1
Давс
Хүн өдөрт 5 гр эсвэл 1 цайны халбага давсыг хэрэглэж болох бөгөөд үүнээс хэтрэх нь дотоод эрхтэнд сөргөөр нөлөөлж, хаван үүсгэдэг байна. Энэ нь таны хоолонд агуулагдах давснаас гадна өдөр тутамдаа хэрэглэж байгаа савласан бүтээгдэхүүнд ч мөн давс агуулагдаж байдгийг бүү мартаарай.
Юу хийх хэрэгтэй вэ?: Давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Хэрэв хоол тань амт муутай санагдаж байвал хоол амтлагч, халуун ногоо зэргийг хэрэглэж болох юм.
2
Харшил
Хэрэв таны бие хавагнаж, улайхын зэрэгцээ тууралт гарч байвал энэ нь харшилтай холбоотой юм. Зарим тохиолдолд харшлаас үүдэж, хавагнадаг.
Юу хийх хэрэгтэй вэ?: Хүзүү болон нүүр орчмоор хавагнаж байвал, эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв үнэхээр харшлаас үүдэж, бие тань хавагнасан бол эмчилгээ хийлгэж, эм уугаарай.
3
Даавар
Дааврын алдагдал нь биед их хэмжээний шингэнийг хуралдуулж, хаван үүсгэхэд нөлөөлдөг. Хэрэв та хэвлий болон хөл хэсгээрээ хавагнаад байвал, энэ нь "дааврын хаван" юм.
Юу хийх хэрэгтэй вэ?: Уургаар баялаг хоол хүнс идэж, чихэр, халуун ногоо, давсны хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Мөн эмнэлэгт очиж, эмчээс зөвлөгөө аваарай.
4
Бөөрний өвчин
Нүүрээрээ илүүтэй хавагнаж, царай алдах нь бөөрний үйл ажиллагаа муудсантай холбоотой юм. Бөөр үйл ажиллагаа муудсанаар хавагнахаас гадна шээсний өнгө хувирч өөрчлөгдөнө.
Юу хийх хэрэгтэй вэ?: Дээшээ харж унтаж байгаарай. Энэ нь нүүрээр хавагнахыг бууруулна. Мөн аль болох эрүүл хооллохыг хичээх хэрэгтэй бөгөөд зайлшгүй эмчид хандах шаардлагатай.
5
Зүрхний өвчлөл
Зүрх өвдөж, үйл ажиллагаа нь муудсан тохиолдолд, хэвлий болон хөл хавагнахын зэрэгцээ цээжээр хөндүүрлэж, халуурч, ядран, амьсгаадна.
Юу хийх хэрэгтэй вэ?: Та үүнийг гэрийн нөхцөлд өөрөө эмчлэх боломжгүй тул яаралтай эмчид хандаарай.
6
Эм
Өвчин намдаах, жирэмснээс хамгаалах, болон халууны эм зэргийг ууж хэрэглэснээс болж, бие хавагнах нь бий.
Юу хийх хэрэгтэй вэ?: Хэрэв таны хэрэглэж байгаа эм хавагнахад хүргэж байгаа бол эмчид хандаж, өөр эмээр солиулж болох эсэхийг лавлаарай.
7
Амьдралын хэвшил
Ажлын онцлогоос болж өдөржин зогсоо ажилладаг хүмүүсийн хөл хавагнадаг.
Юу хийх хэрэгтэй вэ?: Орой гэртээ ирээд хөлөө амрааж, дасгал хийж байгаарай. Хөлдөө тухтай гутал өмсөж, өөртөө амралт өгөн, хөлөө амраахаа мартаж болохгүй.
8
Шингэний дутагдал
Ус, шингэний дутагдалд орсон үед хөлийн шагай, гарын бугуй болон хэвлий орчмоор хавагнадаг.
Юу хийх хэрэгтэй вэ?: Өдөрт 1.2 литр ус ууж, кофе, согтууруулах ундаа болон хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй.
Хавагнах нь үргэлж ямар нэгэн өвчний шинж тэмдэг байдаггүй болохыг анхаараарай. Ямар ч өвчингүй, цоо эрүүл хүмүүс ч гэсэн хэт халууцах, давстай хоол идсэнээс болж, хавагнах нь бий. Тиймээс хамгийн гол нь хавагнах шалтгааныг тодорхой болгох хэрэгтэй юм.