Онгоц зорчигчдынхоо хамтаар цасан дээгүүр гулсаж, яг л чарга адил доошоо хар хурдаараа "нисчээ". Ослын үеэр 12 хүн нас барж, тав нь сураггүй алга болсон юм. 30 хэмийн хүйтэнд, цогцоснуудын дунд, цасан дотор хэдэн цаг хэвтсэн регбигийн багийн ахлагч Нандо Паррадо гэнэт нүдээ нээжээ. Түүнийг үзсэн эмч нар хожим хүйтэн л түүнийг аварлаа гэцгээж байв. Учир нь цас, жавар хоёр организмын бүхий л үйл ажиллагааг удаашруулж, тархиндаа авсан гэмтлийн улмаас харвасан цус комд оруулсан байна.
1
Онгоцонд Нандотай хамт түүний ээж болон бага эмэгтэй дүү нь явжээ. Ээж нь нас барж, дүү охин нь хүнд бэртэн, ухаан алдсан байв. Нандо дүү рүүгээ мөлхөн очоод дөрвөн шөнө, гурван өдрийн дараа нас барах хүртэл нь тэвэрсэн гэдэг.
2
Амьд үлдэгсэд ар араасаа хорвоог орхисоор байлаа. Тэд амьдралдаа бараг цас үзээгүйн дээр идэх хоол, дулаан хувцасгүй, далайн түвшнээс дээш 3600 метрийн өндөрт байлаа. Долоо хоногийн дараа амьд үлдэгсдийг цасан хунгар хучиж, дахиад найман зорчигч өөд болов. Түүнээс хойш гурван өдрийн турш амьд үлдэгсэд үхэгсдийнхээ хамтаар онгоцны үлдэгдлийн давчуухан орон зайд цасан дунд байсаар байв. Нандо тэргүүтэй амьд үлдэгсэд аврагдахын тулд нисгэгчийн өрөөний жижиг цонхыг хөлөөрөө өшиглөсөөр байгаад хагалжээ.
Дахин гурван хүн шарх болон осголтоос болж сүүлийн өдөр амьсгал хураасан байна. Ийнхүү 45 зорчигчоос ердөө 16 нь л амьд үлдсэн юм. Онгоц сүйрснээс хойш 11 өдрийн дараа тэд радиогоор эрэл хайгуул зогссон тухай, тэднийг амиа алдсанд тооцсон тухай сонсчээ. Учир нь сүйрсэн онгоц цагаан өнгөтэйн дээр уулын битүү модтой, цас ихтэй хэсэгт унасан байжээ.
3
Ус дуусч, хүмүүс хөнгөн цагаан хавтангаар цас ухан, шилэнд хийж, дараа нь хувцсан доогуураа хийн хайлуулцгааж байв. Харин хоолны хувьд юу ч байсангүй. Ингээд тэд амь аврагдах найдваргүй болж, үхэгсдээ идэхээр шийдэцгээжээ. Мэдээж амаргүй байв. Тэд католик шашинтнууд байсан бөгөөд хүний махаар хооллох нь тэдний шашны үзэл сурталтай тэрсэлдэж байсан юм. Түүнээс гадна үхэгсэд амьд үлдэгсдийн хэн нэгнийх нь хамаатан садан эсвэл ойр дотны найз нөхөд нь байсан шүү дээ. Тиймээс тэд хэнийх нь ч танил биш, бас осолд буруутгагдсан нисгэгчийг эхэлж идэхээр болжээ.
Ингээд хүнстэй залгасан тэд хэрхэн амь гарах аргаа бодож эхэлсэн байна. Нандо Паррадо, Роберто Канесса, Нума Туркатти, Антонио Висинтин нар Чилийн Ногоон хөндий хүрэхийн тулд баруун зүг явахаар шийджээ. Нисгэгчдийн ярьж байснаар энэ хөндий онгоц унасан газраас баруун зүгт хэдхэн милийн зайд байх ёстой байв.
4
18 настай Канесса тэдэнтэй цуг явахаас татгалзаж, өвөл дуусахыг хүлээе гэсэн саналтай байжээ. Гэвч бусад нь юу ч болж байсан явахаар шийдсэн байна. Эхэндээ аян ч амжилттай болж, багийнхан онгоцны сүүл хэсгийг ачаатай хамт олсон байна. Эндээс тэд тээшнээс шоколад, тамхи, цэвэр хувцас, хамгийн гол нь аккумляторын батарей олжээ. Аяны хоёр дахь шөнө цаг агаар муудаж, тэд эгээ л хөлдөөд үхчихсэнгүй. Ийнхүү тэд уулнаас гарч чадахгүйгээ ойлгожээ. Буцах хэрэгтэй болж, сүйрсэн онгоц дээрээ ирсэн тэд тээшнээс олсон даавууны хэсгүүдээр хөнжил оёсон байна.
Батарей тус болсонгүй. Тэд эхэндээ аюулын дохио дамжуулагч болгон ашиглана гэж бодож байсан ч норсноос болоод бүтээгүй байна. Тэдний гурав нь дахин Ногоон хөндийг хайх эрэлд зориглон гарлаа. Гэвч гурав дахь өдрөө цаашаа маш удаан явах болох нь гэдгийг ойлгоод Нандо, Канесса нар Висинтинаг лагерь луугаа буцааж, түүнээс нөөц хүний махыг нь аван өөрсдөө цааш хөдөлжээ.
5
Удалгүй өнөөх мах нь муудаж, ялзарсан байна. Канесса гэдэсний дизентеригээр өвчилж, Нандо л үндсэндээ түүнийг чирч явав. 9 дэх өдрийн орой Канесса маргааш өглөө нь морьтой ранчеро буюу нутгийн хүнтэй голын эрэг дээр таарчээ. Нутгийн хүн голын нөгөө захаас тэднийг харж, ийм бөглүү газар ядарч туйлдсан, яс арьс болтлоо турж эцсэн, осгож үхэх дөхсөн хоёр эр хаанаас гараад ирснийг гайхан зогсч байв. Уулын гол маш их дуу чимээ гарган шуугин урсч, нутгийн хүнд тэдний яриа сонсогдохгүй байв. Гэхдээ тэр их сэргэлэн эр байсан бөгөөд хуудас цаас чулуунд уян, голын нөгөө эрэг дэхь тэдэн рүү шиджээ. Нандо цаасан дээр өөрсдөд нь тохиолдсон аймшигт түүхийг сараачиж, тусламж хүсэхэд, нутгийн хүн өөрт байсан талх, бяслагаа тэдэнд өгчихөөд хар хурдаараа давхижээ. Осол гарснаас хойш 71 өдөр өнгөрсөн байлаа.
Маргааш нь нутгийн эр тэдэнд тусламж хүргэж ирсэн юм. Роберто эмнэлэг рүү, харин Нандо аврагчдын нисдэг тэргэнд суун зам заахаар хамт явлаа. Тэр өдөр буюу 12 дугаар сарын 22-нд цаг агаар муу байсан тул зорчигчдын зөвхөн хагасыг авч, үлдсэн хүмүүст хүнсний зүйл, уух ус үлдээгээд буцаж хөөрчээ. Маргааш нь үлдсэн хүмүүс аврагджээ.
6
Амьд үлдэгсдийг хөл дээр нь босгоход удаан хугацаа шаардагдав. Тэдний өндрийн өвчин, шингэний дутагдал, чийг бам, хоол тэжээлийн доройтлыг эмчилсэн юм. Гэхдээ үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 12 дугаар сарын 28 гэхэд амьд үлдсэн ус уух хувьтангууд хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч байлаа.
7
Энэ түүхийг одоо болтол “Андын нуруунд болсон гайхамшигт явдал” хэмээн нэрлэдэг. Нандо Паррадо, Пирс Пол Ридтэй хамтран 571 дүгээр золгүй нислэгийн дурсамжийн ном гаргасан нь бестселлер болсон юм. 1993 онд энэхүү эмгэнэлт бөгөөд гашуун түүхийг өгүүлсэн “Амьд үлдэгсэд” (Alive) хэмээх кино дэлгэцнээ амилсан байна. Дашрамд өгүүлэхэд Нандог гэртээ эргэж ирэхэд хүүгээ алдлаа гэж бодон гашуудаж, цаашид амьдрах итгэлгүй болсон эцэг нь хамаг юм аа зарж үрээд уучихсан байв.
Гэрт нь Нандог санагдуулах цорын ганц зүйл нь ганц гэрэл зураг л үлдсэн байв. Гэвч Нандо сэтгэлээр унасангүй. Тэр авто уралдаанчин болж, хожим өөрийн гэсэн бизнестэй бас шилдэг сургагч багш болсон юм.