10
Гэрийнхээ эвдэрсэн зүйлсийг засах
Гэртээ ямар нэгэн зүйл засварлах, янзлахад мэргэжилтэн дуудахад л хангалттай ч энэ нь танд тийм ч биш санагдаж болно. Үүнээс гадна засварчин дуудах нь мэдээж илүү үнэтэй байх нь тодорхой. Хэрвээ танд ямар нэгэн сонирхолтой зүйл хийх хүсэл төрж байвал гэрийнхээ эд зүйлийг өөрөө засварлах, эсвэл өвөрмөцөөр чимэглэж яагаад болохгүй гэж. Энэ бүх зүйлийг YouTube болон Videojug сайтаас хараад л сурчихаж болно шүү дээ. Эдгээр сайтаас та хэрхэн цахилгааны асуудлаа засах, сангийн зарим нэг зүйлсээ янзлах талаар гээд л олон төрлийн зүйлийг сурах болно. Мэдээж том засвар хийхэд танд мэргэжилтэн зайлшгүй хэрэг болох нь лавтай. Харин жижиг засварыг та өөрийн гараар хийж сурах нь сонирхолтой биш гэж үү.
9
Урлагийн чадвараа хөгжүүлж зураг зурах, гэрэл зураг дарах зэрэгт суралцах
Хэдийгээр эдгээр чадварууд нь танд мөнгө олоход туслахгүй ч таны амьдралыг илүү сонирхолтой болгож өгнө. Үүний хажуугаар та өөрийн урлагийн мэдрэмжийг ч мөн хөгжүүлэх боломжтой. Хэрвээ та хүн зурж сурахыг хүсвэл анатомын ном харж байгаад яс, булчин зурж сурах хэрэгтэй. Зурах гэдэг тийм ч амар ажил биш боловч та өөрийн зурж байгаа зүйлийн бүтцийн талаар нарийн сайн мэдлэгтэй болно гээд бод доо. Харин гэрэл зураг сонирхож байвал төрөл бүрийн сайтнаас энэ талаарх мэдээллийг авах боломжтой. Ингэхдээ өөрийн сонирхож буй зүйлдээ өдөрт 15-20 минут зарцуулахад л хангалттай. Мэдээж өдөржин ажилласан таны стрессийг магадгүй эдгээр зүйлс тайлахад туслах ч юм билүү. Хэн мэдлээ.
8
Бие хамгаалах урлагт суралцах
Хэрвээ та санаандгүй байдлаар хэн нэгэнд зодуулахыг хүсэхгүй байвал бие хамгаалах урлагт суралцаарай. Ингэхийн тулд видео хичээл үзэж бүр цаашлаад спорт клубд хүртэл явж болно шүү дээ.
7
Дизайны талаарх мэдлэгээ хөгжүүлэх
Хэрвээ та өөрийн дизайны талаарх мэдлэгээ хөгжүүлж чадвал гэр, хувцас зэргээ өөрийн гараар чимэглэж, янзалснаар хэзээд загварлаг сайхан харагдах боломж бүрдэнэ. Загварын сонголт бол гэрийнхээ ханын цаас сонгох, өөрийн ажлын ширээгээ чимэглэх гэх мэт энгийн жижигхэн зүйлд ч байнгын хэрэг болдог билээ.
6
Их Сургуульд байхдаа сурч амжаагүй хичээлээ дахин судлах
Дахин судлая гэвэл шинжлэх ухаан, санхүү, математик, хүмүүнлэгийн, хуулийн гээд л ямар ч хичээл байж болно. Хэрвээ та эдгээр хичээлийг Их сургуульд байхдаа сурч амжаагүй бол одоо чөлөөт цагаараа яагаад сурч болохгүй гэж. Та их сургуульд алдсан мэдлэгээ одоо цахим сүлжээг ашиглан нөхөх боломжтой бөгөөд үүнд зөвхөн таны хүчин чармайлт байхад л хангалттай.
5
Төрөл бүрийн төхөөрөмж засварлах
Бид бүгд л орчин үеийн технологид дуртай. Бүхий л техникийг өөрчилж, шинэчилж болох хэдий ч энэ бүх зүйлийг хийхийн тулд мэдээж чадвар хэрэгтэй. Компьютер задалж сурах нь хамгийн анхны сурах зүйл чинь юм. Та Arduino гэх программыг ашиглаж, сонирхолтой зүйлсийг хийж сураарай.
4
Хөгжмийн зэмсгээр тоглож сурах
Онлайнаар хөгжмийн зэмсэг дарж сурахад туслах олон төрлийн сайтууд байдаг. Мэдээж хамгийн шилдэг туслах нь YouTube билээ. Магадгүй өөрийн хүчин чармайлтаар та ямар нэг хөгжмийн зэмсгийг мэргэжлийн өндөр төвшинд дарж сурах эхлэлээ тавьж ч болох юм.
3
Ерөнхий тогооч шиг хоол хийж сурах
Интернетэд маш олон төрлийн хоолны жор бий. Эдгээрийг ашиглаад та чөлөөт цагаараа, амралтын өдөр, баярын өдрөөр төрөл бүрийн сонирхолтой хоолыг туршаад үзэж болох юм. Хоол хийхдээ бүгдийг нь заавал жорын дагуу хийх шаардлагагүй бөгөөд өөрийн сонирхлоор чимэглэж, амталж болно шүү дээ.
2
Гадаад хэл сурах
Хэрвээ та хэн нэгнээс юу сурахыг хүсэж байна гэж асуувал ихэнхи нь гадаад хэл гэж хариулах болов уу. Сүүлийн үед интернетэд гадаад хэл сурах боломжтой олон төрлийн сайтууд нэмэгдсэн ба та эдгээрийг ашиглан өөрийн хэлний мэдлэгээ дээшлүүлээрэй.
1
Сайт нээх, кодолж сурах
Сайт нээхэд чиглэгдсэн олон төрлийн сургалт байдаг бөгөөд энэ нь төлбөртэй, төлбөргүй гээд янз бүр байдаг. Хэрвээ та яг тодорхой суръя гэсэн зорилготой л биш бол хичээлүүд нь нэлээд уйтгартай санагдаж болно. Онолоо байнга дадлагаар баталгаажуулбал та удалгүй программчлалын тал дээр нэлээд мэдлэгтэй болох боломжтой.