1
Дэлхийн хамгийн удаан хугацаанд хаан ширээнд заларсан хаан нас барсан
Дэлхийн хамгийн удаан хугацаанд хаан ширээнд суусан Тайландын хаан Бумибол Адулядеж (Bhumibol Adulyadej ) 88 насандаа буюу 10 сарын 13-нд нас барсан аж. Тэрээр 18 настай байхдаа хаан ширээнд заларч, тус улсыг 70 жилийн турш удирдсан билээ. Хаан ийнхүү тэнгэрт хальсан нь ард иргэдийнх нь хувьд хүнд хэцүү цаг мөч болж олон хоногийн турш гашуудан, амар амгаланг хүсч залбирчээ. Харин өдгөө хаан ширээг Бумибол Адулядежийн цор ганц хүү болох Вачиралонгкорн залгамжлах аж.
2
Их Британий фунт стерлинг доод цэгтээ хүрч унасан
Их Британи улс нь Европын холбооноос гарна гэдгээ мэдэгдсэнээс хойш тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасан байна. 10-р сарын 11-нд Британи улсын мөнгөн тэмдэгт түүхэн дэхь хамгийн доод цэгтээ хүрч унасан бөгөөд энэ нь эдийн засагт нь сөргөөр нөлөөлж, санаа зовниход хүргээд байгаа юм. Мөн тус улсын фунт стерлингийн ханшны гол үзүүлэлт өнгөрсөн зуунаас хойш байгаагүй хэмжээгээр унасан тухай Лондонгийн "Financial Times" сэтгүүлд мэдээллэсэн билээ.
3
Гиннесийн дээд амжилт тогтоосон Япон дуу
"PPAP" буюу "Pen-Pineapple-Apple-Pen" гэх 51 секунд үргэлжлэх дуу нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, шуугиан тариад байгаа билээ. Японы уран бүтээлч Пико Таро нь өөрийн дуугаа "youtube" хуудаснаа байршуулсан бөгөөд анх дуучин Жастин Бибер "Миний хамгийн дуртай дуу" хэмээн түгээснээр Япон дуучны амьдрал сүүлийн нэг сарын дотор орвонгоороо өөрчлөгдсөн юм. Энэхүү уран бүтээл нь “Billboard сэтгүүлд багтсан дэлхийн хамгийн богино дуу”-гаар шалгарч, Гиннесийн номонд бичигдсэн аж.
4
Японд амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ
10-р сарын 23-ны өдөр Япон улсын Точиги мужид байрлах нэгэн машины зогсоолд амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн байна. Үүний уршгаар нэг хүн амиа алдаж, 3 хүн шархаджээ. Харин энэ нь олон хүнд яагаад гэх асуултыг төрүүлж байгаа юм. Учир нь Япон улс нь террорист бүлэглүүдтэй ямар нэгэн сөрөг харилцаагүй, Ойрхи Дорнотой асуудалгүй атал амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн нь хүн бүрийг айдаст автуулаад байна. 72 настай Тошикацу Курихара (Toshikatsu Kurihara) машиндаа сууж бөмбөг дэлбэлсэн бөгөөд өөрийн амиа золиослож, 3 хүнийг бэртээсэн аж.
5
Колумб улс энх тайван амьдралаас татгалзав
Колумб улсын засгийн газар болон Колумбын хувьсгалт зэвсэгт бүлгийнхэн (FARC) 50 гаруй жилийн турш зөрчилдөж, үймээн самуун дэгдээж нийтдээ 250,000 гаруй хүний аминд хүрсэн байдаг. Харин засгийн газар болон "FARC" зэвсэгт бүлгийнхэн тохиролцоонд хүрч, гэрээ байгуулахаар болжээ. Ингэхдээ бүх нийтийн санал асуулга явуулж, үүнийг дэмжиж байгаа эсэхийг асуусан байна. Гэвч санал асуулгын үр дүн хэний ч санаанд буумгүй байсан төдийгүй нийт хүн амын 50.2 хувь нь үүнийг эсэргүүцэж, дайн дажин, хүнд хэцүү байдлыг үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Хэрэв уг гэрээг Колумбчууд нийтээрээ хүлээн зөвшөөрсөн бол "FARC"-ийн босогчид зэвгээ хураалган, зургаан сарын хугацаанд шинэ нам байгуулахаар төлөвлөж байжээ.
6
Гайтид ахин байгалийн гамшиг тохиолдов
2010 онд Гайтид аймшигт газар хөдлөлт болсны улмаас 230,000 гаруй хүн нас барч байсан юм. Харин өнгөрөгч 10 дугаар сард 230 км цагийн хурдтай хар салхи Гайтиг нөмрөн авч, 1000 гаруй хүн нас барж, 800,000 хүн орон гэргүй болжээ. Хүн бүр энэхүү аюулт үзэгдэл цааш үргэлжилж, 2010 онд болсон аймшигт үзэгдэлтэй ижил хор хөнөөл учруулах вий хэмээн эмээж байгаа билээ.
7
Орчлон ертөнц бидний бодож байснаас том
Өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө орчлон ертөнц нь өөртөө 200 гаруй тэрбум гараг эрхэсийг багтаадаг хэмээн үзэж байсан. Харин өнгөрөгч 10-р сарын 13-ны өдөр орчлон ертөнц 2 триллион одод, галактикийг багтааж байдаг болохыг олж тогтоосон билээ. Энэ нь бидний урьд өмнө бодож төсөөлж байснаас 10 дахин их тоо хэмжээ юм. Нийт гараг эрхэсийн 90 гаруй хувь нь үл танигдаж байгаа төдийгүй бидний нүдэнд үзэгдэхгүй юм. Харин 2018 онд тэдгээр оддыг харж болохуйц технологитой шинэ телескопыг зохион бүтээхээр төлөвлөөд байгаа аж.
8
Өмнөд Солонгос улсын "Распутин"-ы эсрэг хөдөлгөөн
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ ( Park Geun-hye) нь олон жилийн өмнөөс өөрийн найз болох Чой Сон Сил (Choi Soon-sil)-ийн үгийг дагаж, улс төрийн хэрэгт оролцуулдаг, ямар нэгэн албан тушаалгүй атал хэт эрх мэдэл өгдөг зэргийг нь олон нийтийн олж мэдэн, ихэд бухимдсан байна. Авилга, эрх мэдлээр далайлгаж бүхнийг авах болсон энэхүү байдал нь оюутан залуусын уур бухимдлыг төрүүлж, эсэргүүцэл жагсаал хийхэд хүргэжээ. Сөүл хотод 10,000 гаруй оюутнууд жагсаж, ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардсан байна. Тэдний жагсаал үр дүнгээ үзүүлж ерөнхийлөгчийн ард нуугдсан Чой Сон Силийг 10-р сарын 29-ны өдөр баривчилсан юм.
9
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Хилари Клинтон (Hilary Clinton) болон Дональд Трамп (Donald Trump) нарын мэтгэлцээн дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Бизнесмэн Трампын тухайд хүчингийн хэргээр шалгагдаж байсан, хар бараан түүх арвинтай нэгэн бол Хилари Клинтон өөрийн мэйлийг хакердуулж, нууц бичиг баримтаа алдаснаар нэр хүндээ алдсан билээ. Хүмүүс тэднийг аль аль нь тийм ч зөв сонголт биш гэж үзэж байгаа боловч судлаач нарын явуулсан санал асуулгын дүнгээр адил 45 хувийн саналыг аваад байна. Харин тэдний хэн нь ялалт байгуулж, АНУ-ыг удирдахыг хэдхэн хоногийн дараа мэдэх билээ.
10
Мосул хотыг чөлөөлөх дайн
2014 оны дунд үед "ISIS" террорист бүлэглэл Иракын томоохон хотуудын нэг болох Мосулыг эзэлж, өөрсдийн эзэмшил болгосон билээ. Харин 10 сарын 17-оос эхэлж Иракийн зэвсэгт хүчин, Шийт, Курдын цэргүүдтэй нэгдэж, Мосул хотыг террористуудаас чөлөөлөх дайныг эхлүүлээд байна. Энэхүү байлдаан нь он дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа юм.