Хэний ч итгэмгүй оддын гунигт хайрын түүх

Хайр дурлал гэдэг хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас эхэлж оршин тогтносоор ирсэн амьдралын хамгийн гайхалтай зүйл билээ. Харин хайртай нэгнээ алдаж, хүсэхгүй байсан ч салахаас өөр аргагүйд хүрнэ гэдэг амьдын тамтай адил. Өнөөдөр бид та бүхэндээ оддын дэндүү харамсалтай, эмгэнэлт болоод бахдал төрүүлэм хайрын түүхүүдийг өгүүлэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцъя. 

Хэний ч итгэмгүй оддын гунигт хайрын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жим Моррисон (Jim Morrison) болон Памела Корсен (Pamela Courson)

Алдарт "The Doors" хамтлагийн дуучин Жим Моррисонг танихгүй хүн гэж ховор. Тэднийг хамгийн гайхалтай тохирсон хос болохыг хүн бүхэн л тунхаглаж, мэдэгддэг байсан аж. Памела нөхөртөө дэндүү хайртай байсан гэх бөгөөд түүнийг буруу үйлдэл хийсэн ч уучилж хайрлан, бүх зүйлсийн дээд, хамгийн сайхныг барьдаг байжээ. Тэд 1971 онд Парис хотыг зорьж, хамт амьдрах болсон аж. Тухайн үед Жим Моррисон сэтгэл санааны тавгүй байдал, хар тамхинаас хэт хамааралтай болсон зэргээс үүдэн үргэлж л бухимдалтай байсан гэдэг. Харин нэгэн үдэш тэрээр угаалгын өрөөндөө зүрхний шигдээс болж амьсгал хураасан бөгөөд үүнийг нь гэргий Памела өглөө нь олж мэдсэн байна. Ердөө 27 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн түүний араас гашуудах хүмүүс олон байсан ч Памела шиг шаналсан хүн гэж үгүй. Тэрээр нөхрийгөө амьд хэмээн итгэж, өдөр бүхэн хүлээж суудаг байсан төдийгүй хар тамхи хэрэглэх болсон байна. Бүсгүй тус аймшигт явдлаас 3 жилийн дараа буюу мөн л 27 насандаа амьсгал хураасан байдаг. 

Жим Моррисон (Jim Morrison) болон Памела Корсен (Pamela Courson)

2 Робин Уильямс ( Robin Williams) болон Сьюзан Шнайдер (Susan Schneider)

Тоглосон кино бүртээ чамин шигтгээ нь болж өгдөг нэрт инээдмийн жүжигчин Робин Уильямс нь 2014 онд амиа хорлосон билээ. Харин энэ нь түүний эхнэр болох Сьюзанд маш хүндээр туссан бөгөөд тэрээр нэг хэсэгтээ хэвийн байдалдаа орж чадахгүй байсан гэдэг. Харин тэрээр 2015 он буюу аймшигт үхлээс жилийн дараа "Good Morning America" нэвтрүүлэгт оролцож, бүх зүйлсийг ил болгож ярилцлага өгсөн байна. Тэрээр " Нөхөр минь хамгийн гайхалтай хүн байсан. Тэр намайг зовоохгүй гэсэндээ хорвоогоос хальчихсан. Үнэндээ нөхөр минь тархи, мэдрэлийн өвчтэй байсан юм байна лээ. Би үүнийг нь сүүлд мэдсэн. Тэр заримдаа толгойгоо цохиж цус гаргаж, өөрийгөө бэртээдэг байсан. Би маш их гайхан балмагдаж, юу болоод байгааг ойлголгүй өнгөрдөг байсан юм. Харин тэрээр тэнгэрт халихаас хэдэн өдрийн өмнөөс л надад гэнэтийн бэлгүүд барьж, хэзээ ч мартагдашгүй дурсамжуудыг бэлэглэж, чамайгаа зовоохыг хүсэхгүй байна гэсэн. Тэгээд удахгүй тэр амиа хорлож, бурханы оронд заларчихсан даа. Нэг хэсэгтээ би түүний араас явчихмаар санагдаж байсан ч одоо бол ухаарсан" хэмээн хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Робин Уильямс ( Robin Williams) болон Сьюзан Шнайдер (Susan Schneider)

3 Жон Леннон (John Lennon) болон Йоко Оно (Yoko Ono)

Хүн бүхний сэтгэлд эгшиглэх гайхалтай дуунуудыг амилуулсан "Beatles" хамтлагийн дуучин Жон Ленноны амьдрал шулуун дардан замыг туулаагүй юм. Жон Леннон Японы авангард зураач Иоко Онотой Лондонд танилцжээ. Жон тэр үед эхнэртэй байсан ч япон бүсгүйд татагдаж, харин Йоко Оно хариуд нь зүгээр л дотно харьцаатай байхыг л Леннонд санал болгосон байна. Гэвч тэдний харьцаа анд нөхдийнхөөс илүү гүнзгийрч 1969 оны 3 дугаар сарын 20-нд Жон эхнэр, хүүхдээ орхин Йоко Онотой албан ёсоор хуримаа хийжээ. Тэдний хайр дүрэлзэж, Жон Леннон шинэхэн эхнэрээсээ өөр хэнийг харахаа байж, гүн гүнзгий дурласан аж. Тэрээр “Би алдартай байж болно. Гэхдээ Оно бол миний цорын ганц багш. Би түүнээс маш ихийг сурдаг сурагч нь л гэсэн үг” хэмээж байсан бөгөөд тэдний агуу хайрыг зогсоох зүйл юу ч байгаагүй гэдэг. Харин нэг өдөр Леннон бусдын гарт амиа алдаж, золгүй тохиолдлоор бурханы оронд заларсан юм. Энэ нь Онод маш том цохилт болж,  хэсэг хугацаанд солиотой хүн шиг амьдарсан гэдэг.  Улмаар тэрхүү шаналлаа дуу болгон илэрхийлж, хэсэг хугацаанд сэтгэцийн эмчилгээг хийлгэсэн байна. 

Жон Леннон (John Lennon) болон Йоко Оно (Yoko Ono)

4 Элвис Пресли (Elvis Presley) болон Присила Анн Вагнер (Priscilla Ann Wagner)

20-р зууны урлаг соёл, дэлхий нийтийг Элвис Преслигүйгээр төсөөлөх аргагүй. "Rock and Roll"-ын хаан гэгддэг тэрээр хүнд бэрх замыг туулсаар алдар нэрийн оргилд гарсан байдаг.  Харин түүний хайрын түүх нь тун ч эмгэнэлтэй. Хосууд анх 1959 онд Герман улсад танилцсан бөгөөд тухайн үед Элвис Пресли 24 настай, Присила ердөө 14 настай байсан аж. Тэдний хайр насны зөрүү, цаг хугацааг үл анзаарч, дүрэлзэж эхэлсэн бөгөөд тэд хамтдаа 8 жил амьдарсны эцэст 1967 онд хуримаа хийсэн байна. Хосууд 8 жил хамт байхдаа ганц ч удаа бэлгийн харилцаанд орж байгаагүй гэх бөгөөд бүсгүйн тус хүслийг Элвис ч зөвшөөрсөн байдаг. Тэд хуримын анхны шөнөө гайхалтай өнгөрүүлж, жинхэнэ утгаараа гэр бүл болж удалгүй бяцхан охиноо өлгийдөн авсан аж.

Харин тэдний сайн сайхан амьдрал удаан үргэлжлээгүй төдийгүй Элвис нойргүйдлийн өвчнөөс болж, үргэлж л эм уух болж, үүнээсээ улбаалан ууртай, хүйтэн хөндий нэгэн болж хувирчээ. Гэвч энэ бүхнийг нь түүний ухаалаг гэргий тэвчиж аль болох тайвшируулахыг хичээх боловч үр дүнд хүрээгүй юм. Элвис уурандаа эхнэр рүүгээ сандал шидэж бэртээсэн удаатай ч Присила түүнийг агуу хайраар хайрласаар байсан нь бахархам. Энэхүү байдал удаан үргэлжилсний эцэст хосууд 1973 онд салж, хоёр тийш болсон билээ. Харин сүүлд Присилагийн бичсэн нэгэн тэмдэглэлийг олж, нийтэд дэлгэсэн бөгөөд үүнд нь "Би сая түүнийхээ гар, хүзүү, хамар бас бүх хуруунуудыг нь үнслээ. Тэр минь дахиад л эм уугаад унтчихаж, би яахаа мэдэхгүй байна. Өчигдөр би хар өнгийн халуухан дотуур хувцас өмсөж, түүнийг хайрлан, энхрийлсэн ч ямар ч хариу үйлдэл байгаагүй. Бас л нэг ганцаардмал үдэш " хэмээсэн байв. 

Элвис Пресли (Elvis Presley) болон Присила Анн Вагнер (Priscilla Ann Wagner)

5 Патрик Суэйзи (Patrick Swayze ) болон Лиза Ниеми (Lisa Niemi)

Нэрт жүжигчин эр нь 1970 онд Ниемитэй танилцаж, үерхсэн бөгөөд тэд 1975 онд хамтдаа Нью Йорк хотыг зорьж, хуримаа хийсэн байна. Тэдний хайр дурлал гайхалтай өрнөж, аз жаргалыг мэдэрч байсан аж. Тэд хамтдаа 34 жилийг үдэж, нэгэн цул мэт болсон байсан ч 2009 онд жүжигчин залуу нойр булчирхайн хорт хавдраас болж насан эцэслэсэн билээ. Мэдээж энэ бүхэн бүсгүйд хэрхэн нөлөөлсөн нь тодорхой бөгөөд тэрээр нэг хэсэгтээ хүмүүстэй ч ярихгүй, нийгмээс тусгаарлагдаж байсан юм. Харин амьд үлдсэн нь амьдрах л ёстой тул бүсгүй 2014 онд өөрийгөө хамгийн ихээр ойлгож, сэтгэлийн шархыг нь эдгээж өгсөн залуутай гэр бүл болсон билээ. 

Патрик Суэйзи (Patrick Swayze ) болон Лиза Ниеми (Lisa Niemi)

6 Киану Ривз (Keanu Reeves) болон Женнифер Сайм (Jennifer Syme)

"Matrix" кинонд тоглосон гайхалтай дүрээрээ бидний сэтгэлд хоногшсон чадварлаг жүжигчин залуугийн амьдрал уйтгар гуниг, уй гашуугаар дүүрэн. Мэдээж Холливуудын од болохоор баян тансаг байж таараа, хамгийн гол нь сэтгэлийн зовиур, элэг бvтэн байхын заяа дутуу залуугийн сэтгэлийн шаналал нь дэндүү гашуун байдаг нь харамсалтай. Тэрээр хамгаас хайрладаг бүсгүйтэйгээ хамт амьдрах болж, тэр бүү хэл жирэмсэн болжээ. Хосууд удахгүй мэндлэх үрээ хүлээж байсан боловч 8 сартай үр нь эхийнхээ гэдсэнд амьсгал хурааж, тэдэнд нөхөж баршгүй сэтгэлийн шарх өгсөн байна. Харин тус явдлаас ердөө 1 жилийн дараа жүжигчин залуугийн амьдралын гол утга учир болсон найз бүсгүй нь нас барж, түүнийг үхсэн амьд хоёрын хооронд болгож орхисон юм. Хэдий тус явдлаас хойш олон жил өнгөрч байгаа ч залуу өнөө хэр нь сэтгэлдээ шархтай яваа бөгөөд киноноос олсон ашиг орлогоо сайн үйлсийн аянд зарцуулж, өөрөө энгийн амьдралаар амьдардаг аж. 

Киану Ривз (Keanu Reeves) болон Женнифер Сайм (Jennifer Syme)

7 Лиам Нисон (Liam Neeson) болон Наташа Ричардсон (Natasha Richardson)

1994 онд нэрт жүжигчин Лиам Нисон нь Наташа Ричардсонтой гэр бүл болсон юм. Харин 2009 онд түүний хайрт гэргий Наташа 45 насандаа цанаар гулгаж байгаад, харамсалтайгаар осолдож амиа алдсан байна. Түүний үхэл олон хүнийг цочролд оруулж, гунигт автуулсан билээ. Мэдээж хамгийн ихээр шаналсан хүн бол Лиам бөгөөд нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Түүнтэй өнгөрүүлсэн он жилүүд миний хувьд хэзээ ч мартагдашгүй, сайн сайхан дурсамжтай өнгөрсөн. Бурхан надад түүнийг минь өгсөн шигээ буцаагаад аваад явчихсан. Би тэр үед үнэхээр амьсгалж ч чадахгүй байсан. Би одоо ч түүндээ хязгааргүй их хайртай, маш их санаж байна" хэмээжээ. 

Лиам Нисон (Liam Neeson) болон Наташа Ричардсон (Natasha Richardson)

8 Роберт Вагнер (Robert Wagner) болон Натали Вуд (Natalie Wood)

Авьяас билэгийн ундарга болсон алдарт жүжигчид, гэр бүл болсноор хүн бүхэн хамгийн сайхан хосууд хэмээн шагшиж байсан билээ. Тэд хамт амьдраад 9 жил болсны эцэст хайр дурлал нь үхэл хагацлаар өндөрлөсөн байна. Учир нь 1981 онд хосууд, Наталитай хамт кинонд тоглосон жүжигчин эрийн хамтаар далайгаар аяласан аж. Харин Роберт эхнэрээ жүжигчин эртэй дотно байхыг харж ихэд бухимдаж байсан гэх бөгөөд маргааш өглөө нь Наталигийн цогцсыг усан дотроос олсон байна. Угтаа бол Натали уснаас айдаг, сэлж чадахгүй нэгэн байсан ч яах гэж ус руу орсон нь гайхшрал төрүүлж байсан билээ. Харин тус явдлаас олон жилийн дараа буюу 2013 онд тус хэргийн гэрч олдож, Робертийг эхнэрээ усанд живүүлсэн хэмээн мэдэгдсэн боловч нотлох баримт дутуун улмаас хэрэг хаагдсан юм. Ямартай ч асар их хайр, хардалтаас үүдэн өсөх ирээдүйтэй залуухан бүсгүй амиа алдсан байдаг. 

Роберт Вагнер (Robert Wagner) болон Натали Вуд (Natalie Wood)

9 Эми Уайнхаус (Amy Winehouse) болон Блейк Филдер-Сивил (Blake Fielder-Civil)

Дэндүү богино боловч хийж бүтээсэн зүйл арвинтай, даанчиг хайнга амьдарсан гайхалтай дуучин бүсгүй 2007 онд Блейк Филдертэй нууцаар хуримаа хийсэн байдаг. Гэвч ердөө 2 жилийн дараа салахдаа тулсан бөгөөд энэ бүхэн нь дуучин бүсгүйн хар тамхинд донтолт, хэт их архидалтаас болсон хэмээдэг юм. Хэдий тэд салсан боловч залуу түүнээс юу ч авахгүй болохоо мэдэгдэж, үргэлж хажуунаас чинь хайрлаж явна хэмээсэн байдаг. Үнэн хэрэгтээ дуучин бүсгүйг анх хар тамхинд донтуулсан хүн нь Блейк бөгөөд тэрээр үүндээ маш ихээр харамсаж явдаг аж. 2011 онд бүсгүй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барж, олон хүмүүс тэр дундаа Блейкийн сэтгэлд хэзээ ч арилашгүй сэтгэлийн шархыг үлдээсэн байна. Залуу өнөө хэр нь хуучин амрагаа үгүйлэн санаж явдаг төдийгүй түүний нас барснаас хойш нэг хэсэгтээ л шоконд орж, үхэхээс наагуур болсон гэдэг. Тэр ердөө л энэ бүхэнд би буруутай хэмээн уйлж, өдөр хоногийг бардаг байсан аж. 

Эми Уайнхаус (Amy Winehouse) болон Блейк Филдер-Сивил (Blake Fielder-Civil)

10 Хит Леджер (Heath Ledger) болон Мишель Уильямс (Michelle Williams)

Гайхалтай чадварлаг жүжигчин өөрийн карьертаа нийт 19 кинонд туслах болоод гол дүрүүдийг бүтээсэн аж. Түүний олон сайхан дүр бидний сэтгэлд мөнхрөн үлдсэн бөгөөд хамгийн алдартай дүр нь “The Dark Knight” киноны “Joker” билээ. Харин түүний амьдралын хамгийн чухал, эрхэм хүн нь Мишель байв. Тэд анх кинонд хамтран тоглохдоо танилцаж, цаашлаад болзох болсон юм. Хосууд 2004 гэр бүл болж, аз жаргал хайраар бялхаж, бяцхан охины эцэг эх болжээ. Амьдралын үнэ цэнийг ухаарч, тус байдлаараа олон жилийг хамтдаа өнгөрүүлэхийг хүссэн боловч Хит Леджер "Жокер"-ийн дүрийг бүтээхдээ хачин зан ааштай болж хувирсан төдийгүй хар тамхи ихээр хэрэглэх болсон байна. Энэ нь тэдний харилцаанд сэв суулгаж, бяцхан охиндоо ч сэтгэлийн шарх өгч байв. Ийн байдалтай явсаар нэрт жүжигчин 2007 онд таалал төгсч, шүтэн бишрэгчид болоод гэр бүлийнхэндээ нөхөж баршгүй гарз хохирол учруулсан билээ. Өхөөрдөм бяцхан охин, үзэсгэлэнт эхнэрээ орхиж, дэндүү залуугаараа хорвоогоос хальсан түүнийг дурсан, санахгүй байхын аргагүй. 

Хит Леджер (Heath Ledger) болон Мишель Уильямс (Michelle Williams)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()