1
Түүнээс хэзээ хиймээр байгааг нь асуу
Хэрэв хүүхдийг заавал яг одоо хий гэж хүчилбэл, хичээлээ үүрэг даалгавар, хэцүү зүйл мэт хүлээн авч, хийх дур сонирхол нь буурдаг аж. Тиймээс та хүүхдэдээ тоглох, хооллох, амрах цагийг нь зөв хуваарилж өдрийн аль цагт гэрийн даалгавраа хиймээр байгаа тухай нь ярилцаж асуух хэрэгтэй. Түүнээс асуусныхаа дараа өөрийнх нь хэлсэн цагт хамтдаа сууж хичээллэвэл хүүхэд илүү дуртай хүлээж авах болно.
2
Өдөр тутамд нь хэвшил болго
Та хүүхэдтэйгээ хамт хичээллэх завгүй, түүнд даалгавраа хийхийг сануулахаа мартсан байлаа ч, тэр өөрөө хичээлээ хийх ухамсартай байх хэрэгтэй. Тийм учраас хүүхдээ анх сургуульд орсон цагаас нь эхлээд гэрийн даалгавар хийх, бие дааж суралцах бол маш чухал гэдгийг ойлгуулаарай. Мөн түүнийг хичээл хийж байхад нь цаг ямагт оролцож, хэтэрхий их шахалт үзүүлж болохгүй. Ингэснээр таны хүүхэд аав ээжээсээ хэт хамааралтай, ганцаараа аливааг хийж чадахгүй сул дорой нэгэн болж мэднэ.
3
Дүрэм тогтоож, үүнийгээ баримтал
Хүүхдийг хичээл хийх үед анхаарлыг нь сатааруулах зурагт, дуу чимээ зэргээ багасгаж, зөвхөн хичээлдээ төвлөрөхөд нь туслах хэрэгтэй. Бүхнийг шинээр суралцаж байгаа хүүхдэдээ анхнаас нь анхаарлаа төвлөрүүлэх боломж олговол, тэд цаашдаа сурлагын амжилт гаргах магадлал нь илүү өндөр байдаг.
4
Түүнтэй хамт байж, тусла
Хичээл дээрээ таны хүүхэд өөр зүйлд анхаарал нь сарнисан эсвэл үзэг нь гарахгүй байсан гээд ямар ч шалтгаанаар хичээлээ ойлголгүй гэртээ харьсан байж болно. Тиймээс та хэчнээн завгүй байсан ч хүүхдийнхээ хичээлд туслах хэрэгтэй. Учир нь хүүхэд нэг зүйл ойлголгүй үлдсэн бол хичээлээсээ хоцорч, цаашлаад дургүй болох аюултай юм.
5
Түүнийг урамшуул
Та хүүхдээ хичээлээ амжилттай хийж дууссаны дараа дуртай зүйлээ хийх боломжийг нь олгох хэрэгтэй. Үзэх дуртай хүүхэлдэйн киног нь үзүүлж, нэг ширхэг чихэр ч болов өгч урамшуулж байгаарай. Мөн үүнийхээ зэрэгцээ түүнийг магтаж байвал, хүүхдийн хичээл хийх дур сонирхол нэмэгддэг байна.