1
Нарны гэрлийн арьсанд үзүүлэх нөлөө
Нарны хурц гэрэлд, тос, шахмал энгэсэг, шингэн пудр зэргийг хэрэглэхгүйгээр шууд гарах нь маш их хор нөлөөтэй. Арьсыг огцом хөгшрүүлж, арьсны хавдар, харшил, түлэгдэл зэргээр өвчлүүлж болдог. Мөн арьсны уян хатан чанарыг муутгаж, элдэв үрчлээ, сэвх нөсөө толбыг үүсгэдэг байна.
2
Нарны тосыг заавал түрхэх
Өдөр тутамд гадаа гарах, салхилахдаа заавал зориулалтын нарны тосыг түрхэж хэвших хэрэгтэй. Хэрвээ та үүнд эргэлзэж байвал хурц наранд 15 минут зогсоод үзээрэй. Арьс тэр дороо улайж, түлэгдэх болно. SPF15 хамгаалах нарны тос нь ойролцоогоор 2 цагийн турш таны арьсыг нарнаас хамгаалдаг. Харин +30, +45 зэрэг нь 4-5 цаг барих хугацаатай байдаг аж. Тиймээс түүнийг байнга цүнхлэн явж, хугацаандаа түрхэж байх хэрэгтэй. Үүнийг түрхэхдээ эхлээд суурь тосоо түрхээд дараа нь нарны тосоо түрхэх хэрэгтэй. Шууд нарны тос түрхэж хэрхэвч болохгүй шүү.
3
Өглөөний 10-аас өдрийн 15 цагийн нар
Өглөөний 10-аас өдрийн 15 цаг хүртэлх нар нь хор ихтэй, хамгийн хурц туяатай байдаг ажээ. Тиймээс энэ үеэр аль болох хурц нарнаас зайлсхийн, сүүдэрт байж, хамгийн өндөр үйлчилгээ, хамгаалалттай нарны тосыг сонгохыг зөвлөе.
4
Хамгаалах хувцас, хэрэглэл зүүх
Өнөө үед нарнаас хамгаалах маш олон төрлийн тос, хувцас хэрэглэл байдаг болсон. Том саравчтай малгай, малгайтай нимгэн цамц, нарны шил гээд аль болох хурц наранд арьсаа ил гаргах хэрэггүй юм. Ялангуяа 10-15 цагийн хооронд хувцас хэрэглэлээ өмсөх, хамгаалах тосоо сайтар түрхэх нь чухал. Биеийн арьс ч гэсэн харлаж, хөгширдгийг санаарай.
5
Наранд биеэ шарах
Арьс борлуулах төхөөрөмжинд орсноор арьсыг маш ихээр гэмтээж, хавдар үүсгэх магадлал өндөртэй болдог. Мөн арьсыг маш ихээр үрчийлгэн, хуурайшуулдаг байна. Харин биологийн нар нь харьцангуй эрсдэл багатай. Гэвч зориулалтын тос, түрхлэгээ түрхэхээ мартаж болохгүй шүү охидоо!
6
Арьсаа амраах
Хааяа ч гэсэн нүүрний будгаа арилгаж, арьсаа амрааж байх нь чухал юм. Өдөр бүр маш зузаан, химийн найрлага бүхий будгийг арьсандаа түрхсээр, царай зүс өнгө алдах, гундах асуудлууд гардаг. Тиймээс та хааяа ч болов нүүрний будгаас татгалзан, нарны тосоо түрхээд гараарай.
7
Усанд сэлсний дараа биеэ тослох
Ялангуяа хлормин агуулсан хатуулагтай усанд сэлэх, орсны дараа бие маш ихээр хуурайшиж, ширүүн болдог. Тиймээс та эдгээр усанд орсны дараа биеэ тогтмол тосолж хэвших хэрэгтэй. Энэ нь арьсыг эрт хөгшрүүлэх, өнгө зүс алдахаас сэргийлдэг юм.
8
Хүзүү, биендээ үнэртэн түрхэхээс зайлсхийх
Хүзүү болон биедээ түрхсэн сүрчиг, наранд халснаар тухайн хэсгийн арьсыг маш ихээр гэмтээдэг. Тэрчлэн халуун болон хурц наранд үнэртэн биедээ цацахаас сэрэмжлэх нь зүйтэй юм. Энэ нь нарны цацрагийг илүү биед шингээж, арьсыг түлдэг аюултай. Харин арьсандаа хүргэхийн оронд хувцасны дотор хэсэгт багахан түрхэж өгөөрэй.
9
Ус сайн уух
Бид усыг өдөр тутамдаа сайн ууж хэвшсэнээр элдэв өвчлөл, асуудалд өртөх нь бага болох юм. Ялангуяа халуун дулааны улиралд, усыг бага багаар сайтар шимж уух нь арьсыг толигор зөөлөн, торгомсог байлгахад тустай.
10
Эрүүл хоол идэх
Хүн юу идэж ууж байна, тэр бүхэн бидний арьсанд илхэн байдаг шүү дээ. Тиймээс дотроосоо эрүүл байж л гаднаасаа үзэсгэлэнтэй харагдах юм. Аль болох жимс жимсгэнэ, хүнсний ногоо, цагаан идээ, хөнгөн хоолыг идэж хэвшээрэй.
11
Арьсаа тодорхойлуулах
Юун түрүүнд та мэргэжлийн арьсны эмчид хандан өөрийн арьсны онцлог, төрлийг тодорхойлуулах хэрэгтэй. Тэгсний дараа өөрт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэж, гоо сайхандаа анхаарч чадах билээ.