1
Тэдэнд мэдэхгүй зүйл зөндөө бий
Бид бага байхаасаа өнөөг хүртэл аав ээжид чадахгүй, мэдэхгүй зүйл гэж ганц ч үгүй хэмээн төсөөлсөөр ирсэн. Тулгамдсан асуудал бүрт гарц олоход тусалж, асуусан асуулт бүрт чин сэтгэлээсээ хариулан зөвлөх тэд бол супер баатрууд л гэсэн үг. Гэхдээ мэдээж тэд робот биш тул мэдэхгүй зүйлс ч олон бий. Та нас ахин, том болох тусам тэдний дутагдлыг олж харах болно. Ялангуяа техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө цагт эргээд та өөрийн мэдлэгээсээ эцэг эхтэйгээ хуваалцах, тус болох цаг ирж байгааг анзаарсан биз ээ.
2
Бодол нь өөрчлөгдөнө
Бид бага байхдаа хүүхэлдэйгээр тоглодог байсан бол том болох тусам тоглох, хөгжилдөх зүйлс өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Яг л үүнтэй адил эцэг эхчүүдийн бодол сонирхол ч мөн өөрчлөгдөж байдаг билээ. Тэд зөв гэж боддог зүйлдээ итгэхээ больж, таныг сургадаг байсан аргаа өөрчлөх зэрэг нь байх л зүйл. Үүнээс гадна бие биедээ хайртай байсан эцэг эх тань салж, тусдаа амьдарч ч болно. Тэднийг ч мөн тантай адил хувь хүн, эрх чөлөөт нэгэн гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Хэрэв та тэднийг зөвхөн эцэг эх, таныг халамжлах ёстой, үзэл бодолдоо тууштай байж, бусдад үлгэрлэх ёстой гэж бодож эхлэх аваас хамгийн хайртай хүмүүсээ гомдоож, хэцүү зүйлс шаардаж эхэлдэг юм шүү.
3
Тэдэнд бүгд байдаг хэмээн эндүүрдэг
Эцэг эхчүүдийн хувьд хамгийн үнэт зүйл, амь амьдрал нь эрдэнэ болсон үр хүүхэд нь байдаг юм. Тэд хүүхдийнхээ төлөө юуг ч хийж чадна. Бүх л эцэг эх ийм байдаг боловч зарим нь амьдралын шуурганд бүдэрч, алдаж онох нь бий. Хүүхэддээ гайхалтай ирээдүйг бэлэглэж, бусдаас дутаахгүй гэсэндээ идэхээ багасгаж, өмсөхөө танаж явдаг гайхалтай хүмүүс. Харамсалтай нь бид үүнийг хожим л ойлгох юм даа. Хүн өөрөө эцэг эх болж байж л төрүүлж өсгөсөн ээж, аавыгаа ойлгодог гэдэг. Энэ нь ч үнэн. Бид бүгд л албатай юм шиг элдэв зүйл нэхэж, зөвхөн өөрсдийгөө бодож, тэнэг мэт аашилдаг. Харин үүний хариуд тэд ердөө л өөрсдийгөө буруутгаж, өр тавиад ч хамаагүй, өлсөж буй үрээ хооллодог.
4
Тэд хэрхэн хөгжилдөхөө мэднэ
Тэд хэдий нас бие гүйцсэн, эцэг эх болсон хүмүүс ч гэлээ таны төлөө 5 настай хүүхэд мэт аашилж чадна. Хамтдаа тоглож, кино үзэж, гадуур зугаалж яг л найз шиг тань аяглах тэд зөвхөн таныг хөгжилтэй, жаргалтай байгаасай гэсэндээ хүсэхгүй байлаа ч "За" л гэдэг. Харин тэд таныг хүсээгүй зүйлсийг тань ганц удаа хийчих хэмээн гуйвал та ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Яг үнэндээ ихэнхи өсвөр насны болон гэр бүлтэй болж амжаагүй байгаа залуус эцэг эхдээ өөдгүй зан гаргаж, хүсэхгүй бол хийхгүй хэмээн аашилдаг нь нууц биш.
5
Тэд одоо ч секс хийдэг
Секс хийхгүй амьдарна гэж юу байхав. Харин бид том болох тусмаа эцэг эхээ секс хийдэг гэж бодох дургүй, бүр зарим нь хийдэггүй байх гэхчлэн аль болох булзайруулахыг хичээдэг. Гэхдээ өдгөө үнэнтэй нүүр тулах цаг болжээ. Таны эцэг эх хэдий хөгширсөн ч бэлгийн ажил хийдэг. Бодисоо гадагшлуулж, нэг нэгнээ хайрлаж, энхрийлж байгаад нь харин ч та талархах ёстой юм.
6
Хүүхдүүдээ ялгаварладаггүй
Хүүхдээ ялгаварлаж харьцдаг эцэг эх гэж хаана ч байхгүй. Магадгүй та одоо ч ийн бодож явдаг байж болох юм. Гэхдээ энэ нь эндүүрэл юм шүү. Тэдний хийж байгаа үйлдэл, хэлж буй үгс зэргээс болж та ийн бодох болсон байж мэдэх ч сэтгэлийнхээ гүнд тэд хэзээ ч өөрийн үрсээ ялгаж хайрладаггүй аж. Нэг хэвлийгээс зулай зулайгаа гишгэн төрсөн үрсээ ялган харьцаж, дутуу хайрлах хүн гэж орчлон дэлхий дээр огтоос байдаггүй билээ.
7
Тэдэнтэй нөхөрсөгөөр маргалд
Бага балчир байхдаа эцэг эхтэйгээ маргалдахад тэд зүгээр л шийтгэж орхидог. Харин хүүхдүүд нь томрох тусам хувь хүн болж, өөрийн гэх бодол, байр суурьтай нэгэн болж төлөвшин, аль болох бусдаас хамааралгүй болох гэж хичээх аж. Үүнээс болж эцэг эхтэйгээ маргалдахад хүрэх бөгөөд энэ маргаанд ихэвчлэн хүүхдүүд нь ялна. Тэд эцэг эхийнхээ хуучинсаг үзэл бодол, байнга хэлдэг үгсээс залхаж, шинэлэг зүйлсийг эрж хайна. Харин энэ нь эцэг эхэд тань хэрхэн нөлөөлж, тусдаг болохыг мэдэх үү? Үнэндээ тэдэнтэй нөхөрсөгөөр маргалдаж, өөрснийгөө том болсныг харуулах үед тэд харин ч баярлаж, санаа нь амарч суудаг юм. Гэхдээ эцэг эхдээ хэлж байгаа үгээ тунгааж, хийж байгаа үйлдлээ бодож байгаарай.
8
Алдаа гаргана
Том болох тусам дэлхий ертөнц ямар агуу болохыг та ойлгох болно. Амьдрал дээр гарахад буруу замаар явсан маш олон хүмүүс байдаг. Архи, мансууруулах бодис, тамхинд донтож, алдаа гарган, амьдралаа баллах нь ч бий. Тиймээс эцэг эхээ алдаа гаргахад нь бүү буруутга. Алдаа гаргалгүй амьдрах хүн гэж ганц ч үгүй. Тиймээс тэднийг ч бас хүн гэдэг үүднээс нь хандаж, хүлцэнгүй байх нь зүйтэй.
9
Айдас
Хүн бүр өөрсдийн эцэг эхээ юунаас ч айдаггүй, супер баатар хэмээн ойлгодог юм. Харин бодит байдал дээр тэдэнд ч бас айх айдас гэж байх нь гарцаагүй. Наанаа эрэлхэг баатар мэт харагдах боловч дотроо асар их зүйлсийг тунгаан бодож, шаналж явдаг юм. Тэд бүхэл бүтэн гэр бүлийг нуруундаа үүрч, идэх хоол, өмсөх хувцсаар дутаачихвий, зовоох вий, бусдаас дутуу дулимаг явуулах вий хэмээн байнга сэтгэл нь эмзэглэж, айж байдаг байна. Мэдээж тэд анхнаасаа эцэг эх болж төрөөгүй, бидэнтэй л адил аавын хүү, ээжийн охин байсан юм шүү.
10
Мөнхийн аз жаргалтай байхгүй
Баяр гуниг ээлжлэн оршдог хорвоод инээх нэг өдөр байхад уйлах өдөр ирж л таарна. Гаднаа аль болох гаргахгүйг хичээж, инээмсэглэлээр дарах тэднийг хараад эрхгүй зүрх эмтэрдэг. Ажил нь бүтэлгүйтэх, хэн нэгэнтэй муудалцах, өөртөө сэтгэл гутрах зэргээр амьдралд тулгарах асуудал бэрхшээл мундахгүй. Харин тэд энэхүү хүнд бэрх асуудлуудаа хэзээ ч үр хүүхдүүддээ хэлж, сэтгэлийг нь шаналгахыг хүсдэггүй тул бид тэднийг мөнхийн аз жаргалтай байдаг хэмээн эндүүрдэг.
11
Муудалцана
Дээр дурдсанчлан тэд ч мөн яг л тань шиг залуу халуун байж үзсэн хүмүүс. Тиймдээ ч алдаа гаргаж, муудалцан, бие биедээ гоморхох нь бишгүй. Харин үр хүүхдээ том болох тусам тэд төлөвшиж, өөрсдийгөө бус үрсээ бодож эхэлдэг юм. Нэгнээ хуурч, мэхлэх явдал ч тэдний амьдралд тохиолдож байсан байх боловч хэзээ ч тэрийг танд мэдэгдэхийг хүсэхгүй, хэзээ ч мэдэгдэхгүй. Тэд зөвхөн үр хүүхдээ л бодож, хажууд тань муудалцалгүй, хайр дүүрэн гэр бүл мэт дүр эсгэх нь ч бий.
12
Таныг үргэлж хүүхдээрээ байхыг хүсдэггүй
Дөнгөж төрсөн бяцхан үрээ эцэг эхчүүд хараанаасаа огт салгахгүй. Харин бага зэрэг том болоод ирмэгц, арыг чинь дааж, зааж зааварлана. Эрийн цээнд хүрч, эцэг эхээсээ хамааралгүй болох цагт санаа нь зовних боловч сайхан сайхныг хүсээд л сууж байна. Эцэг эх гэдэг хэзээ ч амардаггүй, цалин хүртдэггүй, хөдөлмөрөө үнэлүүлдэггүй ажил юм. Тиймдээ ч таныг хурдхан шиг биеэ дааж, хувь хүн болон сайхан амьдрахыг ажиж суух дуртай юм.
13
Тэдэнд ч хайр хэрэгтэй
Эцэг эхчүүд насаараа зөвхөн таныг хайрлаж, халамжилж ирсэн. Харин тэдэнд ч бас таны хайр халамж хамгаас их хэрэг болж асар их, тэвчээрийг хайрладаг юм. Тэд нас ахих тусам үр хүүхдээсээ хайр, энхрийллийг хүсч мөрөөдөж суудаг. Хайр гэгч дэлхий дээрх хамгийн гайхалтай зүйл. Тэр тусмаа эцэг эхийн хайрыг юу ч орлож чадахгүй. Харин та тэднийг яг л тэд таныг хайрладаг шиг харамгүй сэтгэлээр хайрлаж чаддаг уу?
14
Одоо таны ээлж
Хүн бүр нас нэмэн, хорвоогийн жамаар өтлөх нь ойлгомжтой. Харин хөгширч, хөл дээрээ ч тогтож чадахаа больсон тохиолдолд тэднийг халамжлах нь үр хүүхдийнх нь үүрэг. Гэвч үүрэг гүйцэлдүүлж, үндэс болсон эцэг эхээ үл хайхран, орхин явах хүмүүс олон нь байгаа нь сэтгэл эмзэглүүлэх юм. Хүмүүс хөгшрөх тусам яг л хүүхэд шиг эмзэг болдог. Тэд таны хэлсэн ганц үгэнд асар ихээр гомдож, "Яаж нулимсаа барж, махаа идэж өсгөлөө дөө" хэмээн харамсаж, нулимс унагахад хүргэнэ. Тиймээс залуус минь бага балчираас тань өдийг хүртэл нуруундаа үүрч өсгөсөн ачит эцэг эхээ өтөл насанд нь халамжилж, хайраар бүү дутаагаарай.
15
Нэг л өдөр тэд хэзээ ч эргэж ирэхгүйгээр явна
Хүн бүр л эцэг эхээ мөнх амьдрах мэт аашилж, мөнгө нэхэн зовоох нь элбэг. Хорвоогийн жам л юм хойно, хайртай хүмүүс тань халин одох нь гарцаагүй. Тиймээс дэргэдээс тань хэзээ ч холдож мэдэх тул хайраа харамгүй тэдэндээ мэдрүүлж, санааг нь бүү чилээгээрэй. Үхэхэд үр харам гэгчээр тэд ч мөн үхэхдээ тайван үхэж чадалгүй, танд л санаа зовниж байдаг гэж бодохоор эрхгүй нулимс дуслах юм.