1
Үхэл бол амьдралын л нэгэн хэсэг
Үхэлгүй амьдрал гэж байдаггүй. Үхэл бол хүн өөрийгөө танин мэдэх үйл явцын нэгээхэн хэсэг юм. Гэвч энэ дэлхий дээр амьд яваа ямар ч хүн үхлийн жинхэнэ мөн чанарыг дүрсэлж чаддаггүй. Учир нь хүн бүр л үхлийг өөр өөрөөр тайлбарладаг, бас амьд сэрүүн яваа хүн үхлийн тухай мэдэх хувь тавилан байхгүйтэй холбоотой юм. Би нэгэн уран зураач хүнээс үхлийн тухай хэрхэн дүрслэхийг асуусан юм. Харин тэрээр далавч нь аль хэдийн үхэж, харласан сахиусан тэнгэрийг зурсан. Тэрээр үүнийгээ, тэрхүү далавчны сүүдэрт орсон хүн үхэх болно гэж тайлбарласан. Харин өөр нэг зураач үхлийг хоёр хүүхдээр төлөөлүүлж зурсан байдаг. Нэг нь чулуун дээр суугаад толгойгоо өвдгөн дээрээ тавьж, бүх биеэ сулласан, харин нөгөөх нь толгойгоо арагш гудайлгаж, үхлүүт болсон байв. Энэ зурагны тайлбар нь: “Амьдрахгүйгээр үхнэ гэж байхгүй, бас үхэхгүйгээр амьдарна гэж байхгүй” гэсэн юм.
2
Үхэл бол байгалийн нэгэн үйл явц
Мөнх амьдралын тухай зохиолчид олонтаа дурсдаг ч аз жаргалтай байх нь тун ховор. Мөнх амьдрал гэж юу вэ? Өдөр бүр хийдэг зүйлсээ хэдэн мянган жилээр хийх, эсвэл хөгшрөхгүй болгох увидас уу? Мөнх амьдрал нь залуу хүмүүсийн хувьд мөнхийн аз жаргал мэт сонсогдож болох ч, мөн чанартаа мөнхийн зовлон шаналал, уйтгар гуниг байх болно. Харин азаар хорвоогийн жам гэж бий. Тийм ээ, хүн бүр үхэх ёстой. Үхэл хэдийн аймшигтай мэт боловч нөгөөтэйгүүр биднийг зовлонгоос гэтэлгэх замнал шүү дээ. Амьдрахыг хичнээн хүсч байсан ч үхэх жамтай, бас үхэхийг хичнээн хүсэж байсан ч амьдрах нигууртай байх нь бий. Энэ л амьдалын мөн чанар гээч зүйл шүү дээ.
3
Амьдрал-Үхэл
Амьдрал яг л цэцэг шиг. Хэн нэгэн таныг бүтээх үрийг чинь суулгаж өгч, усалж, үрслүүлэн, том болтол нь ургуулна, дараа нь цэцэг гундаж, жижгэрч, хатаж, өвдөж, эцэст нь үхнэ. Амьдралын мөн чанарыг мэдсэн хүнд үхлээс айх шалтгаан үгүй. Хорвоо ертөнцийн хаа нэгтээ хэн нэгэн үхэж, бас хэн нэгэн бяцхан хүүхэд хорвоод мэндэлж байдаг. Энэ бол амьдралын мөчлөг юм.
4
Үхэл үү? Эсвэл дараагийн амьдрал уу?
Үхэх үед яг юу тохиолддог тухай тодорхой нэгэн хариултыг өгөх хүн одоогоор үгүй. Над дээр ирсэн нэгэн өвчтөн эмнэлэгт маш хүнд ирсэн бөгөөд өвчнөө даалгүй, зүрх нь зогсож, зүрхний цохилт нь эргэн ирсэн боловч ухаангүй хэвээр үлдсэн юм. Хэсэг хугацааны дараа тэрээр сэргэж, эрчимт эмчилгээний тасаг руу шилжих үед нь би түүнтэй ярилцахыг оролдсон.
- Та юм ярьж чадах нь уу?
- Тиймээ, би юуны өмнө танаас уучлалт гуймаар байна, би та бүхэнд маш их төвөг удлаа.
- Яагаад төвөг удсан гэж?
- Харин л дээ, ямартай ч миний зүрх зогссоны дараа би өөрийгөө хараад маш их айсны зэрэгцээ намайг асарч, анхаарч байсан эмч нарыг хараад маш их санаа зовсон.
- Та ухаангүй хэвтэж байсан атлаа яаж өөрийгөө харсан хэрэг вэ?
- Хэрвээ та намайг сэтгэцийн эмнэлэг рүү шилжүүлэхгүй гэж амлавал би танд энэ тухай илүү ихийг тайлбарлаж чадна.
Намайг амлалт өгсний дараа тэрээр ийн ярьсан юм.
- Ухаан алдсаны дараа гэнэт хөл хөнгөрч, биеэс маань ямар нэгэн зүйл гарч явсан. Эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байгаа өөрийгөө хараад би үнэхээр шоконд орсон. Тиймээ, би үхсэн гэдгээ мэдсэн юм. Би тэр үед гэнэт ээж, 5 настай бяцхан охиндоо баяртай гэж хэлж чадаагүйгээ санасан юм. Бие минь маш хөнгөн байсан тул би ниссээр, эмнэлгийн өрөөг орхиж, маш хурдан өөрийнхөө гэрт ирсэн. Охин минь хүүхэлдэйгээрээ тоглож, ээж маань ороолт нэхэж байсан. Гэнэт манай гэрийн хаалгыг хэн нэгэн тогшиж, хөрш Лидиа Степанова орж ирсэн. Тэр гартаа маш хөөрхөн даашинз барьж орж ирээд, охинд минь хандан, “Маша, чи ээжтэйгээ үнэхээр адилхан шүү, тиймээс би чамд ээжийнхээ надад өгч байсантай яг адилхан даашинзыг оёсон юм” гэж хэлтэл охин минь баярлан гүйхдээ ширээн дээр байсан аягыг унагаж хагалсан. Их чимээнээс айсан охин минь уйлахад, Лидиа Степанова “хүүхэд аяга таваг хагалах сайн байдаг юм, зүгээр дээ охин минь” гэж хэлж билээ. Энэ үед охин минь над руу харсан боловч, цаашаа гүйгээд явчихсан. Би охиныхоо толгойг илэхийг оролдсон боловч гарт маань юу ч баригдахгүй байлаа. Тэгээд би толь руу дөхөж очоод өөрийгөө харах гэсэн боловч юу ч харагдахгүй байсан. Тэр үед л би эмнэлгийн орон дээр биеэ орхиод энд ирснээ санасан юм. Тэгээд л би буцаад эмнэлэг рүү явсан даа.
- Би танай гэр лүү очоод бүх зүйл хэвийн байгаа, таныг ухаан орсон гэдгийг мэдэгдэх үү?
Тэрээр хүсэлтийг минь дуртайяа зөвшөөрөөд, надад гэрийнхээ хаягийг зааж өгсөн юм. Түүний гэрт очтол ээж нь болтой хөгшин эмэгтэй хаалга тайлж өгсөн юм. Би түүнд хагалгаа амжилттай болсныг хэлээд, гэрт нь сүүлийн үед Лидиа Степанова ирж, охинд нь даашинз өгсөн эсэхийг асуухад тэр гайхаж балмагдахад би түүнд болсон бүх үйл явдлыг дэлгэрэнгүй ярьж өгсөн. Гэтэл тэрээр өөрт нь ч бас иймэрхүү үйл явдал тохиолдсон тухай надад ярьж өгсөн юм.
- Нөхөр болон дагавар хүү минь нэг дор амиа хорлож, нас барцгаасан. Энэ явдлын дараахан би зочны өрөө рүүгээ ортол нөхөр минь харагдах үед би өөрийгөө стрессээс болоод хий юм хараад байна гэж бодсон. Тэгээд би хамаатныхаа эмэгтэйг том өрөө рүү орохыг хүстэл, тэр ч бас нөхрийг минь олж харсан юм. Би нөхөртэйгээ ярилцаж, түүний хүсэлтүүдийг биелүүлж, эцсийн замд нь тайван үдэж өгсөн.
5
Та хэрхэн нас барахыг хүсч байна вэ?
Зарим хүмүүс энэ асуултад, өөрийг нь хэн ч хараагүй байхад явах, эсвэл дуу чимээгүй амар амгалан газар тайван нойрсоод үхлээ хүлээх, хамаатан саднуудынхаа дэргэд байж байгаад явах гэх мэтээр хариулдаг. Өвчнүүдтэй харьцаж байх явцад тэднээс үхлийн тухай маш сонирхолтой түүхүүдийг сонсож чаддаг. Тэд үхлийг ихэвчлэн гэрэлтэй зүйрлэн ярьдаг. Маш их гэрэл бий болсны дараа сүнс харж, эсвэл өөрийнхөө биеийг гаднаас нь хардаг ажээ.
6
Амьдралын үнэ цэнэ болон үхэл
Амьдралын хамгийн гол зүйл нь хэр удаан амьдарсандаа биш хэр үнэ цэнэтэй амьдарсандаа байдаг. Үхэл бол туулж өнгөрүүлсэн амьдралаа гүн гүнзгийгээр эргэцүүлэн бодох цаг хугацаа төдийгүй дараагийн амьдралдаа, эсвэл дараагийн замнал руугаа явах боломж юм. Тиймээс үхлээс айх огт хэрэггүй. Учир нь энэ бол таны урт удаан амьдралын л нэгээхэн хэсэг шүү дээ. Харин хорвоо ертөнцөд хүн төрлийг олж, нэгэнтээ амьдарч эхэлсэн бол өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж, сайн сайхныг түгээж амьдарч гэмээнэ л нас нөгчих үедээ харамсах зүйлгүй, амар амгалан дараагийн амьдралдаа шилжиж, эсвэл гүн нойрсох болно.