Стресс гэж юу вэ?
Стресс гэдэг бол хүнд гаднаас үйлчилж буй эерэг, сөрөг хүчин зүйлийг хүлээн авах, түүнд бие организмаас хариу үзүүлэх, түүнтэй дасан зохицох үйл явц юм. Стрессийн хариу үйлдэл гэдэг нь гадны сөрөг мэдээллийг хүлээн авсны дараа мэдрэлийн системийн стрессийн гормон - кортизол, адреналин ялгарч бие махбодод сөргөөр нөлөөлж эхлэхийг хэлнэ. Стресс үүсэх үндсэн шалтгаан буюу мөнөөх гадны сөрөг үйлчлэл нь сэтгэлийн дарамт, шахалт, санаа зовох мэдрэмж юм. Хамгийн гол нь энэхүү сөрөг мэдрэмжийг хүн гадаад орчноосоо хүлээн авахаасаа гадна өөрийн сэтгэл дотроо бий болгож байдаг. Өөрөө өөрийгөө стресстүүлж эхэлснээр л хүнд элдэв өвчин, сөрөг шинж тэмдгүүд илэрдэг юм.
Өөртөө өвчин дуудах нь:
Хүний адгууснаас ялгагагдах гол шинж нь дээр дурдсанчлан сэтгэл зүрх буюу оюун ухааны хүч чадал юм. Хүнээс өөр ямар ч амьд биетэд дотоод сэтгэлийн хүч гэдэг ойлголт байдаггүй аж. Энэхүү хүчниы ачаар хүний оюун ухаан эрүүл саруул байж, бие махбод, амьдралаа удирдан авч явдаг. Харин оюун ухааныхаа хүчийг эерэг бус сөрөг зүйлд ашиглаж эхэлсэн цагаас хүн өөрийгөө дотроосоо хөнөөж эхэлдэг байна. Оюун ухааныхаа хүчийг сөрөг зүйлд ашигладаг жишээ бол, өөрийнхөө тусаагүй элдэв өвчний тухай, тэр өвчнийг тусвал өөрт нь юу тохиолдох тухай, “эргэн тойрны хүмүүс намайг юу гэж хэлж байгаа бол, тэд намайг ингэж муугаар хэлж байгаа байх даа” зэрэг бодлууд юм.
Үүнээс хэрхэн ангижрах вэ?
Сөрөг бодлуудын үр дүнд хүн өөртөө муу муухай зүйл, өвчин зовлон дуудаж байдаг гэдгийг ойлгосон бол одоо хэрхэн оюун санааныхаа хүчийг зөв зүйлд ашиглах зөвлөгөөг хүргье. Оюун санаагаа эерэг зүйлд чиглүүлэх цорын ганц арга зам бол эерэг бодол юм. Өөрөөр хэлбэл байнга эерэг зүйлсийг бодож чадах юм бол таны оюун санааны хүч зөв зүйлд зарцуулагдаж байна аа гэсэн үг юм. Харин хэрхэн, байнга эерэг зүйлсийн талаар бодох вэ? Бодлоо байнга хянаж, цагдана гэдэг үнэхээр хэцүү, бүр боломжгүй зүйл. Учир нь хүний толгойд өдөрт хэдэн мянган бодол эргэлдэж байдаг.
Харин “зөв хандлагыг” бий болгосноор эерэг бодлыг бүтээж чадах юм. Зөв хандлага бол эргэн тойрондоо тохиолдож буй бүх зүйлсийн эерэг талыг харах, харилцаж буй хүмүүстээ үргэлж эерэг зүйлсийг хэлж ярих, өөрийгөө аз жаргалтай болгох зүйлсийг байнга хийх зэрэг юм. Ийм хандлагыг бий болгосноор танд ч мөн гаднаас байнга эерэг харилцан үйлчлэл ирэх болно. Зөв хандлагыг бий болгож, эерэг сэтгэлгээг өөрт суулгаж, аз жаргалтай эерэг бодлуудыг бүтээснээр та оюун ухааны хүчээ маш зөв зүйлд зарцуулж эхлэх төдийгүй сртесс, айдсаас үүдэлтэй өвчин зовлонгоос бүр мөсөн ангижирна.
Сэтгэл гутралын үед биед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
1
Огцом таргалж, эсвэл турна:
Сэтгэл гутрал нь хоолны дуршилтай хамааралтай дааврын үйл ажиллагаанд нөлөөлдөг тул энэ үед хүн нэг бол маш их идэж, эсвэл бүр юу ч идэж чадахаа больдог аж. Түүнчлэн стрессээс үүдэлтэй нойргүйдэл нь хоол идэх дуршлыг бууруулдаг байна. Судлаачдын үзсэнээр, илүүдэл жинтэй хүмүүсийн ихэнх хувь нь маш их сэтгэлийн дарамттай, эсвэл сөрөг бодолтой хүмүүс байдаг ажээ.
2
Өвдөлт мэдрэгдэх:
Заримдаа сэтгэл гутралаас үүдэж булчин, үе мөч өвддөг байна. Учир нь сэтгэл гутралд автсан хүн мэдрэмжээ байнга дотроо хадгалж, гадагш гаргаж чадахаа больсноор, мэдрэлийн тогтолцоогоо гэмтээж, энэ нь биеийн бусад хэсгүүд өвдөхөд хүргэдэг ажээ. Түүнчлэн хүнд өвчин туссан хүмүүсийн ихэнх нь байнгын сэтгэл гутралтай, мэдрэмжээ ил гаргадаггүй, хаагдмал хүмүүс байдгийг судлаачид олж тогтоожээ.
3
Гэдэс өвдөх:
Хүний ходоод сэтгэл хөдлөлөөс ихээхэн хамааралтай байдаг аж. Учир нь хоол боловсруулах замд байдаг мэдрэлийн эсүүд нь биеийн "сератонин" буюу сэтгэл хөдлөлийн мэдрэлийг дамжуулагчийн 80-90%-ийг бий болгодог байна. Түүнчлэн сэтгэл гутралын үед хүний чихэрлэг зүйл идэх дур хүсэл илүү их болдог. Энэ нь мөн л ходоод, гэдэс хямрах шалтгаан болох юм.
4
Нойр хулжих:
Стресс нь нойргүйдэх өвчний шинж тэмдгүүд буюу шөнө нойр хүрэхгүй байх, өдрийн цагаар нойр ихээр хүрэх шалтгааныг бий болгодог. Хэдий ядарсан ч гэсэн орондоо орсныхоо дараа нойр чинь хүрэхгүй байвал та сэтгэл гутралд автсан байна гэсэн үг юм. Судалгаанаас үзвэл сэтгэл гутралд автсан хүмүүсийн 97% нь нойргүйдэлтэй байдаг.
5
Толгой өвдөх:
Стрессийн үед илрэх түгээмэл шинж тэмдгүүдийн нэг бол толгой өвдөх юм. Тухайлбал, стрессийн үед толгойн орой хэсэгт дарж өвдөх, духны хэсгээр хатгуулж, эсвэл лугшиж өвдөх бөгөөд оройн цагаар өвчин илүү их мэдрэгддэг байна.
6
Арьсны асуудал:
Стрессийн гормон арьсанд ч бас нөлөө үзүүлдэг байна. Зарим хүмүүсийн хувьд стрессдсэн үед арьс хуурайших, тууралт, батга гарах зэрэг шинж илэрдэг аж. Түүнчлэн арьсны ямар нэгэн асуудалтай хүмүүсийн 30% нь стресс ихтэй байдаг гэнэ. Түүнчлэн арьсны асуудал нь нүүрэн дээр төдийгүй гар, хөл зэрэг биеийн бусад хэсэгт ч түгээмэл тохиолддог байна.
7
Чээж өвдөх:
Стресс нь зүрхний хэмнэлд нөлөөлж, цусны даралтыг нэмэгдүүлэн, инсулины ялгаралтыг ихэсгэснээр цээж өвдөх шинж илэрдэг байна. Түүнчлэн удаан хугацаагаар стресст автах нь зүрх, судасны өвчин үүсгэх гол шалтгаан болдог.
8
Амны хөндий:
Амны хөндийн, тэр дундаа шүдний өвчнийг үүсгэх шалтгаануудын нэг нь стресс юм. Энэ нь сэтгэл санаа нь хямарсан үед хүн өөрийгөө анхаарч, арчлахаа больдогтой холбоотой. Өөрөөр хэлбэл, хүн сэтгэл санаа тавгүй байгаа үедээ чихэрлэг зүйл их идэж, буруу хооллож, шүдээ угаах нь цөөрдөг байна. Түүнчлэн ахимаг насны хүмүүсийн шүд унах явцыг стресс илүү түргэсгэдэг гэдгийг судлаачид тогтоосон байна.