“One Direction” хамтлагийн тухай сонирхолтой баримтууд

Алдарт хөвгүүдийн хамтлаг нь дэлхий даяар нэрээ цуурайтуулж, ололт амжилтаар дүүрэн яваа билээ. Тэдний гаргасан дуу бүр нь хүмүүсийн аманд аялагдаж, хийсэн үйлдэл бүр нь шуугиан тарьдаг жамтай. Иймд өнөөдөр та бүхэндээ "One Direction" хамтлагийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. 

“One Direction” хамтлагийн тухай сонирхолтой баримтууд

1 Тэдний гараа

Эрч хүчтэй 5 хүү 2010 онд алдарт "X Factor" шоунд тус тусдаа оролцож, үзэгчдийг алмайруулж байв. Гэвч тэдний хэн нь ч дараагийн шатанд шалгарч чадаагүй юм. Харин шүүгч Николь Шерзингер (Nicole Scherzinger) залуусыг нэг баг болгож, хамтарч дуулахыг санал болгосон бөгөөд тэднийг тэмцээнд хэвээр үлдээсэн юм. Ингэснээр хөвгүүд анх бие биенээ олж, хамтлаг болон бүрэлдсэн байдаг. Мөн хамтлагийн нэрийг дуучин Харри Стайлс (Harry Styles) өгч байжээ. 

Тэдний гараа

2 Тоглолтын өмнө

Залуус тоглолт эхлэхээс өмнө өөрсдийн сандралаа дарах үүднээс "Haribo" резинэн чихэр иддэг байна. Энэ нь тэдэнд эрч хүч, урам зориг хайрладаг аж. 

Тоглолтын өмнө

3 Өндөр үнэтэй хамтлаг

Тэднийг ганц үдэш цэнгүүн, тэмдэглэлт өдөрт зориулан дуулуулахад 30,000 долларыг төлөх хэрэгтэй болдог аж. Энэ нь тэдний нэр хүнд, урлагийн салбарт эзлэх байр суурийг илтгэж байгаа юм. 

Өндөр үнэтэй хамтлаг

4 Гиннесийн номонд бичигдсэн

"One Direction" нь Гиннесийн номонд бичигдсэн хамгийн анхны Англи хамтлаг аж. Тэд өөрсдийн гаргасан цомгийн борлуулалтаараа амжилт тогтоож, нэгдүгээр байранд бичигдэх болсон билээ. 

Гиннесийн номонд бичигдсэн

5 Амжилт, шагналын эзэд

Тэд өнөөдрийг хүртэл нийтдээ 324 номинацид нэр дэвшиж, 166 шагналын эзэн болоод байна. Цаашдаа тэдний шагналын тоо хэд болон өсөхийг цаг хугацаа харуулах бизээ. 

Амжилт, шагналын эзэд

6 "One Direction" календар

2012 онд тэдний зурагтай календар худалдаанд гарсан бөгөөд энэ нь хамгийн их худалдан авагчтай календар хэмээн нэрлэгдэж, шуугиан тарьж байв. Мэдээж тухайн үед "One Direction" хамтлаг нь хүн бүрийн хараанд өртөж, тэднийг шүтэн бишрэх залуус хэдэн саяар тоологдож байсан билээ. 

"One Direction" календар

7 Саймон Ковелл (Simon Cowell)

Залуус "X Factor" тэмцээнд 3-р байр эзлэснийхээ дараа нэрт продюсер, шоуны шүүгч Саймон Ковеллтэй гэрээ байгуулж, алдар нэр, амжилтын замаа зурайлгасан билээ. 

Саймон Ковелл (Simon Cowell)

8 Тоглолтын тасалбар

2011 болон 2012 онд тэдний Англи улсад хийсэн аялан тоглолтын тасалбар худалдаанд гарснаас ердөө 12 минутын дотор зарагдаж дууссан байдаг. Үүнээс гадна тасалбар авч амжаагүй олон залуус бухимдаж байжээ. 

Тоглолтын тасалбар

9 Хамгийн их амжилт дагуулсан дуу

Тэдний "What Makes You Beautiful" дуу нь залуусыг алдар нэр өөд хөтөлсөн юм. Дуу гарсан даруйдаа амжилт бүтээл дүүрэн байж, UK Chart-ийг тэргүүлж эхэлсэн аж. Дөнгөж урлагийн гараагаа эхэлж байсан тэдэнд энэ нь юутай ч зүйрлэшгүй амжилт байсан аж. 

Хамгийн их амжилт дагуулсан дуу

10 Буяны ажил

Тус хамтлаг нь буяны ажилд гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг байна. Тэд 2013 онд хамгийн их хөрөнгийг буяны үйлсэд зарцуулсан оддын 2-р байр, 2014 онд 6-р байрыг тус тус эзэлж байсан юм. Магадгүй тэдний тус зан чанар нь олон охид залуусын хайрыг татаж, шүтэн бишрэхэд хүргэсэн биз ээ.

Буяны ажил

11 "Spice Girls" хамтлаг

Тэд Английн алдарт "Spice Girls" хамтлагийг шүтэн бишэрдэг бөгөөд тэдэн шиг түүхэнд нэрээ мөнхлөн үлдээж, шилдэг бүтээл туурвихыг хүсдэг гэнэ. 

"Spice Girls" хамтлаг

12 Хамгийн сайхан газар бол "гэр"

Тэднээс нэгэн сэтгүүлч "Хаана байх хамгийн дуртай вэ?" гэж асуухад хамтлагийн гишүүн бүр "гэр" гэж хариулсан төдийгүй гэртээ байх шиг сайхан зүйл үгүй хэмээн чин сэтгэлээсээ хэлж байсан аж. 

Хамгийн сайхан газар бол "гэр"

13 Дуу зохиогчид

Дуучид өөрсдийн 3 дахь цомгийн нийт 14 дууны 12-ыг, 4 дэх цомгийн 12 дууны 10-ыг нь өөрсдөө хамтран бичжээ. Тэдний авьяас чадварыг юутай ч зүйрлэшгүй юм. 

Дуу зохиогчид

14 Хамгийн амжилттай байсан цомог

2013 онд гаргасан "Midnight Memories" цомог нь тус хамтлагийн хамгийн их борлогдсон, хамгийн их амжилт авчирсан цомог билээ. Тэр бүү хэл 2013 онд Дэлхийн хамгийн их борлогдсон цомгоор нэрлэгдэж байв.  

Хамгийн амжилттай байсан цомог

15 Зочид буудлаас илүү автобус

Тэдний тухайд аялан тоглолтоор явахдаа зочид буудалд байрлаж, унтаж амрахаас илүүтэй автобусандаа хонохыг хүсдэг байна. Учир нь автобус тухтай төдийгүй тэдэнд яг л гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг аж. 

Зочид буудлаас илүү автобус

16 Луи Томлинсон (Louis Tomlinson)

Хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох Луи нь 24 настай билээ. Тэрээр бага байхаасаа л сахилгагүй нэгэн байсан төдийгүй сургуульд байхдаа багшийнхаа үсийг шатааж, 3 хоногийн турш шийтгүүлж байжээ. Луи өөрийгөө дуучин болно гэж огтхон ч төсөөлж байгаагүй төдийгүй фермэд ажиллаж, амьтантай ойр байхыг мөрөөддөг байв. Мөн түүний хобби нь хөлбөмбөг тоглох ба хүн бүр түүнийг дуучин болоогүй бол хөлбөмбөгт амжилт гаргах байсан хэмээдэг билээ. 

Луи Томлинсон (Louis Tomlinson)

17 Найл Харон (Niall Horan)

Уянгалаг яруу хоолойтой Найл нь хүүхэд шиг зантай, гэнэн итгэмтгий нэгэн аж. Түүнийг хамтлагийнхаа хамгийн өхөөрдөм нь гэх нь ч бий. Харин дуучин залууг бага байхад нь тагтаа дайрч айлгасан байдаг бөгөөд  тэрээр өнөө хэр нь тагтаанаас айж аль болох хол байхыг хичээдэг байна. Мөн түүний хобби бол бялуу хийх төдийгүй маш чадварлаг тогооч гэнэ. Тэрээр солгой гартай боловч гитарыг баруун гараараа тоглодог.

Найл Харон (Niall Horan)

18 Харри Стайлс (Harry Styles)

Хамтлагийн залуусаас хамгийн их охидын зүрх сэтгэлийг шархлуулдаг Харри нь 1994 онд мэндэлсэн билээ. Хөгжилтэй зантай, ухаалаг залуу 4 ширхэг хөхний товчтой аж. Үнэхээр гайхаж балмагдмаар хэдий ч энэ бүхнийг түүний цээж нүцгэн зургууд баталж өгнө. Мөн тэрээр гэрээсээ хол аялан тоглолтоор явахдаа лаа авч яван, замдаа асааж, тайтгарал авдаг байна. Тэрээр ахлах сургуульд байхдаа нэгэн амьд хөгжмийн хамтлагт дуулж эхэлснээр урлагт хөл тавьжээ.

Харри Стайлс (Harry Styles)

19 Лиам Пейн (Liam Payne)

Тэрээр 1993 оны 8-р сарын 29-нд мэндэлсэн бөгөөд "X Factor" шоунд 2 дахь удаагаа оролцосны эцэст өөрийн байх ёстой газраа олж, хамтлагт нэгдсэн юм. Царайлаг дуучин залуу хэд хэдэн хайрын романс үүсгэж, шүтэн бишрэгч охидоо сэтгэлийн шаналалд унагааж явсан билээ. Сонирхуулахад Лиам төрөхөөсөө нэг бөөр нь ажиллагаагүй байсан бөгөөд байнгын эмчид үзүүлж, асуудал байгаа эсэхийг шалгуулдаг байна. Тэрээр бага байхдаа гал сөнөөгч болж олон хүний амь насыг аврахыг хүсдэг байжээ. 

Лиам Пейн (Liam Payne)

20 Заян Малик ( Zayn Malik)

1993 оны 1-р сарын 12-нд төрсөн царайлаг дуучин залуу нь 5 жил "One Direction" хамтлагт дуулсны эцэст буюу 2015 онд хамтлагаасаа гарах шийдвэр гаргаж, шүтэн бишрэгчдээ гонсойлгож орхисон билээ. Тухайн үед хүн бүр л хамтлаг тарах байх, одоо чанартай бүтээл туурвиж чадахгүй байх гэж байсан ч тэдний бодлыг үргээх мэт "One Direction" хамтлаг тэсрэлт хийсэн дуунууд удаа дараа гаргасан юм. Заяны тухайд уснаас айдаг бөгөөд сэлж чаддаггүй аж. Мөн түүний "Malik" гэх овог нь Арабаар Хаан гэх утгыг илтгэдэг байна. 

Заян Малик ( Zayn Malik)

Та тус хамтлаг болон гишүүдийн тухай мэддэг өөр сонирхолтой зүйл байвал бидэнтэй хуваалцаарай. Мөн танд "One Direction" хамтлагийн аль гишүүн илүү их таалагддаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()