1
Худал хэлдэг
Бид өдөр тутамдаа байнга худал хэлж байдаг. Тоглоомоор, албаар, нөгөө хүнийхээ сэтгэлийг бодоод гэхчлэн худал хэлэхгүй өдөр гэж бараг байдаггүй. Хүмүүсийн дунджаар 10 минут үргэлжлэх ярианы 60 хувь нь худал байдаг гэх судалгаа бий. Ингээд бодохоор бидний ертөнц тэр чигээрээ худал хуурмаг ч юм шиг. Үүнийг өөрчилье гэдэг хэзээ ч бүтэхгүй зүйл. Хэрэв хүмүүс худал хэлж чадахгүй болчихвол "дэлхий ертөнц сүйрч", хүн гэдэг хичнээн их бохир зүйлийн ундарга гэдэг нь мэдэгдчихнэ. Хамгийн гол нь үүнийг тохируулж, аль болох зайлсхийж байх нь бидний эрхэм үүрэг гэж ойлгох хэрэгтэй.
2
Хүчирхийлэл
Хүн бүрт өөр өөр "хэмжээтэй" хүч чадал, уур омог болоод энэрэнгүй сэтгэл бий. Тиймдээ ч хүчтэй нь сул дорой нэгнээ дээрэлхэж, хүчирхийлэх явдал маш ихээр гардаг. Тэдний ийнхүү хүчирхийлэл үйлдэж, бусдад хохирол учруулах шалтгаан нь ердөө л мөнгө, хүсэл тачаал, уур бухимдал зэргээс шалтгаалдаг нь жигшил төрүүлнэ. Хүмүүс хүчирхэгжин, дээшлэх тусам доодсоо үл тоон, ялаанаас ч дор үзэх нь хэвшмэл ойлголт болоод байгаа юм.
3
Хулгай хийдэг
43,000 хүнийг судалгаанд хамруулахад тэдний 11 хувь нь ямар нэгэн байдлаар хулгай хийж үзсэн байдаг. Бусдын эд зүйлсийг өөрийн ашиг сонирхлоос улбаалан хэлэлгүй авч, хэрэглэх нь хамгийн муухай үйлдлийн нэг юм. Хулгай хар мөртэй гэгчээр хөлс хөдөлмөрөөр бус хялбар аргаар олсон эд зүйлс, мөнгө төгрөг нь хэзээ нэгэн цагт эргээд толгой цустах нь эргэлзээгүй зүйл. Сүүлийн үед хулгай, дээрэм илт ихсэх болсныг эдийн засгийн хямрал, ядууралтай холбон тайлбарладаг. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ нь хүмүүсийн ухамсар хэрхэн доройтсон болохыг илтгэж байгаа юм. Тухайн хүн турж үхэж байсан ч ухамсартай бол яагаад ч хулгай хийж чадахгүй.
4
Мэхэлдэг
Гэр бүл гээч нь угтаа бол бие биедээ үнэнч байж, хоёр биенээ хязгааргүй их хайраар хайрлан, зовлонтой жаргалтай бүхий л үед хамт байхыг хэлдэг. Гэтэл үнэт зүйлээ уландаа гишгэж, өрөөлтэй амраглаж явах хүмүүс олширсоор байна. Хэрэв та хайртай хүнээ хуурч байгаад баригдвал яах вэ? Хэдийгээр тэр таныг уучилсан гэх боловч хэзээ ч энэхүү бузар явдлыг тань мартахгүй, үргэлж сэтгэлийнхээ гүнд тээж явдаг юм шүү. Нийт хүмүүсийн 10 хувь нь хайртай хүнээ араар нь тавьж, хуурч явдаг байна. Ийм үйлдэл хийх хамгийн том шалтгаан нь мэдээж хүсэл тачаал юм. Тэд нэгэн хэвийн сексээс уйдахаараа өөр шинэ хүмүүсийн эрэлд гардаг юм.
5
Муу зуршлаасаа салдаггүй
Энэ нь тухайн хүний зан чанар, сэтгэл зүйгээс шууд хамаардаг. Хэрвээ тухайн хүн өөртөө итгэлтэй, шийдвэртээ үнэнч нэгэн бол муу зуршилтай болсон байлаа ч больё гэвэл больж чаддаг юм. Харин бусад хүмүүсийн тухайд насаараа ийм байдалтайгаа эвлэрч амьдрах болно. Ерөнхийдөө зориггүй, арчаагүй гэж хэлж болно. Тэд зүгээр л айдаг. Харин одоо бол тэдгээр муу зуршлууд нь нэгэн төрлийн давлагаа болчихоод байгаа юм. Хүйс ялгалгүй бүгд архи ууж, том жижиг хэмээн харьцуулалгүй бүгд амандаа тамхи зуух нь сайхан харагдахгүй нь лавтай.
6
Дээрэлхүү
Хүч дорой, дуугүй нэгнээ бөөнөөрөө нийлж, дээрэлхэн, шоовдорлох явдал бидний өнөөгийн нийгэмд байнга тулгардаг асуудал. Ялангуяа энэ нь арван жилийн сургуулиудад маш ихээр илэрдэг бөгөөд нэлээдгүй түгээмэл юм. Харин ийнхүү дээрэлхүүлж яваа хүүхдэд ямар санагддаг талаар та бодож байв уу? Түүнд насан туршдаа эдгээж чадахгүй шарх сийлж орхисон гэдгээ мэдэх үү? Энэ нь бидний гаргадаг хамгийн муухай зан чанаруудын нэг юм. Ганцхан олдох амьдралдаа нэгнээ хайрлаж, харамгүй сэтгэлээр тусалж явах нь сүүлд дурсан ярихад хүртэл сайхан байлтай...
7
Биеэ сүйтгэдэг
Эхээс заяасан сайхан биеэ элдэв янз болгон сүйтгэх нь нэгэн төрлийн трэнд болж хувираад байна. Шивээс, персинг хийлгэж, нүд амаа сэтлүүлэн оёулах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, бусдад сайхан харагдах хүслийг нь биелүүлдэг болжээ. Гэхдээ тэд сайхан төрх олж авсныхаа хариуд өөртөө итгэх итгэлээ харин ч хог дээр хаяж, ухамсраа алдсан гэдгээ ойлгодоггүй билээ.
8
Стресстдэг
Стресс бидэнд өдөр бүр тулгарч байдаг боловч хүндрэх аваас зүрхэнд нөлөөлж, амь насанд хүртэл заналхийлдэг нэгэн төрлийн өвчин юм. Дэлхийн нийт хүн амын 600 гаруй сая нь байнгын стресттэй байдаг гэх судалгаа бий. Мөн настай буюу тэтгэвэртээ суусан хүмүүс нь залуу хүмүүсийг бодвол стресс ядаргаа нь харьцангуй бага байдаг юм. Хамгийн ихээр стрессдэг хүмүүс бол завгүй ажил эрхэлдэг хижээл насныхан билээ. Тэд үүнээс өөрсдийгөө хэрхэн сэргийлж, эрүүл амьдрах талаар огтхон ч хайж, судалдаггүй бөгөөд ингэх зав ч барагтай бол гардаггүй юм.
9
Азандаа найддаг
Хийж бүтээсэн зүйл үгүй атлаа зүгээр л азандаа найдаж явах хүмүүс өдөр ирэх тусам ихэссээр байна. Олон нийтйин сүлжээнд байрших могойн зурганд лайк дарж, “Аз” гэж бичээд л мөнгөтэй болно гэж сэтгэж оюуны доройтолд орсон хүмүүсийн ихэнхи нь залуус байгаа нь эмгэнэлтэй. Бид азандаа биш, өөрсдийн хичээл зүтгэлдээ найдах хэрэгтэй. Энэ нь таныг азаас илүүтэй өндөрлөгт хүргэж чадах цор ганц түлхүүр юм шүү. Эцэст нь хэлэхэд аз хэнд илүү их тохиолддогийг мэдэх үү? Мэдээж хичээл зүтгэлтэй, өөдрөг үзэлтэй, хүнд хар буруу санадаггүй цайлган нэгэнд л байнга тохиолддог юм шүү дээ.
10
Хов ярьдаг
Зөвхөн эмэгтэй хүмүүс хов ярьж, нэгнээ муулдаг хэмээн үздэг. Гэхдээ бодит байдал дээр эрчүүд эелдгээр хов хэлж, үүнийгээ чадмаг нууж явдаг. Сайн яваа нэгнээсээ өө хайн муулж, саар яваа нэгнээ өрөвдөн шогшрох бид амьтнаас илүү оюун ухаантай гэж үү? Хов ярианд үнэн үг гэж огт байдаггүй. Магадгүй энэ бол бидний амьдралын нэгээхэн том хэвшил болсон тул үүнийг ор мөргүй алга болгоно гэдэг усан дээр гал асаахтай адил.