1
Хоол идэх өвөрмөц соёлтой
Энэ нь Франц бүсгүйчүүдийн гоолиг биетэй байдгийн нэг нууц юм. Тэд хоол идэхийг соёл гэж ойлгодог бөгөөд амаараа дүүрэн чихэж, юм уу эсвэл соёлгүй, бүдүүлэг байдлаар зоог барихыг таашаадаггүй аж. Өөрөөр хэлбэл тэд хооллохыг урлаг талаас хардаг бөгөөд энэ нь гоолиг, сайхан биетэй байх үндэс болдог байна. Франц бүсгүйчүүд өдрийн хоолондоо зоогийн газрууд болон кафегаар үйлчлүүлж, бага порцтой хөнгөн зууш идэж, дарс уух нь бий.
Парисын цагаан хоолны эмч доктор Франсуа Л'Эрмита хэлэхдээ: "Хүмүүсийн хувьд өдөр болон оройн хоолны цаг маш чухал байдаг. Учир нь энэ үеэр хүн бүр хоорондоо харилцаанд орж, амттаны дээдийг иддэг шүү дээ." хэмээжээ. Харин ихэнх улс орнуудад хүмүүс хоолыг ходоодоо цатгах гэж иддэг нь нууц биш юм. Тиймээс хоол идэх соёлд суралцаарай гэж танд зөвлөе.
2
Тэд чанартай хоол хүнс иддэг
Францчууд шинэлэг байдал болон чанарыг эрхэмлэдэг. Тэдний баримталдаг зарчим үнэтэй бөгөөд чанартай болохоос биш, чанаргүй, хямдхан биш юм. Нэг ёсондоо тэд том хэмжээтэй, хямдхан үнэтэй мөхөөлдөс /хүний биед хортой транс тос агуулсан/ авч идэхээс илүүтэй үнэтэй хэрнээ бага порцтой шоколад авч иддэг аж. Мөн хямдхан үнэтэй тахианы махнаас илүү сайн чанарын загас худалдаж авахыг чухалчилдаг байна.
Францчууд "Таны ямар байгаа нь юу идэж, уусны тань үр дүн" гэх үгийг хэлэх дуртай байдаг. "La Petite" зоогийн газрын эзэн Рэйшл Ку хэлэхдээ: "Манай зоогийн газрын удаан оршин тогтнож байгаа шалтгаан бол, би үргэлж шинэ, сайн чанарын бяслаг, талх авахыг хичээдэг. Ингэснээр манайхыг зорин ирж буй олон үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгодоггүй юм." хэмээжээ.
3
Тавган дээрээ дандаа сэрээ тавидаг
Францчууд өдрийн болон оройн хоолоо идэхдээ халбага бараг ашигладаггүй. Харин сэрээ ашигладаг бөгөөд энэ нь хоолыг бага багаар, удаан амталж идэнгээ, цуг хооллож буй ойр дотны хүмүүс болон гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх боломжийг олгодог байна. Хоолыг бага багаар, удаан идэх нь шингэх явцад сайнаар нөлөөлдөг болохыг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз ээ.
4
Идэхийг хүссэн зүйлээ идэж, өөрийгөө хоридоггүй
Тогтмол бяслаг идэх нь жин нэмэхээс гадна, зүрхэнд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн өдөр хоёр ч удаа амттан болон талх идвэл таргалах нь ойлгомжтой асуудал гэдгийг Францчууд хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ.
Гэвч тэд идэхийг хүссэн зүйлээ хэзээ ч өөрөөсөө хориглодоггүй. Энэ нь идэхийг хүсч буй зүйлээ идэж болохгүй гэсэн бодолдоо автаж, идэж чадаагүй дээ хий дэмий стрессдэхээс хавьгүй дээр аж. Харин идэх дуртай зүйлээ өдөрт багаар идэх нь тийм ч буруу зүйл биш юм. Би амттай зүйл идэхгүй гэж өөртөө хэлэх хэдий ч, найзынхаа идэж буй амттанг харах үед хэнд ч гэсэн хэцүү байдаг шүү дээ. Тиймээс хүслээ хорилгүй, тохируулан идэх нь хамгийн зөв арга аж.
5
Хоолоо тохируулж иддэг
Тэд өдөр бүр өөрсдийгөө эрхлүүлж, амттан идээд байдаггүй. "Нэг ёсондоо талх болон бяслагийг нэг өдөр хамтад нь иддэггүй." хэмээн "Lessons France: Nutrition, Fitness, Family" гэх номыг зохиосон Ребека Плантье гэх эрхэм хэлжээ.
Францчууд ямар хоол хүнсийг хэзээ, хэрхэн идэхээ сайн мэддэг байна. Тухайлбал тэд өдөр нь бялуу идсэн бол, орой нь өөр төрлийн хоол буюу галууны цээж, салат иддэг. Маргааш нь шоколад, тэрний маргааш дарс ууж, бяслагтай самар иддэг аж.
Софи Марсо гэх гоо үзэсгэлэнтэй бүсгүйн хувьд ямар ч зүйл идсэн, үргэлж бага багаар иддэг байна. Түүнчлэн хоолыг хурдан идэхийг таашаадаггүй бөгөөд дарс ууж, шоколад болон бусад олон төрлийн амттан идэх дуртай гэнэ.
6
Хоол хүнсэндээ "Хэтэрхий" гэдэг үгийг ашигладаггүй
Франц үндэсний хоолнуудыг халуун ногоогоор амталсан хэдий ч, тансаг амттай байдаг нь байгалийн гаралтай хүнс хэрэглэдэгтэй холбоотой аж. Тиймээс "хэтэрхий" гэх үгийг хоол хүнсэндээ ашиглаад байдаггүй. Хүүхдүүдэд бага байхаас нь "хэтэрхий" гэх үгэнд дасгадаггүй бөгөөд нэг зүсэм бялуунаас авахуулаад бүх төрлийн амттан болон бусад хоол нь байгалийн гаралтай органик хүнсээр хийгдэж байгаа учраас "хэтэрхий амттай", "хэтэрхий тансаг" гэх зэрэг үгнүүдийг ашиглах шаардлага гардаггүй байна.
7
Орой хоол хүртлээ их юм иддэггүй
Францчууд оройн хоол хүртлээ нэг аяга кофе, жигнэмэг идэх нь бий. Энэ нь оройн хоолондоо нэг мөсөн ач холбогдол өгч, амтат мах, салатны хамт идэхийг эрхэмлэж буйтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл тэдэнд оройн хоолноос өмнө бага зэрэг өлсөх нь хэвийн зүйл байдаг аж.
Харин оройн хоол болтол тэсэлгүй өлсөөд байвал, байгалийн органик тараг болон уух нь бий. Европийн ихэнх орнуудын гоолиг биетэй бүсгүйчүүд ч мөн ялгаагүй үүнийг хэрэгжүүлдэг талаар "French Woman Don't the Get Fat" номыг бичсэн Мирей Жулиано гэх эрхэм хэлжээ.
8
Тайван хооллодог
Франц бүсгүйчүүд дээр дурдсанчлан ходоодоо цатгах гэж зоогийн газруудаар үйлчлүүлдэггүй. Тийм учраас хоолоо захиалсны дараа удаан сууж, хүлээдэг. Энэ хооронд ширээн дээр зөөврийн компьютрээ гаргаж тавиад, ашиглах нь ч бий.
Францад оффисын ажил эрхэлдэг хүмүүсийн өдрийн цайны цаг урт хугацаанд үргэлжилдэг. Энэ нь тэдний хоолоо удаан идэж, хоолныхоо амт чанарыг бүрэн мэдрэх хүсэлтэй нь холбоотой аж. Хэрвээ хурдан хугацаанд хоол идвэл, амт чанарыг нь мэдэрч чадахгүй гэж үздэг байна.
9
Идэвхитэй амьдрал
Францчууд зав чөлөө гарах бүртээ явган аялал хийж, уул хаданд авирч, теннис тоглож, талбайд гүйж, цана чаргаар гулгадаг байна. Тэгэхээс биш тэд дан ганц соёлтой хооллолтыг бүхнээс илүүд үздэггүй аж. Учир нь тэдэнд хөдөлгөөн хийх нь сайхан, гоолиг биетэй болох үндэс гэсэн ойлголт байдаг нь нууц биш юм.
Тиймдээ ч Францчууд машинаар явахаас илүү явган явж, гэдсээ цадтал биш, хоолыг урлаг талаас нь иддэг байна.
10
Тэд хэзээ ч өөрсдийгөө буруутгадаггүй
Бид бүгд л хүмүүс шүү дээ. Заримдаа хэт их идсэнээсээ болж таргалах нь бий. Гэвч Францчууд хэзээ ч таргаллаа гээд өөрсдийгөө буруутгадаггүй. Тэд бурхнаас заяасан биеэ цаг ямагт хайрлаж, бага зэрэг махалсан бол өөртөө хандан: "Өчигдөр би арай хэтрүүлж идсэн бололтой. Өнөөдөр хоолоо багасгаж, дасгал хөдөлгөөн хийдэг хэрэг ээ." хэмээн хэлж, зоригжуулдаг аж.
Үүний тод жишээ бол, кино жүжигчин Эва Грийн бөгөөд тэрээр хэлэхдээ: "Би анхныхаа кинонд тоглох үедээ бага зэрэг махлаг байсан учраас жингээ хасч, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй болсон. Гэвч би ингэхийг хүсээгүй. Хоолоо хасна гэдэг надад утгагүй санагдсан. Хоол миний хувьд чухал зүйл." хэмээж байжээ.
Франц бүсгүйчүүд ч мөн бусдаас ялгаагүйгээр калори, нүүрс ус, уураг, өөх тостой хоол хүнсний найрлагыг хараад идэхээс татгалздаг. Гэвч тэдний хооллох соёл бүгдээс онцгой байдаг. Хоол бол Франц бүсгүйчүүдийн амьдралын чухал хэсэг юм. Гагцхүү тэд хоолыг урлаг талаас нь харж, хоолны соёлыг бий болгож, түүнийгээ баримталдаг. Энэ л тэдний гоолиг, сайхан биетэй байгаагийн нууц ажээ.
Бид таныг заавал ч үгүй Франц бүсгүйчүүд шиг байлгахыг хүсээгүй бөгөөд гагцхүү энэ агуу ард түмний гоолиг, сайхан бүсгүйчүүдийн хооллох соёл, баримталдаг зарчим, биеэ харц булаам авч явж байгаагийн нууцыг хүргэхийг зорьсон юм. Та авах, гээхийн ухаанаар хандана уу.