Эмэгтэйчүүд, эрчүүдээс илүү урт насалдаг уу?
- Зүрх судасны өвчин тусах магадлал эрчүүд, эмэгтэйчүүдээс 3 дахин их байдаг.
- Аль ч насны ангилалд, эрчүүд мөн л эмэгтэйчүүдээс илүү ихээр амиа хорлодог.
- 15-34 насны эрчүүдийн нас баралтын шалтгааны гуравны нэгийг аллага болон амиа хорлолт эзэлдэг.
- 85 настай хүмүүсийн хүйсийн харьцааг харахад, 2 эмэгтэй тутамд, 1 эрэгтэй ноогдож байгаа юм.
Энэ бүгдээс харахад эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг болох нь тогтоогдож байна. Харин яагаад эрчүүд түрүүлж нас бардаг юм бол?
Судлаачдын үзэж байгаагаар: Эрчүүд өөрсдийн эрүүл мэнд, бие организмд бага анхаарал хандуулж, хэт хэнэггүй байдагтай холбоотой аж. Тэд эмэгтэйчүүдтэй адил жижиг зүйлсэд санаагаа чилээдэггүй тул, бие нь өвдсөн байлаа ч тоолгүй өнгөрөөх нь элбэг. Мөн биеийн хүчний ажил их хийж, өөрсдийн хүч чадлаа буруу зүйлд хэрэглэн, амь насаа эрсдэлд оруулдаг байна.
Өвчнөө тоохгүй явсаар, амь насаа алддаг
Тэд биед илэрсэн сөрөг шинж тэмдгээ үл тоож, явсаар сүүлдээ энэ нь хүндэрч амь насыг нь авч оддог. Эрчүүд өөрсдийгөө хүчтэй, зоригтой байснаар жинхэнэ эр хүн болно гэж ойлгодог тул, хичнээн өвдөж байсан ч тэсч, буруу шийдвэр гаргах нь бий. Баримтаас харахад: Нийт эрчүүдийн ердөө л тал хувь нь биеэ өвдсөн тохиолдолд ар гэрийнхнийхээ шахалтаас үүдэж, эмчид ханддаг байна. Нэг ёсондоо тэд өөрсдийгөө хүчтэй, баргийн зүйлсийг тоодоггүй гэдгээ батлан харуулах гэсэндээ эрүүл мэндээ үгүй хийж орхидог.
Эрчүүд ч урт наслах боломжтой: Доктор Лежатогийн номонд бичсэнээр бол, эрчүүд илүү хянамгай, аливаад анхааралтай байснаар урт насалж, өвчин зовлонгоос хол байх боломжтой аж. Харин одоо та бүхэндээ эрчүүдийн насыг уртасгахад чухал нөлөө үзүүлэх аргуудыг дуулгая.
1
Эмчид бүхнээ хэлэх
Эмэгтэйчүүд эмчид үзүүлэхдээ өөрт тулгарсан асуудлаа бүгдийг илэн далангуй ярьж, эмчилгээ хийлгэн, эрүүл болж чаддаг. Харин эрчүүдийн тухайд санаа зовж, зарим тохиолдолд өөрийн биед байгаа асуудлыг нууж өнгөрдөг. Энэ нь тэдний хийж байгаа хамгийн том алдаа юм. Залуу та, өвчин зовлонгүй, удаан амьдрахыг хүсч байвал, юу ч нуулгүй, бүгдийг хэлж, асууж байгаарай. Энэ нь таны амьдралдаа хийж байгаа зөв алхамуудын нэг болж ч мэдэх юм.
2
Тестостерон дааврын хэмжээг шалгах
30 нас гарсан эрчүүдийн "тестостерон" дааврын хэмжээ жил бүр 1 хувиар буурдаг. Булчингийн массыг нэмэгдүүлж, ясыг бэхжүүлэхээс гадна сексийн дур хүслийг өдөөдөг тестостерон дааврын хэмжээ багассанаар: Сэтгэл санаа тогтворгүй болж, зүрхний титэм судасны өвчин, чихрийн шижинтэй болох магадлал нэмэгддэг байна. Тиймээс та тус дааврыг тэнцвэртэй байлгахын тулд, шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэж болох юм.
3
Дархлаагаа сайжруулах
Эрчүүдийн дархлааны систем эмэгтэйчүүдийнх шиг хүчирхэг биш. Судалгаанаас үзэхэд, өвчний улмаас нас барсан 10 эрэгтэй тутмын 7 нь халдварт өвчний улмаас амиа алдсан байдаг. Тэд сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин тусах магадлал харьцангуй өндөр байдаг төдийгүй өөрийгөө халдварт өвчнөөс хамгаалахгүй явсаар өвчилдөг. Мөн эрчүүд буруу хооллолт, залхуу байдал, аз сорьсон аялал зэрэгт явахаас үүдэж, амь насаа алддаг. Хамгийн гол нь тэд дархлаагаа сайжруулах хэрэгтэй юм. Аль болох амин дэмтэй, эрүүл хоол идэж, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, дархлааны системээ сайжруулж байх нь чухал.
4
Ганцаараа шаналах хэрэггүй
Эрчүүд сэтгэл гутрах орох нь таны бодож байгаагаас ч аюултай. Учир нь тэд өөрт тулгарсан асуудлаа бүсгүйчүүд шиг найз нөхөд, гэр бүлийхэндээ ярьж, сэтгэлээ онгойлгож чадалгүй, ганцаар шаналж явах нь элбэг юм. Тиймдээ ч энэ байдал нь хүндэрч, биеийг нь өвчлүүлдэг. Сүүлдээ согтууруулах ундааг тогтмол ууж, гэрээсээ ч гаралгүй, зурагт ширтэж өдрийг өнгөрүүлэх бөгөөд ямар ч утгагүй амьдралын хэвшилд шилждэг. Тус байдал удаан үргэлжилснээр биеийн дотоод эрхтэнүүдэд сөргөөр нөлөөлж, өвчлүүлдэг.
Иймд залуу та сэтгэлээр унаж, амьдрал утгагүй санагдаж эхэлбэл, найз нөхөдтэйгээ сэтгэлээ онгойтол ярилцах хэрэгтэй. Харин энэхүү арга үр дүнгээ өгөхгүй бол сэтгэл зүйчтэй уулзаад үзээрэй. Тэр таны бүх асуудлыг сонсож, хамтдаа гарч болох арга замуудыг хайж туслах болно.
5
Бодлогогүй үйлдэл хийх хэрэггүй
Таны бодлогогүй хийсэн үйлдэл амь насыг тань авч явах аюултай болохыг битгий мартаарай. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барих, зодоон хийх зэрэг өсвөр насны хүүхдийн сэтгэхүй гаргаж, утгагүй үйлдэл хийх хэрэггүй. Энэ нь таны амь нас, аз жаргалыг ч үгүй хийж болзошгүй гэдгийг хэзээ ч бүү мартаарай.
6
Зүрхний титэм судасны өвчнөөс сэргийлэх
Титэм судасны өвчин нь, зүрхний титэм судсаар урсах цусны урсгалын хямралаар илэрнэ. Титэм судас нарийсах, эсвэл бөглөрөхөд зүрхний булчингийн цусан хангамж, хүчилтөрөгч дутагддаг. Харин эрчүүд энэхүү өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Иймд та өөрийн биеэ үргэлж чагнаж, өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхийг анзаарч байгаарай. Ялангуяа 35 нас гарсан, архи тамхи хэрэглэдэг, илүүдэл жинтэй эрчүүд энэхүү аймшигт өвчнөөс өвчлөх эрсдэл улам бүр нэмэгддэг.
Залуу та илүү хянуур, болгоомжтой байж, эрүүл энх, урт удаан амьдралыг цогцлоогоорой!