1
Өсвөр нас
Тэрээр 1983 оны 9-р сарын 14-нд мэндэлсэн бөгөөд хар багаасаа дуулах чин хүсэлтэй нэгэн байсан гэдэг юм. Эми Уайнхаус өөрийн анхны дуугаа ердөө 14 настай байхдаа бичиж байсан билээ. Гэвч тэрээр өсвөр насны балчир охин байхаасаа хар тамхинд донтож улмаар сургуулиасаа хүртэл хөөгдсөн юм. Нэгэнт сургууль соёлгүй болсон бүсгүй ажил хийхийн хажуугаар жазз хамтлагт дуулах болжээ.
2
Дуучин болсон он жилүүд
Ийн дуучин болох хүслээ сэтгэлдээ тээсээр явсан бүсгүйн мөрөөдөл биелж 2003 онд "Frank" гэх цомгоо гаргасан юм. Энэхүү цомог нь олон нийтээс өндөр үнэлгээ авсан бөгөөд тэр хэрээр Эми Уайнхаус алдар нэрд гарч байлаа. Тухайн үед түүний чөлөөтэй задгай байдал, дуундаа орж дуулж байгаа үнэнч төрх зэрэг нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байв. Учир нь уран бүтээлдээ бүхий л сэтгэл зүрхээ зориулж, амьдралаараа дэнчин тавьж чадах түүн шиг хүн хэдэн жилд нэг төрөх билээ дээ?...
3
Ирээдүй өөд тэмүүлсээр...
Дуучин бүсгүйн ирээдүй гэрэлтэж, нэр хүнд нь улам өсөж эхлэв. Дүрэлзэж буй гал дээр тос нэмэхтэй адил "Back to black" дуугаа гаргаснаар алдрын оргилд гарч чадсан билээ. Түүний энэхүү дуу нь дэлхий нийтээр хүн бүрийн сонсох дуртай дуу болж олон гайхалтай шагналыг хүртсэний дунд "Grammy" ч мөн багтана. Харамсалтай нь дэлхийн хэмжээний од болж, хөрөнгө чинээ нь ихсэх тусам согтууруулах ундаа, мансууруулах бодисонд ховсдуулсан мэтээр донтох болжээ.
4
Гэр бүл
Түүний аавыг Мичел (Mitchell) гэдэг бөгөөд таксины жолооч байсан юм. Тэрээр охиноо бага байхаас нь л урлагт дурлуулж, дуу хөгжим зааж өгдөг байжээ. Мичел өөрөө ч урлагийн хүн бөгөөд охиноо бурхны оронд залрах хүртэл нь Нью-Йорк хотод дуулдаг байсан юм. Энэхүү зурагт аав охин хоёр 2007 оны 10-р сард хамтран дуулж байгаа нь дүрслэгджээ.
5
Хайр дурлал
Мэдээж хэн нэгэнд дурлаж, хайрлахгүй аваас амьдрал утга учраа алдана. Эми Вайнхаус 2007 онд Блейк Филдер (Blake Fielder) гэх эртэй нууцаар хуримаа хийж, гэр бүл болсон боловч ердөө 2 жилийн дараа буюу 2009 онд гэрлэлтээ цуцлуулсан байдаг билээ. Мөн Блейк Фелдер түүнээс салсан боловч ямар ч мөнгө, хөрөнгө авахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэдний харилцаа чухам юунаас болж хөрсөн болохыг мэдэхгүй боловч хүмүүс дуучин бүсгүйн замбараагүй архидалт, мансууралтаас болсон хэмээн дүгнэж байсан юм.
6
Хүндхэн өдрүүд
Тэрээр өөрийн архи, мансууруулах бодсинд донтох хүсэлтэйгээ огтхон ч тэмцдэггүй байсан төдийгүй олон нийт шүтэн бишрэгчдээс аль болох хол байхыг эрмэлздэг байв. Тус зураг нь 2009 оны 3-р сард, "Westminster Magistrates" шүүхийн гадна дарагдсан байна. Учир нь тэрээр энэхүү үйл явдлаас жилийн өмнө нэгэн бүсгүйг цохиж гэмтээсэн хэмээх хэрэгт унаж, шүүх хуралд дуудагдсан юм. Гэсэн хэдий ч шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн үзэж явуулсан билээ.
7
Донтолт
Нөхрөөсөө салсан дээрээс нь согтууруулах ундаагүйгээр байж ч чадахгүй болсон бүсгүйд ганц дуу хөгжим, шүтэн бишрэгчид нь л үлдсэн аж. Тоглолт бүрдээ согтууруулах ундаа хэрэглэж, үзэгч сонсогчидтойгоо согтуу уулзаж явсаар тэр хэцүүхэн байдалд оров. Өөрийгөө ч хянаж чадахгүй болсон бүсгүй 2011 оноос эмчилгээнд хамрагдаж эхэлсэн юм. Эмчилгээнд явснаас хойш түүний амьдрал ерөнхийдөө хэвийн байдалдаа орж эхэлсэн ч, харамсалтай нь удаан үргэлжилсэнгүй.
8
Төгсгөл
Энэхүү зургийг 2011 оны 6-р сарын 18-нд, Серби улсын нисэх онгоцны буудал дээр дарсан байна. Тэрээр аялан тоглолтынхоо үеэр бүхий л зүрх сэтгэлээсээ дуулж байсан нь хамгийн сүүлчийн удаа гэдгийг хэн таамаглах билээ. Нэрт дуучин бүсгүй тус оны 7-р сарын 23-нд хар тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барж, олон мянган шүтэн бишрэгчидээ харуусал, гунигт унагасан юм.
9
Эргэцүүлэл
Түүний зуурдын үхэл нь дэлхий нийтийг цочирдуулж олон мянган хүний нулимсыг барсан билээ. Хэдийгээр тэрээр ердөө 27 насандаа хорвоог орхисон боловч түүний гайхалтай уран бүтээлүүд өдгөө ч бидний сэтгэлд эгшиглэж, аманд аялагдаж явдаг. Түүнийг нас барсных нь дараахан дуучин бүсгүйн ахархан боловч, гайхалтай амьдралынх нь түүхээр баримтат киног бүтээж, гэгээн дурсгалыг хүндэтгэсэн бөгөөд тус бүтээл нь Оскарын шагнал хүртэж байсан юм.