Түүнийг Сергей Кутовой (Sergei Kutovoy) гэдэг бөгөөд өдгөө 20 настай, цэл залуухан эр юм. Харин тэрээр 2013 онд буюу 17 насандаа аймшигтай автын осолд орж, нэг хөлөө тайруулахаас өөр аргагүйд хүрчээ.
Мэдээж залуу хүүд энэ нь маш хүндээр туссан бөгөөд амьдрах хүслийг нь үгүй хийж, түүнийг амьдаар нь булшилснаас өөрцгүй болжээ. Тэрээр хөдөлж чадахгүй тул өдөр нь тэргэнцэр дээр, шөнө нь орондоо хэвтсээр маш их жин нэмсэн байна.
Өөртөө гутарч, сэтгэлээр унасан хүү бухимдал, стрессд гүн автаж, хүмүүстэй харилцахаас ч дургүйцдэг болжээ. Харин ганцаардлыг өөрийн найз болгосон тэрээр нэг л мэдэхэд 140 кг жинтэй болчихсон байв.
Тухайн үеэс хүү өөрийгаа дайчлан, жингээ хасахаар хатуу шийдэж, найз нөхөдтэйгээ хамтран фитнесээр хичээллэх болжээ.
Түүнийг харсан хүн бүр л гайхан, балмагдаж, нэг хөлөө алдсан хүүг өрөвдөж байсан аж. Харин Сергей тэдний өрөвдсөн харцыг үл тоон бэлтгэл сургуулилтаа хийсээр, хүмүүсийн хандлагыг өөрчилж чадсан байна. Хүн өөрөө л хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, зориглох юм бол хүрч чадахгүй оргил байдаггүйн тод жишээг залуу хүү баталсан юм.
Сергейд хичээллэж үзээгүй спорт гэж ховор бөгөөд боксоор хичээллэх дуртайгаас гадна нэрт тамирчин болохыг мөрөөддөг байсан юм. Харин тэрээр өөрийгөө зориглуулж, шийдэмгий байсны хүчинд мөрөөдлийнхөө үзүүрээс атгаад авчээ.
Түүнд хамгийн ихээр урам зориг хайрладаг хүмүүс бол найзууд нь юм. Залууг унаж бүдрэхэд хажууд нь түшиж тулж байснаас гадна сэтгэлийн тэнхээ, асар их хүчийг өгч, амьдралын төлөө тэмцэж байхад нь үргэлж дэмжиж иржээ.
Сергей "Би хөлөө алдсан болохоос зүрх сэтгэл, залуу насаа алдаагүй. Надад одоо ч асар их хүч байна. Нэг хэсэг би өөртөө гутарч, бүхнээс залхаад яг л үхсэн хүн мэт амьдарч байсан. Харин нэг өдөр би өөрийгөө толинд хараад яагаад ингэж арчаагүй амьдарч байгаагаа гайхаж, дахин шинээр төрөхөөр шийдсэн" хэмээжээ.
Алхам алхмаар өөрийнхөө зорилго, тэмүүлэлд ойртох тусам түүний зүрхэнд итгэлийн гал асч, улам ихээр хичээх болсон юм.
Түүний энэхүү гайхалтай өөрчлөлт олон мянган залууст урам зориг, итгэл хайрласан бөгөөд хүнд хийж чадахгүй, хийх боломжгүй зүйл гэж ганц ч байдаггүй болохыг Сергей батлан харуулсан билээ.
Тэрээр өөрийн Инстаграм хуудаснаа өөрчлөгдсөн байдлаа нийтэлж, амьдралынхаа хүнд хэцүү мөч, үүнийг хэрхэн даван туулснаа өгүүлж, олон мянган хүний сэтгэлийн утсыг хөндсөн юм.
Тэрээр "Амьдралын хамгийн чухал зүйл бол хөл биш. Зүгээр л хөлтэй мэт сэтгэж, бодож амьдрах л хамгийн чухал. Надад одоо дутуу зүйл байхгүй. Би хөлгүй байлаа ч үүнийгээ сэтгэлийн хүч, тэнхээгээрээ бий болгож амьдарч байна. Амьдрах дэндүү сайхан" хэмээсэн бөгөөд энэ нь хүн бүрт сургамж болон үлджээ.
Сергей өдөр бүр фитнесдээ очиж дасгалаа хийдэг бөгөөд жилийн дотор гэхэд илүүдэл жингээсээ салж, бие булчингаа хөгжүүлээд зогсохгүй сэтгэл зүрхээ ч хатуу чанга болгосон юм.
Хүн яаж ч өөрчлөгдөж болдог. Гол нь өөрийнхөө сэтгэлд гал асааж, асар ихээр мөрөөдөж зүтгэвэл хэн ч байлаа гэсэн өөрийн тэмүүлэлдээ хүрч болно. Түүний тухай сонссон хүн бүр л хөлгүй байж яаж дасгал, бэлтгэл хийдэг болох, эрүүл саруул хоёр хөл, хоёр гартай эрхтэн бүтэн залуус ч жаахан бэлтгэл хийгээд ядарч, цуцаж, мөрөөдлөөс ухардаг атал хөгжлийн бэрхшээлтэй хүн хэрхэн ингэж өөрчлөгдөж чадсаныг гайхаж, алмайрдаг байна.
Тэрээр олон нийтийн ажилд маш идэвхитэй ханддаг бөгөөд боломж олдвол бүх төрлийн тэмцээн уралдаанд оролцохыг зорьдог аж. Энэхүү зурганд тэрээр тэргэнцэртэй уралдаанд оролцож шагналт байр эзэлсэн буй нь харагдана.
Сергей өөрийн хайр дурлалтайгаа хэдийн учирсан бөгөөд түүнийг өөрийнхөө эрч хүч, цэнэг бэлэглэгч хэмээн нэрлэдэг байна. Унасан боссон бүхий л хугацаанд дэргэдээс нь алхам ч холдоогүй чин зүрхний амрагтаа бүхнээс илүү хайртай гэнэ.
Тэрээр өдгөө улсдаа маш алдартай бөгөөд цахим сүлжээнд түүний тухай дуулаагүй хүмүүс тун ч ховор байх юм. Залуугийн итгэмээргүй өөрчлөлт танд ч бас нэгийг бодогдуулах болов уу?
Түүний сэтгэлийн хүч, гэгээлэг бодлыг юутай ч зүйрлэшгүй. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж, өдгөө түүнийгээ биелүүлж, цаашид ч илүү том зүйлсийг төсөөлөн хөлсөө дуслуулж яваа түүнээр бахархахгүй байхын аргагүй юм.
Хүний мөрөөдөл гэдэг хязгааргүй гагцхүү түүнийхээ төлөө зүтгэх, итгэл сэтгэл байхад л хангалттай. Боломжгүй зүйлийг ч бодит амьдралд бий болгох хүч зөвхөн таны дотор нуугдаж байгаа гэдгийг ямагт санаж яваарай. Мөрөөдөл бүхэн биелэх болтугай...