Стив Жобсын хүүхэд нас, хувийн амьдралын гунигт түүх

Дэлхийг өөрчилсөн алим буюу “Apple” компаний үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs)-ийн тухай мэдэхгүй хүн гэж ховор билээ. Хүн болгон түүний амжилт, карьерийн тухай сонсож байсан ч хүүхэд нас, хувийн амьдралынх нь тухай төдийлэн сайн мэддэггүй. Тиймээс бид дэлхийн "IT" технологийн түүхэн дэх хамгийн алдартай хүмүүсийн нэг болох Стив Жобсын хүүхэд насны тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Стив Жобсын хүүхэд нас, хувийн амьдралын гунигт түүх

1 Тэр хүсээгүй хүүхэд

Стив Жобс бол хүсч, хүлээж гаргасан хүүхэд биш юм. Түүний төрсөн аав, ээж нь нэг нэгэндээ хайртай залуу хосууд байсан боловч, шашин шүтлэг, үл ойлголцлоос болж хэсэг хугацаанд хөндийрөхөд хүрсэн байна. Учир нь түүний ээж болох Жоанна католик шашинтай бөгөөд гэр бүлийнхэн нь заавал ижил шашин шүтдэг эртэй суулгана гэж дарамталж, шаарддаг байсан нь хайртай залуугаасаа салахад хүргэжээ. Харин тэднийг салсны дараа Жоанна өөрийгөө жирэмсэн болсноо мэдэж, хүүхдээ авахуулах гэсэн ч, жижиг хотод боломжгүй байсан тул Сан Франциско хотод очиж, ганц бие ээжүүдийн клубт нэгдсэн байна. Тэрээр хүүхдээ төрүүлсний дараа бусдад өргүүлсэн бөгөөд сүүлд нь хуучин амрагтайгаа эргэж нийлж, нэг охинтой болжээ. Охин Мона (Стивийн төрсөн дүү) нь хожим алдартай зохиолч болсон бөгөөд бидний сайн мэдэх "Симпсоны гэр бүл" хүүхэлдэйн киноны зохиолыг бичжээ. Харин Стив Жобс "Apple Inc" компанийг үүсгэн байгуулсан билээ.

Тэр хүсээгүй хүүхэд

2 Өргөмөл

Стивийг Клара болон Пол Жобс гэх хүмүүс өргөж авчээ. Уг хосууд нь олон жилийн турш хүүхэдтэй болохыг хүсч мөрөөдөж, хичээж явсан ч, Клара хүүхэд тээх боломжгүй байсан тул хүүхэд өргөж авахаар шийдсэн байжээ. Тиймээс хосууд 1955 онд гэр бүл болсноосоо хойш 9 жилийн дараа хүүг өргөж авч Стив Жобс хэмээн нэр өгчээ. 

Өргөмөл

3 Жобсыг ээж нь өргүүлэхдээ дурамчхан байсан

Стивийн ээж Жоанна төрөхөөсөө өмнө хүүхдээ коллеж төгссөн, эрдэм мэдлэгтэй хуульчийн гэр бүлд өргүүлэхээр ярьж, тохирсон байжээ. Гэтэл хүүг төрсний дараа хуульчийн гэр бүлийнхэн бодлоо өөрчилж, охин өргөж авсан тул Жоанна яахаа мэдэхээ больжээ. Харин ахлах сургуулиасаа гарсан Пол, номын худалдаачин Клара нар түүний хүүг өргөж авахыг хүссэн байна. Хүүгээ боловсрол нимгэн тэдэнд өргүүлэхийг хүсээгүй боловч, яах ч аргагүй байдалд орж, тэднээс Стивийг заавал коллежид сургана гэх амлалт авсны эцэст өргүүлсэн байна.

Доорх зурган дээрээс Стив Жобсыг өргөж аван, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн аав ээж хоёрыг нь харж байна.

Жобсыг ээж нь өргүүлэхдээ дурамчхан байсан

4 Муухай ааштай хүүхэд байсан

Стивийг өргөж аваад Пол, Клара хоёр юугаар ч дутаалгүй сайн сайхан өсгөхийн тулд байгаа бүхнээ түүнд зориулсан юм. Харин Стив жил ирэх тусам муухай ааштай, зөрүүд нэгэн болж, аав ээжийгээ их зовоодог байсан тухай Клара сүүлд дурсан ярьж байжээ. Ердөө 2 настай байхаасаа өөрийнхөөрөө зөрүүдлэж, хэрэг тарьдаг болсон бөгөөд Клара "Яах гэж энэ хүүхдийг өргөж авсан юм бол?..." гэж хаяа боддог байсан гэдэг.

Муухай ааштай хүүхэд байсан

5 Сургууль дээрээ үргэлж асуудал тарьдаг байсан

Стивийг сургуульд орохоос өмнө ээж нь бичиг үсэг зааж, аав нь тог, цахилгаантай хэрхэн харьцах ёстойг сургажээ. Харин тэрээр сургуульд ормогцоо байнга хэрэг тарьж, аав ээжийнхээ чихнээс хонх уядаг болсон байна. Стив сургуульд ороод Рик Фарентино гэх хүүтэй найзалсан бөгөөд тэд хамтдаа сахилгагүйтэж, үргэлж сургуулийн захиргаанд дуудагдаж, шийтгүүлдэг байжээ. Тэд хүүхдүүдийн унадаг дугуйны түгжээг солих, багш нарын ширээний доор тэсрэх бодис тавих гэх мэт хэний ч санаанд буумгүй зүйлсийг сэдэж, бусдын дургүйг хүргэдэг байв.

Сургууль дээрээ үргэлж асуудал тарьдаг байсан

6 Сурсныхаа төлөө шагнуулдаг байсан

Тэрээр хичээлдээ тэгтлээ анхаарлаа хандуулж, хичээж мэрийхйиг хүсдэггүй нэгэн байжээ. Харин 4-р ангид ороход нь Имогена Тедди Хилл гэх нэртэй сургуулийнх нь багш түүнд сурах хүсэл эрмэлзлэлийг бий болгож өгсөн гэдэг. Түүний багш Стивийг хичээлээ хийсний төлөө 5 доллар өгч урамшуулдаг байсан бөгөөд хичээх тусам урмаар тэтгэж, илүү нээлттэй, өргөн цар хүрээнд сэтгэх боломжийг олгожээ. Стив түүний тухай ярихдаа: "Сургуульд сурч байсан цаг хугацаа миний амьдралын хамгийн сайхан он жилүүд байсан. Түүний миний төлөө хийсэн бүхэнд би цаг ямагт талархдаг" гэсэн байна.

Сурсныхаа төлөө шагнуулдаг байсан

7 Тэр маш ухаалаг байсан учир 2 анги алгассан

Дээр дурдсанчлан гайхалтай багшийн ачаар Стив өөрийнхөө чадварыг нээж, хичээлдээ шамдаж, сургуульдаа толгой цохиж эхэлжээ. Түүнээс ахлах сургуульд элсүүлэх шалгалт авахад төвөггүй тэнцсэн бөгөөд 2 анги дэвшиж сурч болно гэх хариуг сургуулийн захиргаанаас гаргасан байна. Үүнийг сонссон ээж аав хоёр нь ихэд гайхширчээ. Тэд хүүгээ хичээлдээ сайн, ухаалаг гэдгийг нь мэдэж байсан ч, бүхэл бүтэн 2 анги алгасна гэдэгт эргэлзэж, зөвхөн нэг анги алгасахыг зөвшөөрөн, "Crittenden"-ийн дунд сургуульд оруулжээ. Хэдийгээр Стив ангийнхнаасаа нэг насаар дүү байсан ч, хамгийн шилдэг сурагч нь болж чадсан юм.

Тэр маш ухаалаг байсан учир 2 анги алгассан

8 Сургуулийнхандаа гадуурхагддаг байсан

"Crittenden"-ийн дунд сургуульд сурдаг байхад түүнийг хүүхдүүд гадуурхаж, үргэлж шоглодог байжээ. Ердөө 11 настай хүүхдэд энэ нь хүндээр тусч, нэг өдөр хичээлээсээ ирээд аав, ээждээ сургуулиа солих юм уу, эсвэл гармаар байгаа тухайгаа хэлсэн байна. Аав, ээж нь хүүдээ ямар хэцүү байгааг ойлгож, Лос Алтос хот руу нүүж, Стивийг "Cupertino" сургуульд оруулжээ.

Сургуулийнхандаа гадуурхагддаг байсан

9 Зуны ажлын санал хүлээж авсан

Түүнийг 12 настай байхад электрон, технологи сонирхох хүсэл нь бүр их нэмэгджээ. Удалгүй тэрээр цахим тоолох машин зохион бүтээсэн бөгөөд үүнийг нь "Hewlett-Packard" цахилгаан хэрэгслийн компани олж мэдэн, түүнтэй холбоо барьж, бүтээлээ зарах эсэхийг нь лавласан байна. Харин Стив тэдний саналаас татгалзсан тул түүнийг зуны ажилд урьжээ. Нэрт зохион бүтээгч эр энэ тухай ярихдаа: "Тэр зун би маш их зүйлийг сурч авсан. Жоохон хүү байсан ч гэлээ, надад их туршлага болсон" гэж хэлж байжээ.

Зуны ажлын санал хүлээж авсан

10 Хууль бус бизнес

Стив өөрийн гэртэй ойролцоо амьдардаг Возниак гэх хүүтэй найз болж, сонирхлоороо нэгдэн, олон зүйлсийг турших болжээ. Тухайн үед Возниак коллежид сурдаг байсан бол, Стив ахлах сургуулийн сурагч байв. Хэдийгээр тэд 5 насны зөрүүтэй байсан ч, сайн найзууд болж, “Blue boxes” гэх төхөөрөмжийг зохион бүтээж, худалдаж эхэлжээ. "Blue boxes" нь ямар нэгэн мөнгө төлөлгүйгээр, хэрэглэгч дэлхийн хаа нэгтээ байгаа хүссэн хүнтэйгээ холбогдох боломжийг бий болгосон, гар аргаар бүтээсэн төхөөрөмж юм. Гэвч энэ нь хууль бус байсан бөгөөд утасны кодыг зайнаас эвдэн нэвтэрч, үнэгүй ярих боломж олгодог байжээ. Тэрээр "Blue boxes" байгаагүй бол "Apple" гэж компани байхгүй байсан хэмээн дурсамжаасаа хуваалцаж байсан удаатай юм.

Хууль бус бизнес

11 Бага байхдаа өөрийгөө өргөмөл гэдгийг олж мэдсэн

Түүний өргөмөл аав, ээж болох Пол, Клара нар түүнээс өргөмөл гэдгийг нь анхнаасаа нууна гэж бодоогүй бөгөөд том болж, аливаа зүйлсийг ойлгодог болсон цагт хэлнэ гэж төлөвлөж байжээ. Гэтэл нэг өдөр Стивд хөрш айлын охин өргөмөл болохыг нь хэлж, төрсөн эцэг эх нь голоод орхисон гэжээ. Энэ нь түүнд хүндээр тусч, аав ээжээсээ лавлаж асуухад хүргэсэн байна. Харин Пол, Клара нар хүүдээ энэ бүхнийг маш зөв талаас нь тайлбарлаж, Стив тэдэнд ирсэн ямар гайхалтай, үнэ цэнэтэй бэлэг болохыг ойлгуулжээ. Тэр мөчөөс хойш Стив өөрийгөө нэг ч удаа хаягдаж, орхигдсон нэгэн гэж мэдэрч байгаагүй гэдэг.

Бага байхдаа өөрийгөө өргөмөл гэдгийг олж мэдсэн

12 Их ганцаардмал нэгэн байсан

Тэрээр сургуульдаа хэн нэгэнтэй найзалж, нөхөрлөдөггүй байжээ. Учир нь түүний сонирхол хэн нэгэнтэй найзалж, нөхөрлөх бус, харин ямар ч хамаагүй зүйлсийг туршиж үзэх байв. Стив сургуулийнхаа электрон клубт нэгдэж, сонирхол нэгтэй хүмүүстэй үзэл бодлоо солилцож, олон зүйлсийг сурч авчээ. Үүнээс гадна, түүний хувьд урлаг, уран зохиолд их сонирхолтой байсан төдийгүй классик кинонуудыг сонирхож үзэх дуртай байсан гэдэг. Мөн усанд сэлэлтийн бэлтгэлд хамрагдаж байсан ч, эцэст нь болихоор шийдэж, бүрээ хөгжим тоглож, хамтлаг байгуулж байжээ. 

Их ганцаардмал нэгэн байсан

13 Ангийнхан нь түүнийг хачин гэж боддог байсан

Түүний ангийнхан бүгдээрээ Стивийг хачин гэж боддог байв. Үргэлж сонин жигтэй зүйлс хийж, хачин авирладаг учир ангийнхан нь түүнтэй харицахаас цааргалж, дургүйцдэг байжээ. Харин Стивд энэ нь тийм ч сонин биш байсан бөгөөд хоббиндоо хөтлөгдөн, өдрийн ихэнх цагийг туршилт хийхдээ зарцуулдаг байсан гэнэ.

Ангийнхан нь түүнийг хачин гэж боддог байсан

14 Сонирхолтой ажил

Стив ахлах сургуулиа төгссөний дараа мөнгө олохоор цагийн ажил хийх болсон юм. Түүний хийх ажил нь "Alice in Wonderland" киноны баатруудын дүрд хувирч, "Westgate" дэлгүүрийн урд зогсох байжээ. Харин түүний найз болох Возниакт мөн мөнгөний хэрэг гарсан тул Стивтэй хамт уг ажлыг хийдэг байв. Тэдний хийсэн ажлын цалин нь цагийн 3 доллар байсан бөгөөд Стив "Alice"-ийн, Возниак "Цагаан туулай"-ны дүрд хувирч байжээ.

Сонирхолтой ажил

15 Хоолны мөнгө олох гэж ундааны шил цуглуулдаг байсан

Стив 17 настайдаа Портлэнд дэх коллежид орсон боловч, 6 сар сураад, өөрийн хүсэлтээр гарсан юм. Сургуулиас гарах болсон шалтгаанаа тэрээр сургалтын төлбөрт эцэг эхийнх нь хамаг хурааж хуримтлуулсан мөнгө урсаж, хариуд нь олигтой зүйл зааж сургахгүй байна хэмээн хэлж байжээ. Сургуулиа орхисон Стив жил хагас хиртэй коллежид чөлөөт сонсогчоор хичээлд суун, Кока Коланы шил түүж, хоолныхоо мөнгийг олж, ангийнхаа хүүхдүүдийн нийтийн байрны шалан дээр хоног төөрүүлдэг байжээ. Гэвч тэрээр энэ үеээ эргэн санахдаа "Миний хамгийн гэрэл гэгээтэй үе" хэмээн хэлж байв.

Хоолны мөнгө олох гэж ундааны шил цуглуулдаг байсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()