1
Хайнан Эйрлайнс, Хятад
Тус компани онгоцны үйлчлэгчдийнхээ хувцаслалтад онцгой анхаардаг бөгөөд нэрт загвар зохион бүтээгч Лауренс Xу (Laurence Xu)-тай хамтарч ажилладаг байна. Лауренс Xу хэрхэн ажиллаж байгааг та эдгээр зурагнаас харж байгаа байх. Тэрээр энэ цуглуулгаа 2017 онд Парисын Намар, өвлийн загварын долоо хоногт үзүүлж байжээ.
2
Этихад Эйрвейс, Арабын нэгдсэн эмират
Арабын нэгдсэн эмират улс (АНЭУ)-ын Дубай хот дэлхийн баячуудын төв болоод удаж байгааг та юу эс андах билээ. "Этихад Эйрвейс" компани Италийн чадварлаг агаад бие даасан загвар зохион бүтээгч Эттор Билотта (Ettore Bilotta)-тай хамтарч ажилладаг байна. "Этихад Эйрвейс" нь АНЭУ-ын хоёр дахь том агаарын тээврийн компани бөгөөд 1960-аад онд Парис, Ромд ид моодонд орж байсан хувцсыг орчин үеийн Нью-Йорк, Лондонгийн хэв маягтай хослуулан загваруудаа гаргаж авчээ. Мэдээж тус загварыг төгс бүтээл болсныг бүгд хүлээн зөвшөөрсөн.
3
Эмиратес Эйрлайнс, Арабын нэгдсэн эмират
"Эмиратес Эйрлайнс" нь АНЭУ-ын хамгийн том агаарын тээврийн компани бөгөөд тус компанийн төв нь Дубай хотод байрладаг. Ажилтнууддаа асар өндөр шаардлага тавьдаг шигээ өндөр хангамж олгодог байна. Ийм учраас тэд хамгийн сэтгэл татам хувцасладаг.
4
Логанэйр, Нэгдсэн вант улс
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Шотландын "Логанэйр" агаарын компани нь үндэсний онцлог болсон уламжлалт улаан, хар өнгийн дөрвөлжин шоотой хувцсаараа гангардаг байна. Энэ хувцсаар нь тэднийг дэлхийн аль ч хотын нисэх буудалд шотландууд гэдгийг таньдаг.
5
Сингапур Эйрлайнс, Сингапур
Сингапурт 1968 оноос хойш агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж буй "Сингапур Эйрлайнс" компани Францын загвар зохион бүтээгч Пьер Бальмейн (Pierre Balmain)-тай онгоцны үйлчлэгч нарынхаа хувцасны загвар дээр хамтарч ажилладаг. Ерөнхийдөө дөрвөн өнгийн хувцас өмсдөг ба улаан өнгийн хувцсыг ахлах үйлчлэгч нар өмсдөг байна.
6
Ла Компагние, Франц
Францын "Ла Компагние" агаарын тээврийн компаний онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд доогуураа шорт юм уу юбка өмсдөг. Хэдий ил задгай юм шиг санагдах ч энэ нь хүмүүст их таалагддаг байна.
7
Гаруда Индонесиа, Индонез
"Гаруда Индонесиа"-гийн хатагтай нар Зүүн Өмнөд Азийн уламжлалт соёлыг хадгалж, орчин үеийн хэв маягт оруулсан хувцас өмсдөг. Үүгээрээ тэд дэлхийн агаарын тээврийн компаниуд дотор "Оскар" гэж яригддаг "Skytrax World Airline Awards" наадмаас шилдгээр шалгарсан байна.
8
Луфтанза, Герман
Германы "Луфтанза" компанийн ажилтнууд стандарт байдлаар хувцасладаг. Гэхдээ 10 дугаар сард шар айрагны баяр (Oktoberfest)-ын үеэр үндэснийхээ хувцсыг өмсдөг. Энэ нь тэднийг гайхалтай харагдуулдаг бөгөөд жил бүрийн 10 дугаар сарыг хүлээгчид цөөнгүй байдаг ажээ.
9
ЭВА Эйр, Тайвань
Тайваний агаарын тээврийн "ЭВА Эйр" компани 2005 оноос Японы "Санрио" компанитай хамтарч "Hello Kitty"-г оруулж иржээ. Ингэснээр "ЭВА Эйр" "Hello Kitty" хэмээх ягаан өнгө голчилсон муурны эмблем бүхий хувцсаар гангарах болов. Үүнээс гадна "Hello Kitty"-ийн эмблем, дүрс, утга агуулгын зураг онгоц, тийз, дэр, хоол гэх мэт бүх зүйл дээр бий болжээ. Энэ бүхэн нь зорчигчдыг яг л Киттигийн ертөнцөөр аялж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг байна.
10
Роял Бруней Эйрлайнс, Бруней
Нэгэн цагт дэлхийн хамгийн баян орноор нэрлэгдэж байсан Бруней хэмээх жижиг улсын агаарын тээврийн компани нь тус улсын Засгийн газрын мэдэлд 100 хувь байдаг. Ийм учраас нислэгийн ажилтнууд үндэснийхээ онцлогийг харуулсан уламжлалт хувцас өмсдөг байна.
11
Эйр Нью Зеланд, Шинэ-Зеланд
Эйр Нью Зеландынхан тун өвөрмөц сонголттой. Том, тод хээ бүхий хувцас нь наанадаж тэднийг Шинэ-Зеландын нисэхийнхэн байна гэж таних боломжийг олгодог.