Энэ үеэр “МИАТ” ТӨХК-ийн захирал Т.Тамир компанийн үйл ажиллагаа болон үйлчилгээний шинэ стандарт, агаарын тээврийн зах зээлийн орчин, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар танилцууллаа. Тус компани нь зардлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд 2017 онд Бусан, Бангкок зэрэг шинэ чиглэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн компанийнхаа дотоодод хийх шинэчлэлийн хүрээнд 2017 оныг “Үйлчилгээний стандартын жил” болгон зарласан бөгөөд тээврийн бус орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, Австрали болон Зүүн Өмнөд Азийн 7 чиглэлд шинэ шугам нээхээр төлөвлөсөн талаараа танилцууллаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарын удирдлагуудын санал бодлыг сонсож, цаашид анхаарах асуудал, салбарын яамнаас хэрхэн бодлогоор дэмжиж, хамтран ажиллах боломжтой талаар харилцан санал солилцсон юм. Сайд Д.Ганбат уулзалтын үеэр агаарын тээврийн дотоод, гадаадын сүлжээг өргөтгөх, орон нутаг, олон улсын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх, үнэ тарифийг бууруулах, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан талаар онцолж байв. Тэрээр “Зам, тээврийн хөгжлийн яамнаас “МИАТ”компанийг алдагдалгүй ажиллуулах, санхүүгийн хүндрэлээс гаргах, биенесийн үйл ажиллагааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлж, зорчигч урсгалыг сайжруулах зорилгоор агаарын харилцааны хэлэлцээрүүдийг шинэчлэх, олон улсын тээвэрлэлтийн зах зээлийг хамгаалах бодлого баримтлан ажиллаж, тодорхой зарим алхамуудыг хийж эхлээд байна. Тиймээс Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх ажил нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн байх ёстой” хэмээн хэлсэн.
Тиймээс шинэ санал санаачлага, бүтээлч үйл ажиллагааг бий болгохын тулд МИАТ ТӨХК-ийн 700 орчим ажилтан, албан хаагч бүр нэг бүтээлч ажил төлөвлөн хэрэгжүүлвэл агаарын тээвэр, нисэхийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр болно гэдгийг салбарын сайд онцоллоо. Мөн тэрээр катерингийн үйлчилгээ болон нислэг техникийн засварын үйл ажиллагаатай танилцах үеэрээ монгол инженер, техникийн ажилтнуудын чадварыг ихээхэн үнэлж байв. Учир нь гадаадын улс орнуудын агаарын хөлгүүдэд засвар үйлчилгээ хийж, одоогийн байдлаар гадаадын 9 авиа компанийн агаарын хөлөгт засвар үйлчилгээ хийх гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Жилдээ 30 гаруй онгоцонд засвар үйлчилгээ хийх хүчин чадалтай, чадварлаг инженер техникийн ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд хүчин чадлаа нэмэгдүүлэх, тэднийг мэргэшүүлэх тал дээр салбарын сайд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн Монгол Улсын нүүр царай болсон үндэсний тээвэрлэгч компанийн бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад бодлогоор дэмжих асуудал, нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх боломж байгааг дурдаж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн байна.