Ихэнхи эцэг эхчүүд маш завгүй цагийн хувиарын дагуу, шаргуу хөдөлмөрлөдөг. Тиймдээ ч гэртээ ирээд хүүхдүүддээ тэр бүр цаг гаргаж, тоглоод байх нь ховор шүү дээ. Энэ үед мэдээж хамгийн хялбар бөгөөд хүүхдүүдийг хөгжөөх зүйл бол "телевиз, эсвэл гар утас" байдаг. Гэвч та үүнийг мэдэх үү? Хүүхдүүд эцэг эхтэйгээ өнгөрүүлсэн дурсамж бүрээ мартахгүй, түүнээсээ цэнэглэгдэн эрч хүч авч байдаг. Мөн эцэг, эхтэйгээ ойр дотно харилцаатай байсан хүүхдүүд ирээдүйд маш хүчирхэг нэгэн болж төлөвшдөг байна.
Өсвөр насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар, гэр бүлтэйгээ харилцаа муутай, ойр дотно бус хүүхдүүд ямар нэгэн сэтгэл санааны дарамтанд орох, сэтгэл гутралаар шаналах нь их байдаг ажээ. Хамгийн харамсалтай нь тэдгээр хүүхдүүд жирийн аз жаргалтай гэр бүлд өссөн хүүхдүүдийг бодоход амиа хорлох нь их байсан гэдэг. Үүнээс харахад, эцэг эхтэйгээ дотно, нээлттэй хүүхдүүд ямарваа зүйлсийг эерэгээр хардаг бөгөөд, сэтгэл гутралд орох нь ч харьцангуй цөөн байдаг нь анзаарагдаж байна. Тиймээс хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж, аливаа зүйлсийг эерэгээр харахад нь туслаарай.
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр халамжинд өссөн хүүхдүүд том болоод ч бусдад хайрыг түгээж байдаг. Хамгийн гол нь эцэг эхийн хайраар дуталгүй, үргэлж баяр баясалтай өссөн хүүхдүүд бусад хүүхдүүдийг бодоход илүү өсгөлүүн, дээр нь эрүүл саруул байдаг аж. Тэгэхээр энхрийн бяцхан үрсдээ үргэлж хайр халамжыг түгээж байгаарай!
Хүүхдээ хэт их хянаж, үйлдэл бүрийг нь зааж зааварлах нь эсрэгээрээ хүүхдэд хор болж мэднэ. Ингэснээрээ тэд эцэг эхээсээ хэт хамааралтайн дээр, өөртөө итгэлгүй сул дорой нэгэн болж хүмүүждэг. Тиймээс та хүүхдээ багаас нь зарим зүйлсийг өөрөө бие даан хийх, шийдвэрлэж сурахад нь туслаарай! Жишээ нь, ямар хувцас өмсөхөө өөрөө сонгох, хоолоо өөрөө идэх, тоглоомоороо бие даан тоглох гэх мэт...
Пенсильвани болон Дьюк их сургуулийн судлаачид, 700 гаруй цэцэрлэгийн хүүхдүүдийг хамарсан судалгааг явуулжээ. Тэрхүү судалгаанд оролцсон хүүхдүүдийг 25 нас хүртэл нь ажигласан бөгөөд энэ үед эцэг эхийн халуун дулаан уур амьсгал, тогтвортой харилцаанд өссөн хүүхдүүд бусдыгаа бодоход илүү ухаалаг, биеэ даасан байв. Мөн хамгийн сонирхолтой нь тэд бүгд хүссэн мэргэжлээрээ их, дээд сургууль суралцаж төгссөн ажээ. Иймд хүүхдийн тань боловсрол, гэр бүлийн уур амьсгалаас ихээхэн шалтгаалах юм.
Баяр баясал, хайр халамж, уйтгар гуниг ч мөн ижил нэгээс нөгөөд халдварладаг. Энэ нь таниас гарч буй бүхий л зан араншин, сэтгэл хөдлөл тань хүүхдэд шууд халддаг гэсэн үг юм. Иймд хүүхдээ ямар хүн болгохыг хүсэж байгаа шигээ өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэдэнд үлгэр дууриалал болж, ирээдүйг нь өнгөлж өгөөрэй!
Эцэг, эх хүүхдүүдийн харилцаа маш дотно маш нандин байх хэрэгтэй. Тэднээс юу хүсэж байгаа, тэрчлэн амралтын өдрүүдээр юу хийх хүсэлтэй байгаа нь сонсож байх хэрэгтэй. Ингэснээр та тэдэнтэй илүү түргэн ойлголцож, сайн эцэг эх гэдгээ мэдрэх боломжтой. Хүүхдүүдээ унтахад нь үлгэр уншиж өгөх, өдөр юу хийсэн тухай нь асуух гэх мэт...
Зөвхөн эцэг эхчүүд л ярьж, хүүхдүүд сонсох ёстой гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Хэрэв та гэр бүлдээ энэхүү дүрмийг баримталдаг бол, дэндүү хуучинсаг үзэлтэй юм гэж хэлэх байна. Учир нь сүүлийн үед хүмүүс хүүхэдтэйгээ маш дотно, басхүү өргөн хүрээг хамарсан сэдвээр илэн далангүй ярилцдаг болсон. Ингэснээр тэд хүүхдийнхээ тухай илүү ихийг мэдэхээс гадна, харилцан ойлголцоход ч илүү хялбар болдог юм. Иймд та орой заавал цаг гаргаж, түүнийг өдөр юу хийсэн, ямар гайхалтай зүйлс тохиолдсон тухай нь ярилцаарай!
1960-аад онд Калифорнийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар, эрдэмтэд 3 хүүхдийг захирангуй, эрх чөлөөтэй, биеэ даасан хэмээх системээр өсгөн хүмүүжүүлжээ. Аз жаргалтай хүүхдүүдийн эцэг эхчүүд нь сүүлчийн төрлийг сонгосон бөгөөд үүний дүнд хүүхдүүд насанд хүрсэн үедээ илүү өөртөө итгэлтэй, бусадтай хүндэтгэлтэй ханддаг, биеэ даасан нэгэн болж төлөвшсөн байна. Хүүхдүүдээ хүндэтгэж, ирээдүйд зөв нэгэн болгож өсгөхийн тулд бид алдаа, дутагдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. Мөн хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэж, шударга байх хэрэгтэй.
Ухаалаг хүмүүс хүүхдэдээ будаа хаанаас авахыг бус, хэрхэн тарихыг зааж өгдөг гэдэг. Түүний ижлээр хэрэв та хүүхдээ ирээдүйд амжилтанд хүрсэн нэгэн болгохыг хүсэж л байгаа бол, одооноос санаа зовох хэрэгтэй. Хүүхдэдээ амжилтанд хүрсэн хүмүүс, жирийн нэгнээс юугаараа өөр болох, мөн юуг авч чадах тухай нь хэлж өг. Ингэснээр таны хүүхэд ирээдүйд хэнээс нь дутахааргүй амжилттай явах болно.
Хүүхдүүд өөрсдийн сэтгэл хөдлөлөө хэрхэн хянах, түүнийг илэрхийлэхээ сайн мэддэггүй. Харин энэ үед эцэг эхчүүд тусалж, дэргэд нь байх хэрэгтэй. Мөн өөрийн үзэл бодлыг бусдад хэрхэн зөв илэрхийлэх, буруу илэрхийлснээр гарах үр дагаврыг ч мөн тайлбарлаж өгөхөд гэмгүй юм шүү!