Үүний дараа жаалхүү жимс шиг харагдах тэр зүйлийг аваад мэрж эхлэлээ. Амаараа дүүрэн байсан тод ягаан өнгөтэй хальс шиг зүйлийг нулимж гаргаад, дотроос нь олсон шагнал болох хэдэн шар самарны чөмөг харуулав. Эндхийн попкорн, чипсийг орлох самар гээчийг түүхийгээр нь, уут уутаар нь Монголчууд иддэг ажээ. Энхбаатар бидэнд уут өгч, олсон олзоо хийхийг хүслээ. Хушны самрыг хатсан, хэрэм мэрчихсэн байдгаар нь л мэдэх миний хувьд анх удаа ийм боловсорч гүйцсэн, хан боргоцой шиг хальс бүхий самрыг харж байгаа нь энэ юм. Өшөө илүүг хайх зуур давирхай нь наалдаж, гар муухай болгож байлаа.
Миний хувьд энэ бүхэн шинэ ертөнцөд ирчихсэн мэт санагдаж байсан бол Энхбаатарын хувьд өдөр тутмын л амьдралынх нь нэг хэсэг ажээ. Тэр бол Монголын хойд хэсгийн нутагт цаа буга хариулан амьдардаг цаатангуудын нэг. Цаа бугаа хариулан, өөрсдийн майханд (урцанд) амьдардаг тэдэнд самар түүх нь супермаркетаас амттан авч байгаатай л яг адил юм гээч.
Тундр, говийн элсэн дунд цогцолсон Монголын хойд хэсэгт хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй бөгөөд цаг агаарын эсрэг тэсрэг байдал нь газрын үр шимийг алдагдуулж, бэлчээрийг хомстуулдаг байна. Тиймээс цаатан гэр бүлүүд бэлчээр олохын тулд нүүдэллэн амьдардаг. Цаа бугынхаа мах, сүү, сүүгээр хийсэн бяслагаар тасардаггүй ч уураг, өөх тосны дутагдмал байдлаас болж витамин, шим тэжээлтэй бодисуудыг жимс, ногооноос олж авдаг байна. Энэхүү нүүдэлчин амьдралын хэв маяг, хоолны дэглэм нь Монголчуудад тэр чигээрээ тархсан бөгөөд Чингис хааны үеэс л энэ маягаар амьдарч эхэлжээ.
Хушны самар нь мах голчлон хэрэглэдэг уг ард түмний хоолны балансыг тэнцвэржүүлэхээс гадна хүүхдүүдэд нэн чухал амин дэм болох витамин А, Д, кали, магни, төмрөөр баялаг аж.
Цаатангуудын хувьд, тайгын экосистем нь хойд хэсгээр амьдрахад давуу тал болдог бөгөөд үүний учир нь Монголын өмнөд хэсгээр хушны самар ургадаггүй юм байна. Энхбаатарын гэр бүл намар болгон самар түүж, гал дээр хуурж хадгалдаг гэнэ. Сүү, махнаас уйдсан үед самар идэхэд маш сайхан мэдрэмж төрүүлдэг гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн.
Хэдэн сарын дараа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын жавар хургасан хүйтэн өнөөх самарны дотно амтыг санагалзахад хүргэв. Хачирхалтай нь самар хайж хол явах шаардлага огтхон ч алга байлаа. Импортын жимс, ногоо, гадаадын түргэн хоолны сүлжээ, кофе шопууд байхгүй ч хотын иргэд хүртэл самранд дуртай ажээ.
"Самар донтуулдаг" гэж миний найз Бямбаа тэсгэм хүйтэн гудамжаар алхангаа надад хэлсэн юм. Тэр ч гэсэн хэдэн кг-ийг авахыг хүссэн боловч цемент, шилэн барилгаар дүүрсэн хотод авирах мод байсангүй. Бидэнд зарах хүн хэрэгтэй байлаа. Хэдэн давхарт байрлах ресторанд паста дээр цацсан барууны маягтай хоол байхад гудамжинд наймаачид уут уутаар нь зарж байх юм.
Улаанбаатарын зүүн хойд хэсэгт Сибирьтэй хил залган орших, Хэнтий аймгийн хангай нутагт төрж өссөн хүүхдийн хувьд Бямбаа аавдаа цэвэрлэгээ хийх, хоол хийхэд нь тусалж, илүү мөнгө олохын тулд самар зардаг байжээ. Харин сүүлийн үед самар зарахад заавал тусгай эрх шаарддаг болсны дээр ихэнхи самрыг Хятад руу экспортолдог болсон байна. Монголчууд өөрсдөө жил бүр 25кг орчмыг хурааж авах боломжтой ч ихэнхи нь Санжмятав шиг хүмүүсээс худалдан авдаг.
Бид Санжмятавыг Улаанбаатарын төв болох Их дэлгүүрийн орчмын замын уулзвар дээрээс олсон юм. Алхаж зугаалахад тохиромжтой ч биенд маш хор хөнөөлтэй газар байлаа. Өвлийн улиралд Улаанбаатар бол хамгийн хүйтэн, хамгийн их агаарын бохирдолтой нийслэлүүдийн нэг бөгөөд Санжмятав амны хаалтан дээрээ ногоон ороолт давхарлан зүүсэн нь түүний яриаг ойлгоход бэрхшээлтэй болгож байв. Тэр бидэнтэй ярилцах зуураа дулаацах гэж аарц гэх уламжлалт аргаар сүүнээс гарган авсан ундааг халуунаа барьдаг савнаас оочилж зогслоо. Тэр 3 төрлийн самар зардаг нь: түүхий, хуурсан, цайруулсан гэх төрлүүд байв. Энхбаатар шиг гал дээр тавьсан том тогоонд тос, давс, ямар нэг амтлагч хийлгүйгээр самраа хуурч болгожээ. Хатаасан самарнууд кофены үр шиг гялгар бор өнгөтэй болсон байлаа. Самраа зөөврийн ширээн дээр тавиад аягаар хэмжиж худалдаална. Гялгар уутанд түүнийгээ хийж, төгрөгөөр наймаа хийх зуур хажуугаар зөрөх хүмүүс дулаан газар руу яаран алхална.
Санжмятавын нөхөр, ах 2 нь намаржингаа Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дарханаар явж, самар түүжээ. Заримдаа тэд гэр бүлээрээ явж, ажиллангаа амраад ирдэг гэнэ. Тэрээр утсаа гаргаж ирээд ногоон өвс, дулаан нарны илч мэдрэгдсэн зургуудаа үзүүлэхэд нь би Улаанбаатарын хүйтэн цементээс тайгад байсан үе рүүгээ буцаад очих шиг санагдлаа.
Түүний хэлснээр Энхбаатар шиг заавал модонд авирах шаардлагагүй аж. Би 8 сард тайгад очих үеэр түүхий байсан самарнууд 10 сарын дунд гэхэд боловсорч гүйцээд, модыг сэгсрэхэд л унаад ирдэг байна. Хамгийн гол нь өлсгөлөн хэрэмнүүд асуудал болдог бөгөөд сүүлийн үед самраар бизнес хийх хүмүүс ихэссэн тул аль болох эртхэн очиж түүх болжээ. Санжмятав ч гэсэн 8 сард эхэлж, чөмгийг нь болгохын тулд хэдэн долоо хоног боргоцой хэвээр нь байлгасан гэнэ. Хуурай газар хадгалахад нэг жилдээ муудахгүй гэсэн шүү.
Тэрээр бидний самрыг ууталж байхдаа үнэтэй байгаад нь уучлалт гуйн, учраа ийнхүү тайлбарласан юм. Энэ жилийн ургац муу байсан тул цайруулсан самар 1кг нь өнгөрсөн жил 8000 (3$) байсан нь энэ жил 13000 (5$) төгрөг болон өсжээ. Ургацын гаралт 3 жилийн хугацаатай буюу 3 жилд нэг удаа их ургац гардаг учраас дараа өвөл ч гэсэн үнэтэй байх магадлалтайг хэлсэн юм. Би энэ талаар гомдоллоогүй. Учир нь миний ирсэн Америкт 1кг самар 60$ гэдэг шүү дээ.
Надад ууттай самар өгөхдөө Санжмятав самраа архитай хольж уух нь эмэгтэй хүний биед маш сайн байдаг талаар зөвлөлөө. Гэхдээ Бямбаа бид 2 дулаацах гэж халуун кофе уухаар шийдэв. Авсан самраа голдоо тавиад бас нэг уутанд ясаа хийх гэж гаргалаа. Хэсэг хугацаа өнгөрөхөд яс хийсэн уут бараг дүүрч байв. Хуурсан самар нь миний Энхбаатартай идсэн самарнаас арай зөөлхөн бас бүйлсэн самартай (almond) бага зэрэг төстэй амтагдаж байлаа. "Самар донтуулдаг" гэж хэлсэн нь үнэхээр үнэн байжээ.
Цонхоор хараад сууж байхад сургуулийн цүнх үүрсэн хэсэг хүүхдүүд, үнэтэй булга өмссөн эмэгтэйчүүд, ажлын хувцастай харчууд гээд хүн бүр Санжмятавыг тайван суулгасангүй. Тав тухтай дэлгүүрээс чипс авах эсвэл хүйтэн гудамжнаас хөлдүү шахам самар авах сонголтоос алийг нь сонгох нь Монголчуудын хувьд тодорхой байлаа.
Эх сурвалж: http://www.bbc.com/travel/story/20180114-mongolias-obsession-with-pine-nuts