Бид бургерийг түргэн хоол хэмээн цааргалж, аль болох идэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулдаг. Гэхдээ гэртээ хийсэн хоол бүр амттай, шим тэжээл сайтай байдаг юм шүү. Энэ нь аяллаар авч явахад хамгийн тохиромжтой төдийгүй алаг үрсийн хамгийн дуртай хоол билээ. Тус хоолыг бэлтгэхэд ч амархан бөгөөд амт чанарын тухайд ярих юмгүй аж. Энэ нь 4 ширхэг бургерийн орц тул үүгээр барагцаалж, хоолоо бэлтгээрэй.
Орц:
- Мах бэлтгэх:
- Үхрийн татсан мах- 700 гр
- Сонгино- 1 ширхэг
- Сармис- 1 хумс
- Пармезан бяслаг (үрсэн)- аяганы дөрөвний нэг
- Улаан лоолийн сүмс- 1 халбага
- Өндөг- 1 ширхэг
- Давс- 1 халбага тал
- Хар перец
- Бургер бэлтгэхэд:
- Ургамлын тос- 1 халбага
- Утсан гахайн мах- 12 ширхэгтэй, жижиг
- Сонгино- 2 ширхэг
- Улаан лооль- 2 ширхэг
- Бургерийн талх- 4 ширхэг
- Чеддар бяслаг- 4 зүсэм
- Өндөг- 4 ширхэг
- Салатны навч
- Кетчуп
Хийх арга:
Татсан үхрийн махаа томхон аяганд хийж тавина. Үүндээ хэрчсэн сонгино, сармис, соус, давс, перец, өндөг зэрэг бүх орцоо хийж гараараа сайтар базах юм. Үүнийгээ ижил хэмжээтэй 4 хэсэгт хувааж бэлтгээд хөргөгчинд 15 минут байлгаж, амраагаарай.
Харин дараа нь хайруулын тавгандаа ургамлын тосоо хийж, халаагаад гахайн махаа хийн, шарж, бага зэрэг бор өнгөтэй болгоод гаргаж авна. Үлдсэн тосондоо хэрчсэн сонгиноо хийж, 2-3 минут хуураад гаргана.
Үүний дараа хайруулын тавгандаа тосоо нэмж, урьдчилж бэлтгэсэн махан котлетээ шарна. Ингэхдээ махныхаа хоёр талыг 1 минут болоод эргүүлж, нийтдээ 5 минут шарахад хангалттай аж.
Харин одоо бургерээ хийцгээе. Эхлээд бургерийн талхаа голоор нь хуваана. Талхныхаа дээр кетчупээ түрхэнэ. Үүн дээр салатны навч, нарийхан хэрчсэн улаан лооль, махан котлет, нарийн зүсч хэрчсэн чеддар бяслаг, гахайн мах, сонгино, шарсан өндөг, бургерийн талх гэх дарааллаар өрж байрлуулна.
Та сайхан хооллоорой.