Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай туршилтууд

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа эхлэн аймшигт туршилтууд хийж, үүний уршгаар олон мянган хүн үгээр хэлэхийн аргагүй зовж тарчилж амиа алдсан байдаг. Аливаа зүйлсийг туршиж, шинжлэх ухаанч талаас хандах нь, нийгмийг шинэ түвшинд аваачих бахархууштай хэрэг боловч хэрээс хэтэрсэн балмад үйлдэл хийсэн тохиолдлууд олон байх юм. Бидний өнөөдөр хэрэглэж байгаа зүйлсийг бүтээхийн тулд  олон мянган балчир үрс, амьтан, амьд хүмүүс золиослогдсон нь харамсалтай. Ингээд та бүхэндээ түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн аймшигт туршилтуудыг танилцуулъя. 

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай туршилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Генриетта Лакс дээр хийсэн туршилт

Генриетта Лакс (Henrietta Lacks) гэх өнгөт арьст бүсгүй нь хорт хавдар, генийн өөрчлөлт зэргийг хэрхэн эмчлэх тухай туршилтанд хамрагдаж амь насаа алдсан юм. Гэр бүлийнхэн нь бүсгүйг нас барах хүртэл туршилтанд оролцож байсныг мэдээгүй бөгөөд өвчнөөсөө болж зовж шаналж явсныг нь ч хожим олж мэджээ. Тэрээр 30 насандаа умайн хүзүүний хорт хавдартай болсноо мэдэж, "Johns Hopkins"-ийн сургуулийн харъяа эмнэлэгт очиж зөвлөгөө хүссэн байна. Харин эмч нар түүнийг эмчлэх бус бүсгүй дээр туршилт хийхийг хүсч, хавдрыг нь эмчилж болох элдэв арга хайж, төрөл бүрийн тариа хийж, аймшигтайгаар тамлан зовоодог байжээ. Энэ бүхний эцэст бүсгүй өвчнөө даалгүй 31 насандаа амиа алдсан түүхтэй.

Генриетта Лакс дээр хийсэн туршилт

2 "Tearoom" туршилт

1960-аад оны үед ижил хүйстнээ сонирхох явдлыг сэтгэцийн өвчин гэж тооцдог байв. Харин Лод Хамфрис (Laud Humphreys) гэх эрдэмтэн энэ бүхнийг өөр өнцгөөс харсны үндсэн дээр нэгэн туршилт явуулсан юм. Тэрээр залууст нээлттэй орон зайг бий болгож, бие биенээ үл таних эрчүүд "Tearoom"-д зочилж бэлгийн дур хүслээ хангах боломжийг олгожээ. Харин тэнд хэний ч санаанд буумгүй зүйл болж, гэрлэсэн эрчүүд ирж, ижил хүйсийнхэнтэйгээ секс хийх болсон байна. Түүний судалгаа хүрээгээ тэлж, маш олон эрчүүдийг хамарсан бөгөөд эцэст нь "Хүмүүс ердөө л бусдыг дагаж, хийх ёстой гэж ойлгосон зүйлээ л хийдэг. Тэдний дотор маш олон мянган бодол, хүсэл хөврөх боловч үүнийгээ нээж гаргадаг нь маш цөөн. Эхнэр, хүүхэдтэй эрчүүд дотроо бол ижил хүйстнээ сонирхдог байлаа ч зүгээр л эсрэг хүйсийнхээ хүнтэй хурим хийж амьдрах ёстой учир тэр дагуу амьдардаг болох нь харагдсан. Тэд өөрийгөө нээж, ил гаргаж чаддаггүй. Судалгаанд маань оролцсон хүмүүсээс гадна өөр хичнээн хүн чин хүсэл, байгалиас заяасан мэдрэмжээ нууж явааг таах боломжгүй" хэмээн дүгнэлт гаргажээ. Тэрээр 1970 онд тус судалгаагаараа ном гаргаж, дэлхий нийтэд туршилтын үр дүнгээ танилцуулж байсан юм. 

"Tearoom" туршилт

3 Гэдэсний туршилт

1820-иод оны үед Америк улсад анагаахын шинжлэх ухаан хангалттай хөгжиж амжаагүй байсан тул өвчин эмгэгийг нэлээн бүдүүлэг байдлаар эмчилж, анагаадаг байжээ. Энэ үеэр Франц, Канад гаралтай аялагч болох Алексис Сэнт Мартин (Alexis St. Martin ) гэгч гэдсэндээ сумны шарх авч, үхэх сэхэхийн даваан дээр очсон байна. Түүнийг Америкийн армийн мэс заслын эмч Виллиам Бэүмонт (William Beaumont)  эмчлэхээр болж, хэний ч санаанд буумгүй аймшигт аргыг ашигласан аж. Эмч түүний амийг аварч чадсан бөгөөд хэвлийн дэх аниагүй нүхийг нь ашиглан хүний хоол боловсруулах системийг судалж үзсэн байна. Энэ нь түүний хувьд томоохон дэвшил болсон төдийгүй алдар нэртэй нэгэн болгосон юм. Түүний эл аюултай судалгааны үр дүнд хүн төрөлхтөн ходоод гэдэсний талаар олон зүйл мэдэж авсны дотор хамгийн чухал нь ходоодны хүчил байдгийг олж нээсэн ажээ. 

Гэдэсний туршилт

4 "Artichoke" төсөл

1950-1960 оны хүйтэн дайны үед АНУ-ын Тагнуулын төв газраас энэхүү туршилтыг явуулсан юм. Тэд хүмүүсийг олон төрлөөр байцааж, аймшигтайгаар тамлан зовоож, үүнийгээ чанд нууцалдаг байв. Нэг ёсондоо бусдын бодол санаа, хэлэх үгс, үнэн худал яриаг аймшигтай тамлал, байцаалтаар өөрчилж болох эсэхийг судалж үзсэн бөгөөд үүнийхээ төлөө маш олон хүнийг зовоон, тарчлааж, ямар ч өвчин намдаагч, мэдээ алдуулагчгүйгээр өвдөлт мэдрүүлж, цус урсгадаг байжээ. Тэдний эл үйлдэл нууцлаг хэвээр байсан ч 1967 онд олон нийтэд дэлгэгдэж, багагүй шуугиан тарьж байсан юм. 

"Artichoke" төсөл

5 Хүйс сольсон нь

1966 онд Жанет Реймeр (Janet Reimer), ихэр хөвгүүдийг төрүүлжээ. Гэвч хүйг таслах агшинд эмч хариуцлагагүй загнаж, Брюс (Bruce) хүүгийн бэлэг эрхтнийг хамтад нь тасалчихсан байна. Энэ нь эцэг эхэд нь үнэлж болшгүй их гарз болсон нь ойлгомжтой. Бяцхан хүү их хэмжээгээр цус алдаж, түүнд цус тогтоох эмчилгээг даруй хийсэн ажээ. 

Яах учраа олохоо байсан Брюсын эцэг эх, бэлгийн бойжилт, хүйсийн талаар мэргэшсэн  сэтгэл зүйчид хандахад, тэрээр хүүгийн хүйсэнд өсөж хүмүүжих явц хамгаас чухал болохыг хэлж өгчээ. Ингээд тэд Брюс хүүгийн нэрийг Брэнда болгон өөрчилсөн гэдэг. Цаг хугацаа өнгөрч, хүү 14 нас хүрэхэд эцэг эх нь түүнд бүх учрыг хэлжээ. Эцэг эхийнх нь гаргасан шийдвэр хүүд таалагдаагүй учраас тэдэнтэй ам зөрж, өөрийн нэрээ Дэвид болгосон байна. Тэрээр дахин хагалгаанд орж, улмаар гэрлэсэн боловч хүүхэд насны сэтгэл гутрал, бие физиологийн байдлаас болоод гэрлэлт нь бүтэлгүйтсэн аж. Харин хожим ихэр ах нь нас барахад, тэр ч мөн адил 38 насандаа харамсалтайгаар амиа хорлосон гэдэг.

Хүйс сольсон нь

6 Цацраг идэвхит төмрийн туршилт

1945 онд Вандербильт их сургуулийн эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн хөгжилд хэрэгтэй нэгэн төрлийн цацраг идэвхит бодистой шахмал эмийг зохион бүтээсэн байна. Мэдээж хийсэн бүтээлээ туршиж үзэх нь ойлгомжтой тул тэд 829 жирэмсэн эмэгтэйд тус шахмал эмээ өгч туршжээ. Уг нь эмийг уусан давхар биетэй эхийн цус төлжих учиртай юм. Гэсэн хэдий ч энэ нь ердөө л тэдний зохиосон үлгэр байжээ. Үнэндээ тэдгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд цацраг идэвхит бодисыг уулгаж, урагт энэхүү бодис хэрхэн нөлөөлөхийг турших гэж байсан аж. Үүний нөлөөгөөр тэдний хүүхдүүд хорт хавдартай болсон бөгөөд, амь насаа ч алдах тохиолдол гарчээ. Харин эмч нар нас барсан хүүхдүүдэд 10.3 сая доллар өгөөд амыг нь тагласан байна.  

Цацраг идэвхит төмрийн туршилт

7 Ипридийн туршилт

Дэлхийн Хоёрдугаар Дайны үед Америкийн армийнхан нууц туршилт явуулж, дайнд хэрэглэх шинэ хорт химийн бодис, зэвсэг зэргийг гаргаж авахаар оролдох болжээ. Тэдний туршилтын гол зорилго нь иприд (mustard gas) гэх химийн хорт бодис хүний биед хэрхэн нөлөөлөхийг мэдэж авах байсан юм. 1943 онд Америкийн тэнгисийн цэргийн флот өсвөр насны хүүхдүүдийг туршилтанд оролцвол их хэмжээний мөнгө өгч, гавъяаг нь урамшуулж, хүндэт тэмдэг зэргийг өгнө гэж амлан, Вашингтон хотод байрлах судалгааны танхимд авчирч, туршилтанд оруулжээ. Үүнээс гадна цэргүүдээс өнгөт арьстнуудыг нь сонгож, хүүхдүүдийн хамт иприд хийгээр дүүргэсэн өрөөнд оруулж, хэрхэн үйлчлэхийг нь шалгасан байна. Ойролцоогоор 60,000 гаруй залуусыг туршилтанд оруулсан бөгөөд тэдний зарим нь амь насаараа хохирсон бол зарим нь тахир дутуу, өвчтэй болж хоцорсон аж. Харин 1993 онд Америкийн тэнгисийн цэргийн флот туршилтанд оролцсон хүмүүст амласан шан харамж, гавъяа шагналаа өгөлгүй, хөөж явуулсан байдаг. 

Ипридийн туршилт

8 Милграм туршилт (1974)

Туршилт эхлэхээс өмнө судлаачид мэдээлэл хадгалах шинэ арга зам нээж олох зорилгоор ийм туршилт явуулж байгаа хэмээн тайлбарласан байна. Гэвч туршилтанд цахилгаан хүчдэл оролцуулснаар санах ойн энгийн туршилт нь эцэстээ там болон хувирчээ. Эхлээд оролцогчдыг өрөөнд оруулаад нэг хүнийг суулгана. Оролцогчид түүнээс асуулт асуух бөгөөд буруу хариулбал тогонд цохиулах эрхтэй байжээ. Дээрээс нь буруу хариулах бүрт 15 вольтоор цахилгааны хүчдэлийг нэмэх эрх өгсөн аж. Хүчдэл 0-оос эхэлсэн юм. Гэвч туршилтын гол учир нь хэн ч тогонд цохиулаагүйд байв. Тэд ердөө л тогонд цохиулж буй мэтээр жүжиглэх жүжигчид байсан аж. Хамгийн аймшигтай нь туршилтанд оролцогчдын 65 хувь нь буруу хариу хэлсэн хүнийг 450 вольт хүртэл тогонд цохиулж, тамласан явдал юм. Хэдийгээр жинхэнээсээ тогонд цохиулаагүй ч, хүн хичнээн харгис загнаж, бусдыг тамлан зовоох хандлагатай байдаг нь судлаачдыг цочирдолд оруулсан түүхтэй. 

Милграм туршилт (1974)

9 Стэйнфордын шоронгийн туршилт (1971)

Сэтгэл судлалын тэнхимийн сэтгэл зүйч Филипп Зимбардо (Philip Zimbardo) сайн дурын 24 оюутныг шоронд оруулан "хоригдол" болон "хамгаалагч" гэсэн хоёр хэсэгт хуваажээ. Эхний өдөр оюутнууд будилж, гайхаж байсан ч туршилтын хоёр дахь өдрөөс авахуулаад бүгд өөр өөрийн "хоригдол" болон "хамгаалагч" гэсэн зэрэглэлдээ орж эхлэв. Аажмаар, хамгаалагч нарын хоригдлуудад тавих хяналт чангарч, тэр ч байтугай ариун цэврийн өрөөнд ганцааранг нь оруулахаа больсон аж.

Хоригдол байх үүрэг авсан оюутнууд өөрсдийн байдалтай эвлэрч, яг л шоронгийн хоригдол мэт аашилж байв. Харин хамгаалагч байх үүргийг хүлээсэн оюутнууд  өөрийг нь сөрөн боссон хэнийг ч бай, тэр байтугай энгийн амьдрал дээрхи найзыгаа ч дээрэлхэх хандлага гаргаж, садист зан чанартай болж иржээ. Туршилтыг хоёр долоо хоногийн хугацаатайгаар төлөвлөсөн байсан ч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн учир дундаас нь зогсоосон байна.

Стэйнфордын шоронгийн туршилт (1971)

10 Тэмбүү өвчний туршилт

1932 онд өнгөт арьстнуудын "Tuskegee" их сургууль "Нийтийн эрүүл мэндийн байгууллага"-тай хамтран ажиллах болж, тэмбүү өвчний туршилт явуулсан байна. Учир нь тухайн үед Африк Америк гаралтай хүмүүс тус өвчнийг тусах нь түгээмэл байсан гэдэг. Туршилтын гол зорилго нь тэмбүү өвчин хүний биед хэрхэн илэрдэг, ямар эрхтэнд нөлөөлдөг болон тэмбүү өвчнийг хэрхэн эмчлэх вэ? гэх мэт асуултуудад хариулт олох байв. Туршилтанд оролцсон өнгөт арьстнуудын бэлэг эрхтэнд тэмбүү өвчний нянг түрхэж зориудаар өвчлүүлсэн бөгөөд тэдэнд ямар ч баталгаагүй, зөвшөөрөлгүй эм тариануудыг өндөр тунгаар хийж байжээ.  Туршилтанд оролцсон 400 өвчтөний ердөө 74 нь л амьд гарсан төдийгүй тэдгээр хүмүүсийн 40 нь эхнэрүүддээ өвчнөө халдааж, тэднээс төрсөн 20 хүүхэд төрөлхийн тэмбүү өвчтэй төрсөн гэдэг. Судлаачид маш олон янзаар өвчинг эмчлэх гэж оролдож явсаар эцэст нь 1947 онд пенициллинийг нээн гаргасан билээ. 

Тэмбүү өвчний туршилт

11 Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг үр тогтоох чадваргүй болгох туршилт

Америк улс сэтгэцийн өвчтэй хүмүүс үр хүүхэд төрүүлж, энэ нь удамшиж, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс олшрон, нийгмийн аюулгүй байдалд халдахаас сэргийлэхийн тулд нэгэн аймшигтай туршилтыг явуулж эхэлжээ. Тэд сэтгэцийн өвчтэй хүмүүсийг үр тогтоох боломжгүй болгох зорилгоор элдэв эм тариа хэрэглүүлэхээр шийдсэн байна. Туршилтыг 1907 онд Индиана мужаас эхэлсэн бөгөөд 1920 он гэхэд Америкийн бүх мужийг хамарч дууссан аж.  Үүнээс үүдэн, маш олон хүний эрх зөрчигдөж, үр удмаа үлдээх боломжгүй болсон бөгөөд эцэст нь 1974 онд эл явдлыг хуулиар хориглосон юм. 

Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг үр тогтоох чадваргүй болгох туршилт

12 Хойд Солонгос дахь хүн дээр хийсэн туршилт

Харгис, хэрцгий гэдгээрээ алдартай Хойд Солонгос улсын хорих лагериудад аймшигтай туршилтууд болж байсан гэдэг. Тэд дайн тулаанд ашиглах химийн болон биологийн зэвсэг гаргаж авахын тулд шоронд хоригдож, өлсөж ядарсан хүүхэд болон эмэгтэйчүүд дээр туршилт хийн, амь насыг нь хайр найргүй хөнөөдөг байжээ. Жишээ татахад "Camp 22" гэх хорих лагерь дахь 50,000 хоригдлоос 10,000 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг ялган, туршилтанд хамруулсан бөгөөд тэднээс гарын арван хуруунд багтах тооны хүн л амьд гарсан гэдэг. Бүсгүйчүүд туршилтаас гадна цэрэг, офицеруудын хүчирхийллээс болж амиа алддаг байсан аж. 

Хойд Солонгос дахь хүн дээр хийсэн туршилт

13 Оросуудын нойрны туршилт

Дайны үеэр Оросууд ч мөн хүн итгэхийн аргагүй аймшигт туршилт явуулж, хоригдлуудыг тамлан зовоож, унтуулахгүйгээр олон өдөр байлгасан гэдэг. Та энэхүү аймшигт туршилтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй. 

Оросуудын нойрны туршилт

14 "Unit 731"

1936 онд Япончууд химийн болон бактериологийн зэвсэг үйлдвэрлэх, турших даалгавартай нэгэн нууц отряд байгуулж, Хятад улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Отрядын бүрэлдэхүүнд жирийн цэргүүд биш, харин эмч, эрдэмтэн гэх мэт өндөр боловсролтой хүмүүс багтаж байлаа. Хятадыг сонгосон нь санамсаргүй зүйл биш. Хэрэг бишдэж нууц задарвал, Хятадын хүн ам л хохирохоос биш, Японы ард иргэдэд ямар ч аюул учрахгүй байв. Хамгийн гол нь туршилтын субьект нь нохойноос дор үзэгддэг олзны хүмүүс байсан аж. Олзныхон дээр хийж байсан туршилт нь гол төлөв төрөл бүрийн өвчин үүсгэгчийг судлах явдал байв. Харин дэлхийн 2-р дайны сүүл үед хорт чанараараа жирийн бактераас 60 дахин хүчтэй тахлын вирусыг хүмүүс дээр туршиж эхэлжээ. Ингэхдээ тусгай бэлдсэн торонд хүмүүсийг хөдлөх аргагүй болтол дүүргэн чихээд, дараа нь тэсрэх бөмбөгөнд хийсэн вирусыг дэлбэлж халдаадаг байж. Олзны хүмүүс амь тавин орилолдох боловч хэн ч тоодоггүй бөгөөд тэдний гол тасраагүй байхад нь мэдээ алдуулалгүй задлан хийж, эд эрхтнүүдийг нь гарган, вирус организмыг хэрхэн идэж байгааг задгай чигээр нь ажигладаг байлаа. Өрөвдөлтэй олзныхон хэдэн өдөр тарчилсны эцэст амьсгал хураахад сая нэг юм тэднийг хүүр шатаах газар руу шилжүүлдэг байжээ.

"Unit 731"

15 Иозеф Менгеле (Josef Mengele)-ийн туршилт

Үхлийн сахиусан тэнгэр хэмээгддэг Доктор Иозеф Менгеле нь Нацист Германы хорих лагерт ажиллаж, аймшигт туршилт явуулдаг байжээ. Тэрээр дайнд хэрэг болох химийн зэвсэг гаргаж авахын тулд хоригдлуудаас сонгож аваад, тэдэн дээр туршилт хийж, олон хүний аминд хүрсэн юм. Мөн тэрээр хорих лагерьт ихэр хүмүүс ирмэгц шууд л туршилтын туулай болгож, ямар ч өвчин намдаагчгүйгээр хагалгаанд оруулж, эд эрхтнийг нь шинжилж үздэг байжээ. Хэрэв ихрүүдийн нэг нь түрүүлж нас барвал нөгөө ихрийг нь үг дуугүй шууд хөнөөдөг байв. Үүнээс гадна тэрээр дөнгөж төрсөн хүүхэд эхийнхээ хөхийг амлахгүйгээр хэр удаан тэсэхийг шалгаж, ээжийнх нь хөхийг төмөр утсаар ороож, аймшигт яргалалаа явуулж байсан гэдэг. Харин дайн дуусах үеэр Менгеле Зөвлөлтийнхөнд баригдалгүй оргож чадсан ч, 1979 онд Бразил улсад нас барсан ажээ.

Иозеф Менгеле (Josef Mengele)-ийн туршилт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()