1
Дуртай хөгжмөө тавь
Хамгийн түрүүнд та өөрийн сонсох дуртай дууг чанга гэгч нь тавьж, эрч хүчээр өөрийгөө сэлбээрэй. Энэ нь ажлын бүтээмжийг эрс өсгөж, таныг эрч хүчээр дүүргэх болно шүү. Мөн дуртай хөгжмийн аян дээрээ бүжиглэнгээ цэвэрлэгээ хийсэн ч болно шүү дээ.
2
Сайхан үнэр шингээ
Өрөөнүүд болон гэрийнхээ цонхыг дэлгэж, цэвэр агаар оруулан, хүсвэл өөрийн дуртай үнэртэнгээ өрөөндөө шингээж болох шүү дээ. Энэ нь танд ажлын эрч хүчийг хайрлан, цэвэрлэгээг илүү сайхан болгох болно.
3
Юу хийхээ сайтар төлөвлөх
Үүнийхээ дараа юуг эхлээд хийх яах ёстойгоо төлөвлөж, тооцоолох хэрэгтэй. Ингэснээр та илүү их зүйлийг нэг дор амжуулахаас гадна, эмх цэгцтэй байх болно. Хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтыг гаргаснаар та ямарваа чухал зүйлийг мартахгүй давуу талтай юм.
4
Хэрэгцээгүй зүйлсээ хогийн саванд хийх
Ингээд та гэртээ, өрөөндөө байгаа бүхий л бохир, хог хаягдлуудаа цэвэрлэж, хогийн саванд хийх хэрэгтэй. Бид ихэнхдээ мэдэхгүй явсаар өрөөндөө маш их хог хаягдал, бохирдлыг хураасан байдаг шүү дээ. Хогнуудаа хаяж, хэрэгцээгүй зүйлсийг ангилж ялгаснаар гэр тань илүү цэвэрхэн болох болно.
5
Бохир аяга тавгийг хураах
Хог хаягдалтай адил гэрийнхээ хаа нэг хэсэгт бохир аяга тавгаа үлдээх, мартаад өнгөрөх зүйлүүд зөндөө л тохиолддог шүү дээ. Иймд та өрөө болон гэрийнхээ хаа нэгтээ өөрөөсөө нуугаад орхисон бохир аяга тавгийг цуглуулан, угаалтуурт хийж, угаах хэрэгтэй.
6
Хувцасны шүүгээгээ цэвэрлэ
Шүүгээн доторх хувцасны байрлал өөрчлөгдсөн эсэх, мөн угаах хувцас, одоо өмсөх, нимгэн зузаан хувцаснуудаа хооронд нь сайтар ангилж, өмсдөггүй хувцсаа далд хийгээрэй. Энэ нь таны шүүгээ ойрхон, ойрхон буух, муухай болохоос сэргийлдэг юм.
7
Буулгасан хувцсаа эвхэх
Хувцасны шүүгээ, энд тэнд эвхээгүй хумиад орхисон хувцас байгаа эсэхийг шалгаж, тэднийг эхнээс нь эвхэж хураагаарай. Ингэснээр тэдгээр хөглөрсөн хувцаснууд цэгцэрч, гэр тань илүү цэвэрхэн, саруулхан болох учиртай.
8
Ширээн дээрхээ цэвэрлэх
Таны ажлын ширээ, хичээл хийдэг ширээ хөглөрч, хэрэгцээгүй зүйлсээр дүүрсэн юм биш биз. Эхлээд та өөрийн чухал хэрэгцээтэй ном, бичиг баримт, хичээлийн хэрэгслийг байх ёстой газарт нь хурааж, үлдсэн хэрэгцээгүй цаас, хөглөрсөн зүйлсээс салаарай. Жижиг зүйлсийг тусад нь хураан, бүхнийг эмх цэгцтэй ангилснаар дараа дараагийн удаа дахин хөглөрч, асуудал үүсэхээс сэргийлэх юм.
9
Ном дэвтэр, бичиг баримтаа цэгцлэх
Бид хэрэглэдэггүй хэрнээ хаяж болохгүй зүйлсийг ширээн дээрээ ил тавьснаар, ширээ маш эмх цэгцгүй, муухай харагддаг. Тиймээс та ширээн дээр байгаа зүйлсээ эмхэлж, хэрэглэдэг, хэрэглэдэггүй, чухал эд зүйлсийг хайрцганд хурааж, нүднээс далд газар тавьж өгөөрэй.
10
Ороо хураах
Бид ихэнхдээ ор дэвсгэрээ маш хайнга хурааж, эсвэл хөглөрүүлж орхих нь бий. Мөн бяцхан хүүхдүүд орон дээр үсэрч, тоглосоор орыг эмхгүй, муухайн болчихдог шүү дээ. Иймд та гэрээ цэвэрлэхдээ ороо хураахаа мартаж болохгүй юм. Ор дэвсгэрээ эхнээс нь нямбайлан дэвсэж хураагаад, цэгцтэй болгоорой.
11
Байх ёстой зүйлсээ байранд нь тавь
Гэр цэвэрхэн байхад таны мөрдөх ёстой хамгийн чухал зүйлийн нэг бол байх ёстой зүйлсийг байранд нь тавих юм. Аливаа зүйлсийн байрлал алдагдаад эхлэхээр гэр хурдан хөглөрч, муухай болдог. Бүх зүйлс тогтсон байрлалтай, гэрээр дэл сул зүйлс байх ёсгүй билээ.
12
Хэрвээ илүү хурдан хийхийг хүсвэл сэрүүлэг тавь
Хэрвээ та цэвэрлэгээг илүү зугаатай өрсөлдөөнтэй сонирхолтой болгохыг хүсвэл цаг товлож, хэн нэгэнтэй өрсөлдөж болох шүү дээ. Найзтайгаа, дүү нартайгаа хамтдаа хэн нь хурдан гэрээ цэвэрлэхээ үзээрэй. Нэгэн хэвийн уйтгартай цэвэрлэгээнээс илүүтэй таныг хөгжөөх болно шүү.
13
Тоосоо арчих
Та гэрээ ерөнхийд нь эмхэлж, цэгцэлж дууссан бол, ширээ болон шүүгээн дээр тогтож үлдсэн тоосоо арчих хэрэгтэй. Саван, цэвэрлэгээний бодис хийсэн халуун бүлээн усанд алчуураа базаад, ширээ толь, телевизийн суурь, гээд л тавилган дээрх тоосыг сайтар арчиж өгөөрэй.
14
Тоосоо соруул
Ингээд тоосоо соруулах цаг боллоо. Ширээ болон дээгүүр хөглөрсөн тоос шороог буулгаж арчсан бол булан тохиод үлдсэн, газраар хөглөрч байгаа шороо тоосыг шүүрдэх эсвэл тоос сорогчоор соруулан авах хэрэгтэй. Ингэхдээ гар хүрэхгүй булан тохойд тоос шороо үлдсэн эсэхийг давхар сайн шалгах хэрэгтэй шүү.
15
Чийгтэй цэвэрлэгээ хийх
Хамгийн сүүлд та өрөө болон гэртээ чийгтэй цэвэрлэгээг хийснээр, бидний хийх ажил дуусах юм. Өрөөнүүддээ тогтмол чийгтэй цэвэрлэгээг хийж байх нь элдэв өвчин, харшил зэргээс таныг хамгаалах болно. Иймд өдөр бүр, 7 хоногт дор хаяж 3-4 удаа чийгтэй цэвэрлэгээг хийж байх хэрэгтэй юм.