Энэ өвлийг мартагдашгүй өнгөрүүлэхэд туслах 12 хобби

Зуны нарлаг өдрүүдэд бид аялалд гарч, төрөл бүрийн зүйлс хийн хөгжилддөг. Харин өвлийн улиралд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх зүйлс байхгүй тул гэртээ дулаахан суух нь хүн бүхэнд амар санагддаг. Тэгвэл бид та бүхэндээ өвлийн урт өдрүүдийг хөгжилтэй болоод үр дүнтэй өнгөрүүлэхэд туслах хоббинуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү мэдээлэл танд тун ч их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. 

Энэ өвлийг мартагдашгүй өнгөрүүлэхэд туслах 12 хобби

1 Цасаар баримал хийх

Өвөл бидэнд юу л байна, сэвсгэр цагаан цас байна. Тиймээс цасыг ашиглаж, төрөл бүрийн зүйлс хийж болно. Найзуудтайгаа цасаар байлдаж, төрөл бүрийн зүйлсийг барьж хөгжилдөөрэй. Хамтдаа өөрсдийн нөхөрлөлийн бэлэг тэмдэг болгож, цасан хүн, эсвэл амьтан зэргийг урлаж болох бөгөөд энэ нь гадаа дулаан ортол тус газраа байсаар л байна шүү дээ. 

Цасаар баримал хийх

2 Хоол хийх

Гэрээсээ гарахаас залхуу хүрч, даарахаас эмээж байгаа бол, гэртээ төрөл бүрийн хоол хийж, чадвараа ахиулж болно. Дэлгүүр орж өөрт хэрэгтэй хүнсний зүйлсээ цуглуулсны дараа цахим сүлжээнээс сонирхолтой хоолнуудын жорыг харж, төрөл бүрийн хоол хийгээрэй. Мэдээж энэ нь танд тун ч сонирхолтой байх төдийгүй гэр бүлийнхэнд тань таалагдана гэдэгт итгэлтэй байна. Тиймээс эргэлзэх зүйлгүй гэртээ байхаар шийдсэн бол төрөл бүрийн хоол, жигнэмэг зэргийг хийгээрэй. 

Амттай сайхан хоолоор гэр бүл, найз нөхөд болон ойр дотны хүмүүсээ дайлж, тэднээс "Гайхалтай" гэх үгийг сонсох эерэг мэдрэмж төрүүлэх болно.

Хоол хийх

3 Биеийн галбиртаа анхаарах

Бид дулааны улиралд нимгэн хувцаслаж, биеийн галбираа бусдад гайхуулдаг. Харин өвлийн сэрүүхэн өдрүүдэд энэ бүхэнд бэлдэж, биедээ анхаарах хэрэгтэй. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, зуны халуун өдрүүдэд биеэ бэлдэх нь хамгийн зөв болоод үр өгөөжтэй арга юм. Өвөл бид төдийлөн гэрээс гарч, найз нөхөдтэйгээ зугаалаад байдаггүй тул цаг зав их гарна. Харин үүнийг ашиглаж, гэртээ төрөл бүрийн дасгал хийгээрэй. Та заавал фитнест явж цаг зав болон мөнгөө үрэлгүйгээр, ердөө л гэртээ дэмий зурагт үзэж суухын оронд хэдхэн минутыг өөртөө зориулахад хангалттай юм.

  • Ингэхдээ эхлээд төлөвлөгөө гаргаж, ямар дасгалыг хэр удаан хийхээ төлөвлө.
  • Долоо хоногт 3 удаа 30 минут кардио дасгал, долоо хоногт 3 удаа 30 минут сунгалтын дасгал хийх хэрэгтэй. 

Биеийн галбиртаа анхаарах

4 Шинэ зүйлс сурч мэдэх

Өвлийн улирал бол аливааг сурч мэдэн, өөрийн чадвараа дээшлүүлэхэд хамгийн тохиромжтой цаг юм. Тиймээс гэрийнхээ ойролцоо байрлах сургалтын төвүүдэд хамрагдаж, ууланд авиралт, туялзуур сэлмээр хичээллэх гэхчлэн сонирхолтой зүйлсийг сураарай. 

Мөн цанын баазад очин, цана, снөубоардаар гулгаж сурахад илүүдэхгүй. Энэ нь танд эрч хүчийг бэлэглэхийн зэрэгцээ урт өвлийг хөгжилтэй болоод үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах болно. 

Шинэ зүйлс сурч мэдэх

5 Төрөл бүрийн зүйлсийг ашиглаж, бэлэг бэлдэх

Өвлийн улиралд шинэ жил, валентин, цагаан сар гээд л олон баяр тохиодог. Харин эдгээр баяруудад зориулан та өөрийн гараар төрөл бүрийн бэлэг бэлтгэх боломжтой. Ингэхдээ мөнгө бага шаардагдах зүйлсийг ашиглаарай. Интернэтээр дүүрэн шинэ санаа байгаа тул тэндээс өөрт тохирохыг сонгож, чөлөө заваараа төрөл бүрийн хэрэгтэй зүйлсийг урлаж болно. Хэрэв та хэрэггүй болсон цаасан хайрцгаар юу хийж болох тухай мэдээллийг сонирхож байвал ЭНД дараарай. Харин өрөөсөн оймсыг ашиглах гайхалтай санаануудыг ЭНД дарж, гоёмсог лаа хийж, бусдад бэлэглэхийг хүсвэл ЭНД дарж унших боломжтой. 

Төрөл бүрийн зүйлсийг ашиглаж, бэлэг бэлдэх

6 Ногоо тарьж ургуулах

Дэлхий даяараа эко хүнсийг шүтэх болсон өнөө үед өөрсдөө эрүүл хүнсийг тариалах цаг манай улсад ч гэсэн давлагаалж, эрчимтэй хөгжиж байна. Боломж алга гээд гараа хумхиад суулгүй харин боломжийг харж, суралцах хэрэгтэй. Нарны энерги, ус, сайн хөрстэй байхад гал зуухны өрөөндөө ургуулж болох жижиг ногоо тарих боломжтой. Харин та өвлийн улиралд гэртээ зүгээр суулгүй хүнсний ногоо тариалж, өдөр тутамдаа хэрэглээрэй. 

  • Базилик

Базиликийн ишийг аваад нарны тусгал сайтай газар шилтэй усанд хийгээд тавиарай. 5 см хэртэй урттай болоод үндэслэнгүүт нь шороотой саванд хийж ургуулна. Гал тогоондоо базилик ургуулдаг болно гэдэг дахиж хоол амтлагч авах хэрэггүй боллоо л гэсэн үг.

  • Ногоон сонгино

Ногоон сонгино бол хамгийн амархан дахин ургадаг ногоонуудын нэг. Хуруу хэртэй урттай ногоон сонгины толгойг устай шилэнд хийгээд ургуулаарай. 

  • Сармис

Сармисыг хумснаас нь эхэлж ургуулж болно. Жаахан устай шилэн саванд л сармисны хумсаа хийхэд сармисны иш улам урт ургах болно. Мөн хөрсөнд суулгаснаар шинэхэн сармисыг хоолондоо байнга хийж болно гэсэн үг.

  • Өргөст хэмх, улаан лооль

Өргөст хэмх, улаан лоолийг шилэн цонхтой дулаахан тагтанд ургуулахад хамгийн тохиромжтой. Нэг бутнаас 7 хүртэл кг ургац авдаг, ус дулаан илүү шаарддаг тул энэ ургамлыг тагтан дээр тариалахад хамгийн тохиромжтой. 

Ногоо тарьж ургуулах

7 Зураг зурах

Зураг зурах хоббитой, авьяастай хүмүүс үүнээсээ асар их кайф, аз жаргалыг мэдэрдэг байна. Тэд өөрсдийн гэх тусдаа ертөнцтэй бөгөөд зөвхөн түүндээ амьдарч, түүгээрээ амьсгалдаг. Зураг зурах дуртай залуус хэдэн цаг өнгөрснийг ч үл анзааран бүтээлээ дуусгах гэж хичээдэг төдийгүй тэдний амьдралд сексээс илүү, урлаг чухал байр суурь эзэлдэг аж. Танд зураг зурах авьяас байхгүй байлаа ч, цаас харандаа нийлүүлж, өөрт харагдсан хамгийн эхний зүйлийнхээ дүрсийг буулгаад үзээрэй. Цаашлаад чадвараа дээшлүүлэх боломжтой бөгөөд амжилтанд хүрэхэд 1 хувь нь авьяас, 99 хувийн хичээл зүтгэл шаарддаг гэдгийг санаж, үргэлжлүүлэн зураад байгаарай. 

Зураг зурах

8 Ууланд авирах

Зөвхөн урин дулаан цагт ууланд авирч, агаар амьсгална гэдэг утгагүй хэрэг. Та өвөл ч мөн ууланд гарч, хотын утаанаас бага ч атугай холдож, байгалийн үзэсгэлэнг бишрээрэй. Энэ нь таны эрүүл мэндэд тустай төдийгүй цагийг зугаатай өнгөрүүлэх нэгээхэн гайхалтай арга юм. Ингэхдээ хамгийн гол нь аюулгүй байдлаа маш сайн хангах хэрэгтэйг анхаараарай. Цас их орсон үед зам халтиргаатай болох тул унаж, бэртэх аюултай. 

Ууланд авирах

9 Музей үзэх

Та хамгийн сүүлд хэзээ музей үзсэн бэ? Аливааг мэдэх, гайхалтай түүх сонсох, мэдлэгтэй хөрөнгө оруулах нь үргэлж сонирхолтой байдаг. Харин та өвлийн улиралд дулаан хөнжлөө нөмрөн, гэртээ хийх зүйлээ олж ядан хэвтэхийн оронд гадагш гарч, музей үзэж, түүхийн мэдлэгээ зузаатгахын зэрэгцээ олон зүйлсийг ойлгох болно. Та заавал мөнгө үрэхгүйгээр, маш олон музейг сонирхох боломжтой.  

Музей үзэх

10 Ном унших

"Ном бол ертөнцийг харах толь юм" гэж агуу үг байдагчлан, ном уншсанаар үгийн баялаг сайжрахаас гадна мэдлэгийн хүрээ тэлэгдэж, бусадтай зөв зохистой, маш цэгцтэй ярихад хүргэдэг ач тустай юм. 

Мөн хэт их стресстэй нийгмээс ангижрах, тархиа амраах хамгийн зөв алхмуудын нэг нь ном унших билээ. Шинэ шинэ ертөнц, үзэл бодолтой тулгарч, мэдлэг арвин болохоос гадна өмнө нь бодож ч үзээгүй зүйлсийн тухай өөрийн эрхгүй нухацтай бодож эхэлнэ. Та 100 ном унш, тэр цагт таны үг яг л ус мэт урсдаг болно. Тиймээс өвлийн жихүүн өдрүүдэд гэрээсээ гарахыг хүсэхгүй бол, дулаахан гэртээ сууж, ном уншаарай.

Ном унших

11 Зураг авах

Цас хаялах байгалийн үзэгдэл дэндүү үзэсгэлэнтэй болоод сэтгэл хөдөлгөм. Харин үүнийг гэрэл зургийн хальснаа буулгах нь цагийг зөв зохистой болоод үр бүтээлтэй өнгөрүүлэх нэгээхэн арга юм. Танд мэргэжлийн камер байхгүй бол ухаалаг утсаа ч ашиглаж болно. Сүүлийн үеийн гар утаснуудын камер мэргэжлийн камераас ялгагдах зүйлгүй болсон тул, ердөө л бага зэрэг мэдрэмжтэй байхад та гайхалтай зургийг дарж чадна. Иймд цасанд хучигдсан хотыг алмайран харж суухын оронд зургийг нь авч болно шүү дээ.

Зураг авах

12 Сайн дурын ажил хийх

Бусдад туслахаас илүү сайхан зүйл гэж байхгүй шүү дээ. Та зохион байгуулалттай сайн дурын ажилд оролцохоос гадна өөрийнхөө хүслээр хэн нэгэнд хоол, хувцас өгч, настай хүмүүст туслах зэрэг буяны үйл хийж болох юм. Энэ нь танд гайхалтай мэдрэмжийг төрүүлж, урам зориг өгнө гээч... Бусдын чин сэтгэлээсээ хэлж байгаа "баярлалаа" гэх үг дэндүү дулаахан болоод дотно санагддаг. Та өвлийн улиралд юу хийхээ төдийлөн сайн мэдэхгүй байгаа бол эргэлзэх зүйлгүй сайн дурын ажил хийж, хэдэн хүнийг ч боловч өвлийг даарч зүдрэлгүй давахад нь туслаарай.  

Сайн дурын ажил хийх

Та өөрийнхөө хийх дуртай хоббигоосоо хуваалцаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()