Өвлийн куртик, булган шуба болон нэхий дээлийг хэрхэн арчлах вэ?

Өвлийн улиралд өмсөх куртка, булга, нэхийг арчлах нь санаснаас төвөгтэй. Учир нь бид зааврын дагуу, зохих журмаар цэвэрлэхгүй бол үнэтэй хүрмээ юу ч үгүй, муухай болгох өндөр эрсдэлтэй байдаг. Иймд бид сайтынхаа нийт уншигчиддаа зориулан өвлийн хүрэм, үслэг эдлэлийг хэрхэн арчлах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Өвлийн куртик, булган шуба болон нэхий дээлийг хэрхэн арчлах вэ?

1 Үслэг эдлэл

Үслэг шуба, малгай нь харагдах байдлаасаа таныг ихэмсэг, бас эмэгтэйлэг харагдуулах бол эрчүүдийн хувьд илүү сүрлэг харагддаг. Эдгээр хувцас нь, маш дулаахан бөгөөд хамгийн гол нь эдэлгээ даах чадвартай билээ. Энгийн куртка гадуур хүрмийг бид 5 хүртэлх жил өмсөх боломжтой байдаг бол үслэг эдлэл, шубаг зааврын дагуу арчилвал 10 жил ч өмсөж чадна. Иймд та бүхэндээ үслэг эдлэлийг хэрхэн арчлах тухай танилцуулъя.

  • Хэрэв шубаны үс нь нэг талдаа бөөгнөрч, эсвэл хэлбэрт орсон бол та халуун сэнсээр 3-5 секунт орчим үлээлгэх хэрэгтэй. 
  • Түүнчлэн онц шаардлагагүй л бол халуун индүүгээр индүүдэх, угаах, химийн бодисоор цэвэрлэхийг хориглодог.

Үслэг эдлэл

  1. Ерөнхий арчилгаа

Үслэг эдлэлийг цэвэрлэх хамгийн энгийн арга бол тоос шороо, өлөн бохирдлыг нойтон салфеткаар арчиж авах юм. Мөн шигж орсон бохирдлыг тоос соруулагчаар соруулж болно. Тэжээмэл амьтны үс самнадаг, тусгай самаар үсийг сор болон чиглэлийн дагуу зөөлөн самнаарай. Хэрэв шубаныхаа өнгийг сэргээхийг хүсэж байвал, тал аяга алимны цуун дээр тал нимбэгний шүүсийг шахаж, үүнийгээ шүршдэг саванд хийгээд шүршээрэй! Ингэхдээ хэт норгож болохгүйг анхаараарай.

  2. Толбо арилгах

Ялангуяа цайвар өнгийн үслэг эдлэлд толбо тогтвол, үүнийг арилгахад төвөгтэй байдаг. Гэвч та энэ асуудлаа гэрийн нөхцөлд хялбархан шийдэх боломжтой.

Үүнд:

  • 1 цайны халбага давс болон 1/2 цайны халбага аммиак
  • 1 цайны халбага ус төрөгчийн хэт исэл
  • 1 цайны халбага амьтан угаах шампунь

Ингээд зааврын дагуу уусмалаа бэлтгэсний дараа, та толботой хэсгийг уусмал шингээсэн алчуураар хөнгөн дарж, арчина. Хэрэв дээрх уусмал үр дүнгээ өгөхгүй бол дараах уусмалыг зааврын дагуу хийгээд үзээрэй.

  • "Үнэгэн эдлэл" - 500 мл ус, 1 цайны халбага аммиак, 3 цайны халбага давс зэргийг хольж, толботой хэсгийг арчиж цэвэрлэнэ.
  • "Булган эдлэл" - 1 литр буцалсан ус, гахай эсвэл загасны тос 100 гр, 10 гр саван, 10-12 дусал аммиак зэргийг хольж мөн л толботой хэсгийг цэвэрлэнэ.
  • "Туулайн эдлэл" - Чийгтэй даавуунд бага зэрэг ус төрөгчийн хэт ислээс шингээж, асуудалтай хэсгийг арчина.

Харин тосноос үүдэлтэй толбыг арилгахдаа хүүхдийн нунтаг пудр, талкыг ашиглаарай. 

2 Нэхий

Нэхий хүрэм нь мөн л эдэлгээ удаантай бөгөөд төдий чинээгээр арчилгаа шаарддаг. Та горимийн дагуу зөв арчилж чадвал, эдэлгээнээс хамаарч 5-10 жил хүртэл өмсөх боломжтой. 

  1. Толбо арилгах

Хэрвээ таны нэхий хүрэм тоос болсон бол, тоос сорогчоор хөнгөн соруулаад авч болно. Харин шинэхэн толбоны тухайд хатсаных нь дараа хатуу сойз, эсвэл баллуураар баллуурдаарай. Мөн талхаар үрэх нь ч үр дүнтэй. Хэрэв толбо удаж дагтаршсан бол та ус төрөгчийн хэт исэл, эсвэл аммиакийг алчууранд шингээж, толботой хэсгийг арчих хэрэгтэй.

    2. Ерөнхий арчилгаа

Харин нэхий хүрмээ жигд арчиж өнгө оруулахыг хүсвэл, бага зэрэг аммиак шингээсэн порлоноор жигд хөнгөн арчих нь зүйтэй. Яаралтай нөхцөлд нойтон салфетка ашиглан тухайн хэсгийн бохирдлыг арилгах боломжтой.

Нэхий

3 Сөдөн болон сентфон куртка

Куртканы хувьд дээр дурдсан гадуур хүрмүүдийг бодоход эдэлгээний хувьд харьцангуй богино боловч, арчилгааны хувьд тун энгийн юм. Өөрөөр хэлбэл, хэрэв та куртка санаандгүй байдлаар толбо болговол, тухайн хэсгийг бодис ашиглан угаах боломжтой. Харин сөдөн куртканы хувьд гараар болон угаалгын машинаар угаахад доторх сөд нь нэг талдаа бөөгнөрөх зэрэг асуудлууд тулгарна. Иймд аль болох хуурай аргаар цэвэрлэх нь зүйтэй.

  1. Толбо арилгах

Хэрэв таны хүрэм бензин эсвэл ямар нэгэн тос болсон бол урьдаар тухайн хэсгийг хүүхдийн талк, эсвэл цардуулаар үрээрэй.

Харин төрөл бүрийн энгийн толбыг нимбэгний шүүсээр арчих нь үр дүн сайтай бөгөөд давхар хувцсанд шингэсэн таагүй үнэрийг ч мөн арилгадаг.

Хир, эсвэл дагтаршсан толбыг угаалгын нунтагаар цэвэрлэнэ. Ингэхдээ хэрэв куртка сентфон материалтай бол угаалгын бодистой усанд угаах, харин сөдөн материалтай бол тухайн хэсгийг угаалгын бодисонд дүрсэн алчуураар арчина.

Сөдөн болон сентфон куртка

     2. Угаах

Юун түрүүнд, та хувцасныхаа шошгон дээрх угаах аргыг судлах хэрэгтэй. Бага хэмжээний бохирдолтой үед та куртканы өнгөн хэсгийг хөөстэй алчуураар жигд арчиж болно. 

Хэрэв хувцас бохирдол ихтэй бол савантай усанд угаах, сөдөн куртка бол савантай усанд сойзоо дүрж, бохирдолтой хэсгийг үрж угаагаарай. Дараа нь чийгтэй цэвэрхэн алчуураар арчиж авахад хангалттай.

Хүрмээ угаалгын машинд угаах нөхцөлд: 

  • Усны температур 30 хэмээс ихгүй байх /гараар угаахад ч мөн хамаарна/
  • Хувцсаа угаахдаа 2-3 ширхэг теннисний бөмбөг хийх
  • Шингэн бодисоор угаах
  • Цэвэр усаар сайтар зайлах хэрэгтэй.

    3. Хатаах

Куртка угаасны дараа хатаахдаа, аль болох босоо байрлалд өлгүүрэнд өлгөх нь зүйтэй. Мөн цахилгаан болон товчийг тайлж, агаар салхи нэвтрэх бололцоог хангаж өгөөрэй.  

Гадуур хувцсыг угааж, цэвэрлэхээсээ өмнө та шошгон дээрх заавартай нь танилцсаны дараа хэрхэн цэвэрлэхээ шийдээрэй!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()