Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сэтгүүлч: Г.Байгал
Монголын үндэсний дотоод аудиторуудын холбоо энэ сарын 25-нд албан ёсны нээлтээ хийх гэж байна. Тус холбооны удирдах зөвлөлийн дарга, Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхий аудитор П.Гантуултай ярилцлаа.
- Сайн байна уу? Юуны түрүүнд Institute of Internal Auditors (IIA Global) гэх олон улсын нэр хүндтэй томоохон байгууллагын Монгол дахь албан ёсны салбарыг нээж, Монгол Улсын дотоод аудиторуудад томоохон боломж, үүд хаалгыг нээж өгч байгаа Та бүхэнд баяр хүргэе! Шинэ холбооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
- Баярлалаа, Монголын үндэсний дотоод аудиторуудын холбоо (МҮДАХ) нь АНУ-д төвтэй Institute of Internal Auditors (IIA Global) буюу дэлхийн нийтэд дотоод аудитын мэргэжлийг хөгжүүлдэг, сурталчилдаг, дотоод аудитын стандартыг тогтоодог, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дотоод аудитын мэргэжлийн сертификатыг олгодог олон улсын институтаас өнгөрсөн хоёрдугаар сард албан ёсны салбарын эрхийг авсан. Ингэснээр бид IIA Global байгууллагыг Монгол Улсад төлөөлөх цорын ганц салбар нь болж байгаа.
IIA нь дэлхийн 170 гаруй орны 185 мянган гишүүнтэй, 100-гаад институт, 160-аад салбартай юм. Нийт гишүүдийн 17 хувь нь Ази, Номхон далайн бүсийн улс орнуудад байдаг. Бид 75-н жилийн түүхтэй энэ томоохон байгууллагын нэг хэсэг болсноор Монгол Улсад дотоод аудитын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Олон улсад институт гэж нэрлэж байгаа ч бид Холбоо гэсэн статустай байгааг анзаарсан байх. IIA Global-ын аль ч салбар үе шаттайгаар хөгжиж институцийн хэлбэрээ олдог зарчимтай тул энэ нь цаг хугацааны асуудал юм. Монголын дотоод аудиторууд IIA Global-ын салбарын эрхийг авахын тулд сүүлийн гурван жилийн турш уйгагүй ажилласан. Үүнд улсын болон хувийн салбарын дотоод аудиторууд, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгуууллага (JICA)-аас Сангийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын дотоод аудитын чадавхийг бэхжүүлэх” төслийн баг хамт олны бүгдийнх нь хамтын хүчин чармайлт орсон.
Манай нээлтийн арга хэмжээнд IIА Global-ыг төлөөлж, Удирдах зөвлөлийн дарга асан Филип Тарлинг хэмээх эрхэм оролцоно. Тэрбээр мөн IIА-ын ИБУИНВУ дахь салбарын Удирдах зөвлөлийн даргаар, Европын Холбооны улсуудын IIА-ын салбаруудын Холбооны Удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан, сүүлийн 30-аад жил дотоод аудитын салбарт ажиллаж байгаа арвин туршлагатай хүн. Ноён Тарлинг шинэ салбарынхаа албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд зориулж МУИС-ийн “Эрдмийн өргөө” танхимд Хүндэтгэлийн лекц уншина. Дотоод аудитыг сонирхож буй хүн бүрт энэхүү лекц нээлттэй.
- Монгол Улсад гадаад буюу хөндлөнгийн аудитын салбар хөгжөөд чамгүй хугацаа өнгөрч байна. Харин байгууллага дотооддоо аудиттай байх тухай ойлголт харьцангуй шинэ. Дотоод аудиттай болсноор ямар давуу талтай вэ?
-Гадаад аудит нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан баланс үнэн зөв эсэхийг баталгаажуулдаг. Харин дотоод аудит илүү өргөн хүрээг хамардаг. Маркетинг, хүний нөөц, аж ахуй гээд тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл бүрийг шалгаж, зөвлөмж өгдөг. Хэдийгээр дотоод аудит нь байгууллагын бүтэц дотор байдаг ч гүйцэтгэх удирдлагаас хараат бус, өмчлөгчийн шууд харъяанд ажилладагаараа онцлогтой. Дотоод аудит нь баталгаажуулалт болон зөвлөгөө өгөх үйлчилгээнээс бүрддэг. Дотоод аудит хэр сайн хөгжсөн байна, тухайн байгууллагын удирдлагад төдий чинээ үнэ цэнэ авчирч, эрсдэлээ удирдахад нь тусалдаг. Ийм л үр дүнтэй удирдлагын чиг үүрэг юм.
Хөндлөнгийн аудиттай ямар харилцаа холбоотой байх вэ гэвэл гадаад, дотоод аудитууд нягт хамтарч ажиллаж байх ёстой. Ингэснээр аудит хоорондын ажлын давхардал үүсэхгүй байх давуу талтай.
Олон улсад хувьцаат компаниуд дотоод аудиттай байхыг сайн туршлагад тооцдог. Энэ хэрээр компанийн үнэлэмж, үнэ цэнэ өсдөг. Мөн компанийн үйл ажиллагаа тэлэх тусам удирдахад хүндрэлтэй болдог тул дотоод аудитын нэгжтэй байхыг зөвлөдөг. Дотоод аудитын үр дүнд байгууллага доторх асуудалтай байгаа үйл ажиллагаанууд тодорхой болдог. Иймд гүйцэтгэх удирдлагад алдаагаа хугацаа алдалгүй залруулах боломж олгодогоороо давуу талтай. Харин өмчлөгчийн хувьд томилсон гүйцэтгэх удирдлага нь байгууллагын стратеги зорилгын дагуу хангалттай хэмжээнд ажиллаж чадаж байна уу гэдэг асуултад хараат бус, бодит дүгнэлтийг авч байдгаараа давуу талтай.
Мөн сүүлийн үед шинэ эрсдэлүүд гарч ирж байна. Тухайлбал, комплайнсын эрсдэл, мөн кибер аюулгүй байдлын эрсдэлээс хамгаалах хэрэгтэй болж байна. Эдгээр эрсдэлээс дотоод аудитын үйл ажиллагаа сэргийлэх боломжийг бүрдүүлдэг. Тэрчлэн дотоод аудитын нэгжтэй байвал байгууллагын нэр хүнд, харилцагч, хамтран ажиллагсдад итгэлцэл бий болж, үнэ цэнэ нэмэгддэг. Үнэ цэнэ өсөж буй учраас харилцагч, үйлчлүүлэгчдээ тогтоон барихад ч чухал ач холбогдолтой.
-Манай улсад дотоод аудит олон улсын жишгээр ажиллаж чадаж байгаа юу?
- Өнөөдөр Монгол Улсад дотоод аудит үүсч хөгжөөд удаагүй буюу хувийн хэвшилд бий болоод 10 орчим жил, харин улсын салбарт 4-5 жилийн өмнөөс л ажиллаж байна. Хэдийгээр олон улсын жишигтэй харьцуулахад богино хугацаа ч бидэнд олон улсын шилдэг туршлага, мэдлэгээс хуваалцах, өөрсдийгөө хурдан хугацаанд хөгжүүлэх боломж бий.
Дотоод аудит бол аливаа салбарын, байгууллагын чухал хөдөлгөгч хүч нь байдаг. Тиймээс ч дотоод аудиторуудыг хөгжүүлснээр дотоод аудитыг олон улсын жишигт хүргэх боломжтой. Чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал өнөөдөр хамгийн чухал асуудлын нэг болоод байна.
- МҮДАХ буюу энэ институтын гишүүн болсноор ямар давуу талыг олгох вэ?
- Манай холбооны гишүүн болсоноор IIA Global-ын гишүүн болно. Ингэснээр 75 жилийн турш дотоод аудиторуудын хуримтлуулсан мэдээллийн санд нэвтрэх эрхтэй болно. Зөвхөн гишүүдэд зориулсан маш олон боломжууд байдаг. Тухайлбал, мэргэжлийн сургалт, семинарт хамрагдах, зөвхөн гишүүдэд үйлчлэх үнэ тарифаар мэргэжлийн ном, материалаар хангагдах, төрөл бүрийн судалгааны ажлуудтай танилцаж, мэдээлэл авах, networking буюу харилцаа холбоо бий болгох, ур чадвараа дээшлүүлэх боломжтой. Бүр тодруулбал 32 цаг буюу дөрвөн өдрийн сургалт, 8 цагийн Networking арга хэмжээнд үнэгүй оролцох эрхтэй.
Мөн Certified internal auditors (CIA) зэрэг cертификатыг авсан тохиолдолд дотоод аудиторууд маань олон улсын тавцанд ажиллах ч боломжтой. Түүнчлэн Монгол улсын нутаг дэвсгэр дээр олон улсын жишиг үйлчилгээг авах хамгийн том давуу талтай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.na.theiia.org болон www.institutes.theiia.org/sites/Mongolia цахим хуудаснаас авах боломжтой.
-Олон улсын стандарт нэвтрэхэд манай дотоод аудитын хууль, эрхзүйн орчин бэлэн үү?
- Эрх зүйн орчин бүрдэх шатандаа яваа. 2011 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт орж, Төсвийн ерөнхийлөн захирагч нар дотоод аудитын нэгжтэй байхыг хуульчилж өгсөн. Мөн Засгийн газар дотоод аудитын дүрмийг баталсан бөгөөд 2015 онд дахин шинэчилсэн байгаа. Яам, агентлаг, Засаг даргын Тамгын газруудад дотоод аудитын нэгж байгуулагдаж, дотоод аудиторын орон тоо бий болж байна. Улсын салбарын дотоод аудитын тухай хуулийн төслийг Сангийн яамнаас боловсруулж дууссан. Энэ хууль батлагдсанаар улсын салбарын дотоод аудитын эрх зүйн орчин бүрдэнэ. Хувийн хэвшлийн тухайд Компанийн тухай хуулиар зохицуулж байгаа.
-Боловсон хүчнийг хэрхэн чадавхжуулах бол? Холбоонд нийт хэдэн гишүүн өнөөдрийн байдлаар элссэн байгаа вэ?
- IIA нь дэлхийн хэмжээнд 140 мянган дотоод аудиторуудад Certifiad Internal Auditor (CIA) мэргэжлийн гэрчилгээг олгосноос 62 мянга нь Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын аудиторууд байдаг. МҮДАХ нь CIA гэрчилгээг олгох сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа учраас боловсон хүчний бэлтгэлд маш их дэвшил гарна гэж найдаж байна. Жишээ нь, дотоод аудиторуудыг сургахаас гадна их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, дэлхийн 12 орны 48 их, дээд сургуульд хэрэгжиж байгаа Internal Audit Education Partnership (IАEP) хөтөлбөрөөр оюутны ширээнээс дотоод аудиторуудыг бэлтгэдэг. Дотоод аудитын хичээлийн агуулгыг олон улсын түвшинд заана гэсэн үг. Дэлхий нийтэд дотоод аудитын чиглэлийн сургалтууд өндөр төлбөртэй байдаг тул маш сайн онолын мэдлэгийг мэргэжлийн суурь боловсролын түвшинд өгснөөр аль ч утгаараа чадварлаг боловсон хүчнийг бэлтгэнэ.
Манай холбоо одоогоор 20 гаруй байгууллагын 50 гаруй гишүүнтэй. Үүнд хувийн, улсын, төрөл бүрийн байгууллагын төлөөлөл бий. Дотоод аудитыг сонирхож байгаа хэн ч манай гишүүнээр элсэх боломжтой. Магадгүй 50 гэсэн тоо бага сонсогдож байгаа байх, гэсэн ч энэ бол сайн эхлэл гэж бодож байна. Учир нь бид хоёр жилийн хугацаанд 50 гаруй гишүүнтэй болохоор төлөвлөж байсан. IIA Global анх 24 гишүүнтэй үүсгэн байгуулагдаж байсан бол тухайн оныхоо эцэс гэхэд 1000 гаруй гишүүнтэй болсон түүхтэй. Эрэлт, хэрэгцээ байгаа учраас бас хүмүүс ач холбогдлыг нь ойлгодог болж байгаа учраас цар хүрээ нь хурдтай тэлэх байх.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Танай холбоонд, танд ажлын өндрөөс өндөр амжилт хүсье.
Баярлалаа.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.