Бидний зүүдлэдэг зүүд ямар учиртай вэ?

Таны зүүд зөнтэй юу? Та зүүдээ манаж байсан уу? Зүүд бол хүмүүсийн тайлж чаддаггүй нууцлаг үзэгдлийн нэг юм. Олон хүн зүүдийг зөв тайлж чадвал элдэв бэрхшээл, саад тотгороос зайлж чадна гэж үздэг. Тэгвэл бид танд хүмүүсийн хамгийн түгээмэл зүүдэлдэг, мөн учир нь бүрэн тайлагдсан 15 зүүдийг хүргэж байна. Та нийтлэлийг маань уншаад өөртөө юу тохиолдохыг, мөн аливааг хэрхэн шийдэхээ олж мэдээрэй.

Бидний зүүдлэдэг зүүд ямар учиртай вэ?

1 Олны өмнө нүцгэн байх

Олон хүний нүдэн дээр ямар ч хувцасгүй, ичгүүртэй байдалд орж байгаагаар зүүдэлбэл та юу нууж байгаа талаараа бодох хэрэгтэй. Нүцгэн, ичмээр мэдрэмж төрөх нь таны нуух гэсэн ямар нэг зүйл ил болох гэж буйг сануулж байгаа юм. Таны нууц ажилтай холбоотой бол удирдлагадаа урьдчилаад мэдэгдэх хэрэгтэй. Хүн болгон алдаа гаргадаг. Тиймээс та даргадаа юун дээр алдсанаа хэлээд, дахин алдахгүй гэдгээ ойлгуулах нь зүйтэй. Мөн өөртөө итгэлгүй болох, бухимдаж сандрах үед ийм зүүд зүүдэлдэг ажээ.

Олны өмнө нүцгэн байх

2 Яс хугарах

Ямар нэг эд эрхтэнээ хугалж байна гэж зүүдэлбэл таны амьдрал тэнцвэргүй болсны шинж. Та ажилдаа хэт их анхаараад гэр бүлээ орхигдуулсан байж болно. Эсвэл шинэ хайрттай болоод найз нөхдөө мартчихсан байж мэдэх юм. Харин дээрх зүүдийг зүүдэлсэн нь энэ нөхцөл байдлаа өөрчлөхийг хүсч байгаагийн илрэл билээ. Тиймээс жаахан тайвширч, сэхээ авч, эргэн тойрноо нэг хараарай.

Яс хугарах

3 Унах

Өндрөөс унаж яваад гэнэт сэрэх шиг аймшигтай зүүд гэж ховор билээ. Энэ үзэгдлийг "Hypnagogic Jerk" гэж нэрлэдэг бөгөөд сэргэг унтаж байх үед булчин таталдсанаас болж тохиолддог ажээ. Сэргэг унтах нь стресс, хямрал, бухимдлаас болдог ба үүний зэрэгцээ кафейн болон чихрийнхээ хэрэглээг багасгах нь зүйтэй юм. Мөн унтахын өмнө согтууруулах ундаа, кофе, цэвэр шоколад, халуун ногоо болон хүнд хоолноос зайлсхийх хэрэгтэй. Эдгээр зүйлийг хэрэглэвэл хүний хоол шингээх үйл ажиллагаа муудаж, хүн унтаж чаддаггүй ажээ.

Унах

4 Хайрт тань араар тавих

Ингэж зүүдэлбэл сандрах хэрэггүй. Таны хайрт таныг хуураагүй. Харин ч сайн байгаагийн шинж. Ийм зүүд ихэвчлэн таныг хайртдаа хууртах вий гэж айж байгааг илтгэдэг. Ихэвчлэн урьд нь хайртай хүндээ хууртаж байсан хүмүүс айдсаасаа болж ингэж зүүдэлдэг аж. Энэ төрлийн зүүд нэлээд түгээмэл тохиолддог бөгөөд ихэнхидээ биелэдэггүй юм. Таны хайрт урьд нь араар тавьж байснаа танд хэлсэн бол, эсвэл та урьд нь хайртыгаа хуурч байсан бол оюун бодолд тань итгэлцлийн асуудал байна гэсэн үг юм.

Хайрт тань араар тавих

5 Ажлынхаа хүнтэй секс хийх

Ажлынхаа хүнтэй унтаж байна гэж зүүдлээд та сандарч, айж магадгүй. Тэгвэл ажлынхаа хүнтэй ажил хэргийн харилцаагаа сайжруулах хэрэгтэй юу, тэр хүнтэй дотно харилцаа үүсгэснээр танд ямар нэг ашигтай юу гэсэн асуулт өөртөө тавиад үзээрэй. Эсвэл хамтран зүтгэгчтэйгээ дотно харилцаанд орсноор таны ажил хэрэг урагшилж, тушаал дэвших боломжтой юу гэж өөрөөсөө асуу. Тэгвэл таны зорилго, бодол санаа тодорхой болох юм. 

Ажлынхаа хүнтэй секс хийх

6 Сүнс, нас барсан хүн

Сүнс зүүдлэх нь мэдээж аймшигтай. Гэхдээ сүнс нь идэвхигүй, бодит бус байдлыг төлөөлдөг. Тиймээс энэ зүүд таныг аливаа зүйлд бүхий л хүчин чадлаа зориулахгүй байна, сүнс шиг идэвхигүй амьдарч байгааг сануулах дохио юм.

Сүнс, нас барсан хүн

7 Аалз, аалзны шүлс

Иймэрхүү зүүдний хувьд та яг юу зүүдэлснээ сайтар бодох хэрэгтэй. Хэрэв аалзны торонд орооцолдсон байгаагаар зүүдэлбэл та юм уу, таны ойр дотны хүн ямар нэг занганд унаж болзошгүй. Аалз таныг хазаж байгаагаар зүүдэлбэл та сэтгэлийн шарх олж мэдэх юм. Аалз зүүдэлсэн үедээ хамгийн чухал гэсэн харилцаандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Тэр хүнтэйгээ харилцаа таарамжгүй байх үедээ ингэж зүүдэлсэн бол цаад хүн тань үнэхээр итгэж болох хүн мөн үү, зүгээр л сэтгэлээ хуураад байгаа юм биш биз? хэмээн өөрөөсөө асуугаад үзээрэй.

Аалз, аалзны шүлс

8 Шүд унах

Шүд унаж байна гэж зүүдлэх нь гутарч, бухимдсан байгаагийн илрэл юм. Ингэж зүүдэлсэн хүмүүс ихэвчлэн жирийн үеэсээ илүү хямарч, эрч хүчгүй болсон байдаг бөгөөд амьдралдаа сэтгэл хангалуун бус болсон байдаг. Ийм үед та сэтгэл зүйч юм уу, дотны хүнтэйгээ ярилцаж, сэтгэлээ уудлаарай. Ингэж зүүдлэх нь таны далд ухамсар ингэхээ боль гэж хэлж байгаа хэрэг ажээ.

Шүд унах

9 Зугтах

Ямар нэг аюул тохиолдсон үед зугтаж чадахгүй байх нь бас нэг төрлийн аймшигтай зүүд юм. Ийм зүүд маш түгээмэл тохиолддог. Үүний гол учир нь хөл бол зорилго, төлөвлөгөөг илэрхийлдэгт оршино. Зугтах гэсэн ч хөл хөдөлж өгөхгүй байх нь таны амьдралд ямар нэг саад тотгор байгааг илтгэж байгаа юм. Тиймээс ингэж зүүдэлсний маргааш та юу хүсч байгаагаа, мөн хүслээ биелүүлэхэд юу саад болж байгааг сайтар бодох хэрэгтэй билээ.

Зугтах

10 Хоцрох

Олон хүн нойрноосоо болоод ажлаасаа юм уу, чухал хурал уулзалтаас хоцорч байгаагаар зүүдэлдэг. Эсвэл галт тэрэг, онгоцноосоо хоцрох юм уу, хайртай хүнийхээ төрсөн өдрийг мартаж зүүдэлдэг. Энэ нь эргэн тойрны хүмүүс танд хэтэрхий их дарамт үзүүлж байгааг илтгэнэ. Тиймээс та хүмүүсийн санаа бодлыг бус өөрийн хүссэнээрээ амьдрах хэрэгтэй. Та санаа зоволгүй, жаргалтай байхыг хичээгээрэй.

Хоцрох

11 Хулгайч

Үүний ард хоёр шалтгаан байх бөгөөд нэгдүгээрт, ойр дотны хэн нэгнээсээ та эмээсэн байж болно. Гэхдээ зүүдэн дэх хулгайчийг хэн болохыг нь тодорхойлох гэж оролдох хэрэггүй. Оронд нь хулгайч хаана байгааг тогтоож авах нь зүйтэй. Хулгайч хаана байгааг мэдсэнээр хаана асуудал тулгарч болзошгүйг олж мэдэх юм. Хоёрдугаарт, хулгайч таны мартаж, орхигдсон ямар нэг авьяас, чадварыг төлөөлдөг. Тиймээс урьд нь дуртай байсан ч, сүүлийн үед хийж чадахаа больсон зүйлээ дахин оролдох хэрэгтэй юм.

Хулгайч

12 Живэх

Живж байна гэж зүүдэлбэл айх шаардлагагүй. Ердөө өөрийнхөө ухамсар руу шагайн, тайвшрал хайж байгаа хэрэг. Ихэвчлэн дэндүү завгүй, амсхийх чөлөөгүй байгаа хүн ийм зүүд зүүдэлдэг. Эсвэл ямар нэг зүйлээс зайлсхийж явааг харуулна. Тиймээс сэрүүн байхдаа ямар бэрхшээлээс зугтаж, нүүр тулахгүйг хичээж яваагаа бодоорой. Таны ухамсар дааж давшгүй их ажил хүлээн авсныг энэ зүүдээр дамжуулан хэлэх гэж оролдож буй хэрэг бөгөөд та дарга дээрээ очоод ичиж зоволгүй, ажлаа багасгаж өгөхийг гуйх хэрэгтэй.

Живэх

13 Төөрөх

Хоёр янзын төөрсөн зүүд байдаг. Эхнийх нь та өөрөө төөрөх. Ямар нэг төөрдөг байшинд юм уу, үл таних газар төөрч, гацсан бол шууд утгаар нь тайлбарлаж болно. Та амьдрал дээр замаа олохгүй, төөрч будилж яваа ажээ. Тиймээс бодит байдалтай нүүр тулж, асуудлыг шийдэх нь зүйтэй. Харин хоёр дахь нь ямар нэг зүйлээ гээх. Энэ нь таныг бусдын итгэлийг алдах вий, өөрийн хэн гэдгээ таниулж чадахгүй байх вий гэсэн айдсын тусгал ажээ.

Төөрөх

14 Дотны хүнтэйгээ муудалцах

Ингэж зүүдэлбэл та зүүдэнд байсан хүнтэйгээ шуудхан ярилцах хэрэгтэй. Найз бол найзтайгаа, гэр бүлийн хүн бол түүнтэйгээ ярилцаж, асуудлаа шийд. Мөн бодит амьдрал дээр ийм асуудал үүсэхээс сэргийлэх хэрэгтэй. Хүнтэй ярилцахдаа болгоомжтой, хянуур байж, элдэв сөрөг үг хэлэхгүй байсан нь дээр.

Дотны хүнтэйгээ муудалцах

15 Ертөнцийн төгсгөл

Ертөнц сөнөнө гэж зүүдлэх нь ийм зүйл тохиолдоно гэсэн үг биш. Харин таны амьдралд саяхан томоохон өөрчлөлт тохиосон бөгөөд та хараахан дасч амжаагүй байгааг илтгэж байгаа юм. Дэлхийн сүйрэл өөрчлөлтийг төлөөлөх бөгөөд та зохицож амжаагүй, юу хийхээ мэдэхгүй байгаа хэрэг. Өөрчлөлтөөс болоод та хойшид сандарч, бухимдаж мэдэх ч, амьдрал гэдэг баялаг. Бид бүгд л сайн, муу зүйлтэй нүүр тулж, хүссэн хүсээгүй даван гардаг шүү дээ.

Ертөнцийн төгсгөл

Та аль алийг нь зүүдэлж байсан бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()