийн тээврийн хувьд 3 мянган төгрөгөөр тасалбар худалдаж авч болохоос гадна, 6 мянган төгрөгөөс эхлэн таксигаар зорчих боломжтой. 

Өмнөд Африк

9 Филиппин

Байрлах газар: Хамгийн багадаа

  • Дэн буудал- 4 евро (12,120 төг)
  • Зочид буудал- 9 евро (27,270 төг) 

Хоол хүнс: 1.8 евро (5,450 төг)

Нийтийн тээвэр: 0.3 евро (900 төг)

Филиппинийг бүхэлд нь балар эртний байгаль, халуун дулаан уур амьсгал, цагаан элсэн далайн эрэг болон эртний Интрамуросаар төсөөлж болно. Хостел болон зочид буудлын үнэ байршлаасаа хамааран харилцан адилгүй байдаг. Тухайлбал Цебу болон Пангало арлуудад  12-30 мянган төгрөгт хостел юм уу зочид буудал авч болох бол хувийн орон сууц сарын 780 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой. Тэгвэл Боракя аралд утасгүй сүлжээ, агааржуулагчтай өрөөг хоногийн 36,500 төгрөгөөр ч захиалж болно. Ер нь хамгийн боломжийн үнэтэй зочид буудал рестораныг та "Boat Station 3" дүүргээс олох болно. Хотын кафед өглөөний цай болон өдрийн хоолны үнэ 5.5-9 мянган төгрөгөөр худалдаалагдана. Жуулчид гол төлөв дугуй, завь, далбаат завиар аялдаг ба хамгийн хямд тээврийн хэрэгсэл нь жийпний гэх задгай машин байдаг. Эдгээрээс гадна метрогоор явах боломжтой ба үнэ нь 900 төгрөг аж.

Филиппин

10 Албани

Байрлах газар: Хамгийн багадаа

  • Дэн буудал- 5 евро (15,150 төг)
  • Зочид буудал- 10 евро (30,290 төг)

Хоол хүнс: 2 евро (6,060 төг)

Нийтийн тээвэр: 1 евро (3,029 төг)

Албани бол ид шидийн орон юм. Жирогастер хот, Цэнхэр нүд, Скадар гол, Ксамил, Бутринти гэх мэт үзэх харах зүйлс дэндүү олон. Та ердөө 15-30 мянган төгрөг төлөөд тухтай хостел болон зочид буудал бүр хүсвэл хувийн орон сууц ч түрээсэлж болно. Европын бусад орнуудыг бодвол хоол хүнсний өртөг харьцангуй хямд байх ба гудамжны хоолнууд нь 4,500 төгрөгөөс эхлэн худалдаалагдах бол рестораны хоолнууд нь хамгийн багадаа 10 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нутгийн хамгийн амттай хоол бол далайн хүнс, ногооны хачиртай Чомлек юм. Харин амттаны хувьд Ошафыг танд санал болгож байна. Кофений хорхойтнууд 2-3 мянган төгрөгт багтаан амттай чанасан кофе авах боломжтой. Тэгвэл нийтийн тээврийн хувьд галт тэргээр аялах 50 км болон автобусаар зорчих 30 км тутамд 2,700 төгрөг төлнө. 

Албани

11 Бали

Байрлах газар: Хамгийн багадаа

  • Дэн буудал- 9 евро (9,090 төг)
  • Зочид буудал- 8 евро (24,230 төг)

Хоол хүнс: 2 евро (6,060 төг)

Нийтийн тээвэр: 0.3 евро (900 төг)

Бали бол тэр чигтээ гайхамшгийн орон. Эрвээхийн парк, Батукару уулын дэргэдэх усан ордон цэцэрлэг, Тирти Эмпүл сүм, Сэкимпүлийн хүрхрээ, будааны талбай болон үзэсгэлэнтэй далайн эргүүд танд хэзээ ч мартагдахааргүй дурсамжийг үлдээнэ. Харин хостелуудын эхлэх үнэ 9 мянган төгрөг байх бол, зочид буудлууд 24 мянган төгрөгөөс эхэлнэ. Хүсвэл та сүүдрэвчтэй зуслангийн байшинг 36 мянгаар ч түрээслэх боломжтой. Хоол хүнсний хувьд төрлөөсөө хамааран харилцан адилгүй үнэтэй байна. Өглөөний цай 4.5-9 мянган төгрөгийн хооронд байх бол, 2 хүний өдрийн хоолыг та аль ч кафегаас 12-24 мянган төгрөгт багтаан авч болно. Жимс жимсгэнэ арвин энэ нутагт цагаан хоолтнуудын хоол харин арай хямд байх ба хамгийн багадаа 3 мянган төгрөгөөс эхэлнэ. Далайн эргээс нэлээд зайтай ч захуудаар хямд ногоо жимс ихээр худалдаалагдана. Нийтийн тээврийн үнэ дунджаар 900 төгрөг, харин такси ойролцоогоор 7,500 төгрөгөөр үйлчилнэ. Нутгийн хамгийн амттай хоолнууд нь Бебек Бетуку галуу ба Лилит кебаб зэрэг юм. 

Бали

12 Никарагуа

Байрлах газар: Хамгийн багадаа

  • Дэн буудал- 4 евро (12,120 төг)
  • Зочид буудал- 10 евро (30,300 төг)

Хоол хүнс: 2 евро (6,060 төг)

Нийтийн тээвэр: 1 евро (3,029 төг)

Өмнөд Америкийг зорих аялалдаа та Никарагуаг багтаасандаа огтхон ч харамсахгүй. Хостелийн өрөөнүүд хоногийн 12 мянгаас эхлэх бол зочид буудлын өрөөнүүд нь хоногийн 30 мянган төгрөгт хүрнэ. Харин гадуур хооллоход 6-9 мянган төгрөгийн өртөгтэй байх бол нийтийн тээвэр 3 мянгаас эхэлнэ. Хэрвээ хот хооронд такисигаар зорчих бол хамгийн багадаа 70 мянган төгрөг зарцуулах шаардлагатай болно. Та Никарагуад очсоноор Ганадагийн төв талбай болон тус талбайн ойр орчмыг үзэж сонирхох боломжтой бөгөөд Момотомбо галт уул, цахирмаа цэцэг болон этгээд содон шувуудаар дүүрэн паркаар зугаалж, зэрлэг сармагчингаар дүүрэн Босавасын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах зэрэг олон сонирхолтой адал явдалтай учрах болно.

Никарагуа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()