Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
13-р зууны үед Алтан шармал болд дуулга, алтан тольт гаравч болон хүр хорхойн шүлсээр ээрч хэрсэн бамбай, тэмээн тушиман төмөр ялтас бүхий мөрөвч, ташаавч, хуяг зэрэг уран нарийн хийц бүхий өмсгөлтэй байгаагаар бүтээжээ. Эдгээр өмсгөл нь Өндөр тэргүүн жанжны хэргэмийг илтгэж байгаа аж. Шигширэгт молцог, цацаг бүхий ганган тансаг хөмөлдрөг, хударгаар гоёсон омголон догшин хүлэг морь, хөнгөө хуяг болон нум сум зэргээр холд мэргэн харваач, ойрд шаламгай дайнч байдлыг нь илтгэж бүтээв.
Мэргэн харваач, манлай жанжин учир өөртөө итгэлтэй, шаламгай түргэн дүр төрхтэйгөөр дүрийг нь бүтээв. Хүчит урт гичир, нарийн хийц бүхий эвэр элэгт нум сум болон хоромсог саадаг нь түүнийг Мэргэн харваач байсныг илтгэж буй юм. Мөн алтан агсарга бүснээс нь унжсан саадаган дахь сумны чимгийг бар, ирвэсийн сүүлээр хийснээс нь үзвэл Зэв жанжны мэргэн харваачаас гадна өндөр хэргэм зэрэгтэй байсныг бүрэн илтгэнэ. Мөр, ташаа, биеийн хуяг нь хөнгөө буюу тэмээн тушимаас бүтдэг учир бат бөх, дайн тулаанд хөнгөн шаламгай, уян чөлөөтэй эргэхэд нэн тохиромжтой байдаг. Энэ нь Монгол харваачийн гол хуяг дуулганы нэг билээ.
Эр чадлаар хэтийдсэн өргөн цээж, хурц шанаа, алсыг ширтсэн мэлмий зэргээс Мухулай жанжныг төрөлхийн баатар дүр төрхтэйг нь харуулж буй юм. Дугуй алтан магнайвч бүхий болд дуулга, алтан сурвууны халх бүхий хараавч /гаравч/ алтан зүрхэн толь зэрэг нь түүний ноён хэргэм зэргийг илтгэнэ. Хүнд ялтсан хуяг ташаавч нь ойрын тулаанд сайн хамгаалдаг тул түүний эрэмгий баатар гэдгийг ч тодотгож харуулж буй юм.
Чингис хааны багын анд язгуур гарал өндөр гэдэг нь түүний алтан бүс, гаравч, илд, эмээл хазаар, хударга хөмөлдрөг, шарга зүсмийн хүлэг морь зэргээр танигдана. Чингис хааны хамгийн үнэнч дотны анд байсныг нь бодолцон инээмсэглэл, итгэл төрүүлэхүйц дулаан дүр төрхтэйгөөр бүтээсэн. Дөрвөн талт цээжмэг бүхий угалзан мөөрөлжин энгэртэй давхар дээл нь Монголын язгууртнуудын дээл хувцас юм. Монгол хүнийг илүү баатарлаг дүр төрхтэй харагдуулахаас гадна нарийн ур хийц нь бусад дээлнээс эрс ялгардаг.
Дорнын наран мандах газраас өрнийн наран жаргах нутаг хүртэл Хамаг Монголын түүхийн хуудсыг бичсэн Эзэнт гүрний их 4 хүлэг баатрын дүрийг сэргээн залж залуу, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлыг Юнител групп болон ДДэштв компани хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Түүхийн болон угсаатан зүйн нарийн судалгаанд үндэслэн бүтээсэн Зэв, Сүбээдэй, Боорчи, Мухулай нарын баатруудын хөрөг зургийн тайлбарын тухай уншигч танд хүргэлээ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.