1
Ханиадтай ижилхэн шинж тэмдэгтэй
Ханиад хүрсэн үед халуурах, ханиалгах, булчин өвдөх, нойрмоглох шинж тэмдгүүд голчлон илэрдэг. Калифорний Санта Моника дахь Эрүүл мэндийн төвийн Хорт хавдар, дархлаа судлалын тасгийн эрхлэгч профессор Делфин Лийгийн хэлж байгаагаар дээрх шинж тэмдгүүд нь чонон хөрвөстэй хүнд ч илэрдэг бөгөөд ханиад болон чонон хөрвөсний гол ялгаа нь ханиад 4-10 хоногийн дотор эдгэрдэг бол чонон хөрвөс хэдэн 7 хоногоос хэдэн сарын турш үргэлжилдэг гэнэ.
2
Жингээ алддаг
Нэг шөнийн дотор огцом турах нь зарим хүмүүсийн хувьд сайхан санагдаж мэдэх ч энэ нь зарим тохиолдолд чонон хөрвөсний шинж тэмдэг байдаг ажээ. Чонон хөрвөс нь дархлааны эмгэг учраас хүний бамбай булчирхай болон гормонд нөлөөлөн биеийн жинг нь огцом хасдаг байна. Доктор Лийгийн тайлбарласнаар зарим хүний биед ус ихээр хуримтлагдаж жингээ нэмдэг тохиолдол ч бий аж.
3
Төвөнх зөөлөрнө
Хүзүүн дээрх вандуй хэлбэрийн тунгалгийн булчирхай нь элдэв төрлийн халдварт өвчинтэй тэмцэж, хорт бодисыг шүүх үүрэгтэй. Жирийн үед бид үүнийг төдийлөн анзаараад байдаггүй боловч "ачаалалтай" ажиллах үед нь анзаарч эхлэдэг ба чонон хөрвөсөөр өвчилсөн хүмүүсийн төвөнх хавдаж, хөндүүртэй болдог ажээ. Хүзүү, эрүү, чихний ар талд хөндүүрлэж өвдөхөөс гадна цавь, хэвлийн хэсэг, суга болон эгэмний хавиар хавддаг юм байна.
4
Наранд гарахаар л улайна
Лий эмчийн хэлж буйгаар хамар, хацар дээгүүр улаан өнгийн тууралт гарах нь чонон хөрвөсний үндсэн шинж тэмдэг аж. Эхэндээ та хамар, хацраа хараад наранд удаан байсны улмаас ийм болчихлоо гэж бодож магадгүй ч нарны хурц тусгалгүй газарт орлоо ч улайлт нь зүгээр болдоггүй тэр хэвээрээ л байдаг байна.
5
Сулбайтлаа ядарна
Чонон хөрвөстэй хүн зүгээр ч нэг ядардаггүй, бүр орноосоо ч босч чадахааргүй болтлоо сулбайтлаа ядардаг хэмээн Лий эмч хэлж байсан юм. Сэтгэл гутрал, хорт хавдар зэргээс болж хүн ингэж ихээр ядрах талтай учраас чонон хөрвөстэй эсэхийг тогтоохын тулд заавал ч үгүй нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ шаардлагатай байдаг ажээ.
6
Цэврүү гарна
Өсгий, хаммар, ам гэхчилэн хачин жигтэй газруудад цэврүү гарч байгаа бол энэ нь ихэнхдээ чонон хөрвөс туссаны шинж тэмдэг байдаг.
7
Үс туг тугаараа унана
Чонон хөрвөсийг ямар ч хүйсийн хүн тусах боломжтой боловч нийт туссан эмэгтэйчүүдийн 90% нь 15-44 насныхан байдаг. Уг өвчнөөр өвчилсөн эмэгтэйчүүдийн үс шингэрч, аажимдаа туг тугаараа унадаг болдог ажээ.
8
Байнга даарна
Гар хөл нь даарч байдаг хүмүүс байдаг л даа. Гэхдээ халуун зунаар гар, хөлийнх нь үзүүр даарч, бүр хөхөмдөг туяатай болчихсон яваа бол энэ яахын аргагүй чонон хөрвөстэй өвчтөний шинж тэмдэг юм. Лий эмчийн хэлж байгаагаар тус өвчин нь захын мэдрэлийн цусан судсанд нөлөөлдөг ажээ.
9
30хан настай ч үе мөчний өвчтэй юм шиг санагдана
Бид зөвхөн настай хүмүүсийн л үе мөч хавдаж, өвчин ордог гэж боддог бол чонон хөрвөсөөр өвчилсөн залуучуудын үе мөч, нэн ялангуяа хөл нь их өвддөг болдог ажээ. Өглөөгүүр хөл нь их өвдөж байгаад өдөр тийшээгээ гайгүй болдог хэмээн профессор хэлсэн юм.
10
Цээжээр хатгуулна
Зүрхний шигдээс хэмээх хүн бүрийн айдаг өвчний шалтгаан нь чонон хөрвөс байх магадлалтай ажээ. Дархлааны өвчин нь бүх биеийг ерөнхийд нь хөөлгөдөг учраас уушиг, зүрхийг хөөж байнгын өвдөлтийг мэдрүүлж байдаг юм.
11
Сэтгэцийг хэвийн бус болгоно
Чонон хөрвөс нь хүний биеийн эд эрхтэнүүд заримдаа тархийг өөрчилж хүний сэтгэцийг хэвийн биш болгодог хэмээн Лий эмч бидэнд тайлбарлаж байсан юм. Уг өвчнөөр өвчилсөн хүмүүс өөрсдийгөө галзуурч, солиорсон гэж төсөөлдөг байна. Хий юм харж, толгой нь байнга эргэж, тогтворгүй ааш зантай болдогоос гадна саажих ч эрсдэлтэй ажээ.
12
Бие засахад төвөгтэй болно
Чонон хөрвөс нь хүний бөөрөнд онцгой нөлөөлдөг учраас өвчилсөн хүний нуруу, бөөр өвдөж шээхэд төвөгтэй байдал үүсээд зогсохгүй шээсэн дэх уургийн хэмжээ нь өндөр болдог байна.
13
Цээж хорсоно
Цээж хорсож, ходоодны булчин зангирч, гэдэс гүйлгэх зэргээр ходоод гэдэсний өвчин нь чонон хөрвөстэй хүнийг зовоодог ажээ. Тэд эмийн сангаас жороор эм авч уудаг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй байна.
14
Олон дахин зулбана
Чонон хөрвөс нь цусны нөжрөлийг үүсгэдэг учраас жирэмсэн эхийн ургийг зулбуулдаг байна. Чонон хөрвөстэй хүн амархан жирэмсэлж чадах ч хүүхдээ хэвийн тээх тал дээр асуудалтай юм. Цусанд нөж үүссэнээр эмэгтэй хүний сарын тэмдэг тогтмол бус хугацаанд ирдэг болох сөрөг талтай ажээ.
15
Хачин жигтэй, арилж өгдөггүй шинж тэмдгүүд
Тухайн өвчтөний аль эрхтэнд нөлөөлснөөс шалтгаалж шинж тэмдэг нь өөр өөрөөр илэрдэг учраас чонон хөрвөс нь туйлын "зальтай" өвчин юм байна. Зарим үед гайгүй байснаа удалгүй биеийн байдлыг муутгаж удаан хугацааны турш ямар ч шинж тэмдэггүй эрүүл саруул явж байтал ахиад л гэнэтхэн гарч ирэн өөрийгөө сануулдаг учраас уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн хувьд шуудхан хариулт өгчихөж болдоггүй ёстой зовлонтой зүйл байдаг ажээ. Лий эмчийн зөвлөж байгаагаар ийм өвчтэй эсэхээ мэдэхийн тулд цусан дахь эсрэг биетийн шинжилгээг өгөхөд л хангалттай гэнэ.