Байгаль орчны төлөв байдлын тайланг засгийн газарт танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо

2017-04-27, 09:25
2,289

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол холбогдох албаны хүмүүсийн хамт Засгийн газрын хуралдаанд Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг танилцууллаа. Засгийн газрын гишүүд энэхүү тайлантай танилцаад УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгасан байна.

Байгаль орчны төлөв байдлын тайланг засгийн газарт танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо

Ингээд Засгийн газрын хуралдаанаар цаашид тайланг дөрвөн жил тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж, уур амьсгалын болон байгаль орчны төлөв байдлын урт хугацааны өөрчлөлтийн талаарх байнгын ажиглалт, судалгаа, шинжилгээнд шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар тогтлоо. Ерөнхий сайдын зүгээс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Ногоон хөгжлийн бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох зорилтуудыг хангахтай холбоотой тайланд туссан арга хэмжээг хэрэгжүүлэхийг бусад сайд нарт даалгасан байна.

Ганга, Өгий нуурыг сэргээхэд Засгийн газар анхаарлаа хандууллаа

Мөн гол, горхи бохирдуулсан, байгаль орчин сүйтгэсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хатуу хариуцлага тооцож, энэ жил Ганга, Өгий нуурыг хамгаалж үлдэх, сэргээхэд хөрөнгө гаргахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох сайд нарт үүрэг болгосон юм.

Тайланд тусгаснаар манай орны агаарын дундаж температур сүүлийн 20 гаруй жилд 2.2 хэмээр дулаарч, 1990-2000 онд дунджаар жилд 30 орчим аюулт үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001-2016 онд энэ тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, шороон шуургатай өдрийн тоо 2014 онд 37 байсан бол ганцхан жилийн дотор 47 болж өссөн байна. Манай улсын хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээ дэлхийн дунджаас бага боловч нэг хүнд ноогдох хийн ялгаралт дэлхийн дунджаас өндөр болох нь тогтоогджээ.

Малын тоо 1990 оноос хойш 2.5 дахин өссөн, бэлчээр сэлгэх, отор нүүдэл багассан нь бэлчээр доройтож, цөлжих үндсэн шалтгаан болж байна. Говьсүмбэр аймгийн 62.8 хувь, Дорнод аймгийн 43.5 хувь, Сүхбаатар аймгийн 31.1 хувь, Дундговь аймгийн 27.9 хувь, Өмнөговь аймгийн 17 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн судалгаа гарчээ. 

Уул уурхайн газрын талбай өссөнөөс болж гол горхи ширгэж байгааг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

Уул уурхайн газрын талбай 28 гаруй мянган га-гаар өссөн нь Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт ашиглалтын тусай зөвшөөрөлтэй талбай нэмэгдсэнтэй холбоотой юм. Өнгөрсөн оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээс харвал 774 булаг, шанд, 263 гол, горхи, 346 нуур ширгэсэн байна.

Хот, суурин газарт агаар, хөрс, усны бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс тогтмол давах болсон. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хороолол, усан халаалтын зуухнаас, 10 хувь нь автомашинаас, 6 хувь нь дулааны цахилгаан станцаас, 4 хувь нь хог шорооноос үүдэлтэй болох нь тогтоогдсон байна. Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 2015 онд хүлцэх агууламжаас 2,4 дахин их байсан бол энэ онд гурав дахин их болжээ. Баянхонгор, Даланзадгад хотод хүхэрлэг хийн агууламж хүлцэх агууламжаас 1.6-1.8 дахин их байна. 

2014 онд Улаанбаатар хотын хөрснөөс дээж авч шинжлэхэд нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн бөгөөд хүн амын төвлөрөл ихтэй газруудад аммони буюу шивтрийн бохирдол өндөр гарчээ. Мөн хотын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлаас болж Туул голын бохирдол нэмэгдсэн бол Орхон голын адагт нитратын азот, эрдэс фосфорын агууламж 1985 оноос өсөх хандлагатай байгаа нь тогтоогдоод байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()