Алан хядагчид нийт 5 тэсрэх бөмбөгийг дэлбэлэхээр төлөвлөж байсан хэдий ч, 2 бөмбөг нь дэлбэрч, бусад нь идэвхжээгүй аж. Идэвхжээгүй 3 тэсрэх бөмбөгийг Нью Жерси хотоос олжээ. Тэсрэх бөмбөгнүүд бүгдээрээ "PIX 11" загварынх байсан бөгөөд бүгд хоорондоо холбогдсон байсныг албаны эх сурвалжууд мэдээллэж байгаа юм.
Дэлхийн томоохон мэдээллийн суваг болох "CNN"-ийн зүгээс Нью-Йорк хотын Манхеттен (Manhatten)-ийн 23 болон 27 дугаар гудмуудад нэгэн этгээд тэсрэх бөмбөгнүүд авчирч тавьж буй бичлэгийг олон нийтэд хүргэсэн байдаг.
Харин 23 дугаар гудмын хажууханд дэлбэрэлт болсон бөгөөд хяналтын камераас харахад нэгэн үл мэдэх этгээд дэлбэрэлт болсон газар машины дугуйны хажууд цүнхтэй тэсрэх бөмбөг орхиод явж буй нь бичигдэн үлдсэн байна. Түүний уг дүрс бичлэг дэлбэрэлт болохоос 40 гаруй минутын өмнө болсон аж.
Энэхүү үйл явдлын дараах нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар Нью-Йорк хотын дарга Билл де Блазио (Bill de Blasio) болон амбан захирагч Эндрью Куомо (Andrew Cuomo) нар иржээ.
Хотын дарга Билл де Бласио "Бид чухам хэн гээч хүмүүс нь уг хэргийг хийсэн болохыг одоогоор сайн хэлж мэдэхгүй байна" гэж хэлжээ. Дэлбэрсэн 2 тэсрэх бөмбөгийн холболт нь дутуу хийгдсэн байсан бөгөөд үүнээс үүдэж, ноцтой хохирол урчуулахаар зүйл бололгүй өнгөрснийг "The Associoted Press" болон "The New York Times" гэх зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийнхэн онцлож байна.
Түүнчлэн Нью-Йорк хотын цагдаагийн офицер Жэймс О'Нилл (James O'Neall) гэх эрхэм "Бид, хоёр хотын хооронд тэсрэх бөмбөгийг дарааллаж дэлбэлэх байдалтайгаар тавьсан байсныг эхлээд мэдээгүй. Харин хэрэг явдлын дараа нарийн зохион байгуулалттайгаар олон хүний аминд нэг дор хүрэх зорилготой байсныг ойлгосон. Бидний үзэж буйгаар уг хэргийг алан хядагчид хийсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа. Гэвч яг одоогийн байдлаар тодорхой өгөх баттай мэдээлэл алга байна" гэж хэлжээ.
Уг үйл явдал болсны дараа АНУ-ын армийн цэргүүд болон тусгайгийн ажилчид өндөржүүлсэн бэлтгэл дор хотуудыг хамгаалалтандаа авсан байна. Мөн 1000 гаруй цагдаагийн албан хаагчид энэхүү үйл ажиллагаанд албан үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Хотод цагдаа, цэрэг армийнхнаас гадна гал команд, түргэн тусламжийн багийнхан байнгын бэлэн байдалд байгаа юм байна.
Тусгайгийн ажилчдын салгасан гэх тэсрэх бөмбөгнүүд нь идэвхжээгүй байсан бөгөөд дэлбэрэлт болсон газраас ердөө 5 км-ийн зайтай газраас олджээ.
Дутуу дэлбэрсэн 2 тэсрэх бөмбөгний нэгийг хогийн саван дотор байршуулснаас аюул багатай өнгөрсөн байж болзошгүй хэмээн Нью Жерси хотын дарга Крис Кристи (Chris Christie) хэвлэлээр дамжуулан мэдэгдээд байгаа юм. Өмнө нь 2013 онд АНУ-ын Бостон хотод энэ төрлийн гэмт халдлага болж байсан бөгөөд тухайн үед 3 хүн амь насаа алдаж, 260 гаруй хүн гэмтэж, бэртсэн байдаг аж.