1
Хоорондын зохилдолгоо
Минималист чиг хандлагын амьдралыг сүүлийн үеийн залуус амьдралдаа нэвтрүүлж, хэрэгжүүлээд эхэлжээ. Энэ нь ч тэдний амьдралд нөлөөлж зөвхөн хэрэгтэй, цөөн зүйлсээ, эвтэйхэн байрлуулж, тухтай бөгөөд цэгцтэй заслаар гэрээ тохижуулж байна. Тиймээс хоорондоо өнгөний уусаллтай, хэлбэрийн хувьд зөөлөн холболттой тавилгыг сонгож гэрээ чимээрэй.
2
Өнгөний зохилдолгоо
Өрөөний дотоод заслыг энгийн байлгахыг хүсвэл дээд тал нь 5 өнгийг хооронд ашигладаг. Харин илүү цулгуй, чимээгүй мэдрэмжийг төрүүлэхийн тулд 3 өнгөөр дагнан тохижуулдаг. Таны зочны өрөө хэт замбараагүй, дүүрэн харагдаж байгаа нь зохилдолгоогүй, хэт олон өнгөнөөс болсон байх магадлалтай тул тавилгаа анх худалдан авахдаа эдгээрийг тооцоолох хэрэгтэй.
Хурц өнгө нь хүний сэтгэлд нөлөөлж, баяр хөөр, аз жаргалыг мэдрүүлж чаддаг. Тиймээс эдгээр өнгийг ресторан болон тоглоомын газрууд, шөнийн клубууд ашигладаг.
3
Нэг өнгийн хана
2000 оны эхээр өнгийн ханийн цаасаар гэрээ тохижуулах дотоод засал голлож байсан бол энэ жил энгийн, нэгэн жигд, завсрын өнгийг хүмүүс илүүд үзэж байна. Учир нь ийм өнгийн хананы урд байгаа тавилга илүү тодорч, сайхан харагддаг ажээ.
4
Өрөөнийхөө зайг зөв тооцоолоорой
Хувийн томоохон орон сууцанд хэт минималист загвар тийм ч тохиромжтой биш. Учир нь жижиг орон зайд цонхны ойролцоо ямар нэг тавилга байрлуулаагүй үед өрөө илүү цэлгэр харагддаг. Харин том өрөөнд ийм дотоод заслыг ашиглабал хүйтэн, хоосон мэдрэмжийг төрүүлдэг.
Тиймээс илүү тухтай орчныг бүрдүүлэхийн тулд намхавтар буйдан эсвэл түшлэгтэй сандал сонгож зузаан үслэг эдлэлээр хучиж болно.
5
Тусгаарлалт хийх
Тусгаарлалт нь амьдрах орчныг илүү тухтай болгож, дотор зайг уужим харагдуулдаг. Ингэхдээ хатуу, хүнд материалтай зүйлсийг бус даавуу, торон хөшиг зэргийг өрөөний өнгөтэй зохицуулан ашиглаарай.
6
Цөөхөн бас хэрэгтэйг
Хэт олон зүйл нэг дор, ил байх нь замбараагүй байдлыг үүсгэдэг. Бүх сувинер, цэцэг, жаазтай зургуудаа ил байрлуулах биш, харин чанартай 1-2 зүйл байрлуулах нь зүйтэй юм.
7
Жижиг зүйлс ч бас чухал
Хивс, буйдангын дэр, үслэг бүтээлэг зэрэг нь дотоод заслыг тухгүй, давчуу харагдуулна гэж бодон олон хүмүүс татгалздаг. Гэвч үнэндээ эдгээрийн хоорондын зохицол, өнгө, материалыг зөв сонгож чадвал, тухайн өрөөг дулаан, тухтай харагдуулдаг. Төгс дотоод заслын хамгийн чухал зүйлсд хивс, хөшиг, буйдангын дэр зэрэг жижиг зүйлс томоохон нөлөөтэй.
8
Гэрэлтүүлэг маш чухал
Худалдааны төвд үзсэн хувцас гэртээ ирээд өмсөхөд өнгө нь арай өөр харагдах эсвэл тавила тань илүү бараан өнгөтэй харагдаж байна уу. Тэгвэл та гэрийнхээ гэрэлтүүлгийг өөрчлөх цаг нь болжээ. Учир нь гэрэлтүүлэг ихтэй орчинд тавилгын өнгө, материал илүү тод, өнгөлөг харагддаг.
Гэрэлтүүлэг сайтай орчин нь тавилгаа солиогүй байсан ч илүү зайтай мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс дараагийн удаа дэлгүүр хэсэхдээ ширээний гэрэл худалдаж авахыг зөвлөе.
9
Үзэгдэх орчинд зургаа байрлуул
Унтлагын өрөөндөө зураг, постер наахыг хүсвэл харааны түвшинд байрлуулаарай. Харааны түвшин гэдэг нь шал, тааз хоёрын хооронд таны нүдэнд төвөггүй харагдаж буй хэсгийг хэлэх юм. Ингэвэл өрөө тэнцвэртэй, цэгцтэй харагдана.
10
Жижиг зүйлсээ хайрцганд хадгал
Монголчуудын дотоод засалдаа хамгийн түгээмэл гаргадаг алдаа бол жижиг зүйлсээ ил байлгах юм. Үүний оронд жижиг саванд хийж цэгцтэй байрлуулаарай.