16
Муур шиг амьтан
Муур өглөө эзнийгээ цээжин дээр нь гарч хэвтээд зөөлнөөр маажилж, нүүрээ эрүүнд нь үрчин хэржигнэн сэрээдэг гэдгийг тэжээдэг хүмүүс нь мэдэх байх. Харин нэг уншигч маань бидэнд ирүүлсэн захиандаа "Муур шиг хэмжээтэй нэг хар сүүдэр орны хөлд шалан дээр сууж байснаа удаанаар дээш мацаж ор луу авираад цээжин дээр минь гараад суучихсан. Нэлээн тавгүй санагдаж байсан шүү" гэж бичжээ. Тэр "тавгүй" гэдэг үг ашигласныг бодоход тун зоригтой хүн бололтой. Намайг хөдөлж чадахгүй байхад ямар нэг үл мэдэгдэх амьтан нүүрэнд минь тулж ирсэн бол ямар санагдахыг би төсөөлж ч чадахгүй.
15
Намайг санаж байна уу?
Энэ уншигч аймшигт "Сэрүүн зүүд" байнга зүүдэлдэг ажээ. "Бүгд л аймшигтай байдаг ч анхны зүүд хамгийн аймшигтай байсан" гэж тэрээр бичсэн байна. Түүнд яг л "The walking dead" кинон дотор амьдарч байгаа мэт санагддаг бөгөөд шөнө бүр уншигч дээр маань янз бүрийн аймшигт амьтан, сүнснүүд ирдэг аж. Хамгийн эхний удаад нэг жижигхэн амьтан шалан дээр суучихсан юм идэж байсан гэнэ. Тэгснээ гэнэт нүд ирмэхийн зуур үсрэн ирж уншигчийн маань нүүрэнд наалдаж орхиод ямар нэг юм шаль шаль хийтэл зажлангаа "Намайг санаж байна уу?" хэмээн асууж байжээ.
14
Хар дарсан зүүд
Зүүд зарим тохиолдолд гэнэт хар дарсан зүүд болж хувирах нь бий. Энэ уншигч маань таалагддаг охиныхоо тухай сайхан зүүд зүүдэлж байсан аж. Яг л Том Крузын (Tom Cruise) "Vanilla sky" кинон дотор орчихсон мэт бүх зүйл гайхалтай байжээ. Өөрөөр хэлбэл тэр люсид зүүд зүүдэлж байсан бөгөөд нүдээ нээсэн ч хайртай охин нь өмнө нь зогсож байсан байна. Гэвч охин аймшигтай хурдан хөгширч байлаа. Эргэн тойрны үзэсгэлэнт дүр зураг аажмаар харанхуйлахтай зэрэгцэн охин хөгширч, дунд эргэм настай болж, эцэстээ бүр эмгэн болж хувирчээ. Хэн өсвөр насны хайртай охиноо эмгэн болохыг харахыг хүсэх вэ дээ.
13
Мумми
"Bubba Ho Tep" гэдэг муммитай кинонд гардагтай төстэй зүйл нэг хүнд тохиолджээ. Гол нь уншигч маань кинон дотор бус сэрүүн зүүдэлж байсан бөгөөд тийм ч хөгжилтэй байсангүй. Тэрбээр "Аварга том Египетийн цох хорхой над руу ширтээд миний шинэхэн махыг идэх гэж тэсч ядаж байгаагаа хэлсэн. Намайг түмэн янзын аргаар иднэ гэсэн бөгөөд хэрхэн идэхээ нэг бүрчлэн дүрсэлж ярьж байлаа. Дараа нь тэр хэдэн мянган жижигхэн хорхой болж дүнгэнэлдсээр хананы заадас руу яваад орчихсон. Дүнгэнээн чих дөжрөм чанга байсан" гэж бичжээ.
12
Эмгэн
Аймшигт сэрүүн зүүд хэд хэдэн түгээмэл хувилбартай байдаг. Энэхүү уншигч мөн л тэдний нэгтэй учирсан ба "Нэг удаа би зурагт үзэж байгаад буйдан дээр унтаад өгсөн юм. Тэгээд сэрээд өндийж суухдаа биеэсээ гарчихсан байгаагаа ойлгосон. Би буцаж хэвтээд биедээ орж, сэрэхийг оролдсон ч, ер болоогүй тул боссон юм. Арын хаалга тийш харахад тас харанхуй байсан, гэтэл өрөөний нөгөө тал руу очиж, цонхоор харахад нар тусч байсан ба нуурын хажуугийн модон доор нэг шавилхан биетэй хөгшин эмэгтэй сууж байгаа нь харагдсан. Харин дараа нь би 10 минутын турш хэвтэж, сууж, буцаж хэвтэж биедээ орохыг хичээн, сэрэх гэж оролдсон. Буцаж орохгүй бол бие махбод маань үхээд, сүнс минь тэнэж одох юм шиг санагдсан юм" гэж бичжээ. Жижигхэн биетэй хөгшин эмэгтэй болон биеэсээ холдвол үхнэ гэсэн мэдрэмж хоёул "Сэрүүн зүүд"-д олонтаа бүртгэгдсэн байдаг билээ.
11
Домгийн амьтан
"Намайг сэрэх үед байшинд маань нэг хүн байсан. Тэрний нааш цааш холхих хөлийн чимээ надад сонсогдож байсан бөгөөд удалгүй тэр яаралгүйхэн шатаар өгсөж эхэлсэн юм. Хөдлөхгүй бол тэр над руу ирэхгүй байх гэж би бодсон ба сүүдрийг нь харахад тэр минотавр гэдэг нь ойлгомжтой байлаа. Тэр хутга атгаад над руу ирж байв. Би хашхирч орхитол нойрноосоо сэрж, санаа амарсан боловч өрөөний гадна бас л хэн нэгэн байгаа нь мэдрэгдсэн. Харин энэ удаад би хашхирч чадаагүй юм"
10
Үхлийн үнсэлт
Сэрүүн зүүдэнд ихэвчлэн том сүүдэр эсвэл ямар нэг чөтгөр орж ирдэг. Гэхдээ заримдаа танил хүмүүс зүүдлэгдэх нь байдаг ажээ. Ричард Прескот (Richard Prescott) гэгч залуу дэн буудалд найз залуутайгаа унтаж байгаад хар дарж зүүдлээд сэрж орхижээ. Энэ тухайгаа хайртдаа хэлэхээр эргэн харж, чангаар дуудаж, хүчтэй дугтарсан боловч найз залуугаа сэрээж чадсангүй. Гэтэл хайрт нь гэнэт эргэж хараад Ричардын нүд цусаар дүүрч улайтал нь багалзуурдаж гарчээ.
9
Сурагч нас
Удаан хугацаагаар нойргүйдсэний дараа эсвэл хэт их унтсанаас болж сэрүүн зүүдлэх тохиолдол их байдаг. Тиймээс шалгалтандаа цаг наргүй бэлдэж буй оюутнууд сэрүүн зүүдлэх нь элбэг. Софи (Sophie) гэгч оюутан "Намайг сэрэхэд хаалганы хажууд нэг өндөр эр ардаа нэг юм барьчихсан зогсож байсан. Тэгээд над руу зугуухнаар дөхөж эхэлсэн ба би урьдын л адилаар хөдөлж ч, дуугарч ч чадахгүй байсан" гэж бичжээ. Өндөр эрэгтэй бол сэрүүн зүүдэнд хамгийн элбэг үзэгддэг хүн билээ.
8
Чөтгөрийн дайралт
Зарим чөтгөр зүгээр л ширтээд зогсоод байдаг. Харин зарим нь сүрдүүлэх ч юм уу, эсвэл ямар нэг ой гутам зүйл хийдэг. Харин чөтгөрийн дайралт огт өөр төрлийн айдас мэдрүүлэх нь гарцаагүй. Лола гэгч уншигчийн маань өрөөнд өндөр эрэгтэй хүн зогсож байжээ. Тэрний хорон санаа агуулсан нь нэвт шувт мэдрэгдэж байсан байна. Тэгснээ эрэгтэй гэнэт Лола руу гүйж ирээд зэрлэг амьтан аятай цээжийг нь балбаж гарчээ. Харин дараа нь цээжийг нь дээрээс нь доош маажиж эхэлсэн ба Лолагийн амьсгал давчдаж эхлэв. Гэвч тэр хөдөлж чадахгүй байсан тул эрэгтэйн хумс цээжийг нь урж маажиж байгааг мэдэрсээр байсан ч нүдээ аньсан бөгөөд сэрснийхээ дараа бүтэн цаг 30 минутын турш нулимсаа гоожуулан өөрийгөө самардсанаа олж мэдсэн гэнэ.
7
Япон аймшгийн кино биелэлээ олсон нь
Энэ үл таних уншигчийн захидал 2000-аад оны дунд үеийн Японы аймшгийн киног санагдуулж байгаа юм. Уншигч захиандаа "Өрөөний маань буланд нэг жаахан охин намайг ширтээд зогсоод байсан. Тэгснээ гэнэт чанга гэгч нь чарласнаа над руу гүйж ирээд багалзуурдаад авсан" гэж бичжээ. Жаахан охин бол "Сэрүүн зүүд"-ний түгээмэл нэг хэлбэр. Япончуудын анх дэлгэцэнд гаргаж ирсэн "хүүхэд" аймшигтайгаас гадна эв хавгүй хөдөлгөөн, хар үс, хашхирааныг нэмж орхивол тэр чигээрээ хар дарсан зүүд болдог билээ.
6
Тас харанхуй, шуургатай шөнө
Эмили Бергинк (Emily Bergink) дотуур байранд амьдардаг бөгөөд цонх нь онгорхой байхыг олж хармагцаа босч хаачихаад эргээд хэвтжээ. Хожим нь "Тун бодитой байсан" гэж тэр бичсэн ба бүдүүн хуруутай, цэв хүйтэн гар түүний нүүрэн дээгүүр гулсан, хацар, уруул, нүдийг нь илбэсэн аж. Тэр арайхийн нүдээ нээтэл муур шиг зүйл харагджээ. Хүн дүрстэй боловч савартай, жижигхэн биетэй хэрнээ бахим. Мөнөөх амьтан Эмилигийн цээжин дээр сууж байсан ба хааяа хааяахан босоо чихээ хөдөлгөж байв. Нүд нь шар өнгөтэй боловч хүүхэн хараа байсангүй. Тэр хоёр яг энэ байдлаараа суусаар үүр цайлгасан ажээ.
5
Архи ба аллага
Сэтгэл судлаачид сэрүүн зүүдний учрыг тайлах гэж ихэд хичээдэг бөгөөд архи бол тэдгээр хүчин зүйлсийн зөвхөн нэг нь юм. 35 настай архинаас гарах гэж зовж яваа эр сэрүүн зүүдэлж эхэлсэн ба энэ талаараа эмчдээ ярьсан байна. Зүүд анх орных нь өмнө нэг эмэгтэй зогсож байснаа түүн рүү дайрснаар эхэлсэн бөгөөд зүүдлэх тусам эмэгтэй улам бүр хүчтэй, улам бүр хэрцгий болж, сүүлдээ түүнийг багалзуурдан хөнөөж орхидог болсон аж.
4
Хар хувцастай эмэгтэй
"А Woman in black" кинотой төстэй. Нэг уншигчийн маань цээж нь хүнд оргин нойрноос сэржээ. Нүднийх нь буланд орных нь хөлд том бүрх малгай өмсөж, гивлүүр унжуулсан эмэгтэй зогсож байгаа нь харагджээ. "Тэр над руу хашхирч эхэлсэн. Өөрийг нь хараасай гэж хүссэн байх. Би хөдөлж чадахгүй, дээшээ хараад хэвтэж байсан ба шилэн аяга аваад эмэгтэй рүү нүүлгэж орхимоор байсан ч миний гар огт хөдөлж өгөөгүй. Би нулимсандаа хутгалдчихсан сэрсэн. Энэ бол надад тохиолдсон хамгийн аймшигтай явдал байсан бөгөөд одоо би өдөр байсан ч дээшээ харж унтаж чадахаа больсон" Эрдэмтэд хүн унтаж байгаа байрлалаасаа хамаарч сэрүүн зүүдлэх магадлалтай гэж үздэгээр зогсохгүй ихэнхи сэрүүн зүүдлэгчид дээшээ харж унтахаараа сэрүүн зүүдэлдэг ажээ.
3
Шавьж
"The nightmare" кино сэрүүн зүүдийг олны анхааралд аваачиж чадсан юм. Энэ баримтат киноны хамгийн аймшигтай хэсэг нь хүн бусдад өөрийн зовлонгоо ярьснаар цаад хүндээ шилжүүлж орхидог гэсэн санаа байсан билээ. Форест гэгч эр өрөөнийх нь хаалганы гадна талд нэг хүн хөгшин хүний хоолойгоор "Хөөөөөөөөөөе, Фоооооорест. Чи дөнгөж сая шавьжны клубээс нэг том шавьж хожлоо. Бид шагналыг чинь унтлагын өрөө рүү чинь явуулчихсан шүү" гэх мэт өөр бусад аймшигт зүйлийг дотор арзайм хоолойгоор хүүрнэдэг ажээ.
2
Зүүдний алуурчин
Камбожийн нэгэн хүү аймшигт хар дарсан зүүднээсээ болж тарчилж байсан тухай Уэс Кравен (Wes Craven) олж уншаад "A nightmare on Elm street" киногоо хийх санааг олж авчээ. Энэ явдал 1970-аад оны сүүл 1980-аад оны эхээр болсон ба хүү эцэг эхдээ нэгэн шөнө орондоо орох юм бол өөрийгөө үхнэ гэж хэлсэн байна. Хүү тэгж хэлсэн оройноо унтаж байхдаа өнгөрсөн бөгөөд эцэг эх нь хүүгийнхээ орон доороос гүцтэй кофе олсон ба нойрны эмээ уулгүй гудсан доороо хийсэн байсныг ч олж авсан ажээ.
1
Миний өөрийн түүх
Би амьдралдаа гуравхан удаа л сэрүүн зүүдэлж үзсэн. Дээр бичсэн хүмүүсийн адилаар би анх юу болоод байгааг огт ойлгоогүй бөгөөд "The nightmare" киног үзээд л жаахан ойлголттой болж авсан юм. Хамгийн аймшигтай сэрүүн зүүд 3 жилийн өмнө тохиосон ба тэр үед би орондоо хэвтэж байлаа. Цээж минь хүнд оргиж байсан ч ядарсан байх гэж бодоод тоогоогүй юм. Харин шөнө нь би хажууд минь хүн байгааг мэдэрсэн ч, хэн ч байсан, юу ч байсан харах хэрэггүй гэдгийг мэдэж байлаа. Би хөдөлж чадахгүй байв. Тэгээд би нүдээ аньсан. (үгүй ядаж анилаа гэж бодсон) Гэсэн ч ямар нэг зүйл дээр минь сүүтэгнэхийг мэдэрч байсан юм.
Нүдээ нээх үедээ би мөн л хөдөлж чадахгүй байсан ба хэн ч байхгүй гэж итгэхийн тулд эргэн тойрноо харав. Гэвч гар хөл минь огт хөдлөхгүй хэвээр байсан бөгөөд гэнэт хэн нэгэн миний хөнжлийг хуу татаж намайг нүцгэлж орхисон юм. Намайг тойруулаад гал асаасан байсан ба юүдэн өмссөн нүүр царайгүй хүмүүс зогсож байв. Тэдний хоолой ууртай, хорсолтой сонсогдож байлаа. Нэг нь хутга барьсан байснаа дээш нь далайж, бүгд маань уншиж эхэлсэн. Ямар нэг ёслол байсан байх. Дараа нь толгойлогч нь бололтой нэг хүн миний үйлдэж байгаагүй нүглүүдийг тоочиж, намайг гэмээ хүлээ гэж шаардсан. Би хүлээн зөвшөөрөх ёстойгоо, бас юу ч гэж хариулсан хутгалуулна гэдгээ ч мэдэж байсан юм. Тэгээд тэр далайсан хутгаа биед минь дүрэхээр доошлуулахад л би сая нэг юм сэрсэн юм даа.