1
Хайр дурлал
"Надад чин сэтгэлээсээ дурласан хүнд би өөрөө хайртай болоогүйдээ харамсдаг. Хайр дурлал санаснаар бүтэж, тэр бүсгүйн үнэнч хайрыг хүлээн авч, хамтдаа аз жаргалтай амьдрал цогцлоосон бол миний амьдрал хамаагүй сайхан байх байсан юм" - Дэвид Кана (David Kahana)
2
Үр хүүхэд
"Би хүүхдэд хайртай. Гэхдээ залуу байхдаа би ажил төрөл, боловсролтой байгаа цагт гэрлэлт, үр хүүхэд аяндаа болно гэж гэнэн бодож явж. Гэхдээ тэгээгүй юм. Мэдээж эрчүүдтэй үерхэж, харилцаа тогтоож байсан ч, амьдрал зохиоё гэж огт яараагүй. Гэтэл 30 гаруйхан насандаа би өндгөвчний хорт хавдартай болж, хүүхэд төрүүлж чадахгүй болсон. Би одоо хүүхэдтэй байсан ч болоосой гэж өдөр болгон чин сэтгэлээсээ хүсч суудаг.
Хичнээн ах дүү нарынхаа хүүхдүүдтэй цагийг өнгөрөөлөө гээд, хүүхдийн эмнэлэгт сайн дураараа ажиллаа гээд ч миний сэтгэл дүүрдэггүй, ямагт нэг зүйл дутуу юм шиг санагддаг. Хэзээ нэгэн өдөр би хүүхэд өргөж авна гэж боддог ба одооноос хүүхэд өсч торних таатай нөхцлийг бүрдүүлэхийг хичээж байгаа. Миний бодлоор эхийн зөн гэдэг энэ орчлонгийн хамгийн гайхалтай зүйл. Зарим эмэгтэйчүүдэд хэзээ ч хүүхэд төрүүлэх боломжгүй байна гэдэг хамгийн том харамсах зүйл болдог юм шүү." - Каролин Зелонка (Caroline Zelonka)
3
Эцэг эх
"Ээж маань дэндүү өндөр шаардлага тавьдаг, хатуу чанга хүн. Би залуу байсан болохоор надад энэ нь ядаргаатай, ямар ч утгагүй санагддаг байлаа. Гэвч надад байгаа бүхнийг ээж маань л бий болгож өгснийг би даанч сүүлд ухаарсан юм. Заримдаа гэнэтхэн ээж рүүгээ залгаж яримаар санагддаг ч, тэр дорхиноо түүнийгээ энэ хорвоогоос хальж одсоныг санаж, хичнээн их үгүйлэн санаж байгаагаа ойлгодог. Хэн ч үхлийг тойрч гардаггүй.
Хамгийн сүүлд түүнийг эмнэлэгт байхад би ядраад "Би явчих уу?" гэж ээжээс асуусан юм. Тэр "Тэгэлгүй яах вэ, амралт чухал шүү дээ" гэж хэлсэн бөгөөд би сувилагч дуудах товчлуур дээр дарчихаад эмнэлгээс гарч явахад хүнд ачаа нуруунаасаа аваад хаячихсан аятай л сэтгэл тэнийж байсан юмдаг. Би тэнд үлдсэн үлдээгүй түүнийг өөд болох байсныг мэдэж байна л даа. Гэхдээ би өнгөрсөн хойно нь л тэр хэдхэн минут хичнээн үнэтэй байсныг, бас нэгэнт алдсан боломж дахин эргэж олддоггүйг ойлгосон юм" - Жим Уагнер (Jim Wagner)
4
Боловсрол
"Би дунд сургууль төгсөхдөө ажилд орох талаар бодолгүй, өөртөө, авьяас чадвартаа, хүсэл эрмэлзэл, мөрөөдөлдөө итгэж сонголтоо хийсэн ч болоосой. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хэзээ ч оройтдоггүй л дээ. Гэхдээ л би 20 настай өөртэйгээ нэг ярилцаж, хожим сайхан ажилд орох гэсэндээ заавал нэгдүгээр зэрэглэлийн их сургуульд орно гэж зүтгэхийнхээ оронд өөр бусад боломжуудыг эрэлхийлээд үзээрэй гэж хэлмээр байна.
Бас тийм сургуулиуд өндөр төлбөртэй, төгсөх үедээ бөөн өр ширэнд унасан байдгаас өөр давуу тал байдаггүй юм шүү дээ. Нэгэн насны баталгаатай ажил гэж хаа ч байдаггүй. Тэр өндөр төлбөртэй сургуульд төлөх мөнгөөрөө бяцхан бизнес эхэлж, амьдрал гэдэг их сургуулиас жинхэнэ боловсрол олж, сайхан амьдраарай гэж хэлнэ. Би зүгээр л бусдыг даган дуурайхын оронд өөрийнхөө сэтгэл зүрх рүү өнгийж, хүсэл мөрөөдлөө дагасан ч болоосой гэж хамгийн ихээр харамсдаг юм даа." - Стэси Гревал (Stacey Grewal)
5
Ажил
"Би бурхнаас заяасан авьяас билгээ даган явсан ч болоосой. 20 насандаа би зураг зурахдаа маш сайн байсан ч, мэргэжлийн зураач болж, түүгээрээ хоолоо олж иднэ гэхээс дэндүү их айсан юм. Би одоогийн ажилдаа дургүй биш ч, авьяас чадвараа хийдүүлж орхисондоо харамсдаг. Би тухайн үед хичээл номдоо сайн байсан, бас эрсдэлийг хэтэрхий гэмээр их тооцож үздэг байж. Одоогийн албан тушаалдаа хүрэх гэж би олон жилийн нөр их хөдөлмөр зарцуулсан ч, зураач болсон бол миний амьдрал ямар байх байсан бол гэсэн бодол нэг ч удаа миний толгойноос салж байгаагүй юм." - Пол Клип (Paul Klipp)
6
Мөнгө, санхүү
"Хэрэв 25 настай өөртэйгээ ярилцаж чаддагсан бол би түүнд 'Мөнгөнд санаа бүү зов. Олдож байгаа боломжийг ашиглаад ажлаасаа жилийн чөлөө аваад дэлхий ертөнц, хорвоотой танилцаад ав. Гэр бүлгүй байсан ч, жил ирэх тусам боломжаа ашиглахад улам л хэцүү болдог юм. Энэ ажлаасаа гарч, орлогогүй болчихвол дахиад хэзээ ч ажилд орж чадахгүй шүү гэж дотор хүнийхээ хэлэхийг бүү тоо. Ажил хэзээд олддог юм' гэж хэлнэ." - Габриэл Фрийдман (Gabriel Friedman)
7
Хүүхэд өсгөх
"Хүүхдүүдээ жаахан байхад нь тэдэнтэйгээ хангалттай их цаг өнгөрүүлж байхгүй яав даа гэж би харамсдаг. Би ажил хийж, мөнгө олох нь миний хамгийн гол зорилго, хамгийн чухал үүрэг хариуцлага гэж боддог, ажилдаа бүх анхаарлаа зориулдаг эр байсан юм. Гэвч миний буруу байжээ. Цаг хугацаа урсан өнгөрч, эргэж хэзээ ч олддоггүй. Би хүүхдүүддээ 'аав нь тийм сонголт хийсэндээ харамсаад ч бардаггүй, битгий миний алдааг давтаарай' гэж боломж гарах бүрт захьдаг.
Азаар 38 жил ханилсан эхнэр маань сайхан сэтгэлтэй, халамжтай, өршөөнгүй байсан тулдаа хүүхдүүд маань зөв хүмүүс болж өсч, торнисон. Гэхдээ л хүүхдүүдийн минь бага насанд нэг л зүйл дутуу байсан нь би өөрөө юм шүү дээ. Хүүхэдтэй болохоор шийдсэн л бол эр хүн таны эрхэм үүрэг хариуцлага нь тэр бяцхан нандин эрдэнэсүүд юм гэдгийг сайтар ойлгож аваарай. Эзгүй байсан өчүүхэн хугацаанд л хүүхдүүд болон өөрөө хичнээн их хувирч орхидгийг би биеэрээ мэдэрсэн юм шүү" - Тим О'Прай (Tim O'Pry)
8
Сэтгэл зүйн эрүүл мэнд
"20 наснаасаа авахуулаад л хүмүүс сэтгэл гутралд автаж эхэлдэг. Харин миний хувьд би хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг байсан бөгөөд үүнээс уялдан сонголтууд маань ч буруу хазгай болсон юм. Буруу сонголтууд явсаар хүний өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг ба өөртөө эргэлзсэн хүн янз бүрийн сэтгэцийн өвчин тусахдаа амархан болдог. Зарим хүмүүс эдгэдэг ч, зарим нь эдгэдэггүй. Хүн өөртөө үнэнч хандах нь хамгаас чухал. Бас бусдаас тусламж эрэлхийлэхдээ ичих хэрэггүй. Гэхдээ хамгийн их хөдөлмөрлөх ёстой хүн нь та өөрөө гэдгийг бүү мартаарай" - Майкл Уэстон (Micheal Weston)
9
Биеийн эрүүл мэнд
"Эрүүл мэнд эрх чөлөө авчирдаг. Гэхдээ хүмүүс нэгэнт байхгүй болсон хойно нь л үүнийг ухаардаг юм даа" гэж Рита Лара (Rita Lara) бичжээ. Энэ үг өөрөө товч бөгөөд тодорхой бүгдийг өгүүлж байгаа тул нэмэлт тайлбар хэрэггүй биз ээ.
10
Нөхөрлөл
"Найзуудтайгаа холбоотой байсан ч болоосой. Үхэл гэгч хаалгыг нь тогших хүртэл хүмүүс найз нөхдийнхөө нөмөр нөөлгийг ухаардаггүй бөгөөд харин ойлгох үед нь тэднийгээ буцааж авах хугацаа даанч хангалтгүй үлдсэн байдаг юм. Хүн урсан элэгдэх он цагийн эрхэнд үнэнч найзуудын үнэт нөхөрлөлийг умартаж, өөрийн амьдралдаа хэт автан уусч орхидог. Цаг хугацаанд бууж өгч, чин зүрхнийхээ найзуудыг орхиогүй байсан ч болоосой гэж хүсэх хүн зөндөө байдаг боловч ихэнхидээ үхлээ хүлээн хэвтэж байхдаа үүнийг ойлгодог нь юутай харамсалтай" - Рита Лара (Rita Lara)
11
Буян
"Тусламж хэрэгтэй байгаа үл таних хүний хажуугаар зөрөхдөө бид өөрсдийгөө яарч байна, эсвэл ердөө л элдэв уянгын жүжигт оролцмооргүй байна гэсэн шалтгаанаар зөвтгөдөг. Гэхдээ танихгүй ч гэсэн туслаж байгаа та болон тусламж авч байгаа хүмүүсийн хооронд хичнээн нандин харилцаа үүсдгийг үгээр илэрхийлэх аргагүй юм" - Ан Каскарано (Ann Cascarano)
12
Ганцаардал
"Залуу байхдаа би онгироо бардам, хайнга байжээ. Би бүгдийг мэддэг гэж бодохынхоо зэрэгцээ юу ч мэддэггүй байх вий гэж үхтлээ айдаг байсан. Тиймээс л би илүү туршлагатай нэгнээс зөвлөгөө авахын оронд тэднийг өөрөөсөө тусгаарлаж, өөрийгөө ч хүртэл бусдаас алсалж орхидог байлаа. Мэдээж зөвлөгөө бүхэн сайн биш, чиглүүлэгч болгон ухаантай байдаггүй. Гэхдээ зүгээр ээ, бусдаас зөвлөгөө хүсч байх хэрэгтэй. Асуух тусам улам туршлагажиж, явсаар байгаад итгэл даах хүнээ олдог юм." - Энди Херман (Andy Hermann)
13
Аялал
"Миний энэ амьдралдаа харамсаж явдаг зүйл бол 24 нас хүрэхээсээ өмнө аялж, зугаалж байгаагүй явдал юм. Учир нь би 25 нас хүрээд л амьдралын хамгийн чухал зүйл бол аялал гэдгийг ойлгож, улс орнууд, сонин хачин зүйлсийг үзэж сонирхохоор аяны жолоо залах болсон. Хэрэв би 5 жилийн өмнө үүнийг ухаарсан бол тэр хугацаандаа хичнээн их зүйл үзэж харж, ойлгож ухаарч, өөрийгөө илүү ихээр танин мэдэх байсан бол оо? гэх харуусах сэтгэл миний толгойноос огт салж өгдөггүй юм даа" - Жесс Жэймс Ричард (Jesse James Richard)
14
Сэтгэл зовнил
"Би “Cornell” их сургуулийн нэрийн өмнөөс судалгаа хийж байх явцдаа олон зуун ахмад настай хүмүүстэй уулзаж юунд хамгийн ихээр харамсдаг болохыг нь асуусан бөгөөд тэдний ихэнх нь санаанд оромгүй хариулт хэлцгээсэн юм. "Би ганцхан олдсон амьдралдаа хэрэгтэй хэрэггүй бүх зүйлд санаа зовж, инээж хөөрч, баярлах хором мөчөө улам бүр багасгаж байсандаа туйлаас ихээр харамсдаг.' Би ахмадуудын ярианаас амьдрал гэдэг дэндүү богино тул хэрэггүй зүйлд санаа зовж, хайран цагаа үрэх хэрэггүй бөгөөд сэтгэл зовнилоо гээд юу ч өөрчлөгддөггүй, аз жаргалд хүрэх хаалгаа өөрийн биеэр хааж орхидгийг ойлгож авсан юм даа." - Карл Пиллимер (Karl Pillemer)
15
Бусдад таалагдах гэж хичээх
"Хүмүүсийн таалалд нийцүүлэх гэж хичээх хэрэггүй байдаг юм шүү. Хэн ч танаас илүү үнэ цэнэтэй байж чадахгүй. Энэ үгийг би өөртөө илүү их хэлдэг байсан ч болоосой гэж харамсдаг юм. Хүмүүсийн сэтгэлд нийцэх гэж хичээсэн цаг хугацаагаа өөр хичнээн их зүйлд зориулж болох байсан гээч. Хүн алдсан мөнгөө эргээд олж болдог. Харин алдсан цаг хугацаагаа хэзээ ч нөхөж авч чаддаггүй юм шүү" - Жэймс Алтючер (James Altucher)