1
Биеэ дааж сур!
Чи одоо л биеэ дааж, хэн нэгний тусламжгүй бол амьдрал ямар байдгийг өөрийн биеэр ойлгож авах хэрэгтэй. Хэрвээ үгүй бол чиний амьдралын бүх үйл явц удааширч, бусдаас нэг алхмын хойно явах болно гэдгээ санаарай.
2
Чин сэтгэлээсээ хичээж сур
Төгсөх курсын шалгалт, улирлын шалгалт, дүн гаргах шалгалт гэх мэт чухал үеүдийн өмнө сурсан мэдсэнээ бататгаж, чин сэтгэлээсээ хичээлээ давт. Яг энэ мэтээр 4 жил зөвхөн өөрийнхөө тархинд мэдлэг нэмж, онолын хувьд туршлага хуримтлуулж чадвал чи ямар ч ажлын байранд очоод гологдохгүй гэж мэд.
3
Унаж сур
Амьдрал бол алдаа, онооны дэнс. Шалгалтандаа ангиасаа ганцаархнаа тэнцчихээд толгой өндөр, нуруу цэх алхах өдөр байхад 7 хоног нойр хоолгүй бэлдсэн зүйлдээ амжилт олохгүй үе ч бас зөндөө бий. Энэ бол алдаа биш, чамд зөвхөн сургамж, туршлага болж буйг л санаарай. Гэхдээ энэ сургамж олон давтагдвал харамсаад барахгүй алдаа болно шүү.
4
Санаандгүй болзоонд яв
Чамайг сонирхож байгаа ч, чиний сонирхлын биш тийм нэг өөр төрлийн хүнтэй уулзаж, ярилцаж, өөрөөсөө өөр ертөнцөөр аяла. Бид залуу байна шүү дээ. Одоо л хайрлаж дурлаж, бие биенээ таньж мэдэхгүй бол өөр хэзээ гэж тохиромжтой хугацааг хүлээх вэ?
5
Жинхэнэ хайр дурлалын амтыг мэдэр
Ухаан балартлаа дурла, дурлуул! Оюутан насыг чимдэг хамгийн сайхан зүйл бол хайр дурлал юм. Гэхдээ хайр дурлалын хойноос хэтэрхий дулдуйдан хөөцөлдөөд, хичээл номоо мартаж болохгүй шүү!
6
Хоосорч үз
Оюутан нас бол мэдээж тийм ч баян цатгалан үе биш. Тиймдээ ч амьдрал илүү сонирхолтой, хоол илүү амттай байдаг юм.
7
Шөнөжин наргиж цэнгэ
Гэхдээ байнга биш шүү. Хааяа нэг үүр цайтал үеийн нөхөдтэйгээ хөгжилдөн цэнгэж, үсээ хаялан бүжиглэ. Наргиж цэнгэхэд нэг зүйл илүү байдаг. Сархадын аагнаас л хол яваарай.
8
Үүр цайтал хичээлээ хий
Хүний хамгийн бүтээмжтэй, ихийг ойлгож мэддэг үе бол шөнийн цаг. Энэ бол ялангуяа оюутнуудад хамгийн хамаатай ойлголт. Шөнөжин наргиж цэнгэж чадсан юм чинь, шөнөжин хичээлээ хийж чадна биз дээ?
9
Янз бүрийн ажил хийж үз
Өвлийн амралт, зуны амралт, эсвэл боломжтой бол хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж үзээрэй. Энэ нь чамд мөнгөний үнэ цэн болоод хүмүүстэй зөв харилцаж, зүсэн зүйлийн араншинтай хүмүүсийн ая эвийг олоход туслах болно.
10
Жинхэнэ найзуудаа ол
Нэгэн насны найзуудаа хүн зөвхөн их сургуулиас олж авсан тохиолдол бишгүй байдаг. Тиймээс хүний чанарыг зөв таньж, үнэлж, үнэнч байж сураарай.
11
Өөдрөг бай
Хүч чадалгүй өөдрөг зан чанар бол хий хоосон бардамналтай адил. Унасан ч өвдгөө гөвөөд ахин хурдтай гүйх хүч чадал, сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээртэй бай. Цаашдын амьдралд хамгаас их хэрэг болох зүйл бол энэ юм шүү.
12
Өөрийгөө ол
Хүн хэд ч насалсан нэг л зүйлийг гүйцэд таньж мэдэж чаддаггүй. Тэр бол чи өөрөө. Эрдэмтэн багш нарын сонсоод л суумаар яриа, найз нөхдийн үнэлэмж, орчин тойрны байгаа байдал болон, тэдгээрт үзүүлэх өөрийнхөө хариу үйлдлээс өөрийгөө хэн гэдгийг таньж аваарай.