2002 онд хийгдсэн судалгаанаас үзэхэд нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 61 хувийнх нь хоол идэх хүсэл нэмэгддэг бол, 54 хувь нь хоолонд дургүй болдог байна.
Жирэмсний үед хоолонд дургүй болох
Жирэмсний үед дааврын өөрчлөлтөөс болж, эхчүүд хоолонд дургүй болж, дотор нь муухайрдаг. Хүний "гонадотропин" даавар ихэссэнээс болж, хоолны дуршил буурч, хоолонд дургүй болдог төдийгүй жирэмсний үед эмэгтэй хүний үнэрлэх, амтлах мэдрэмж ихэсдэг тул хордлогод орох нь ихэсдэг. Одоо хамтдаа жирэмсний үеийн хордлогыг даван гарах аргуудтай танилцъя.
Хордлого өгөх магадлал өндөр хоол хүнс
Эдгээр хоол хүнс нь хурц үнэртэй тул, жирэмсний үеийн хордлогыг өдөөж, улам бүр нэмэгдүүлдэг.
- Тахиа болон үхрийн мах
- Өндөг
- Далайн хоол
- Сүү
- Шарсан хоол
- Сонгино
- Сармис
- Цай болон кофе
- Халуун ногоотой хоол
1
Олон төрлийн хоол идэж үзэх
Та хөргөгчдөө биед тустай, витамин, амин дэмээр баялаг олон төрлийн хоол хүнсийг авч дүүргээрэй. Ингэснээр та хүссэн үедээ идмээр санагдсан зүйлээ идэж, хордлогоос ангид байж чадах болно. Мөн тогтмол иддэг нэг төрлийн хоолноос татгалзаж, төрөл бүрийн хоол идэх хэрэгтэй. Энэ нь таны хоолны дуршлыг нэмэгдүүлж, хордлогыг бууруулна.
2
Хоолоо зөв тохируулж идэх
Хоолоо зөв тохируулж идэх нь хамгийн чухал юм. Хордлоготой байгаа гээд юу ч идэхгүй байх нь эх болон урагт сөрөг нөлөөтэй гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Магадгүй та өглөө өндөг идэхээс дургүй хүрч байсан ч, өдөр гэнэт идмээр санагдаж болно. Тиймээс ямагт хоолоо зохицуулж, өөрөөсөө асууж, аль болох юм идэхийг хичээх хэрэгтэй.
3
Юу идмээр байгаагаа эцсийн мөчид шийдэх
Юу идэх вэ? гэж удаан бодож, толгойгоо гашилгах шаардлагагүй. Ямар хоол идэхээ хэт удаан бодох нь хоолны дуршлыг бууруулж, дотор муухайрахад ч хүргэж болно гэдгийг бүү мартаарай. Тиймээс идэх хоолоо аль болох хурдан сонгож, эсвэл бусдаас тусламж хүсэж болох юм. Мөн хоол идэх хүсэл төрөхгүй бол бага ч атугай хоол амсаж, стресс бухимдлаа дарах хэрэгтэй. Ингэснээр жирэмсний үеийн хордлого ч мөн багасч, ядрахаас сэргийлэх болно.
4
Хоолны сонголтоо өөрчлөх
Хэрэв та жирэмсний эхэн үед уураг, шим тэжээл ихтэй хүнс болох мах, өндөг, загас зэргийг идэж чадахгүй болж, хордлого өгч байвал, уургаар баялаг шар буурцаг, самар, шош, бүхэл үр зэргийг хоол хүнсэндээ хэрэглэж, шаардлагатай уургаа нөхөж болно.
Харин сүү ууж чадахгүй, дотор тань эвгүйрхээд байвал, биед хэрэгцээтэй кальциа нөхөхийн тулд бяслаг, тараг зэргийг идээрэй. Мөн кальциар баялаг гүнжидийн үр, брокколи, хатаасан шошийг хэрэглэхийг зөвлөе.
5
Дургүй хүнсээ өөр хүнстэй хольж хэрэглэх
Та тухайн хүнсийг идэж, шим тэжээлийг нь авч ургийн өсөлт хөгжлийг дэмжих хэрэгтэй байлаа ч, идэж чадахгүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Бүсгүй та ердөө л тухайн хүнсээ өөр нэг хүнстэй хольж хэрэглэж болох юм. Жишээлбэл өндөг идэж чадахгүй байгаа бол, үүнийгээ сүүтэй хольж, амттай бялуу, жигнэмэг зэргийг хийн идэж болно.
6
Илүү их жимс идэх
Хэрвээ та хүнсний ногоо идэж чадахгүй, хордлого өгөөд байвал, төрөл бүрийн жимс идээд үзээрэй. Гүзээлзгэнэ, тарвас, бэрсүүт жүрж, жүрж зэрэг жимс нь жирэмсэн эмэгтэйчүүдэд эерэг, сайн нөлөөг үзүүлдэг аж.
7
Ургамал, ногоог түлхүү хэрэглэх
Хоолоо амтлах зорилгоор сонгино, сармис хэрэглэхийн оронд төрөл бүрийн ногоо, ургамлыг сонгон хэрэглээрэй. Та базилик, рөүзмарин, шарилж, гоньд зэрэг ургамлаас сонгож, хоолондоо амт оруулж болох юм.
8
Нимбэгний шүүс уух
Хэрэв та цай, кофе ууж чадахгүй болж, хордлого өгөөд байгаа бол санаа зовох зүйлгүй юм. Та цай, кофены оронд нимбэгний шүүс ууж болно.
Бүсгүй танд амжилт хүсье!