“APU”-чууд Соёлоороо Гоёно

2017-02-24, 13:59
2,957

Монголчууд бид дэлхийд гайхагдсан бахархам түүхт ард түмэн, өнө эртнээс уламжлагдан соёлын үнэт өвийг тээж ирсэн нүүдэлчдийн үр сад . Тэр ч утгаараа нүүдэлчин ард түмний жаран жарныг өртөөлөн өнөөгийн бидэнд ирсэн бүхэн маш их үнэ цэнтэй учраас танин мэдэж, үр хүүхэд, хойч ирээдүйдээ үлгэрлэн түгээх үүрэгтэй билээ.

“APU”-чууд Соёлоороо Гоёно

Тухайлбал ардын урлагийн арвин сан хөмрөг, алтан хуудсаар бичигдэх аугаа эзэнт гүрний түүх, үлгэр домог, шүлэг найргийн сор дээжүүд, уламжлагдан ирсэн хөгжим зэмсэг, түүхийн олон арван дурсгалууд, бидний өвөг дээдсийн ур ухаанаа шингээсэн эдлэл хэрэглэлүүд, хосгүй сайхан босоо бичиг, хэл соёл гээд дундаршгүй их далай мэт сантай, сан нь улам арвижсаар байгаа их өвийг өвлөн авсан эзэд юм.

Тийм ч учраас APU компани өөрийн үзэл баримтлалдаа “ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛ”-аа хайрлан хамгаалах, хойч үедээ түгээх үйлсэд хувь нэмрээ оруулахаар тусгасан байдаг. Үүний дагуу 2017 оныг компанийн хэмжээнд “Төгөлдөр Төсөл” -ийн хүрээнд “Соёлоороо гоёно” уриатайгаар эхлүүлж, Үндэсний Дуу Бүжгийн Түмэн Эх чуулгатай хамтран “Гал Тахиа” жилийнхээ босгон дээр уламжлалт соёлын дээжүүдээс ажилчдадаа танилцуулах, үзүүлэх тоглолтыг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж хамт олноо хамруулсан билээ.

Уг хөтөлбөрийн дагуу Монгол ардын уртын дуу, Морин хуур хөгжим (Икэл хуур), Монголчуудын гайхамшигт оюун санаагаар улам хөгжиж, өнөөгийн бидэнд өвлөгдсөн “Хүрээ цам” гэх мэт олон сонирхолтой өв соёлуудыг шимтэн сонирхож, судлан таних боломжийг олгосон юм. Энэхүү бидний эхлүүлсэн ажлыг бусад аж ахуй нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаандаа тусган авч, өв соёлтойгоо танилцаж, хамт олноороо СОЁЛООРОО ГОЁЦГООЁ хэмээн уриалж байна!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.