1
Аймшигт хичээл
1939 онд Айовагийн их сургуулийн судлаачид хүүхэд өссөн орчин, хүмүүжлээс болж ээрдэг гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд үүнийгээ нотлохын тулд асрамжийн газрын хүүхдүүдийг хоёр хуваан туршилт хийжээ. Эхний хэсэг хүүхдүүдэд ямар нэг даалгавар өгөөгүй бөгөөд хоёр дахь бүлэг хүүхдүүдэд үгийг зөв хэлж, дуудаж чадахгүй байна хэмээн тулгаж, зөв ярьж сурах хүртлээ ам нээхгүй байхыг тушаажээ. Гэхдээ тэд бүгд эрүүл саруул хүүхдүүд байсан юм. Хожим 2007 онд амьд гарсан хүүхдүүд их сургуулийг шүүхэд өгч, 925.000 долларын нөхөн төлбөр авчээ.
2
"Project MKUltra"
1950-иад оны эхээр Америк, Канадын насанд хүрэгчид, хүүхдүүдийг тамлан зовоож, эм гаргаж авахын тулд хууль бус туршилт хийсэн юм. Туршилтанд оролцогчдоос ямар ч зөвшөөрөл аваагүй бөгөөд эм өгч, ховсдож, бэлгийн дарамт үзүүлдэг байжээ. Үүний дүнд олон хүн амиа алдсан бөгөөд амьд гарагсад нь сэтгэцийн өвчтэй, эсвэл тархиндаа хүнд гэмтэлтэй болж хоцорсон байна. Тус ажиллагааг АНУ-ын Тагнуулын Төв Газраас удирдан явуулсан билээ.
3
Хотыг хамарсан химийн туршилт
АНУ-ын Тагнуулын Төв Газар болон Тэнгисийн цэргийнхэн хамтарч хэд хэдэн хотод биологийн дайралт хийж, ямар үр дүн гарахыг харахыг хүсчээ. 1950 онд Тэнгисийн цэргийнхэн Сан Франциско хотод маш их хор хөнөөлтэй бактери тархаасан боловч нэг хүн нас барж, олон хүн уушгины сүрьеэ туссан юм. 1955 онд Флорида мужид хөхүүл ханиадны нян тархаасан бөгөөд 12 хүн нас барсан аж.
4
Бүсэлхийнээс доошхи хачин суулгац
Лео Стэнли (Leo Stanley) нь Сан Квэнтиний хорих газрын ерөнхий мэс засалчийн албыг 40 жил хийхдээ хоригдлууд дээр хачин туршилт хийдэг байжээ. Стэнли энэ үйлдлээ "эцэг эх болох эрхгүй" хүмүүс буюу хоригдлуудыг үргүй болгож, ингэснээр гэмт хэрэг буурах болно хэмээн тайлбарладаг байсан бөгөөд нас барсан хоригдлын төмсгийг авч, амьд хоригдлуудад суулгадаг байсан аж. Мөн хонь, ямаа, гахайны төмсгийг ашигладаг байв. Мэдээж хоригдлуудын бие суулгацыг хүлээн авч чаддаггүй байсан ба эмч төмсгийг буцааж аваад нухаж, тариа болгоод хоригдлуудын хэвлий рүү тарьдаг байжээ.
5
Атомын бөмбөгийн туршилт
"Manhattan Project" нэртэй туршилтын үеэр 18 хүнийг плутониор халдварлуулжээ. Энэ явдал Хирошимагийн бөмбөгдөлтөөс нэлээд өмнө болсон бөгөөд АНУ-ын засгийн газар цөмийн зэвсэг хүний биед ямар нөлөө үзүүлдгийг бодитоор туршихыг хүссэн аж. Мөн "Project Oak Ridge" туршилтын үеэр цэргүүдийг туршилтын туулай болгон, плутони тарьжээ. Үүгээр ч зогсохгүй Чикагогийн эмнэлэгт хэвтэж байсан 3 хүнийг, тэр дундаа жирэмсэн эмэгтэйг бас халдварлуулсан байна.
6
Арьс яршуулах туршилт
Хүний биед Б-13 витамин дутагдах үед арьсан дээр яр гардаг бөгөөд нарны гэрэлд хэт мэдрэмтгий болох, арьс гэмтэх, цаашлаад үхэлд хүргэх аюултай ажээ. ХХ зууны эхээр олон сая хүн яр шархандаа баригдаж, нас барсан бөгөөд тухайн үед эрдэнэ шишийн талбайд илэрсэн хорыг энэ явдалд буруутгаад өнгөрсөн юм. Харин 1915 онд энэ өвчнөөр зовж буй Африк гаралтай Америкчуудыг судалж, эрдэнэ шишийн талбай хамааралгүй болохыг нотолсон аж. Эрх мэдэлтнүүд юунаас болж уг өвчин үүссэнийг мэдэж байсан ч, 20 жилийн дараа л нууц нь олонд ил болсон бөгөөд ярших өвчин туссан хүмүүсийн ихэнх нь өнгөт арьстангууд байсан билээ.
7
Холмсбургийн хөтөлбөр
1950-1970 оны хооронд Пенсилванийн их сургуулийн профессор Алберт Клигман (Albert Kligman) Холмсбургийн хорих газрын 320 хоригдол дээр аймшигт туршилт явуулсан юм. Алдарт "Dow Chemical Company", "Johnson & Johnson" компани болон АНУ-ын цэргийн хүчин хоригдлуудад "Agent Orange" бодисыг халдварлуул хэмээн профессорт мөнгө төлсөн аж. Туршилт анхандаа олигтой үр дүн үзүүлэхгүй байсан тул тунг нь 468 дахин ихэсгэжээ. Үүний дүнд хоригдлуудын арьс буцалтлаа түлэгдэж, яр шархандаа баригдсан бөгөөд өөр олон төрлийн өвчин туссан байна. АНУ-ын засгийн газар "Agent Orange" бодисыг биологийн зэвсэг болгон ашиглаж байсан бөгөөд үүнээс болж, олон хүүхэд төрөлхийн халдвартай төрж байсан билээ.
8
Боолын туршилт
Марион Симс (Marion Sims) бол орчин үеийн эмэгтэйчүүдийн өвчин судлалын эцэг гэгддэг нь 1845-1849 оны хооронд хийсэн туршилттай нь холбоотой юм. Тэр өндгөвчний уйланхай буюу манайхны хэлж заншсанаар "киста"-тай боол эмэгтэйчүүдийн үтрээ, давсгийг нь мэдээ алдуулагчгүйгээр салгадаг байжээ. Боол эмэгтэйчүүдэд ямар ч амьд хүний эрх байгаагүй бөгөөд бие махбодь нь өөрсдөд нь хамаарагддаггүй байснаас зарим нь бүр 30 удаа хагалгаанд орж байсан түүхтэй гэнэ. Эмчийг дэмжиж, хүндэлдэг хүмүүс одоог хүртэл эмэгтэйчүүдийг хүссэн үед нь эмчлээд өгөх байсан гэж Симсийг хаацайлдаг боловч боолууд эсэргүүцэх эрхгүй байсан нь үнэн юм.
9
Бэлгийн Замын Халдварт Өвчин (БЗХӨ)
1940-өөд оны үед Америкчууд Гуатимал хүмүүст зориудаар БЗХӨ халдаадаг байснаа 2010 онд хүлээн зөвшөөрсөн юм. Тухайн үед хоригдлууд, цэргүүд болон сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөнүүдэд биеэ үнэлэгчдийг ашиглан өвчин халдварлуулдаг байсан бөгөөд дараа нь шууд тарьдаг болжээ. Бүр асрамжийн газрын хүүхдүүдэд хүртэл өвчин халдаасан төдийгүй өвчлөгчдөөс зөвшөөрөл аваагүй юм. Мөн хэнийг нь ч эмчлээгүй ажээ. Туршилтын зорилго нь гонорей, тэмбүү зэрэг өвчнүүдийг эмчлэх арга гаргаж авахад оршиж байсан юм. Энэ туршилтыг "Олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний төв", "Үндэсний эрүүл мэндийн төв", "Пан-Америкийн дэлхийн эрүүл мэндийн байгууллага", "Гуатималын засгийн газар"-аас зөвшөөрч явуулсан байна.
10
Цацраг идэвхит эмчилгээ
Бага орлоготой, хорт хавдар туссан Африк гаралтай Америкчууд 1960-1971 оны хооронд цацраг идэвхит туяаны эмчилгээний туршилтын туулайнууд болжээ. Өвчтөнүүдэд туршилт гэж хэлэлгүй, эмчилгээ гэж хэлсэн бөгөөд хэнийх нь ч зөвшөөрлийг аваагүй юм. Эмч нарын нэг Роберт Стоун (Robert Stone) буруу зүйл хийж буйгаа мэдэж байсан учир өвчтөнүүдээр гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж авдаг байжээ. Сонирхуулахад нацистууд ч бас ингэдэг байсан билээ. Цацраг идэвхит туяаны түвшин дэндүү өндөр байснаас өвчтөнүүд бөөлжиж, тэсвэрлэшгүй их өвчин, шаналал мэдэрдэг байжээ. Эл туршилт хүйтэн дайны үед ч үргэлжилж, хүүхдүүд болон энгийн иргэдэд хэт ягаан туяа агуулсан хоол өгдөг байсан байна.
11
Номхон далайн хорт туяа
Америкчууд Хирошимагийн бөмбөгдөлтөөс өмнө хэд хэдэн удаа Номхон далайд халуун цөмийн бөмбөгийн туршилт хийж байсан юм. Харин дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1954 онд Маршалын арлууд дээр “Castle Bravo” нэртэй бөмбөг тэсэлсэн аж. Гэвч судлаачид хорт бодис салхиар дамжин, ойрхи арлуудын иргэдэд хүрнэ гэдгийг тооцоолоогүй бөгөөд хүүхдүүд төрөлхийн туяаны хордлоготой, эсвэл хорт хавдартай төрж, энэ нь үеийн үед дамжсан билээ. Дараа нь "4.1" төсөл хэрэгжиж, хорт туяаны үр нөлөөг судлахын тулд туршилтын золиос болсноо огтхон ч сэжиглээгүй иргэдийг нууцаар судалсан юм. Номхон далайн арлын иргэд юу болсныг огт мэдээгүйн зэрэгцээ үеийн үед үр хүүхдүүд нь бамбай булчирхайн хорт хавдраар зовж тарчилж байгааг нүдээр үзсээр ирсэн байна.
12
Аймшигт эмч
Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы эзэн хааны армийн биологи, химийн зэвсгийн 731-р ангийн тэргүүн Широ Иши (Shiro Ishii) гэгч нь дэлхийн хамгийн аймшигтай эмч нарын тоонд зүй ёсоор багтдаг. Тэр олон мянган хоригдлууд дээр туршилт хийсэн юм. Иши ямар нэг онцын шалтгаангүйгээр мэс засал хийж, ингэхдээ мэдээ алдуулагч ашигладаггүй байсан аж. Эмч ердөө л хүний биеийн амьд байхад нь задалж, сайтар ажигладаг байсан бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдийг хүчээр үр зулбуулж, үр хөндөж, өөр онцгой нөхцөл байдалд хүмүүсийг туршдаг байв. 1945 онд туршилт дуусахаас аргагүй болж, тэр үлдсэн өвчтөнүүдээ бүгдийг нь хөнөөсөн байна. Түүнийг Америкийн генерал Дуглас МакАртур (Douglas MacArthur) баривчилсан бөгөөд түүнд байсан туршилтын тайлан, бусад мэдээллийг нь АНУ-ын засгийн газарт тушаасан байна.
13
Гичний хийний туршилт
Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын засгийн газар, цэргүүд дээрээ гичний хийний туршилт явуулсан аж. Хэдийгээр сайн дурын оролцогчид гэж нэрлэдэг боловч цэргүүд ердөө л дээрээс өгсөн тушаал дагасан, эсвэл юунд оролцож байгаагаа мэдээгүй хүмүүс байсан юм. Оролцогчдоос зөвшөөрөл авахгүйн тулд төслийг "туршилт" гэж нэрлээгүй аж. Туршилтанд хичнээн тооны цэрэг хамрагдсан нь одоог хүртэл тодорхойгүй бөгөөд туршилтын дараа цэргүүд янз бүрийн хорт хавдар, амьсгалах эрхтний бэрхшээлтэй болсон байв. Хачирхалтай нь цэргүүд өөрсдийнх нь улсын засгийн газар насан туршийнх нь өвчинд буруутай гэж огт мэдээгүй байна.
14
"Шөнө дундын оргил" туршилт
Сан Франциско, Нью-Иорк хотуудад Тагнуулын Төв Газрынхан биеэ үнэлэгчдийг ашиглан хар тамхины туршилт явуулсан юм. Биеэ үнэлэгч авахаар ирсэн хүмүүст биеэ үнэлэгч нар хоёр талаасаа харагддаг тольтой өрөөнд оруулаад, хүчээр хар тамхи өгдөг байсан аж. Өрөөний гаднах судлаачид хүмүүс хар тамхи хэрэглээд бие махбодийн хувьд болон сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлт хувирал гаргахыг нь ажигладаг байв. Улмаар зарим хүмүүсийг ховсдож, заримыг нь цахилгаанаар цохиулдаг байсан аж. Бас хэсэг бүлэг хүмүүст хар тамхи өгчихөөд бэлгийн ажил хийлгэн, ажигладаг байв. Туршилтын дүнд Америкчууд ажиглалтын арга барил болон секстэй холбоотой айлган сүрдүүлэлт хэрхэн хийхийг сурч авсан ажээ.
15
"Tuskegee"-ийн тэмбүүний туршилт
"Tuskegee"-ийн институт, "Олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний төв" хамтран 1932-1972 оны хооронд тэмбүүний туршилт явуулсан байна. Туршилт 600 орчим Африк гаралтай Америкчуудыг хамруулсан бөгөөд "муу цус"-ны эмчилгээ гэж оролцогчдод итгүүлсэн аж. Тэдний 400 орчим нь тэмбүүтэй байсан бол бусдыг нь зориуд халдварлуулсан байна. Тэдэнд өвчний талаар юу ч хэлээгүй бөгөөд тэмбүүг эмчлэх пенициллин бий болсны дараа ч, туршилт үргэлжилсээр байсан юм. Туршилтанд хамрагдагсдад үнэгүй хоол, үнэгүй эмчилгээ үзүүлдэг байснаас гадна, оршуулгын зардлыг нь даадаг байв. 1997 онд АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон (Bill Clinton) энэ явдлынхаа төлөө албан ёсоор уучлал эрсэн билээ.
Эдгээр туршилтууд байгаагүй бол магадгүй анагаах ухаан энэ хүртлээ хөгжихгүй байсан байж ч мэднэ. Гэхдээ хүн гэдэг чинь ухаантай амьтан шүү дээ. Заавал хүний бие дээр туршиж, ард иргэдийн цусыг үзэж, тамлан зовоох шаардлага байсан гэж үү? ...