Эрдэмтдийн тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсийн хийдэг 15 үйлдэл

Хүн төрөлхтөн сансарт хүртэл нисч, амьдралаа хөнгөвчлөх олон технологи бүтээсэн хэрнээ учрыг нь ер тайлж чадалгүй үлдсэн зүйл бол хүмүүс өөрсдөө юм. Хүн гэдэг тааварлахын аргагүй гайхамшигт бүтээл бөгөөд өдөр тутмын аар саархан зуршил, бие махбодийн үйл хөдөлгөөн маань юм бүхнийг мэдэхийг хүсдэг эрдэмтдийн хувьд тайлагдашгүй оньсоготой ижил байдаг ажээ. Ингээд цаадхи учир нь тайлагдаагүй ч, бидний юу ч бодолгүй хийж орхидог жижиг сажиг үйлдлүүд маань юу болохыг хамтдаа сонирхъё.

Эрдэмтдийн тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсийн хийдэг 15 үйлдэл

1 Зүүд

Хүн яагаад зүүдэлдэг вэ? Энэ асуултын хариуг олвол илбийн цаадхи нууцыг тайлсантай л адил санагдана. Зүүд бодит бус, учир битүүлэг байдаг. Алдарт сэтгэл зүйч Зигмунд Фрейд (Sigmund Freud) зүүд бол бидний нууц далд хүслийн ухамсаргүй илэрхийлэл гэж тодорхойлсон удаатай. Гэхдээ үнэхээр хүслийн тусгал юм бол бид яагаад хар дарж зүүдэлдэг билээ?

Зүүд

2 Нүүр улайх

Хувьслын онолч Чарльз Дарвин (Charles Darwin) энэ үйлдлийг “хамгийн жигтэй” гэж нэрлээд хүмүүс таагүй сэтгэл хөдлөлөө нуухыг оролддог байтал нүүр гуай яахаараа улайж, бусдад зарлаж орхидог байна аа гэж гайхдаг байжээ. Үүнээс зуу гаруй жилийн дараа эрдэмтэд нүүр улайдгийн шалтгааныг тайлахаар оролдож эхэлсэн ба зарим нь хүн олон нийтийн өмнө доромжлуулж, ичиж зовсноосоо болж уурлаж улайдаг гэж үздэг бол зарим нь нийгмийг тэргүүлэгч олонхийн өмнө дуулгавартай байгаагаа харуулахын тулд хүн улайдаг болсон гэж үздэг болов. Гэхдээ хамгийн гол нь тэд бүгд нүүр улайх бол сайн дурын бус үйлдэл гэдэг дээр санал нэгдсэн байна.

Нүүр улайх

3 Дурсан санах

Хүн яагаад хурим, тэмдэглэлт өдөр зэрэг томоохон үйл явдлаас авахуулаад амьдралд хэрэг болохгүй математикийн томъёо мэтийн жижиг сажиг зүйлийг хүртэл санаж явдаг юм бэ? Дурсамж хэрхэн бий болж, хүний тархинд яаж хадгалагддаг талаар эрдэмтэд толгойгоо гашилгаж явдаг ба “Montreal University”-ийн ой санамж судлалын тэнхим хүний дурсамж эргэн санах бүрт өөрчлөгддөг гэсэн санал дэвшүүлжээ.

Мэдрэлийн эмгэг судлаач Карим Надер (Karim Nader) аймшигт халдлага болсон 9-р сарын 11-ний өдөр онгоц байшин мөргөхийг зурагтаар харснаа сайн санаж байсан ч, дараа нь тус халдлагыг 9-р сарын 12-нд буюу дараагийн өдөр нь л хамгийн анх зурагтаар нэвтрүүлснийг ойлгосон байна. 2003 онд хийсэн судалгаагаар ингэж санаж байгаа ганц хүн нь Карим Надер биш байсныг илрүүлсэн ба 569 оюутны 73% нь түүнтэй адил санаж байжээ. Эргэн санах бүрт дурсамж өөрчлөгдөж, анхныхтайгаа адилгүй болдог гэсэн дээрхи онол үнэн бол эрдэмтэн судлаачдын өмнө бүр ч том оньсого бий болж байгаа нь тэр юм.

Дурсан санах

4 Үнсэлцэх

Дотно харьцааны арга барилуудаас хамгийн хачирхалтай нь үнсэлт юм. Бэлгийн ажлын шалтгаан, зорилго ойлгомжтой. Тэврэлтийг хүртэл дулаан байж, амьд үлдэх гэсэн хүний төрөлх араншин цагийн эрхэнд хувирч, тэврэлт болж өөрчлөгдсөн гэж тайлбарлаж болж байна. Гэтэл нэг нэгэндээ талтай байгаагаа шүлсээ солилцож илэрхийлнэ гэдэг яаж ч бодсон хачин биш гэж үү?

Зарим онолчид үнсэлтийг хүн нялх байхдаа хөхөөр хооллож байснаа ухамсаргүйгээр дурсан санаж байгаа хэлбэр гэж үздэгээс гадна өвөг дээдэс маань хүүхдээ амаараа хооллодог байснаас үүдэлтэй байж магад гэж үздэг. Гэтэл үнсэлцэх үед эндорфин ялгарч, дур хүсэл төрдөг шүү дээ. Тэгэхээр бид хоол өгөөсэй гэж хүссэндээ үнсэлцдэг болж таарч байна уу? Ингээд л эрдэмтдэд хийх ажил мундахгүй их байгаа юм даа.

Үнсэлцэх

5 Зөн совин

Юу зөвдөх, юу буруудахыг мэдмээр санагдсан үедээ хүн зөн совиндоо найдан шийдвэр гаргадаг. Эрдэмтэд үүнд нь ихэд гайхдаг байна. Зарим гүн ухаанчид урьд нь туулж байсантайгаа төстэй нөхцөл байдалд зөн совингоо дагаж болно гэж хэлдэг боловч зөн совингоо дагах, дагахгүй тохиолдлыг ялгаж зааглах хэрэгтэй юм. Шүүгч хүн зөн совингоороо шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Гэхдээ л үнэн ч бай худал ч бай зөн совин гэгч хүний биед чухам хаанаас үүсч, яаж нөлөөлөөд байдаг нь тайлагдашгүй нууц хэвээрээ байгаа юм.

Зөн совин

6 Эвшээх

Яриа чинь уйтгартай байна гэж тойруугаар хэлэхээс өөр эвшээх чухам ямар үүрэгтэй юм бэ? Эвшээснээр хүний тархины хэм буурдаг гэсэн онол хамгийн алдартай боловч Албанийн нэгэн сэтгэл зүйч “жин”-тэй судалгаа хийснээр бүр ч олон асуулт үүсгэж орхисон юм. Оюутнуудын тал хувийнх нь толгой дээр хүйтэн жин тавьж, нөгөө талд нь бүлээн жин тавьж байгаад хүний эвшээж буй бичлэг үзүүлсэн байна. Гэтэл хүйтэн жин тавьсан хэсэг огт эвшээгээгүй ба үр дүн хэдийгээр сонирхолтой байсан ч, юуг ч тайлбарлаж чадаагүй юм. Эвшээх яагаад халдварладаг юм бэ? Зарим эрдэмтэд энэ асуултад мөн л хувьслын онолын дагуу хариулж, бусаддаа унтах цаг болсныг зарлаж байгаа үйлдэл гэж тайлбарладаг ч, хүн толгой дээрээ жин тавьсан тавиагүй, ганцаараа байхдаа эвшээдгийн учрыг тайлж чадахгүй байгаа юм.

Эвшээх

7 Сэтгэл санаа хувирах

Сэтгэл санаа хувирдгийн шалтгааныг нэг бол өсвөр настай холбож, нэг бол сарын тэмдэгтэй холбодог. Гэхдээ хүний санаа өдөрт хэд хэдэн янзаар хувирч байгааг яаж тайлбарлах вэ? Элсэн чихэр болон кафейнаас болж хүний сэтгэл санаа хувирдаг гэж үзэх хэсэг байхад тодорхой нэг үйл явдал, тохиолдлоос болж өөрчлөгддөг гэж үзэх хүмүүс ч байдаг аж. Гэхдээ л сэтгэл санаа өөрчлөгдөхөд чухам яг юу нөлөөлдгийг эрдэмтэд яг таг олж тогтоож чадаагүй байгаа юм.

Сэтгэл санаа хувирах

8 Инээх

Инээд биед сайнаар нөлөөлж, урт наслуулдаг боловч хүн яагаад инээдтэй зүйлд өөрийн мэдэлгүй хачин авиа гаргаж хариулдаг юм бол? Сайтар бодоод үзвэл инээд бол нэг ёсондоо гаж, сонин үйлдэл юм. Хүнийг инээлгэдэг тархины хэсэг одоо болтол бүрэн судлагдаагүй боловч ядахдаа инээхэд гаргадаг авианы талаар нэг онол дэвшүүлсэн байдаг аж. Мэрилэндийн (Maryland) их сургуулийн мэдрэл судлаач Роберт Провин (Robert Provine) жаахан хүүхдийг гижигдэх үед гаргадаг авиа нь явсаар бидний тодорхойлдогоор бол “хаха” болж өөрчлөгдсөн гэж үзсэн байна. Гэхдээ яагаад инээдэг талаар одоо болтол хариулт олдоогүй байгаа юм.

Инээх

9 Хамраа ухах

Хамраа ухах гэсэн сэжиг хүрмээр хэрнээ нийтлэг үйлдэл бидэнд чухам ямар ач тустай хэрэг вэ? Хамар доторхоо арай цэвэрхэн болгож байгаагаас өөр юу байж болох вэ? Энэ үйлдэл бидэнд сайнаасаа илүү сөрөг нөлөөтэй ба хамраа ухсанаас болж нян үржиж, цаашлаад хамрын самсаа гэмтэх аюултай юм.

Хамраа ухах

10 Өвдөлт мэдрэх

Хөлийн хуруугаа цохих, гараа зүсэх гэх мэт бага хэмжээний өвдөлтөөс авахуулаад ужиг өвчин тусах хүртлээ хүн алхам тутамдаа өвдөлт мэдэрч байдаг. Гэхдээ хүн чухам яагаад өвддөг, яагаад хүн бүрийн өвдөлт тэсвэрлэх чадвар нь ялгаатай байдаг юм бол? Шинжлэх ухаан үүнд хариулт олж чадаагүй л байна. Колорадогийн их сургуулийн сэтгэл зүйч, мэдрэл судлаач “Хүн хэр их өвдөж байгааг нь өөрөөс нь асууж тодорхойлохоос өөр бодит арга зам байхгүй” гэж хэлсэн ба хүн ерөнхийдөө өвдөж байгаа үгүйг тархины шинжилгээгээр тодорхойлдог болох цаг ойртсон ч гэлээ, өвдөлт өөрөө маш том тайлагдаагүй нууц хэвээр байгаа юм.

Өвдөлт мэдрэх

11 Өрөвч зан

Хувьслын онолтой холбож үзвэл өрөвч зан гаргах нь амьд үлдэхэд ямар ч хэрэггүй зүйл учраас хэдийн бидний зан араншингаас устаж үгүй болсон байх ёстой юм. Гэтэл яагаад тэгсэнгүй вэ? Нэг жишээ хэлэхэд Жорж Прайс (George Price) гэгч АНУ-ын эрдэмтэн гэр орон, хувцас хунар, байгаа бүхнээ орхиж, орон гэргүйчүүдийг гэртээ байлган өөрөө ажил дээрээ хоноглох болжээ.

Яваандаа хүндээр өвчилсөн ч үргэлжлүүлэн хүмүүст тусласаар байсан ба сүүлдээ ажлаасаа гарч, гудамжинд хоноглох дээрээ тулсан бөгөөд эцэст нь нэг л өдөр амиа хорлож орхисон түүхтэй. Өрөвч зан үнэхээр байдаг. Гэхдээ тунг нь тааруулах хэрэгтэй.

Өрөвч зан

12 Урлагийн мэдрэмж

Дэлхий дээр 7,4 тэрбум хүн амьдарч байгаа болохоор хүн бүр өөрсдийгөө өвөрмөц, бүтээлч байдлаар илэрхийлэхийг хүсдэг нь гайхмаар зүйл биш. Урлагийг биширч, эсвэл урлагийн бүтээл туурвихын аль аль нь дэлхий ертөнцийг танин мэдэж, түүнээ бусадтай хуваалцах гэсэн оролдлогын илрэл байж болох юм. Хүн бүрт урлагийн мэдрэмж байдаг. Гэхдээ ийм мэдрэмж яаж үүсдгийг эрдэмтэд тайлбарлаж чаддаггүй ажээ.

Урлагийн мэдрэмж

13 Хөгжим сонсох

Ерөнхийдөө бол хөгжим бидэнд таатай мэдрэмж төрүүлж, аз жаргалтай бүхнээ эргэн дурсахад тусладаг. Хөгжим сонсож байхдаа хүний сэтгэл маш хүчтэй хөдөлдөг. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс энэ мэдрэмжийг яаж тайлбарлах вэ? Хөгжим, секс зэрэг таатай мэдрэмжийг удирддаг тархины хэсгүүд нэг дор байрладгаас болж зарим судлаачид хөгжимд дурлах нь өвөг дээдэст маань амьд үлдэхийн тулд хоол идэхэд төрдөг байсан таатай сэтгэгдлээс улбаатай гэж үздэг ажээ. Энэ тайлбар хангалтгүй санагдаж байгаа биз? Эрдэмтэд ч бас бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа юм.

Хөгжим сонсох

14 Хайр

Романтик бус, ердийн зүйл шиг сонсогдож мэдэх ч, үнэндээ хайр байдаг гэдгийг нотолж чадаагүй байгаа юм. Хайр анх хоолны дуршилгүй болох, нойргүйдэх, сэтгэл хөөрөх, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Гэхдээ хар тамхинд донтсон хүн ч бас ингэдэг шүү дээ.

Хүн хайртаасаа яагаад надад хайртай юм бэ гэж асуувал сайн сайхан чанарууд болон хамтдаа өнгөрөөсөн сайхан цагуудаа тоочиж мэднэ. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс хайрыг нь нотолж чадахгүй. Зарим хүмүүс хайрыг тодорхойлох аргагүй мэдрэмж гэж ярьдаг ба үнэхээр ч хайрыг үгээр тайлбарлаж болохгүй байгаа нь зарим талаараа романтик байж болох л юм.

Хайр

15 Тархины үйл ажиллагаа

Хүний тархи бүх цаг үеийн хамгийн том оньсого байсаар иржээ. Хэн болохыг маань тодорхойлж, дурсамж агуулдаг биеийн энэ хэсэг бидний үйлдэл бүрийг удирдаж байдаг бүхэл бүтэн тогтолцоо билээ. Тархины зураг, мэдрэлийн мэс заслын ачаар тархи яаж ажилладгийг хүн төрөлхтөн ерөнхийд нь мэдсэн боловч хөдөлшгүй, маргаангүй нэгдсэн тайлбар олдоогүй байгаа юм. Тархи биеийн бүх хэсэг рүү мэдрэлийн эсээр дамжуулан дохио илгээснээр хүн хөдөлж, ярьж, бодож сэтгэдэг боловч энэ үйл явц яаж тийм хурдан болж өрнөдгийг хэн ч мэддэггүй. Яаж тийм зохион байгуулалттай, яв цав байдаг юм бэ? Зарим амьтдаас жижиг хэмжээний тархитай мөртлөө хүн ярьж, бодож, төсөөлж яаж чаддаг юм бэ? Үнэхээр мэдмээр санагдаж байгаа биз?

Тархины үйл ажиллагаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()