1
“Il Mare”
2000 онд дэлгэцнээ гарч, залуусыг шуугиулж байсан тус уран бүтээл нь хайрын хүчийг хүн бүрийн сэтгэл зүрхэнд мэдрүүлж чадсан байдаг. Далайн эргийн ойролцоо амьдрах залуус захидлаар хоорондоо харилцаж, нэг л мэдэхэд хэзээ ч салж чадахааргүй болж, бие биедээ уусан шингэсэн байна.
2
“My Sassy Girl”
Энгийн нэгэн залуугийн амьдралд дүрсгүй, зоргоороо атлаа дэндүү гэнэн, өхөөрдөм бүсгүй солир мэт түүний амьдралд гэнэт харван орж ирнэ. Хөгжилтэй зүйлс, хайр дурлалаар дүүрэн тус кино нь таныг хором ч уйдаахгүй. Элэг хөшөөм үйл явдал нь эхнээсээ төгсгөл хүртэл үргэлжлэх бөгөөд “My Sassy Girl 2” кино нь энэ жил нээлтээ хийж, үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн билээ.
3
“Classic”
“My Sassy Girl” киноны найруулагчийн бас нэгэн гайхалтай уран бүтээл болох “Classic” нь хүн бүрийн сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадсан юм. Хайрын гурвалжин, өсвөр насны залуусын анхны хайрын тухай өгүүлэх энэхүү киног та амралтын өдрүүдээр тухлан сууж үзээрэй.
4
“Too Beautiful to Lie”
Хайр дурлал нь хэнийг ч, яаж ч өөрчилж чадна. Шоронгоос гарч ирсэн алдарт хулгайч бүсгүй санамсаргүй байдлаар нэгэн залуутай танилцаж, тэдний гэрт очин, үймээн самуун дэгдээнэ. Нэгэнт гэрт нь очиж, явж чадахааргүй болсон тул тэнд амьдарч, аав ээжийнх нь хайранд умбаж, гэр бүл, хайр гэж ямар гайхалтай болохыг ухаарах аж. Аажим аажмаар бүсгүй өөрчлөгдөж, гэмт хэрэгтэн биш гэмгүй цагаахан сэтгэлтэн болж хувирах юм. Онц сонирхолтой, хөгжилтэй тус уран бүтээл нь хүн бүрт нэгийг бодогдуулах нь гарцаагүй.
5
“A Moment to Remember”
Энэхүү киног үзээд нулимс дуслуулж, сэтгэл шимшрээгүй хүн гэж үгүй болов уу? Хайр гэж үнэхээр агуу зүйл болохыг нотлон харуулсан төгс гэж хэлж болохуйц тус уран бүтээл нь үзэгчдээс өндөр үнэлгээ хүртдэг. Мартах өвчтэй болсон хайрт бүсгүйгээгээ эцсийн мөч хүртэл нь харж халамжлахыг хүсэх, тэмцэх залуугийн сэтгэл үнэхээр бахархам билээ.
6
“Sad Movie”
8 өөр хүний хайр дурлалын тухай өгүүлэх бөгөөд хайр бүр өөр өнгөтэй, өөр түүхтэй, өөр төгсгөлтэй болохыг өвөрмөц сайхнаар үзүүлж өгсөн юм. Хайр бүхэн аз жаргалтай, баяр хөөртэй байна гэдэг бүтэшгүй бөгөөд хэт их жаргалын дунд хэсэгхэн зовлон амт нэмж, тэдний хайрыг улам бүр дүрэлзүүлнэ.
7
“My Scary Girl”
Ван Дей Вү гэх залуу 29 жил амьдрахдаа ганц ч удаа бүсгүй хүнтэй болзож байгаагүй юм. Харин түүний амьдралд орж ирсэн үзэсгэлэнт бүсгүй нь мөрөөдөж, төсөөлж байснаас нь эсрэг байв. Эмэгтэй хүнд агуулагдах шинж чанар хомс бөгөөд үргэлж хэрэг тарьж явдаг аймшигт бүсгүй аж. Гэвч тэд хамт байх тусам нэгнийхээ чин сэтгэлийн гүнд нэвтэрч, хайр сэтгэлийг бадрааж чаддаг юм.
8
“I’m a Cyborg, But That’s Okay”
Эмнэлгийн өрөөнд дүрэлзэн ассан гайхалтай хайрын тухай өгүүлэх болно. Хиймэл эрхтний тусламжтайгаар амьдарч байгаа бүсгүй өөрийгөө хэнд ч дурлаж, хэнийг ч хайрлаж чадахгүй гэж бодсоор өдөр хоногийг өнгөрүүлэх боловч гэнэтийн учралаар зүрхийг нь дахин хүчтэй цохилуулах залуутай танилцана. Тэдний хайр дурлал маш өвөрмөц бөгөөд бие биенийхээ дутууг нөхөж, хэзээ ч холдож чадахааргүй болно.
9
“200 Pound Beauty”
Бүдүүн бие, царай муутай төрхөөсөө болж бусдад доромжлуулж явсан бүсгүй нэг л өдөр өөрчлөлт хийхийг хүсч, хөлийн үзүүрээс, толгойны үс хүртэл бүх зүйлсээ солиулсан юм. Эхэндээ тэрээр үзэсгэлэнтэй болсондоо баяртай байсан ч царай төрхөө солилоо гээд юу ч өөрчлөгдөхгүй болохыг ойлгоно. Мөн тэрээр нэгэн залууд бүдүүн байхаасаа л сэтгэлтэй байсан бөгөөд хөөрхөн царайныхаа ард нуугдсан үнэн төрхөө дэлгэснээр тэдний хайр дурлал бадамлан асдаг. Магадгүй энэ киног үзэж байгаагүй хүн гэж үгүй болов уу?.
10
“Cyrano Agency"
Хайр дурлалын тал дээр асуудалтай хүмүүст туслах байгууллага нь олон хосуудыг нийлүүлж, гэр бүл болгож өгсөн чадварлаг ажилчидтай аж. Гэвч нэгэн залуу хуучин найз бүсгүйнхээ хайрыг эргүүлж татах гэж тус байгууллагад хандаснаар адал явдал эхэлнэ.
11
“Finding Mr. Destiny”
Анхны хайртай нь учруулж өгөх зорилготой нэгэн компанид Жи Во гэх бүсгүй Энэтхэг улсад учирсан хайраа олохоор зорьж ирнэ. Тэрээр хайр зуучлалын байгууллагын ажилтны хамтаар Энэтхэг улсыг зорих бөгөөд тэдэнд тулгарах хөгжилтэй адал явдлууд, хайр дурлал нь таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.
12
“Penny Pinchers”
Олсон мөнгөө дур зоргоороо үрж явсан залуу нэг л өдөр өрөнд орж, амьдарч байсан байрнаасаа хүртэл хөөгдөнө. Харин азтай учралаар нэгэн бүсгүйтэй танилцаж амьдралд суралцан, мөнгө олох аргыг заалгах юм. Тэдний хөгжилтэй адал явдлууд эцэстээ хайр болон хувирах бөгөөд хайр дурлал нь мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл болохыг батлан харуулдаг.
13
“Late Autumn”
Тус уран бүтээл нь 2010 оны 9-р сард анх Канадын Торонто хотын дэлгэцнээ гарсан бол 2011 оны 2-р сард Солонгос улсад нээлтээ хийжээ. Нэгэн Хятад бүсгүй 72 цагийн батлан даалтаар шоронгоос гарч ирэн, Сиатл хотыг зорьж, гэрийнхэнтэйгээ уулзахаар явна. Харин энэ хугацаанд Солонгос залуутай танилцах бөгөөд амьдралыг цоо шинэ, өнгөтөөр харах болж, аз жаргалтай хором мөч бүрийг хамтдаа өнгөрүүлнэ.
14
“Spellbound”
Олон жилийн турш сүнс харж, сүнсний ертөнцөд амьдарсан бүсгүй илбэчин залуутай танилцаж хамтарч ажиллахаар болно. Харин бүсгүй хэнд ч хэлэлгүй хадгалсаар ирсэн нууцаа илбэчин залууд дэлгэж, тэдний хөгжилтэй хайр дурлал эхэлнэ. Залуу сүнстэй амьдрахаас илүү бүсгүйг өөрөөсөө явуулахаас айх бөгөөд хайр бүхнээс хүчтэй гэдгийг батлан харуулах болно.
15
"A Werewolf Boy"
Хүн төрхтэй чоно хүү багаасаа харанхуй өрөөнд хоригдож, олон жилийг үднэ. Харин түүний байрлах байшинд нэгэн айл нүүж ирэн, хүүг суллаж, хүн болоход нь туслах аж. Тус айлын том охин нь үзэсгэлэнт төрхтэй, сайхан сэтгэлтэй нэгэн бөгөөд хүн чонод туслаж, тэд аажмаар бие биедээ дурлана. Гэвч хосуудын хайр дурлал удаан үргэлжлэлгүй саад бэрхшээлтэй тулгарснаар үйл явдал өрнөдөг. Энэхүү кино нь маш олон кино наадмаас шагнал хүртэж, үзэгчдийн таашаалд нийцсэн төдийгүй хүн бүрийн нулимсыг дуслуулж байсан шилдэг уран бүтээл билээ.
Таны дуртай кино энд багтсан байна уу?