1
Хүүхэддээ эрсдэл хүлээх боломж өгдөггүй
Бид алхам тутамдаа аюул осолд өртөж болзошгүй нийгэмд амьдарч байна. Тиймээс аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавих нь эцэг эхчүүдийн нэн тэргүүний зорилго болдог. Гэхдээ үүнийг хэтрүүлбэл хүүхдэд муу нөлөө үзүүлдэг ажээ. Европын сэтгэл зүйчид гадаа тоглож, өвдгөө шалбалж үзээгүй хүүхэд хожим нь ямар нэг эмгэгтэй болдгийг олж тогтоосон билээ. Хүүхэд олон удаа унаж байж алхаж сурдаг, өсвөр насныхан үеийнхэнтэйгээ үерхэж, хайр, хагацал гэдгийг туулж, ухааждаг. Харин эцэг эхчүүд ийм боломж олгодоггүй бол хүүхдийнхээ зөрүүд занг дэвэргэж, хувиа бодсон хүн болгож хувиргадаг ажээ.
2
Хэтэрхий хурдан тусламж үзүүлдэг
Эцэг эхчүүд хүүхдийнхээ асуудлыг өмнөөс нь шийдэж өгдгөөс болоод өнөөгийн тэд 30 жилийн өмнөхөөс тэс ондоо болсон. Ямар нэгэн бэрхшээл тулгарах үед нь эцэг эхчүүд хэтэрхий хурдан гүйж очин, тусладгаас болоод хүүхэд өөрийн толгойгүй, хатуу бэрхийг үзэлгүй өсч хүмүүжиж байна. Яваандаа тэдний толгойд "Би бүтэлгүйтвэл том хүн ирээд надад туслана. Тэгээд цаашид гарах үр дагаврыг нь шийдээд өгчихнө" гэсэн бодол бат сууж эхэлдэг. Гэвч бодит байдал ямар байдгийг та мэднэ шүү дээ. Тэгээд ч удирдагч хүнд бусдын тусламжгүй аливааг гүйцэтгэх чадвар хамгийн их хэрэгтэй байдаг билээ.
3
Хэтэрхий их магтан хөөргөдөг
Хүүхдийг урамшуулах тогтолцоо 1980-аад оноос сургалтанд нэвтэрч эхэлсэн юм. Жишээ нь сагсны тэмцээнд хүүхэд бүрт медаль өгнө. Ингэснээр хүүхэд өөрийгөө онцгой мэтээр мэдэрч болох ч, сүүлийн үеийн судлаачид энэ арга муу үр дагавар авчирдгийг тогтоосон байна. Хүүхэд өөр бусад хүмүүс биш ээж, аав нь л өөрийг нь онцгой, мундаг гээд байхаар яваандаа эцэг эхийнхээ үнэнч шударга байдалд эргэлзэж эхэлдэг ажээ. Жижиг сажиг үйлдэл бүрийг нь магтан хөөргөөд байхаар хүүхэд аажимдаа дүр үзүүлж, худлаа хэлж сурдаг. Тэд бодит байдлаас зугтаж, үнэнтэй нүүр тулахаас зайлсхийж сурч байгаа нь энэ юм.
4
Эцэг эхийгээ цаг үргэлж хайрлах ёстой
Хүүхэд ээж, аавыгаа цаг, минут бүр хайрлах албагүй. Хүүхэд сэтгэлээр унаж болох ч, энэ байдал нь удаан үргэлжлэхгүй тул хэрэгтэй үед нь "Үгүй", "Болохгүй", "Одоо цаг нь биш" гэх зэрэг үгсийг хэлж байх нь зүйтэй. Ихэвчлэн олон хүүхэдтэй айл хүүхдээ хүссэн зүйлээр нь шагнаж, урамшуулдаг. Харин хэн нэгэн нь сайн зүйл хийсэн бол ганцыг нь магтаад бусдыг нь үлдээх нь буруу гэж боддог. Ингэснээр хүүхэд эцэг, эхийнхээ үзэмжинд тааруулж, шагнал авахыг хүсдэг болно. Тиймээс хүүхэд сайн дүн авсан бол дэлгүүр авч явах хэрэггүй. Материаллаг шагнал аваад сурчихсан хүүхэд хүсэл зорилгогүй болж, буцааж нэхэхгүй хайр гэж байдгийг мартах ажээ.
5
Эцэг эхчүүд алдаагаа нуудаг
Зөв өсч хүмүүжиж яваа өсвөр насныхан бүгд л далавчаа дэлгэн, өөрсдөө нисэхийг хүсдэг. Эцэг эхчүүд нь ч үүнийг зөвшөөрөх ёстой юм. Гэхдээ мэдээж хязгаартай байх хэрэгтэй. Үүний тулд та хүүхдийнхээ насан дээр байхдаа ямар алдаа гаргаж байснаа ярьж өгвөл тэднийг зөв сонголт хийхэд нь туслах юм. Гэхдээ муу үлгэр дуурайлал үзүүлэх зүйлээ ярьж болохгүй. Архи уусан, тамхи татсан гэх мэт. Мөн хүүхэд гаргасан шийдвэр нь ямар үр дүнд хүрэх, ямар нөлөө үзүүлэх тухай мэддэг байх ёстой. Тиймээс та төстэй зүйл үзэж туулснаа, яагаад ийм шийдвэр гаргасан, ямар үр дүнд хүрсэн, юу ойлгож авснаа ярьж өгөөрэй. Эцэг эхчүүд хүүхэддээ мэдээж нөлөөлөх ёстой. Гэхдээ зөвхөн сайнаар нөлөөлөх ёстой юм шүү.
6
Хүүхдээ оюун ухааны чадамж, авьяас чадвараар нь тодорхойлдог
Хүүхдийг оюун ухааных нь чадамжаар амьдралд бэлэн эсэхийг нь тооцдог. Гэхдээ энэ нь буруу юм. Хичнээн сайн тамирчин байлаа ч, хичнээн авъяастай жүжигчин байлаа ч, тэдний амьдралд асуудал тулгардаг. Тэд бүгдийг зөв шийдэж чаддаггүй шүү дээ. Тиймээс хүүхдээ авьяастай, эсвэл ухаантай гээд хариуцлага хүлээх чадвартай хэмээн бодож, хэтэрхий их эрх чөлөө олгох хэрэггүй. Миний хүүхэд онцгой юм чинь бусдаас өөр гэж бодохын оронд үеийнхэнтэй нь харьцуулж, бусдаас хэт хоцроохгүй, хэт түрүүлүүлэхгүй байх нь зүйтэй.
7
Эцэг эхчүүд хүссэн шигээ байдаггүй
Эцэг эх болохын хувьд та бүхэн хүүхэддээ ямар амьдрал хүсдэг вэ, яг түүгээрээ үлгэрлэх хэрэгтэй. Хүүхдүүдээ төлөвшсөн, өөрийн гэсэн үзэл бодолтой, үг, үйлдэл бүртээ итгэл даахуйц хүн болгохын тулд та л хичээх ёстой юм. Тиймээс гэртээ байхдаа та зөвхөн үнэнийг ярьж байгаарай. Ёс зүйн хувьд бяцхан ч гэсэн, алдаа гаргахаас болгоомжил. Учир нь хүүхэд юуг ч алдалгүй ажиглаж, мэдэж байдаг. Тэгээд ч таны алхам бүрийг өчүүхэн ч зөрүүгүй хуулбарлаж байдаг билээ.
Та ч бас хүүхдээ хүмүүжүүлэхдээ ямар алдаа гаргаж байснаа, ямар зөв зүйтэй зүйл хийснээ бидэнтэй хуваалцаж, бусаддаа туслаарай.