1
Үргэлж сайхан зүйлсийг бодохыг хичээгээрэй!
Сайхан зүйлсийг бодож, тунгаах нь хүний сэтгэлд үргэлж амар тайвныг авчирдаг. Хэрэв таньд сөрөг бодол төрдөг бол тэр даруй өөрт тохиолдож байсан хамгийн сайхан дурсамжаа эргээд нэхэн санаарай. Тэр мөчид сэтгэлд чинь хурсан муу сөрөг бодол хийсч, сайхан зүйлсийн тухай бодлууд хөврөх болно.
2
Асуудлын учир шалтгаан, гарцыг олох
Аливаа асуудалд чинь сэтгэлээсээ хандаж учир шалтгааныг тунгаан үзэх нь таныг ямар нэгэн эрсдэлээс үргэлж хамгаална гэдэгт та итгээрэй. Хэн нэгэнд тохиолдсон асуудал бүр ямар нэгэн гарцтай, тодорхой шалтгааны улмаас үйлдэгдсэн байдаг. Гэтэл бид тухайн зүйлийнхээ мөн чанарыг танихгүйгээр хөнгөн хуумгай хандаад алддаг. Тэгвэл та асуудлынхаа мөн чанарыг, учир шалтгааныг таних гэсэн чинь эрмэлзлэлтэй байгаарай.
3
Өдрийн тэмдэглэл хөтлөх
Өдрийн тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө таньж мэдэх хамгийн энгийн арга юм. Хүн бол нийгмийн амьтан, сайн муу, сайхан муухай бүх л зүйлд санаатай эсхүл санамсаргүй байдлаар холбогддог. Энэ олон харилцаанаас нэгийгээ үзэн ядах, сэтгэл дундуур байх зэрэг асуудал урган гардаг гэж хэлж болно. Хэрэв та өдрийн тэмдэглэлдээ тэдгээр хүний талаарх хэлсэн эерэг үг, эерэг үйлдлийг тэмдэглэн үлдсэн бол таны давуу тал. Та өөрийн өдрийн тэмдэглэлийн тусламжтайгаар аливаа сөрөг зүйлээс өөрийгөө чөлөөллөө гэсэн үг.
4
Бичсэн таагүй зүйлээ хогийн сав руу хийх
Хэн нэгэнтэй харилцах харилцаанд тань сэв суусан, хэзээ ч сэтгэлийг тань эмзэглүүлж, сэтгэлд айдас, эмзэглэл төрүүлж байгаа бол та яг санаа зовоож буй асуудлаа цаасан дээр бичээд хогийн сав руу хийгээрэй. Таны сэтгэл дотор бугшсан зүйл тэр даруйдаа арилахгүй ч бага ч гэсэн сөрөг бодлоосоо чөлөөлөгдөх болно.
5
Асуудлыг хойшлуулахгүй, түргэн шийдэх
Асуудал удах тусам бугшиж хүндэрдэг. Хэдий чинээ цаг хугацаа алдана, төдий чинээ аливааг шийдвэрлэхэд бэрхшээлтэй болно.Тиймээс цаг алдахгүй, хойшлуулахгүй тухайн зүйлийнхээ гарцыг олж шийдвэрлэх нь чухал. Энэ нь таныг сөрөг, муу зүйлээс холдуулаад зогсохгүй, санаа зовинох зүйлгүй аз жаргалтай амьдрахад тань тусална. Асуудал байвал та яг одоо шийдэх шийдвэр гаргаарай.
6
Өөрийн чадах зүйлийг хий
Хүн хамгийн сайн хийж чаддаг зүйлдээ цаг зарцуулж, түүнээсээ таашаал авч амьдардаг. Хэрэв өөрийнхөө чадахгүй зүйлд гар оролцоод эхэлбэл энэ нь таныг сөрөг зүйл рүү чиглүүлэх луужин болж өгнө. Чадахгүй зүйлсээсээ болж сэтгэл санааны гутралд орох, цаашлаад муу сөрөг зүйлсийг сэтгэж, төлөвлөж эхэлнэ. Хамгийн сайн хийж чаддаг зүйлсийг тань дагаад хамгийн сайхан зүйлс тохиолдох болно. Та туршаад үзээрэй.
7
Таны талаарх бусдын бодолд нэг их анхаарах хэрэггүй
Ажлын хамт олон, оюутан нөхөд, бизнесийн хамтрагчид, найз нөхөд, гэр бүлтэйгээ өдөр тутам л ямар нэгэн хэмжээгээр харилцаанд ордог. Хэр олон хүнтэй харилцах тутам тэр хэрээрээ таны тухай бусдын үзэл бий болно. Тиймээс таны талаар муу, сөрөг зүйлийг хэлж, ярьж, хийж байгаа бусдын тухай анхаарах хэрэггүй. Хамгийн чухал нь та зарчимтай, хуулийн хүрээнд ажиллаж амьдарч байгаа бол бусдын таныг юу гэж дүгнэх нь тийм чухал биш юм.
8
Тайвшрал авах зүйлсийг хий
Сэтгэл санаагаа төлөв түвшин, амар тайван байлгах нэг чухал зүйл бол та сөрөг бодлоосоо өөрийгөө чөлөөлж тайвшрал авах зүйлийг хийх юм. Та усанд сэлэх, сайн найзтайгаа ярилцах, иогт явах гээд олон үр дүнтэй арга бий. Та сэтгэл санаа тавгүй хүнд үедээ өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг дурлаад хийгээд үзээрэй. Тайвшрал таньд мэдрэгдэх болно.
9
Аливаа асуудлыг зөвхөн нэг талаас харах хэрэггүй
Бүх зүйл төгс биш.Аливаа асуудлыг зөвхөн нэг талаас нь харах юм бол сөрөг үр дагавар үүсэх магадлал өндөр. Өөр өөр өнцөгөөс харж, дүн шинжилгээ хийвэл хамгийн бодитой үр дүнд хүрэх боломжтой юм. Гэхдээ нөгөө талаас нь харж байна гээд шүүмжлэх, шүүх, сөрөг зүйлийг үүсгэх биш юм. Үнэнд ойр хийгээд бодит зүйлийг мэдрэхийг хүсвэл та нэг талаас нь бус олон талын байр суурийг сонсч, харах хэрэгтэй.
10
Сөрөг зүйлс дахин ирнэ гэдэгт бэлтгэлтэй бай!
Амьдралд өдөр тутам л үйл явдал өрнөдөг. Үйл явдалд оролцохын хэрээр сөрөг муу зүйлстэй нүүр тулдаг. Сөрөг зүйлс өнөөдөр л дайраад өнгөрч буй юм биш. Таньд ирээдүйд ч ямар нэгэн асуудал гарч болно. Тиймээс энэ бүхэнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь чухал. Эхний нэг л асуудалд бүдрээд байвал та урагшлахад хүнд болно. Тиймээс ирээдүйд ирэх сөрөг зүйлд бэлтгэлтэй бай.