Орон орны хүмүүс гэрээ хэрхэн тохижуулдаг вэ?

Дэлхийн улс бүр өөрийн гэсэн соёл, амьдралын хэв маягтай байдаг. Эдгээр нь гэрийн дотоод засалд нь тодорхой хэмжээгээр шингэдэг билээ. Гэвч өнөөгийн нийгэмд орон орны иргэд, гэрийнхээ дотоод заслыг бусад өндөр хөгжилтэй орнуудаас санаа авч, янз бүрээр тохижуулах болсон. Иймд бид таньд санаа авч болохуйц, улс орнуудын хамгийн шилдэг интерьер дизайнуудыг тайлбарлан хүргэе. 

Орон орны хүмүүс гэрээ хэрхэн тохижуулдаг вэ?

1 Скандинав хэв маягийн дотоод засал

Энгийн, даруухан, зохион байгуулалттай гэсэн 3 үгээр тодорхойлж болно. 

  1. ​Гэгээлэг зөөлөн өнгө: Скандинавын хүйтэн цаг агаараас шалтгаалан шал, хана, тааз зэрэг нь цагаан болон цайвар өнгүүдээр гэгээлэг хэв шинжийг агуулдаг.
  2. Байгалийн материал: Ихэвчлэн цагаан өнгийн модон тавилгууд болон модон шал зонхилдог.
  3. Өрөөний зохион байгуулалт:  Энгийн бөгөөд цэлгэр байхаар хийгддэг. Ийм орчин нь танд тав тухтай мэдрэмжийг дээд зэргээр төрүүлэх болно. 
  4. Сул зай ихтэй: Скандинавын уламжлалт байшингууд зай багатай жижиг байсан учир их тавилга, хэрэгцээгүй зүйлсээс аль болохоор зайлсхийн чөлөөт зай гаргадаг байсан. Сүүлийн үеийн байшингууд зайны хувьд том, цэлгэр уужуу болсон ч, элдэв хэрэггүй зүйлс байлгах хэрэггүй.
  5. Тав тухтай орчин: Цаг агаараасаа шалтгаалаад илүү дулаан байх үүднээс өдөн дэр, зөөлөн бүтээлэг, хивс, хивсэнцэрүүд байрлуулдаг. 
  6. Гэрэлтүүлэг: Гэрлийг байрлуулж, илүү цэлгэр цэвэрхэн орчин бүрдүүлдэг. 
  7. Ийм төрлийн загвараар минималист болон амьтан, байгальд хайртай хүмүүс ихэвчлэн гэрээ тохижуулдаг. 

Скандинав хэв маягийн дотоод засал

2 Морокко хэв маягийн дотоод засал

Чинээлэг, халуун орны, тансаг гэсэн 3 үгээр энэ дотоод заслыг илэрхийлдэг. 

  1. Гэгээлэг өнгө зонхилдог: Элсний цагаан шаргал болон далайн цэнхэр өнгийг хослуулсан өнгөлөг хэв маягтай.
  2. Хаалганууд: Цагираг болон нумарсан хэсгээрээ дорнын уур амьсгал оруулж, бусад дотоод заслаас ялгардаг. 
  3. Гэрлийн бүрхүүл: Таазнаас доош унжсан гэрлийн бүрхүүлтэй.
  4. Тансаг хивснүүд: Морокко улс хивсээрээ дэлхийд танигдсан. Хамгийн тансаг гар хийцийн, ховор хивсүүдийг энэ улсаас олж болдог. Тиймээс ч дотоод засалд нь заавал тансаг хивс багтдаг байна. 
  5. Тод хээ угалз: Чамин тод хээтэй тавилга, хивс, буйдангийн дэр нь Морокко хэв маягыг төгс илтгэдэг.
  6. Намхан буйдан болон хөвсгөр дэрнүүд: Ийм буйдангууд нь ямар ч өнгө, загвартай байж болно. Ийм буйдангуудыг амралтын газрууд ихэвлэн хэрэглэдэг. 
  7. Урт том хөшигнүүд: Хаалганы оронд ихэвчлэн том, намирсан цайвар өнгийн хөшигнүүдээр чимдэг. 

Халуун орны тансаг уур амьсгалд дуртай хүмүүст хамгийн сайхан зохицох дотоод засал юм. 

Морокко хэв маягийн дотоод засал

3 Япон хэв маягийн дотоод засал

Зохицолдолгоо, уламжлал, уян хатан байдал гэсэн 3 үгээр илэрхийлж болдог. 

  1. Дотоод зохион байгуулалт: Япон хэв маягийн байрнуудын тавилга амархан хөдөлгөж болох хөнгөн тавилгуудаас бүрддэг. Тиймээс ихэвчлэн дугуйтай буйдан, шкаф зэргүүд элбэг тохиолддог. 
  2. Намхан, олон тавилга: Япончуудын ихэнх байр зай багатай байдаг учир намхан хөлтэй, газартай наалдасан мөлхөө тавилгыг түлхүү хэрэглэдэг. 
  3. Байгальд ээлтэй материал: Япончууд байгальд маш хайртай, дээдэлдэг хүмүүс учир дотоод заслаа торго, хуш мод, хулс, сүрэл, цаасаар хийсэн тавилга болон шалаар тохижуулдаг. 
  4. Энгийн: Минималист буюу зөвхөн өөрт хэрэгтэй зүйлээ цэгцтэй байлгаж, дахин ашиглагдах зүйлсийг хэрэглэдэг.
  5. Саармаг, завсрын өнгө: Завсрын өнгө нь энгийн байдлыг харуулахаас гадна сэтгэл санааг тайван байлгахад тустай гэж үздэг. Тиймээс дотоод өнгө ихэвчлэн арьсны шар, сувдан цагаан, бүдэг саарал өнгөтэй байх нь элбэг. 
  6. Нэмэлт гэрэлтүүлэг: Хүний анхаарлыг татах, том гэрлийн бүрхүүлээс илүүтэй таазанд шигдэж орсон олон бүдэг гэрлийг сонгодог. 
  7. Гүйдэг хаалга болон өрөө тусгаарлагч: Энэ оронд орон сууц өндөр үнэтэй байдаг учир зай хэмнэх үүднээс гулгадаг хаалга, өрөө тусгаарлагчыг түлхүү хэрэглэдэг. 

Минималист хэв маягаар амьдрах дуртай хүмүүст хамгийн сайн зохицдог. 

Япон хэв маягийн дотоод засал

4 Мексик хэв маягийн дотоод засал

Халуун дулаан, тухтай, бодит байдал гэсэн үгээр илэрхийлж болно. 

  1. Гэрэлтэй хурц өнгө: Мексик маягийн дотоод засалд улаан болон шаргалын төрлийн длаан, гэрэлтэй өнгөнүүд мөн цэнхэр, ногоон өнгө гол байр суурийг эзэлдэг. 
  2. Гараар чимэглэсэн: Мексикчүүд дээр үеэс эхлэн гэртээ ашиглах гоёл чимэглэлийн болон бусад ваараа гараараа будаж чимэглэдэг байсан юм. 
  3. Гар урлалын дэрнүүд: Гараараа дэр болон бүтээлгээ урлаж, элдэв хээ хуарыг оёж хатгасан байдаг. 
  4. Уламжлалаа хадгалдаг: Тэд заримдаа үе дамжин уламжлагдан ирсэн ваар сав, эдлэлүүдээ гэрийн чимэглэл болгон ашигладаг. 
  5. Шал: Шар болон улаан шаврыг шатааж хийсэн материалаар шалаа хийдэг. Гал тогоо, угаалгын өрөөнөөс гадна зочны өрөөндөө ч ийм шалыг ашигладаг байна. 
  6. Энгийн модон хийцтэй тавилга: Тэд ихэвчлэн өөрийн тавилгаа хямдхан нарс модыг ашиглан өөрсдөө хийдэг гарын дүйтэй хүмүүс байдаг. Ингэж хийсэн тавилга нь дотоод заслын илүү дулаан уур амьсгалтай болгож, тухтай орчинг үүсгэдэг байна. 
  7. Хивсэнцэрүүд: Тэд шалаа шаазан материалаар хийдэг учир чимэглэх зорилгоор гараар хийсэн олон өнгийн хивсэнцэр өрөөний голд байрлуулдаг байна. 

Ийм дотоод засал гараар юм хийх дуртай, бүтээлч хүмүүст илүү тохирно.

Мексик хэв маягийн дотоод засал

5 Франц хэв маягийн дотоод засал

Тансаг, сонгодог, зөөлөн гэсэн үгээр энэ хэв маягийн тодорхойлж болно. 

  1. Зөөлөн өнгө: Байгалийн шаргал, цагаан шаргал, бүдэг, ягаан, бүдэг хөх зэрэг өнгөнөөс бүтдэг. 
  2. Гэрийн чимэглэл: Маш олон ваар, лааны суурь, жижиг хөшөө, толь, тавиур, ширээний чийдэн зэргээр өрөөгөө тохижуулдаг. 
  3. Алтан шаргал оруулга: Алтан хүрээгээр чимэглэсэн тансаг тавилгууд болон зарим эртний эдлэлүүд нь энэ хэв маягийг илүү чамин, тансаг болгодог. 
  4. Зөөлөн ирмэг: Энэ хэв маягт ямар ч хурц зүйл байдаггүй. Жижиг чимэглэлүүд болон гэрийн тавилга, хөшиг гээд бүх зүйлийн ирмэг үзүүр хэсэг нь дөлгөөн, зөөлөн байдлаар холбогддог. 
  5. Эртний тавилгууд: Франц улс эртний эдлэлийн худалдаагаараа дэлхийд зартай. Тиймээс ч энэ дотоод заслын салшгүй нэг хэлбэр нь хуучны тавилга байдаг. 
  6. Сонгодог гэрэлтүлэг: Унжсан зөөлөн ирмэг бүхий, сонгодог хэв загварын гэрлийн бүрхүүл гочилдог. 
  7. Төвгөр, хөөмөл хээ: Ийм хээгээр бараг бүх зүйлээ чимэглэдэг. Ихэвчлэн тааз болон ил зуухны хүрээгээ чимэглэдэг. 

Ийм хэв маяг нь загварын талын сонирхолтой, дэврүүн, романтик, гэртээ чимэглэл худалдаж авах дуртай хүмүүст илүү нийцдэг. 

Франц хэв маягийн дотоод засал

6 Англи хэв маягийн дотоод засал

Уламжлалт, амар тайван, дотно гэсэн үгээр энэ хэв загварыг илэрхийлж болох юм. 

  1. Ил номын тавиур: Ийм маягийн дотоод засалд ил номын тавиур томоохон байр суурь эзэлдэг. Гал тогоо, Угаалгын өрөө зэргээс бусад өрөөнд тавиур дээр ном, цөөн чимэглэлүүдийг байрлуулдаг. Мөн гэрийн хээ энд тэндгүй хамаатнуудынхаа, онцгой үйл явдлуудын зургаа жаазанд хийж өлгөсөн байх нь элбэг. 
  2. Ханын цаас: Хатан хаан Викториагын үед илүү бараан өнгийн ханын цаас голчилдог байсан бол орчин үед илүү гэгээлэг, цэгэн хээтэй ханын цаасыг ашиглах болсон. 
  3. Мод ба чулуу: Англи байшингийн дотоод заслыг үнэт чулуу болон модоор хийдэг. 
  4. Гэрийн чимэглэл ихтэй: Тэд гэртээ жижиг хөшөө, цаг, дэр, жааз гээд дурсгалын зүйл ихээр байлгах дуртай бөгөөд бүгдийг нь хүний нүдэнд харагдахуйц газруудад эгнүүлэн байрлуулдаг аж. 
  5. Дулаан өнгө: Байгалийн дулаан, чимээгүй өнгийг түлхүү ашигладаг. Үүнд бүр төрлиййн бор, шар, саарал болон ногоон өнгөнүүд багтдаг. 
  6. Овоорсон тавилгууд: Энэ хэв маягт гэртээ их сул зай үлдээхийн тулд тавилгаа цөөрүүлэхээс илүүтэй, хамгийн хэрэгтэй гэсэн зүйлсээ өрөөний голд байлгахыг илүүд үздэг байна. Ингэснээр гэрт илүү тухтай байдлыг үүсгэдэг гэж үздэг ажээ. 
  7. Түшлэгтэй сандал: Тэд ихэвчлэн хамгийн тухтай, том зайтай түшлэгтэй сандалыг сонгож худалдан авдаг. Энэ нь суугаад ном унших, ярилцах зэрэгт хамгийн сайхан сонголт болдог гэнэ. 

Хэтэрхий цэмцгэр байдлаас илүүтэй тухтай орчинд байх дуртай хүмүүст зориулагдсан. Зохиолч, эрдэмтэн зэрэг хүмүүст сайн зохицдог. 

Англи хэв маягийн дотоод засал

7 Орос хэв маягийн дотоод засал

Энгийн, байгалийн уламжлалт гэсэн үгээр тодорхойлж болно. 

  1. Байгалийн материал: Хуванцар, гялгар, шилэн материалаас илүүтэй модон тавилга, гэр ахуйн хэрэгсэл ашигладаг. 
  2. Элдэв маяггүй тавилганууд: Бүх төрлийн модоор хийсэн, элдэв маяггүй болхи маягийн хийцтэй тавилга голчилдог. 
  3. Уламжлалт хэв маягийн нөлөө: Гараар нэхсэн хөнжил, гудас, дэрний уут мөн шавраар хийсэн ваар савнууд, торон хөшиг зэрэг нь гайхалтай тухтай байдлыг үүсгэдэг. 
  4. Байгалийн өнгө: Улаан, шаргал, бор зэрэг өнгө түлхүү байдаг. Харин гэрийн чимэглэл, жижиг хэрэглэлүүд нь улаан, цэнхэр, шар зэрэг тод өнгөөр хийгддэг байна. 
  5. Даавуу: Бүхий л зүйлээ тор, эсвэл хээтэй даавуугаар бүтээж, доор нь тавьж  чимэглэдэг. Гэрийн эд хогшлууд дээрээ торны өөдөс тавих, ширээн дээрэээ даавуун бүтээлэг тавих зэргээр гэрээ бүхэлд нь хээтэй даавуугаар бүтээж гоёдог. 
  6. Уран зураг: Тэдний эдлтаваг сэрээндээр янз бүрийн урлагийн бүтээл гэмээр чамин хээ угалзаар гоёсон байдаг. Мөн хана болон цонхны хүрээгээ хээ угалзаар чимдэг аж. 
  7. Эд зүйлээ хадгалахдаа: Хамгийн үнэтэй сав суулга, бэлэг дурсгалын зүйлсээ хананд байрлуулсан нээлттэй тавиур дээр тавих нь элбэг. 

Энгийн, дулаан уур амьсгалд дуртай уламжлалаа хадгалдаг хүмүүст илүү сайн зохицдог. 

Орос хэв маягийн дотоод засал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()