Хүүхдийн хүмүүжилд 2 нас хүртэлх үе хамгийн чухал нь байдаг гэнэ. Ялангуяа энэ үед эх хүний хүүхэдтэйгээ хэрхэн харьцаж байгаа нь хүүхдийн тархи, сэтгэхүй, цаашлаад ирээдүйд нь нөлөөлдөг. Харин 6 нас хүрэхэд хүүхдийн ирээдүйд ямар дүнтэй сурах, ямар ажил хийх гэх зэрэг бүх зүйлс нь аль хэдийн тодорхой болчихсон байдаг ажээ. Дундад зууны үед хүртэл сүмийн лам нар болон багш нар "Хүүхдээ 6 нас хүртэл нь над дээр байлга, тэгж чадвал ирээдүйд нь санаа зовох хэрэггүй" гэдэг байжээ. Түүнчлэн хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нь ээж, түүний дараа цэцэрлэгийн багш нь ордог гэнэ.
Насанд хүрсэн хүмүүсээс сэтгэл зүйчид "Бага байхад чинь эцэг, эх чинь чамайг том болоод хэн болно гэдэг байсан бэ" гэж асуухад багад нь хэлж байсан ихэнх зүйлс нь том болсных нь дараа бодит болсон байдаг гэнэ. Мөн бага насандаа хүүхэд эцэг эхийнхээ юуг хүснэ яг л түүнийг нь хүсэж, эцэг эхтэйгээ адилхан хүн болохыг хичээдэг гэнэ. Гэхдээ энэхүү сэтгэхүйн баригдмал байдал аажимдаа арилах боловч, маш удаан явцтай. Хэрвээ уг байдлаас гарч чадахгүй бол хүүхэд 6 нас хүртлээ эцэг эхээсээ юу сонссон, тэднээс юуг харсан яг л тийм хүн болж өсдөг байна. Бүр эцэг эхийн аль нэгнийх нь үхэл ч хүүхдийг энэ баригдмал хүсэл, зорилгоос нь салгахгүй, эсрэгээрээ хүүхэд жинхэнэ өөрийнхөө хүсэл бус эцэг, эхийнхээ хүслийг биелүүлэхээр улам хичээдэг ажээ.
Жишээлбэл "Би том болоод дуучин болно" гэж ярьдаг байсан хүүхдийн амьдралд, түүний бодол санааг өөрчлөх ямар нэгэн том үйл явдал болохгүй л бол тэр хүүхэд өсөж томроод дуучин л болдог гэнэ.
Дээрх баримтуудаас харахад хүүхдийн ирээдүйд түүний бага насандаа олж авах хүмүүжил, хандлага, сэтгэхгүй маш чухал нь тодорхой. Харамсалтай нь ихэнх эцэг эхчүүд хүүхдээ тун буруу аргаар хүмүүжүүлдэг. Тухайлбал, бага насны хүүхдэд маш олон "болохгүй"-г зааж, тэдний сэтгэхүйг хязгаарлаж байдаг гэнэ. Харин хийх гэж байгаа зүйлийг нь төдийлөн хорьдоггүй бол хүүхэд өөрөө шийдвэрээ гаргаж, түүнчлэн хэн болохоо өөрөө шийдэх чадвартай нэгэн болдог байна.
Ахин жишээ авъя, үзэсгэлэнтэй байна гэдэг мэдээж зөв төрхөөс шалтгаалдаг зүйл ч, үнэн хэрэгтээ эцэг эхийн суурь хүмүүжил, харилцаанаас шалтгаалдаг аж. Учир нь бага байхдаа үргэлж "өхөөрдөм, хөөрхөн инээдэг, гоё үстэй" гэх зэргээр магтуулж байсан хүүхдүүд өөрсдөдөө илүү итгэлтэй болж, улмаар бидний нэрлэдгээр "үзэсгэлэнтэй" нэгэн болдог байна. Иймд та хүүхдээ багад нь юу гэж дүгнэж, ямар байдлаар тэдэнтэй харьцана таны хүү, охин том болоод яг л тийм хүн болж хувирдаг байх нь ээ.
Та хүүхдээ ямар аргаар хүмүүжүүлдэг вэ?