1
Офицер Дэймон Көүл (Damon Cole)
Цагдаа гэдэг ард түмний аюулгүй байдал, энх тайвны төлөө амиа үл хайрлан зүтгэн тэмцдэг юм. Харин Дэймон Көүлийн хувьд муу залуустай тэмцэх гэхээс илүүтэй бусдын сайн сайхны төлөө зүтгэж, аз жаргал, баяр хөөрийг бэлэглэхийг зорьдог. Тэрээр хүнд өвчин тусч, амьдралынхаа ихэнх хугацааг эмнэлэгт өнгөрөөдөг бяцхан хүүхдүүдэд гэнэтийн бэлэг барьж, дуртай үлгэрийн баатрынх нь дүрд хувиран зочилдог байна. Офицер эр Америкийн 11 мужид очиж, хорт хавдартайгаа тэмцэж яваа хүүхдүүд дээр үлгэрийн баатрын хувцас өмсөн айлчилдаг байсан бөгөөд нэг удаа холын замд гарч, 5 цагийн турш зогсолтгүй давхисаар хорт хавдартай хүү дээр очсон ч, оройтсон байсан билээ. Залуу ихэд шаналж, түүний оршуулах ёслолд Хүн Аалзын дүрд хувирч оролцсон ажээ.
2
Тони Фаулер (Tony Fowler)
Бусдад харамгүй сэтгэлээр тусалж, хайрыг түгээж явдаг энэхүү эрхмийг Тони Фаулер гэдэг юм. Тэрээр шатаж байсан байшингаас Альцхаймерын өвчтэй хүнийг гаргаж, хулгайлагдаж байгаа машиныг эзэнд нь мэдэгдэн, эд хөрөнгөөрөө хохирохоос нь сэргийлж, усанд живсэн муурыг аврах гэхчлэн тоолж дурдаж баршгүй олон гайхалтай үйлийг хийж явжээ. Хүмүүс түүнийг сүү шиг цагаан сэтгэлтэй тул "Сүүн Эр" хэмээн нэрлэдэг аж. Тэрээр энэ их хариу нэхээгүй ач тусынхаа тухай "Надад зүгээр л сайхан байдаг. Бусад хүмүүст аз жаргал, баяр хөөрийг мэдрүүлэх нь миний амьдралын утга учир" хэмээсэн юм. Фаулерийн бүтээсэн сайн үйлсийг нь үнэлж 2010 онд Хатан хаан II Элизабет "Хүндэт одон" гардуулж өгчээ. Харин Тони энэхүү хүндлэлийг хүлээхдээ өөрийн хоч нэрний дагуу цагаан алаг үнээ шиг хувцаслаж, олныг хөгжөөсөн билээ.
3
Тежиндэр Сингх (Tejinder Singh)
Тэрээр өдөр нь агааржуулагч засварлаж, орой нь жолооч хийдэг эгэл жирийн нэгэн. Харин сар бүрийн сүүлчийн ням гарагт залуу өөрийн олсон мөнгөөрөө хоол хүнс авч, орон гэргүй, өлсөж цангаж яваа хүмүүсийг хооллож, буяны ажил хийдэг байна. Дэлхий дээр зовж зүдэрч яваа олон мянган хүмүүс байгаа ч тэдний ядаж хэд нь ч болтугай ганц өдөр өлсөхгүй, цангахгүй яваасай гэдэг нь түүний гол зорилго юм. Залуу гэр бүлийнхнийхээ хамт өдөр бүр 1 долларыг цааш нь хийж, мөнгөө нийлүүлэн ядуу зүдүү, өвчтэй зовлонтой хүмүүст тусладаг бөгөөд эл үйлээрээ ихээхэн алдаршжээ. Хүмүүс сар бүрийн сүүлчийн ням гарагт залуугийн хоол тараадаг газарт цугларч, хүлээн зогсдог байна.
4
Беа Гайди (Bea Gaddy)
Олон жилийн турш бага цалинтай ажил хийж, хоногийн хоолоо арай хийн залгуулдаг байсан Беа Гайди нэг удаа сугалаа худалдаж аваад 290 доллар хожсон байна. 1981 онд 300 орчим доллар нь их мөнгөнд тооцогддог байсан бөгөөд бүсгүй тэр мөнгөөр өөртөө дулаан хувцас авч, хангалтай хэмжээний хоол хүнсийг нөөцлөх боломжтой байсан ч, тэрээр хэний ч санаанд оромгүй зүйл хийсэн юм. Бүсгүй сугалаанд хожсон мөнгөөрөө Талархлын баярын өдөр "Baltimore" хот дахь орон гэргүй, өлсөж цангасан 39 хүнийг цадтал нь хооллосон аж. Харин энэ явдлаас 10 жилийн дараа гэхэд Беа Гайди 17,000 хүнд хоол өгч, ганц өдөр ч болов аз жаргалтай, гэдэс цатгалан байх боломжийг олгосон байсан юм. Бүсгүй бусдад туслах уламжлалаа хадгалж, хүмүүст хоол тарааж явсан ч, 2001 онд хөхний хорт хавдрын улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
5
Доктор Жим Витерс (Dr. Jim Withers)
Эмч нарын яруу алдрыг магтаж, хамгийн гайхалтай, бахархаж, баярлаж ханашгүй хүмүүс гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Харин Жим Витерс эмчийн тухайд тэрээр эмнэлэгт өвчтөн ирэхийг хүлээж суух биш ажлын бус цагаар гудамжаар явж, тусламж хэрэгтэй хүмүүсийг хайж олдог, амь насыг нь авардаг сахиусан тэнгэр юм. Эмнэлэгт очих боломжгүй орон гэргүй, мөнгөгүй ядуу хүмүүс, үхлээ хүлээж гудамжинд хэвтэх дэндүү өрөвдөлтэй хүмүүсийн амийг аврагч тэрээр 1992 оноос эхлэн гудамжаар явж хүмүүсийг үзэх болжээ. Түүний үйл ажиллагаа улам бүр тэлж, сувилагч, эмчилгээний багаж хэрэгсэл, түргэний тэрэг, сайн дурын ажилчидтай болсон бөгөөд одоогоор 10,000 гаруй орон гэргүй хүмүүсийг эмчилж, 1,200 гаруй хүний амийг авраад байгаа юм.
6
Доктор Ганеш Рах (Dr. Ganesh Rakh)
Ганеш Рах хүүхэд байхдаа бөх болохыг мөрөөддөг байжээ. Гэвч Энэтхэг улсын жендерийн тэгш бус харьцаа, ялгаварлан гадуурхлыг хараад эмч болохоор шийдсэн байдаг. Тус улсад охин хүүхэд төрөхөд аав ээж нь өөрсдийгөө азгүйд тооцож, гэдсэн байхад нь охин гэдгийг мэдсэн тохиолдолд үр хөндүүлэх явдал их гардаг аж. Учир нь Энэтхэг эрчүүд, бүсгүйчүүдээсээ хамаагүй олон байдгийн зэрэгцээ охидын нөхөрт гарах асуудал тун ярвигтай байдаг билээ. Харин эл утгагүй уламжлалыг халж хаяхын тулд Ганеш Рах 2012 онд эмнэлэг байгуулж, эмэгтэй хүүхэд төрүүлэх ээжүүдийг үнэ төлбөргүй эмчилж эхэлсэн бөгөөд бусад эмнэлэг шиг эрэгтэй, эмэгтэй хэмээн ялгалгүй найрсгаар хүлээн авч, хүүхдээ төрүүлсэн ээж бүрт цэцгийн баглаа, бялуу бэлэглэн баяр хүргэдэг байна. Түүний энэхүү гайхалтай санаа олон бүсгүйчүүдэд урам хайрлаж, ямар хүүхэд төрүүлэх бол гэх айдсаас ангижруулж чадсан аж.
7
Сэйбэр Хоссейни (Saber Hosseini)
Афганистан улсын сургуулийн багш Сэйбэр Хоссейни 2015 оноос эхэлж сурч боловсрох хүсэлтэй боловч дайн дажин, үймээн самуунаас болоод хүслээ биелүүлж чадахгүй байгаа хүүхдүүдэд ном тараахаар шийдсэн байна. Тэрээр эхний ээлжинд 200 ном цуглуулж, унадаг дугуйндаа ачаад хүүхдүүдэд тарааж өгсөн бөгөөд улмаар үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлж, өөртэй нь адил зорилготой хүмүүсийг эгнээндээ нэгтгэн, хүүхдүүдэд боловсрол олгох их аянаа эхлүүлсэн юм.
8
Андейша Фарид (Andeisha Farid)
Андейша Фарид нь Афганистан улсад төрж мэндэлсэн боловч эмх замбараагүй байдлаас болоод эх орноосоо дүрвэж, Иран улсад цагаачилж амьдрах болсон байна. Тухайн үед түүнтэй адил маш олон хүүхдүүд бохир усаар ундаалж, сургуульд хамрагдаж чадахгүй хэцүү нөхцөлд амьдардаг байв. Харин Андейшаг аав ээж нь Пакистан руу явуулж, сургуульд сургажээ. Охин 18 жилийн дараа буюу 2007 онд төрсөн нутагтаа эргэн ирж, "Афганистан хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндэд анхаарах байгууллага"-ыг үүсгэн, 600 хүүхэд хамруулж, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл бүрдүүлж өгсөн байна. Түүний хийж байгаа ажлыг олон хүмүүс дэмжиж, туслах болсноор тус байгууллагад хамрагдах хүүхдүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болжээ.
9
Юваль Рот (Yuval Roth)
Израйлийн мужаан эр Юваль Ротын ахыг 1993 онд "Хамас бүлэглэл"-ийнхэн хороосон байна. Энэ нь түүний сэтгэлд нөхөж болшгүй уй гашуу авчирсан бөгөөд нэг хэсэгтээ л мартаж чадахгүй байсан гэдэг. Харин тэрээр сэтгэлээ тайтгаруулах нэг зүйл олсон бөгөөд энэ нь террорист бүлэглэлийн ажиллагаанаас болж зовж зүдэрч, өвдөж шаналж яваа хүмүүст туслах байжээ. Тэрээр санал гаргаж, хэсэг бүлэг хүмүүсийг эгнээндээ нэгтгээд их замд гарч, зовлон нэгт хүмүүст тусламжийн гараа сунган, өвдсөнг нь эмчилж, өлссөнд нь хоол өгч сайн санааны элч гэгдэх болсон билээ.
10
Анвар Хохар (Anwar Khokhar)
Энгийн нэгэнд баймгүй сайхан сэтгэл, эр зоригийг гаргаж, олон хүүхдийн амьдралыг гэрэлтүүлж, эцэг эхэд нь аз жаргал бэлэглэсэн түүнийг хамгийн сайн хүн, баатар гэж нэрлэхэд буруутахгүй. Учир нь тэрээр 20 жилийн турш Пакистаны алга болсон, хулгайлагдсан хүүхдүүдийг олж, эцэг эхэд нь хүргэж өгөх буянтай ажлыг хийж байгаа юм. Одоогоор тэрээр 10,000 гаруй гэр бүлийг эргэн уулзуулж, хэмжээлшгүй их аз жаргалыг бэлэглэжээ. Мөн Анвар Хохар нь орон гэргүй хүүхдүүдийг гэртээ амьдруулж, хооллож, биеэ даах хүртэл нь өсгөж хүмүүжүүлдэг байна.
Дэлхий дээр муугаасаа сайн хүмүүс нь хамаагүй олон байдаг. Хүн болж төрсний хэргээ гаргаж, бусдад сайхан сэтгэлээр тус болж яваа тэдний гавъяаг юутай ч зүйрлэхийн аргагүй юм. Бусдад туслахад заавал их хэмжээний мөнгө шаардагдахгүй, багахан сэтгэл гаргахад л болох билээ. Зам гарч чадахгүй зогсох эмээг хөтлөн гаргаж, даарч зогсох хүүд ороолт зүүж өгөх гэхчлэн өөрийн чадах зүйлээр бусдад тусалж, баярлалаа гэх үгийг сонсож байгаарай.